Ээжийн блог:Үрийнхээ буяныг өөжин бага насанд нь үрээд дуусгах вий

2019.06.05
|
5,802
”Ингэж зовж яваад үздэг мэргэн түргэн хүн дээр очсонд надад “Чи хүүхэд жаахан насандаа хамаг буянаа идээд, үрээд дууссан хүн байна. Одоо чамд үлдсэн юм алга” гэж хэлсэн. Түүнээс хойш л үр хүүхэддээ, ер нь таньж мэдэх хүмүүстээ хэлж сануулмаар юм байна гэж боддог болсон” гэж билээ.

Ж.Цогзолмаа

Хэдэн жилийн өмнө байгууллагынхаа шинэ жилийн баярыг тараад нөхөр бид хоёр зам дээрээс такси барихаар гар өргөж зогслоо. Настайвтар эмэгтэй жолооч биднийг тээвэрлэхээр урд зогсов. “Залуу хүмүүс баярлаад явж байна уу. Баяр сайхан уу” гэсээн эвлэгхэн яриатай эгч буу халах сэдэв эхлүүлэв.

Бидний яриа явсаар нэг л мэдэхэд хүүхэд нас, бага балчир үеийн амьдрал руу үсрээд орчихсон юм. Залуу хүмүүс болохоор байрны зээлд ээрэгдэж үр хүүхэддээ олигтой ч хувцас хунар авч өгч чадахгүй юм даа гэж санаа алдаж явгаа “халсан” би нуулгүй дэлгэчихэв. Бас болоогүй манайх тэдэн хүүхэдтэй, та хэдэн хүүхэдтэй вэ, таны багад цаг хэцүү байсан болохоор дэлгүүрийн лангуун дээр одоогийнх шиг барааны “илүүдэл” биш харин ч хомсдол үүсчихсэн тарчигхан үе байсан байх даа гээд асуучихав.

Хариуд нь эгч тун ч эмзэглэмээр бас бодож явмаар айхавтар сургамжтай зүйл хэлснийг нь одоо ч би санадаг юм.

 

Гэвч ингэж их жаргаж өссөний хэрэг даанч гараагүй юм даа хэмээн

жолооч эгч шүүрс алдан хэсэг дуугаа хураав.

 

“Миний багад ёстой л дэлгүүрийн лангуун дээр бараа гэж байсангүй. Тарчиг хэцүү цаг байсан. Гэхдээ сайн аав ээжийн буянд миний бага нас ёстой л халгиж цалгиж, үеийн хүүхдүүдийн насаараа мөрөөдсөн орос ботинкийг хоёр гурваар нь сэлгэж өмсдөг тийм л амьдралд өссөн. Айлын хүүхдүүд аав ээжээсээ чихэр нэхээд уйлж байхад миний хувцасны шүүгээ элдэв амттанаар хахдаг байлаа. Аав маань дарга явсан, ээж бас өндөр алба эрхэлдэг, би харин айлын ганц хүүхэд байж. Ийм болохоор миний бага нас амттаны дээд, хувцасны сорыг дээжилж өссөн дөө. Ямар сайндаа тухайн үеийн орос үнэтэй ботинкийг ээж аав минь надад багадаа л хоёр ээлжийнхийг авч өгдөгсөн. Даашинз, юпка, цамц бол хэдэн хос, хэдэн янзаараа шүүгээнд өлгөөтэй. Үеийн найзууд надад атаархаад, тэднийг араасаа дагуулж, хамгийн ганган, хамгийн баян нь гэж хэлүүлж, цоллуулж амьдрах сайхан л байсан юм шиг байгаа юм. Гэвч ингэж их жаргаж өссөний хэрэг даанч гараагүй юм даа” хэмээн жолооч эгч шүүрс алдан хэсэг дуугаа хураав.

Юу гэж асуухаа мэдэхгүй байтал тэрээр “Ээж аав минь намайг 20 нас хүрээгүй байхад л тэнгэрт одоцгоосон. Олигтой хамаатан садангүй би гэдэг хүн тэнгэр хол, газар хатуу болж, аав ээжийн үлдээсэн жаахан “хатуу” юмыг юм болгож чадалгүй үрээд дуусгасан. Эцэстээ энэ муу таксигаа бариад хүүхдүүдээсээ хоолны юм гуйхгүй, өөрөө өөрийгөө болгоод явж байна даа. Ингэж зовж яваад үздэг мэргэн түргэн хүн дээр очсонд надад “Чи хүүхэд жаахан насандаа хамаг буянаа идээд, үрээд дууссан хүн байна. Одоо чамд үлдсэн юм алга” гэж хэлсэн.

 

Тэнгэрээс өөрт нь төсөвлөж өгсөн буян заяа цаг нь болохоор

аадар бороо шиг зулай дээрээс нь асгарах нь лавтай…

 

Түүнээс хойш л үр хүүхэддээ, ер нь таньж мэдэх хүмүүстээ хэлж сануулмаар юм байна гэж боддог болсон. Хүүхдийн бага дээр хүний дор оруулчихгүй юмсан гэж элдэв үнэтэй хувцас хунар, хүнээс илүү зүйл хэрэглүүлэх гэсний хэрэггүй юм билээ. Хүний буян гэдэг ирэх цагтаа аадар бороо шиг асгараад л ирнэ. Тэр буяныг хэрэгцээгүй цагт нь асгаад дуусгаж болохгүй шүү хүүхдүүд минь. Өсөхийн жаргал жаргал биш гэж ёстой үнэн үг юм байна” гэж захиж билээ.

Жолооч эгчийн машинаас буухдаа бид нэг их эмзэглэл бас нэг их зүйл ойлгосон юм шиг санагддаг. Одоо ч хөөрхий тэр эгчийн хүүхэд нас халгиж цалгиж өнгөрсөн ч ид сайхан амьдралыг мэдэрч ухаажиж амьдрах үедээ юу ч үгүй хоцорсныг нь бодохоор цээжин дээр хөндүүр оргиод байдаг.

Хүүхдээ бусдаас дутуу харагдчих вий, хүний идсэнийг идэж, уусныг ууж, өмссөнийг өмсүүлж чадсангүй гэж эцэг эхчүүд минь өөртөө бүү эмзэглээрэй гэж захимаар бас санагдсан. Түүний оронд зөв төлөвшилтэй, хүнд хэрэгтэй, хүнд үгүйлэгдэж явдаг нэгэн болгоод өсгөчихвөл тэнгэрээс өөрт нь төсөвлөж өгсөн буян заяа цаг нь болохоор аадар бороо шиг зулай дээрээс нь асгарах нь лавтай…

Би ч бас энэ хэдэн хүүхдээ хувцас муутай байна даа гэж шаналахаа больсон. Урагдаж муудаагүй, хиртэж заваараагүй л бол тэр чинь өсөх насны хэрэглээ мөнөөсөө мөн шүү дээ. Идэр насандаа жаргаж, өтөл насандаа буянтай сайхан амьдарвал үүнээс илүү хувь хишиг гэж юу байхав.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар