Дараагийн зургаан сард өөрийнхөө төлөө хийх ёстой хамгийн чухал зүйлс

2019.06.10
|
1,881
Бэлэг болон ирсэн энэ зургаан сарын хугацаанд хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг бичих бал цаасаа бэлдэцгээе. Амлалтаа заавал биелүүлж хүсэл мөрөөдлөө гартаа атгацгаая.

И.АНГАР

2019 он дуусахад зургаахан сар үлдлээ. 2020 оны босго давахаас өмнө амжуулж дуусгах ёстой ажлууд маань ямар шатандаа байгааг дүгнэх ёстой цаг хугацаа гэсэн үг. Жилийн зурлагаа шинэ жилээр уншиж суухдаа л өөртөө амласан амлалтууд маань хэр биелсэн юм бол.

Амлалтаа биелүүлж хараахан амжаагүй байгаа бол бидэнд чилийсэн зургаан сарын хугацаа байна гэдэг аз юм шүү. Тиймээс энэ бол ид шидийн бэлэг гэж үзээд яг одооноос хичээхэд л болно. Бэлэг болон ирсэн энэ зургаан сарын хугацаанд хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг бичих бал цаасаа бэлдэцгээе. Амлалтаа заавал биелүүлж хүсэл мөрөөдлөө гартаа атгацгаая.

 

ЯГ ОДОО

ЮУ ХҮСЧ БАЙГААГАА ШИЙД

2019 он эхлэхэд л бид өөрөө өөртөө ямар нэг сайхан зүйл амласан байдаг шүү дээ. Тэгэхээр яг одоо тэр амлалтаа эргэн санаж, ирэх зургаан сарын хугацаанд хэрхэн түүнийгээ биелүүлэх талаар зорилт тавих алтан мөч ирээд байна. Магадгүй зорилго тавьсан ч бодолдоо мөрөөдөхөөс цааш алхам хийгээгүй ч байж мэдэх юм. Тэгвэл зүгээр мөрөөдөөд байлгүй энэ зорилгодоо заавал хүрэх ёстой.

Айсуй хагас жилийн хугацаанд амлалтынхаа төлөө хичээх нь маш зөв. Гэхдээ яг одооноос алхам бүрээр нь эхлэх нь хамгийн чухал.

Тиймээс хамгийн түрүүнд юу хүсч байгаагаа шийд. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд өөртөө юу гэж хэлэхийг хүсч байна. Яг одоо тэр хүслээ шийд. Шинэ жилийн оргилуун дарс буудуулж байхад өөрөөрөө бахархах боломжийг өөртөө олгохын тулд яг одоо чи босох ёстой. Тиймээс хамгийн их хүсч буй зүйлээ бодоод түүнийхээ төлөө яг одооноос хөдлөх хэрэгтэй.

 

ДАРААГИЙН ДОЛОО ХОНОГТ

ДАДАЛ ЗУРШЛАА ЗАСВАРЛА!

Хамгийн түрүүнд өөрийнхөө өдөр тутмын дадал зуршил руу анхаарлаа хандуулаарай. Өдрийн 24 цагийг бүгдийг нь үр ашигтай, оновчтойгоор өнгөрөөх сайн дадал зуршилд суралцах хэрэгтэй. Илүү эрт босч, чухал гэсэн ажлуудаа өглөөний эртэд амжуулж, илүү эрүүл хооллож, оройн цагаар гэртээ илүү ухаалаг зохион байгуулалт бий болгоорой. Тухайлбал, Life journal апп-ыг ашиглан дадал зуршлуудаараа дамжуулан өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай.

Даваа гаригийн өглөө босно гэдэг танд там шиг санагддаг бол амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөж буйгаа эргэн нэг хараад үзээрэй. Магадгүй та амралтын өдрүүддээ нойргүй хонож Pubg тоглоод эсвэл үүрийн таван жин болтол шөнийн клубт бүжиглээд байна уу. Тийм бол та зорилгод тань хүргэх бүтээлч байдлаа муу дадал зуршлаар үгүй хийж байна гэсэн үг.

Иймд өөрийгөө эргэж нэг дүгнэхийн тулд амралтын өдрүүдэд чухам юу хийдгээ бүдгийг нь жагсаагаад бичээд үзээрэй. Эргүүлээд уншихдаа та өөрөө өөртөө итгэхгүй ч байж мэдэх л юм. Базаад хэлэхэд, зорилгоо биелүүлэх үндсэн чухал зүйл бол таны өдөр тутмын дадал зуршил, сахилга бат юм.

Өөрт чинь нэг ч төгрөг өгдөггүй зөвхөн зугаа цэнгэл болсон зүйлст ихэнх цагаа үрээд байгаа юм биш биз. Орон дээрээ хэвтээд Facebook дэх элдэв бичлэг үзэж хоёр цагийг өнгөрөөхөд энэ цаг хугацаа хэтэрхий хайран биш гэж үү. Инстаграм дахь элдэв зураг үзэж утсаа маажиж суухын оронд өрөөгөө нэг сайхан цэвэрлэчихвэл тархинд хүртэл цэвэр агаар ордог юм шүү дээ.

 

ДАРААГИЙН САРУУДАД

ЗОРИЛГОО ОНИЛ

Энэ жилийн сүүлчийн өдөр баярын ширээн дээр амжуулсан бүхнээрээ бахархахыг хүсч байгаа бол дараагийн хэдэн сарын хугацаанд хийх ёстой зүйлсээ онилоод ав. Бид зорилго ярьж байгаа, гэхдээ хамгийн чухал нь бид хүсч буй хамгийн сайхан зүйлсийнхээ талаар ярьж байгаа гэдгээ бүү мартаарай.

Чадахгүй болов уу гэсэн элдэв эргэлзээнүүдээ яг одооноос толгойноос шүүрдэж хаяад, өөрийнхөө юу хүсч байгаа тэр зүгт эгцхэн зогсоод тэмүүлэн хар.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар