Рианна 600 сая доллараа юунд зарцуулдаг вэ?

2019.06.12
|
2,815
Тэрээр Лос Анжелост 6.8 сая ам.доллараар харш худалдан авч, Лондонд долоон унтлагын өрөө бүхий орон сууцны түрээсэнд долоо хоногт 20 мянган ам.доллар төлдөг.

 

И.АНГАР

Рианна өдгөө дэлхийн хамгийн баян дуучин эмэгтэйгээр тодроод байна. Түүний хөрөнгө 600 сая ам.доллараар үнэлэгдсэн. Домогт Мадонна, Селин Дион, бүр Бионсег хүртэл ардаа орхисон үзүүлэлт энэ байв. Тэрээр дэлхий даяар 60 сая цомгоо худалдаж, 215 сая оая онлайн дуу цацалт нь түүнийг интернэт дахь хамгийн алдартай дуучин болгосон билээ. Гэвч түүний бүх хөрөнгө зөвхөн хөгжмийн ертөнцөөс өөрт нь ирээгүй юм.

 

ЗӨВХӨН ХӨГЖМИЙН ЕРТӨНЦӨӨС 22.3 САЯ ДОЛЛАР ОЛЖЭЭ

 

 

Тийм ээ, Рианна амжилтаа хөгжмийн ертөнцөөс эхэлсэн. Тэр 15-хан насандаа л American record-ийн продьюсертэй танилцаж, өөрийнхөө чадварыг нээн илрүүлсэн. Энэ нь түүнд Jay-Z-тэй гэрээ байгуулах боломжийг олгосон юм. Үүний дараа тэрээр 2016 он гэхэд хэдийнэ 14 дуу гаргачихсан, зарим нь №1 жагсаалтад багтаж байлаа. Тухайн үед зөвхөн хөгжмийн ертөнцөөс олсон орлого нь 22.3 сая ам.доллараар хэмжигдэж байсан бөгөөд нийт хөрөнгө нь 137 сая ам.доллар болсон байв. Гэвч тухайн үед түүний ихэнх орлого түншүүдийнх нь хамтын ажиллагаа, кампанит ажиллагаа, брэнд нэр ашиглах талаар гэрээ хэлцлүүдээс орж ирж байлаа. Үүнд 2014 онд байгуулсан “Puma”-гийн төслийг ч нэрлэж болох юм. “Puma” брэнд түүнийг бүтээлч сурталчилгаа хариуцсан захирлаар томилж, эхний зургаан сарын орлогынхоо 16 хувиар тохирсон гэрээ хэлцэл ч байдаг.

 

РИАННАГИЙН СУРТАЛЧИЛСАН БАРАА БУСДЫНХААС 3.7 ДАХИН ХУРДАН ЗАРАГДДАГ

 

 

2016 онд хэвлэгдсэн нэгэн судалгаанд дурдсанаар Рианнагийн шүтэн бишрэгчид түүний алтан хөрөнгө оруулагчид гэж хэлж болох юм. Учир нь Рианнагийн сурталчилсан бараа бүтээгдэхүүн бусад оддын зар сурталчилгаанаас 3.7 дахин илүүтэйгээр борлуулалт өндөртэй байжээ.

2017 онд тэрээр LVMH-тэй гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зар сурталчилгааны ажилд хамтарснаар эхний жилдээ л 550 сая ам.доллар олжээ. Эхэндээ тэд зөвхөн шингэн пудр худалдаж байсан бол яваандаа уруул өнгөлөгч, уруулын будаг зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, худалдаагаа өргөжүүлжээ.

Гурван тэрбум ам.долларын үнэлгээтэй энэ компанийн 15 хувийг Рианна эзэмшдэг. Энэ жил тус компани Парист Fenty хэмээх өндөр зэрэглэлийн загварын дэлгүүрээ байгуулсан бөгөөд энэ бүтцэд дуучин бүсгүй өөрийн хувь эзэмшлээ тогтоогоод амжжээ. Энэ брэнд дэлгүүрийн бараануудын хамгийн хямд нь 400 ам.долларын үнэтэй байдаг аж.

 

БАЙРНЫ ТҮРЭЭСЭНД 7 ХОНОГТ 20 МЯНГАН ДОЛЛАР ТӨЛДӨГ

 

 

Нэг зүйл маш тодорхой байгаа нь Рианна мөнгө олох аргаа сайн мэддэгийн адилаар юунд хөрөнгө оруулахаа бас сайн мэддэг сайн хөрөнгө оруулагч юм. Жишээ нь тэрээр, Парис дахь Fenty загварын дэлгүүрийн барилгад 34 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Дараа нь тэрээр Лос Анжелост 6.8 сая ам.доллараар харш худалдан авсан байна. Одоо тэрээр Лондонд долоон унтлагын өрөө бүхий орон сууцанд амьдардаг бөгөөд түрээсэнд нь долоо хоногт 20 мянган ам.доллар төлдөг байна.

 

ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД 7 ХОНОГ БҮР 38 МЯНГАН ДОЛЛАР ҮРДЭГ

 

 

2011 онд тэрээр Францын далай тэнгисээр аялахын тулд долоо хоногт 300 мянган ам.долларын хөлсөөр дарвуулт хөлөг онгоц түрээсэлж байсан юм.

Үүнээс гадна дуучин бүсгүй маань хувийн тогоочийнхоо хэрэгтэй аяга шанага, гал тогооны хэрэгслийг нь авч өгөх дуртай гэнэ.

Мэдээж, гоо сайхандаа зарцуулах үйлчилгээний зардлыг энд мартаж болохгүй. Дуучин маань долоо хоног бүр гоо сайхны үйлчилгээнд 38 мянган ам.доллар зарцуулдаг гэнэ. Үүнд арьс арчилгаа, стилист, үсчин, дасгалжуулагч гээд олон зүйлийг багтааж болох нь.

2012 онд Рианна Clara Lionel Foundation хэмээх санг өвөө, эмээгийнхээ дурсгалд зориулан байгуулсан юм байна. Энэ нь дэлхий даяар хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулах зорилготой сан аж.

 

Эх сурвалж:Business insider

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар