Лэйди Гагагаас “суйлаад” үлдэх суу алдарт хүргэдэг 5 “тасалбар”

2019.06.08
|
2,500
Та одоо болтол амжилтаа “бат араанд нь” оруулж амжаагүй, өөрийн гэсэн үзэгч, шүтэн бишрэгчтэй болж амжаагүй бол Гагаийн зөвлөгөөг “халааслаад” аваарай.

Ж.Цогзолмаа

Дэлхийд цуутай энэ алдартай эмэгтэйг бид зөвхөн Лэйди Гага хэмээх уран бүтээлийнх нь алдраар мэдэх билээ. Гэвч түүнд хорвоод мэндлэхэд эцэг эх нь Стефани Жоанн Анжелина Германотта гэж нэр хайрласан байдаг. Америкийн алдарт од, кино жүжигчин, дуучин, дуу зохиогч тэрээр дахин давтагдашгүй, цор ганц өөрийнхөө л гэсэн имиж, дүр төрхөөр үзэгчдийн хайр хүндэтгэлийн титмийг зүүж яваа.

Түм түжигнэсэн Нью-Йорк хотод өссөн болохоор түүнд энэ хотын урлагийн их сургууль болох Tisch School of the Arts-д суралцан төгсөх завшаан тохиожээ. Бусад алдартнуудын л адилаар тэрээр сургуулиа орхиж, зөвхөн сураад байхыг хүсээгүй. Харин ч бие даан уран бүтээл хийж, хичээлийн ширээний ардаас биш бодит студийн цонхоор уран бүтээлчийн амьдралыг тольдохыг илүүд үзжээ. Энэ туршлага нь түүнийг Акэн хэмээн алдаршсан Aliaune Damala Badara Akon Thiam-тай танилцуулснаар  ‘Just Dance’, ‘Poker Face’ зэрэг дэлхий нийтийн анхаарлыг татах амжилттай цомгийнх нь эхлэлийг тавьсан юм.

Түүний амжилт цаг ямагт өргөжсөөр ирсэн бөгөөд цомгийнхоо борлуулалтаараа Гиннесийн дээд амжилтыг хэд хэдэн удаа давж, Грэмми болоод Оскарын шагналыг “түүгээд” дуусгасан. Хамгийн сүүлд түүний амжилтыг “A Star is Born” киногоор нь нэрлэж болох билээ. Алдарт Лэйди Гага зөвхөн дуучин биш сайн үйлсийн аяны зохион байгуулах “Born This Way Foundation” сангийн тэргүүн юм. Энэхүү сан нь өсвөр насныхны авьяас билгийг нээн илрүүлэхэп дэмжих зорилготой аж.

Одоогийн байдлаар түүний нийт хөрөнгө гайхмаар их буюу 275 сая ам.доллараар хэмжигдэж байна. Түүний амьдралдаа ягштал мөрддөг зарчмуудаас хуваалцаж байна.

 

ҮРГЭЛЖ ДАРААГИЙН ОРГИЛДОО ТЭМҮҮЛДЭГ

Бидний ихэнх нь амьдралынхаа өнгөрсөн цаг хугацаа, алдсан алдаа, үрсэн мөнгө цаас гээд асар олон зүйлд харамсаж явах тохиолдол бишгүй л байдаг. Тэгвэл аз жаргалтай, бас алдар цуутай, амжилттай хүмүүс хэзээ ч өнгөрснөөрөө өөрийгөө шүүдэггүй. Харин тэд өнөөдөр бас маргаашдаа илүү их ач холбогдол өгч, хамгийн сайхан зүйлсээр ирээдүйгээ төлөвлөж амьдардаг. Тэгвэл Лэйди Гагагийн хувьд хамгийн гол зарчим нь “Миний дараагийн зорилго юу вэ”, “Миний дараагийн хүрэх оргил хаана байна вэ”, “Дараагийн амжилтандаа хүрэх хаалгаа яг одоо онгойлгоё” гэх зэргээр тэмүүлэн амьдардаг байна. Тэрээр Опрагийн ярилцлагад оролцох үеэрээ “Би дандаа ирээдүйг төсөөлдөг. Зөвхөн дуу зохиогоод зогсох биш зохиосныхоо дараа яах вэ гэдгээ дандаа боддог. Дуугаа зохиож байхдаа л үүний дараа хаана энэ дуугаа дуулах, ямар клиптэй байх гээд маш олон зүйлийг тархиндаа төсөөлж байдаг. Миний хувьд ирээдүй бол цоожтой хаалга биш. Харин үргэлж нээлттэй байдаг гайхамшигтай зүйл” гэж хэлсэн байдаг.

Ерөнхийдөө Гага хэзээ ч нэг л удаа сонсоод өнгөрөх дуу зохиохыг хэзээ ч хүсдэггүй. Харин уран бүтээл нь урт настай байж, хүн бүхэн сонсох дуртай, содон, бас хүсэл эрмэлзэл төрүүлэхүйц байх ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавьдаг байна. Тэрээр Youtube сувгийн “95.5 interview” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би Тонни Бенеттэй нэлээд хэдэн жил хамтран ажиллаж байна. Элтон Жон болон түүний нөхөр Дэвид бид хэд маш сайн найзууд. Тэд надад асар их урам зориг өгдөг” гэжээ.  

 

БҮТЭЭЛЧ БАЙДЛЫН ХЯЗГААРТ ТУЛТАЛ ХӨДӨЛМӨРЛӨХИЙГ ӨӨРӨӨСӨӨ ШААРДДАГ

Дуу зохиох, дуулах гэдэг хэдийгээр байгалиас заяасан авьяас билэг боловч Гага хэзээ ч үүнийг хичээл зүтгэл, бүтээлч байдалгүйгээр хүлээн авч чадахгүй гэдгээ хэлсэн байдаг. Хүмүүс юу гэж шүүмжлэх нь хамаагүй хамгийн гол нь чи үргэлж хичээж, дадлага сургуулилт хийж чадвал бүхнээс тодрон гэрэлтэх болно гэдэгт хамгийн их итгэдэг хүний нэг бол Гага. “Уран бүтээлч хүнд авьяас билгээс илүүтэй сахилга бат маш чухал бөгөөд энэ нь ирээдүйн амжилтыг нь тодорхойлж байдаг. Хэрэв чи хүмүүсийн шүүмжлэлээс айгаад хийж байгаа зүйлээ дандаа өөрчлөөд яваад байвал эцэс сүүлд нь өөрийгөө алдаж, эргэн тойрныхоо хүмүүсийн амны бай болоод, хэн юу гэж хэлэх бол гэсэн туулайн зүрхтэй амьтан болохоос цаашгүй шүү дээ” гэж Лэйди Гага Америкийн радио өргөн нэвтрүүлэг болох “Elvis Duran Show”-нд оролцох үеэрээ хэлсэн нь бий.

Уншигч та ч гэсэн нижигнэсэн алга ташилт, суу алдрын эзэн болохыг хүсч байна уу? Тэгвэл мөрөөдлийн тайзан дээрээ алдрын титэм зүүгээд алхахад тань хамгийн чухал нь юу болохыг Гага ийн өгүүлжээ. “Урам зориг, суу алдрыг өөрийн болгох нэг арга зам бол хичээнгүй зүтгэл, шаргуу зан, хатуужил, сахилга бат, байнгын дасгал сургуулилт юм. Энэ бол алга ташилт хүртэх зам мөрийн хамгийн чухал хэсэг нь. Та бүхэн өдөр бүр намайг зурагтын дэлгэцийнхээ цаанаас харж байгаа. Харин би танд ингэж харуулахын тулд өдөр бүр хичээж, дасгал сургуулилт, хатуу сахилга батаа мөрддөг юм шүү дээ” гэж “CBC News” хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа тэрээр дурджээ.

 

БИ АНХНААСАА АЛДАРТАЙ БАЙСАН. ХҮМҮҮС САЯХНААС Л ҮҮНИЙГ МЭДЭЖ БАЙНА

Алдартай бизнесмэнүүд, томоохон компаниуд өөрсдийн амжилтын хаант улсыг бүтээхийн тулд тэвчээрийнхээ хязгаарт тултал хөдөлмөрлөх хэрэг гардаг. Тиймээс ч амжилтын замаар алхаж буй хүн өөрөө өөртөө баатарлаг дүр бүтээж байх учиртай. Энэ нь өөдрөг хүсэл тэмүүлэлтэй байхад тусалдаг бас нэг чухал хүч билээ.

Харин та одоо болтол амжилтаа “бат араанд нь” оруулж амжаагүй, өөрийн гэсэн үзэгч, шүтэн бишрэгчтэй болж амжаагүй бол Гагаийн зөвлөгөөг “халааслаад” аваарай. “Би өөрөө өөртөө үргэлж алдар цуутай нэгэн байсан. Үүнийг маань хүмүүс саяхнаас л олж мэдэрч байна” гэж Гага хэлсэн юм. Уран зургийн гайхамшигт бүтээл лугаа адилаар Гага өөрийнхөө амжилтын түүхийг төсөөлдөг. Учир нь гайхамшигт авьяас билэг шингэсэн уран зургууд цаг нь ирэхээр дэлхийн хамгийн үнэтэй өв болон үлддэг билээ. “Би үргэлж алдар цуутай болж байна гэж өөрөө өөртөө мэдрүүлдэг байсан. Миний анхны цомог миний дотор байсан тэр алдар цуу, амжилтаас урган гарсан бүтээл. Түүнээс биш үүнийг би олж авсан юм биш. Энэ угаасаа л миний дотор байсан” гэж Гага алдартай загвар зохион бүтээгч, найруулагч Жан Полтой хийсэн ярилцлагынхаа үеэр хэлсэн байдаг.  

 

БУСДЫН ЮУ БОДОХ НЬ ХАМААГҮЙ

Хөндлөнгийн хүмүүсийн санаа бодлыг өөртөө тусгаж аваад, тэдний зөв мэтээр ойлгоод, чулуудсан үг болгонд нь хариу өгөөд явбал таны нас хүрэхгүй л болов уу. Гагагийн хувьд бусдын юу бодох нь тийм чухал биш. Ингэж амьдрах нь илүү хөнгөн, бас өөрийнхөө эрх чөлөөг хадгалж үлдэхэд хамгийн чухал гэж тэр итгэдэг. “Үзэл бодол гэдэг зүйлийн үнэ цэнэ нь чамайг хүндлэхэд орших ёстой. Чамайг хүндэлдэггүй хэн бугайн ч бодож санаж яваа зүйлд анхаарлаа хандуулж, цагаа үрэх хэрэггүй. Яагаад гэвэл би өөрийнхөөрөө л амьдрах ёстой биз дээ. Хэрэв би бүх зүйлд, бас бүх хүний хэлснийг бодоод санаа зовоод амьдарвал би хэзээ ч сайн уран бүтээлч болж чадахгүй” гэж тэрээр CNN-д ярьжээ.

Тийм ч учраас тэр нэгэн хэвэнд цутгачихсан юм шиг нийтийн хэв маягийг үл тоож, оронд нь зөвхөн өөрийнхөө хэв загвар, чиг хандлагаар амьдралаа залж явна. “Нэг хэвийн л байх нь намайг маш их бухимдуулж, сэтгэл үрсэн хэрэг болдог. Ийм л төрсөн юм байлгүй гээд байгаа тэр чигтээ амьдарна гэдэг асар гутармаар. Би энэ насандаа хүрч болох ёстой тэрхүү хамгийн сайхан гоёл, хамгийн сайхан бүхэнд зөвхөн өөрийнхөө төсөөлөл, өөрийнхөө хэмжүүрээр хүрч байж л сая санаа сэтгэл тайвширч, таашаал мэдэрдэг” гэж Гага “Vogue” сэтгүүлд ярьжээ. “Энэ бол бусдад таалагдах гэсэн зовнил биш. Бас энэ бол төгс төгөлдөр харагдах гэсэн зорилго биш. Харин энэ бол зүгээр л би өөрөө өөрийнхөөрөө л байгаа хэрэг юм. ”

 

УРЛАГААС ТАЙТГАРАЛ ЭРЖ, ЭДГЭРЭЛ ОЛЖ АВДАГ

Аливаа хүн өөрийн чаддаг бас өөрийнхөө хамгийн дуртай зүйлээ ажил болгон хийсэн цагт л амжилтад хүрдэг гэдэг. Тэгвэл Гага ийм төрлийн хүн. “Rolling Stone” сэтгүүлийн ярилцлагад орох үеэрээ тэрээр хөгжмөөр өөрийгөө эмчилж, тайвшрал урам зоригийг олж авдаг гэдгээ хуваалцжээ. “Над шиг хатуу дүрэм журмаар шургуу ажилладаг хүмүүс өөрийгөө тайвшруулж, чөлөөлөхийн тулд хөгжим эсвэл урлагт татагддаг. Ингэснээр шаналлаа мартах тэмцлийг урлагаар эхлүүлдэг. Би сэтгэл дэх эмзэглэлээ илэрхийлэх гэж урлагтай холбогдсон. Үүгээр би өөрийгөө эмчилдэг. Урлаг бол миний хэзээ ч орхиж явахгүй зүйл. Гэвч миний сэтгэл дэх эмзэглэл бол миний өөрийн онцлог шинж чанар. Энэ нь миний ажлын явц байдал болж хувирдаг. Урлагийн хүн байна гэдэг өнө мөнхөд эмзэглэл сэтгэлдээ тээж амьдарна гэсэн үг” гэж тэрээр ярьжээ.

 

Эх сурвалж:goalcast.com

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар