Өөдрөг амьдралыг хүссэн хүн бүхний яг одоо хийх ёстой 3 зүйл

2019.06.05
|
3,123
Юуны түрүүнд би өртөө талархахыг хүслээ. Өдий зэрэгтэй сайхан яваадаа юу юунаас илүү талархав. Бас одоо амьдарч байгаа орон гэр, миний хүрсэн амжилт, хөөрхөн бяцхан муурандаа бас удахгүй хуримын бэлзэг надад өгөх сүйт залуудаа гээд талархах зүйл надад хэчнээн олон юм бэ гэдгээ олж харсан.

Б.Индра

Намайг Б.Индра гэдэг. Чөлөөт нийтлэлч бөгөөд сүүлийн үеийн амжилтын хөтөч болсон дадал зуршлуудыг өөртөө бий болгохоор хичээж яваа нэгэн бүсгүй. Өөрийн амьдралдаа хэрэгжүүлж үзсэн туршлага, дадал зуршлуудаасаа та бүхэнтэй хуваалцахаар шийдээд байна.

Үдшийг үдэх хамгийн чухал дадал зуршил юу болохыг та мэдэх үү. Маргааш өдрийг өөдрөг амжилтаар дүүрэн өнгөрөөхийн тулд бид үдшийг янз бүрийн л байдлаар үдэж болно. Яг тийм ийм гэсэн баригдмал зүйл байхгүй гэсэн үг л дээ. Гэвч заримдаа ямар дадал хэвшилтэй байж сурснаар маргааш хэмээх өдрийг өөдрөг хүсэл тэмүүллээр эхлэх вэ гэдэг нь бага зэрэг ярвигтай асуулт. Та үдэш болоход өөртөө зориулж цаг гаргадаг уу. Эсвэл фитнесс клубт нүргээнт дуун дор элдэв дасгал хийж өнгөрөөдөг үү. Аль эсвэл маргаашийнхаа төлөвлөгөөг боловсруулж аль ажлаас хэрхэн эхлэх вэ гэж толгойгоо гашилгадаг уу.

Ямартаа ч асар олон сонголт байгаа гэдэг нь ойлгомжтой. Тиймээс би өнгөрсөн хугацаанд өөртөө зориулан маргааш өдрөө урам зоригтой эхлэхийн тулд алдартнуудын хийж заншсан оройн цагт амжуулдаг гурван зуршлыг өөртөө суулгах гэж оролдсон юм. Эдгээр зуршил надад хэрхэн нөлөөлсөн хийгээд би юу ойлгож авснаа уншигчидтайгаа хуваалцмаар санагдлаа.

 

ТЕХНОЛОГИЙН ХЯЗГААРЛАЛТ

Бид чинь телевизийн мэдээ, элдэв вэб сайтуудын зөвлөгөө гээд хаанаас л бол хаанаас "Унтахынхаа өмнө гар утсаа унтраа, зурагт ширтэхдээ болиод өөртөө цаг гарга" гэдэг үгсийг бараг л наснаасаа олон сонсч байгаа. Гэхдээ тэглээ гээд амьвралдаа үүнийг яагаад хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг бидний хэдэн хувь нь ойлгосон бадаг юм бол. Ажлынхаа чатанд бичилгүй үлдээсэн чухал зүйлээ санавал мэдээж утсаа "маажихаас" л аргагүй болно. Эсвэл хэн нэгэнд хэлж амжаагүй чухал мэдээгээ санавал эргээд л утас, компьютер лүүгээ сарвайхаас аргагүй. Ингээд л бил өнөөх улиг болсон нийгмийн сүлжээндээ нэгдэж, бусдын төлөө санаа зовж, элдэв хар энергитэй мэдээ уншаад уйлах, уурлах, бачуурах зуршлууддаа дарлуулаад дуусна даа.
Тэгвэл би анхнаасаа л ямар ч утас элдэв компьютерийн тенологигүй газар унтах шаардлага тулгарсан бол яах байсан юм бол. Уйтгарлаад уйлаад суух уу. Яг ингэж бодох зуршлыг өөртөө бий болгохоор шийдсэн юм.

Ингээд гэртээ оройн 19.30 цагт орж ирээд л шууд утасныхаа горимыг онгоцных дээр тавьж өөрчилсөн юм.

Бас компьютерээ унтрааж орхиод гал тогоондоо зөвхөн хоолоо хийхэд л хамаг анхаарлаа төвлөрүүлье гэж бодсон. Дараа нь усанд орохоор төлөвлөв. Яг энэ хооронд дахин дахин цагаа харж цаг өнгөрч өгөхгүй байгаа юм шиг хачин мэдрэмжээ дарахыг оролдож байлаа.

Нэг зүйлийг анзаарсан нь би сав л хийвэл гар утас, компьютер лүү гар сунадаг байжээ. Бүр ямар нэг шийд гаргахдаа хүртэл технологигүй л бол юу ч хийж чадахаа байтлаа "төмөрнөөс" зүүгдээстэй болсноо ойлгосон юм.

Энэ бүхний эцэст анх удаагаа ямар их ядарснаа мэдэрсэн. Өмнө нь дэрэн дээр толгой тавьсан ч утасныхаа үзэсгэлэнтэй сайхан тэр дэлгэцийг ширтэж, нийгмийн сүлжээгээр хэрэн хэсэхдээ шөнө дунд хэдийнэ айлчилсныг ч үл анзааран үүрийн таван жингээр л нойр авдаг байж. Ийм зуршилтай байсан болохоор өглөө эрт босно, энэ тэрийг амжуулна гэж саналтгүй байж. Ямар сайндаа өглөө 9 цаг болчихоод байхад орноосоо босч чадахгүй зүүрмэглэсэн өдрийн турш төмөр цутгачихсан юм шиг бие тэр чигээрээ лагс хүнд санагддаг байлаа.

Харин одоо бол оройдоо утас шагайж дэлгэц ширтэж хайран цагаа үрэхээ больсон байна. Ингэснээр оройн 21.00 цаг гххэд хэдийнэ бөх нойрондоо дугжирна шүү дээ. Өглөө харин 06.00 цагт босоод сурчихсан байна. Өмнө нь эрт босохоор ядраад байгаа мэт мэдрэмж төрдөг байсан бол одоо цовоо сэргэлэн хамаг бие бүрэн амарсан шинжтэйн дээр шинэ өдрийг өөдрөг тэмүүллээр дүүрэн өнгөрөөж байна даа.



ТАЛАРХЛЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ


Талархал амьдралыг минь үнэхээр сайхан өнгөтэй болгосон. Энэ бол байгаа бүхнээсээ хамгийн сайхныг нь олж харж, тэдгээрийгээ дахин нягталж, аливааг өөдрөг өнцгөөс нь харж сурахыг хэлж байгаа юм. Энэ өдрийг эхлүүлэхийн өмнө та хэнд, юунд талархаж буйгаа тэмдэглээд бичээд үзээрэй. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан үр дүн гарах болно. Би талархлын хүч, талархлын аз жаргалын талаар сонсч байсан ч хэзээ ч амьдрал дээр үүнийг бодитоор хэрэгжүүлж үзээгүй явсан билээ.

Юуны түрүүнд би өртөө талархахыг хүслээ. Өдий зэрэгтэй сайхан яваадаа юу юунаас илүү талархав. Бас одоо амьдарч байгаа орон гэр, миний хүрсэн амжилт, хөөрхөн бяцхан муурандаа бас удахгүй хуримын бэлзэг надад өгөх сүйт залуудаа гээд талархах зүйл надад хэчнээн олон юм бэ гэдгээ олж харсан. Гэхдээ мэдээж, өмнө тогтож хуримтлагдсан сөрөг дурсамжууд, айдсуудаа нэг мөр угаагаад арилгах тийм амархан биш ээ. Харин та 365 өдөр 365 зүйлд талархаж тэрхүү талархсан сэтгэгдлээ өдрийн тэмдэглэлдээ бичээд зуршвал хариуд нь гайхалтай өөдрөг хүсэл мөрөөдөл, эрч хүчийг бэлгэнд авна.

Ингэхдээ өглөөг эхлэхийн өмнө энэ тэмдэглэлээ бичиж заншаарай. Заавал айхтар том зүйлээс эхэлнэ гээд хойш тавих хэрэггүй. Амьдралыг хамгийн энгийн зүйлс хамгийн гоё өнгөтэй болгодог гэдгийг санаад зүгээр л маш энгийн юмсаас эхлээрэй.

Эхний өдөр талархаж буйгаа бичих жаахан ярвигтай санагдсан. Гэхдээ хоёрдахь, гуравдахь өдрөөсөө илүү хялбар бас хийхэд урам зориг өгдөг хамгийн сайхан ажил минь болон хувирсан юм даа.

Талархал бол амьдралын хандлагыг өөрчилдөг асар чухал зүйл байдаг юм билээ. Би өдөрт. 4 цаг унтаж сэрэхдээ огтхон  ч ядарсан шинжгүй босдог болсон байна лээ. Ажлаа эхлэх бөөн эрч хүчээр дүүрэн босч ирж байгаадаа талархаад баршгүй сайхан байна.

Миний амьдралд гарсан энэ бүх сайхан өөрчлөлтүүд яах аргагүй талархсан сэтгэлтэй салшгүй холбоотой гэдгийг би бие мах бод оюун санаагаараа нэвт шувт ойлгон мэдэрч байна.

Үүнээс хойш би гэр бүлтэйгээ илүү ойр байхын тулд тэднийхээ хайр хүндэтгэлд илүү их талархсан сэтгэлээ илэрхийлж хэлж, заримдаа захидал бичдэг болсон.

 

ТУХАЙН ӨДРӨӨ ДҮГНЭЖ ЦЭГНЭХ

 


Бенжамин Франклин өдрийн төгсгөлд заавал тухайн өдрөө дүгнэж, цэгнэн тэмдэглэлдээ бичдэг байжээ. Ингэж тэмдэглэх нь хүмүүст амжилтад хүрсэн нууцаа ойлгох, өөрийнхөө давуу талыг ойлгож мэдрэх чухал боломж олгодог байна.

Өдрийнхөө үйл явцыг дүгнэх нь яавч тэнэг мулгуу санаа биш ээ. Энэ нь хийсэн бүхнээ эргэн харж, өнөөдрийн гаргасан шийдвэрээ маргааш нь улам төгс байдалд хүргэхэд тусалдаг байна. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртэйгөө уулзаж, юу хийж бүтээж байгаагаа шалгах нэг ёсны шалгалт, өөртөө тавих дүн юм.

Би яг юу хийгээд байна вэ гэсэн асуултанд тань хариулах хамгийн чухал зүйл бол энэ юм.

Бид идэж ууж, найз нөхөдтэйгөө уулзаж өдрийг өнгөрөөгөөд байгаа ч чухамдаа хамгийн чухал зүйлсээ хийж амжуулж чадсан уу гэсэн асуултанд таны тэмдэглэл хариулна. Хамгийн гол нь би өөрийнхөө амьдралыг хөндлөнгөөс өөрийн нүдээр харах боломжийг энэ тэмдэглэл бидэнд олгодог юм байна гэдгийг эндээс ойлгож авсан юм.

Дээрх гурван дадал зуршлыг өөртөө суулгаснаар амьдралд минь ямар өөрчлөлт гарсныг хуваалцъя. Энэ гурван дадал намайг өдрийг үнэхээр гайхалтай бүтээлч өнгөрүүлэхэд тусалсан. Урсгал ус шиг хэзээ ч эргэж буцаж урсахгүй цаг хугацаагаа яг одоо цаг дээр нь өөрийн болгож аваад, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг энэ дадлууд л надад олгож байна.

 

Та ч бас эдгээрийг амьдралдаа заавал хэвшүүлээрэй.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар