Зүрхэнд бүлээнээрээ ээжийн минь захиас

2019.06.17
|
4,472
Ээжийн эзгүй орчлонд эхэндээ бүдрэвч элгээ мэгштэл уйлсныхаа дараа эргээд босох тэнхээтэй болно доо гэж та охиноо тэнгэрт даатгаж залбирсан юм уу…

Ж.ЦОГЗОЛМАА

Ээж минь хайртай эгч Батсүхийн Нина, хайртай дүү Батсүхийн Мандах нартайгаа хамт 

 

Сайхан гэдэг үг энд тохиромжгүй юм. Зүйрлэшгүй гэдэг үг хүртэл чамламаар. Ээжийн үнэр тийм л байдаг. Адилтгаж, орлуулж чадах ганц үг охинд нь алга.

Бороо шаагисан тэр өдөр заавал ирж хүүхэд хараад өг, найзуудтайгаа уулзмаар гэж хэлээд таныгаа хариу хэлэхийг ч хүлээлгүй харилцуураа тасалснаа санаж байна. Уураа гаргаж амжсандаа санаа амарсан уу хүүгээ тэврээд унтчихсан байсан. Тан руу залгаад цаг ч болоогүй байхад ээж минь та шалба норчихсон хаалга тогшоод зогсох байсныг би мэдээгүй. Үүд тогших чимээнээр сэрсэн би нойрмоглон түгжээг нь тайлтал үсний тань ширхэг бүрээс жижигхэн борооны дуслууд “зүүгдчихсэн”, та минь амьсгаа өндөр зогсож байсан. Ганц охиноо гээд яарсаар ирсэн тань тэр байсан. Түүнээс хойш ганц жил өнгөрч амжаагүй байхад та охиныхоо эзгүйд тэнгэрт дүүлэн ниссэн байсан.

 

Чухал царай гаргахаас биш чухам үнэн юунд оршдогийг анзаарах сөхөөгүй явсан дүрэлзсэн их омог минь таны сүүдэр орчлонгоос арчигдахад хамт арилсан юм шиг…

 

Чухал царай гаргахаас биш чухам үнэн юунд оршдогийг анзаарах сөхөөгүй явсан дүрэлзсэн их омог минь таны сүүдэр орчлонгоос арчигдахад хамт арилсан юм шиг…

Энгэртээ чанга тэвэрч өсгөхдөө та хорвоог бүхлээр нь миний өмнө дэвсэж үлдээсэн мөртлөө өөрөө нарны цацрагт шингээд, хариуд нь надаас юу ч хүсээгүй....

Бурууг хийгээд танд чангахан алгадуулсан тэр өдөр дэлхийг туулах зам зөвгүй л бол хоосноос ялгаагүй гэж сүрдэм дуу хоолойгоо та цээжинд минь сийлчихсэн юм уу…

Гомдлын нулимс унагаж, сормуус харц тэр чигтээ усан далайд живж байхад зөөлөн гараараа хацрыг минь арчихдаа та ухаарч амьдраарай гэж чимээгүй шивнэсэн юм уу…

Тоотой цөөхөн удаа мэлмий тань чийгтэй байхыг үзсэн надад орчлонд уйлж, дуулж хүн болдгийг ойлгуулах гэснийх тань байсан юм уу…

 

Анх үерхсэн найз залуудаа хаягдчихаад буруу хараад уйлж хэвтэхэд минь юу ч хэлэлгүй чимээгүй өнгөрсөн тань миний ам нээж, яриа эхлэхийг хүлээснийх байсан юм уу. Анхны бүхнийг нь шүүхгүй гэсэндээ аяархан мэгших намайг дагаж сэтгэлдээ уйлсан тань тэр байсан юм уу. Нулимсаа залгихтайгаа болоход минь “Тэр залуу харин ч ухаантай эр байна. Нэгэнт ойлголцохгүй, бүтэхгүйгээ мэдсэн болохоор амьдралыг чинь үрэхгүй гэсэндээ, чиний л аз жаргалыг бодсондоо өөрөө холдсон хэрэг. Ийм ухаантай эр хүнийг хүндэлж, сайн сайхан яваагаа харуулж амьдрах учиртай” гэж хэлээд нэг их уртаар санаа алдсаныг тань би мартахгүй. Тэр л үгний хүчээр хүнийг уучлах сэтгэл, тайтгарах хүч, шинэ хайр дурлалыг хүлээж авах тэнхээтэй болсон юм байна, охин чинь…

 

Мөнх бусын хорвоо мөдхөн л хагацуулдгийг сануулах гэж ажилтай байсан ч ирээд аяга цай уухыг та минь нэхдэг байсан юм уу. Сүлэрсэн сайхан цайны тань амт тагнайд мэдрэгдэж, ядарсан сургаар минь тэр холоос үхрийн хар шөл хийгээд ирсэн сэтгэл тань цээжинд амтагдах юм. Шинэ байранд орсон сургаар үхрийн махтай хар шөл хийгээд ирэхэд чинь мах нь яасан хатуу юм гэж голж сууснаа санахад аргагүй л хайраар бялуурч, халамжинд ташуурч явсандаа гэмших сэтгэл нимгэрэхгүй юм. Ядарсан, өвдсөн, цөхөрсөн үедээ цайны тань амтыг тагнайдаа бүлээцүүлж, хоолны тань шимтэйг өрцөндөө мэдрэх юм. Өөрийнхөө эзгүйд охиноо дурсамжаар тэжээе гэсэндээ л өр зүрхнийхээ амттай бүхнээрээ өнгөрснийг хэлхэж, уранхай цоорхой хугацааг сэтгэлийнхээ уудмаар нөхөж байсан юм уу…

 

 

 

Зүүрмэглээд сэрэхийн завсарт хүний амьдралын зул жаргадаг юм гэнэ лээ

гэдэг үлгэрээр зөрөөд өнгөрсөн хүмүүстэй инээгээд өнгөрдөг байсныхаа учир, шалтгааныг үлдээсэн юм уу.

 

Хань Буджавын Жаргал, хүү Төрболд, охин Цогзолмаа нарынхаа хамт

 

Хорвоогийн уужмыг сануулах гэж, хүний итгэлийн сайхныг мэдрүүлэх гэж өрөөл бусадтай ам мурийх нь битгий хэл, хүйтэн харц чулууддаггүй байсан уу. Зүүрмэглээд сэрэхийн завсарт хүний амьдралын зул жаргадаг юм гэнэ лээ гэдэг үлгэрээр зөрөөд өнгөрсөн хүмүүстэй инээгээд өнгөрдөг байсныхаа учир, шалтгааныг үлдээсэн юм уу. Уурласан хүний ухаан унтарчихдаг юм гэсэн, ухаангүй байхын оронд удаахан амьсгаа аваад, дотор цээжиндээ 10 тоолоод үз гэж сургадаг байсныг тань мартаагүй. Унасан газар шороондоо уусаад шимэгдэхийн цагт хүний зүрхийг зүсч үлдээсэн үгс дээд, доод ертөнцийн алинд ч эзнээ олоод зүү шиг шивдэг юм гэсэн гэж та хэзээ ч билээ сургасан даа. Энэ сургаалийг санах тоолонд тэвнэ шиг үзүүртэй, тэнгэр шиг уужим орчлонгийн жамыг бүү март гэж та надаас хүссэн юм уу…  

 

Орчлон бөөрөнхий болохоор цаг цагаараа урсахгүйн үлгэрийг цаглашгүй уудмын дайд бүү мартаарай гэж та шивнэснийг би гээгээгүй. Өнөөдөр унавч, маргааш босох цаг ирнэ, өнөөдөр инээвч, маргааш уйлах өдөр ирнэ. Өнөөдөр өвдөг нь цоорхой өмдтэй явсан хүү маргааш улсын тэргүүн болсон байхыг ч бөөрөнхий орчлон өөрөө л шийддэг гэдгийг та охиндоо ухааруулах гэж та ерөөсөн юм уу. Ээжийн эзгүй орчлонд эхэндээ бүдрэвч элгээ мэгштэл уйлсныхаа дараа эргээд босох тэнхээтэй болно доо гэж та охиноо тэнгэрт даатгаж залбирсан юм уу…

Хүн болж төрөхийн хувь хишиг нь идэж, унтах, өмсөхийн нэр биш. Хүн байна гэдэг хүнд хэрэгтэй явахын нэр гэж наснаасаа олон захисныг тань мартахгүй нь. Мөнгө, байр, нэр алдар, суу билэг байвч хүнд үгүйлэгдэж чадахгүй аваас хүн байхын үнэ цэнэ үгүй гэж та сургасныг үгүйлээд байна, ээж ээ. Хүн байж, хүнд сайн сайхнаар үгүйлэгдэж явахын үнэ цэнийг үлдээж, асгаад явсан таны дулаахан дурсамжууд өдөр өдрөөр өнгө ороод байна, ээж ээ.

Үнэнээр явахад үхэхийн цагт харамсах зүйлгүй мордохын жаргалыг та харуулахыг хүссэн юм уу. Эргээд уулзах нүүртэй байх нь эдээр хэдэнтээ биеэ чимснээс энгүй их ялгаатайг энэхэн тавилангаараа харуулах гэсэн юм уу. Мөнх бусын үнэнийг гэрчлээд одсон ч та нүүр бардам дурсамжаар хэдхэн оны тэртээхийг чимсэн хэвээрээ л байх юм.

 

Яаран яарсаар ирсэн ч ярих сүүлчийн үгийг тань сонсох хувь дутсан

ядуу тавиландаа охин чинь одоо ч заримдаа тарчилдаг.

 

Яаран яарсаар ирсэн ч ярих сүүлчийн үгийг тань сонсох хувь дутсан ядуу тавиландаа охин чинь одоо ч заримдаа тарчилдаг. Өнгөрсөн жил алтан шарил дээр тань очоод үг сийлсэн бүлээн чулууг тань үнсэхдээ өр зүрх минь ганц алхмаар тайвширсан шиг санагддаг. Өөр тэврээд авах, мэгшээд уйлах биетэйхэн зүйл охинд чинь олдоогүй болохоор нэрийг тань мөнхөлсөн байгаль эхийг сонгосон юм болов уу.

Уйлах, орилох дөт замыг биш өөрийг тань миний дотроос харуулах өөдөө тэмүүлсэн жигүүрийг өвөртөө ургуулах бэрх аргыг охин чинь сонгохыг зүрхлэж танаасаа гуйя. Алтан хэвлийдээ намайг ургуулж, айлын хүүхдээс дутаахгүй гэсэндээ өөрийнхөө сэтгэлийн цэцэг бүхнээр сүлжиж өсгөсөн ээж минь, танаасаа гуйя. Бохирч суугаад босохгүй байхын оронд бороо шиг асгарсан буянаар тань булаг шанд урсгах ухаанаар шагнаач, ээж ээ. Түмний үрсийн төлөө биеэ умартан амьдарсан тэнгэр их хайраар тань дарвуулт онгоц урлаад ангаж цангасан нэгийг нь ч болтугай ундаалах тэнхээ хайрлаач, ээж ээ.

 

Хайртай ээж Батсүхийн Нармандахад зориулав... 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар