Ж.Мишээл:Холливууд биднээс “Тийм” гэдэг хариултыг л хүлээж байгаа

2019.06.17
|
6,157
Монгол Улсад экспортын шилдэг барааны нэг төрөл нь кино урлаг байх боломж хажууханд ирчихжээ. Монгол киночид Холливудын нэртэй кино уран бүтээлчдийн хажууд эн зэрэгцэн зогсч, бүтээлийнхээ ураар өрсөлдөх галт тэрэг хөдлөх цаг ойрхон байна.

Ж.Цогзолмаа

Домогт Холливуд хэмээх мөнгөний уурхайг Америкийн эдийн засгийг тэтгэгч нэгэн том далай тэнгис нь гэж зүйрлэж болохоор. Тэр том улс орныг кино урлаг хэмээх экспортын бараа нь дэлхийд таниулж, нээлтээ хийгээд удаагүй байгаа бүтээлүүдээр нь овоглосон худалдааны сүлжээ олон тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Тэгвэл Монгол Улсад экспортын шилдэг барааны нэг төрөл нь кино урлаг байх боломж хажууханд ирчихжээ. Монгол киночид Холливудын нэртэй кино уран бүтээлчдийн хажууд эн зэрэгцэн зогсч, бүтээлийнхээ ураар өрсөлдөх галт тэрэг хөдлөх цаг ойрхон байна. Энэ амжилтын “тасалбар” нь чухам юу байх бол. Энэ сэдвээр Монголын үндэсний кино хорооны Төсөл хариуцсан захирал Ж.Мишээлтэй ярилцлаа.

 

  • Жаргалсайханы Мишээлийн танилцуулга:
  • 1995-2007 он Польш улсын Варшав хотын ерөнхий боловсролын сургууль
  • 2007-2013 он Польш улсын Вроцлав хотын Анагаахын их сургууль
  • 1999-2007 он Польшийн “Өргөмөл гэр бүл” ОАК-ны гол дүрийн жүжигчин
  • 2004 он Польшийн телевизийн хүмүүнлэгийн “Алтан зүрх” тусгай шагнал
  • 2005 он Монгол Улсынхаа нэрийг Польш улсад соёл урлагийн хүрээнд өндөрт өргөснийг үнэлж  “Хөдөлмөрийн алдар” цол тэмдэг
  • 2007 он “Баасан гаригийн цаг агаар” Польшийн олон ангит киноны жүжигчин
  • 2015 он “Оддын оргилуур” Celebrity Splash Poland телевизийн шоу нэвтрүүлгийн 2-р байр
  • 2015 оноос Трансплантологийн “Run of Life” хүмүүнлэгийн байгууллагын гишүүн
  • 2016 он “Холимог” “Wmiksowani.pl” Польш улсын олон ангит киноны жүжигчин  Польшийн “Dancing with me Stars, Ододтойбүжиглэе” TV шоу нэвтрүүлгийн 3-р байр
  • 2016 он Монгол Улсынхаа нэрийг Польш улсад соёл урлагийн хүрээнд өндөрт өргөснийг үнэлж “Монголын залуу алтан медаль” цол тэмдэг
  • 2016 оноос Хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд туслагч хүмүүнлэгийн Польш улсын “Баатрууд” байгууллагын дэмжигч гишүүн
  • 2017 оноос  Цусны хавдартай өвчтөнүүдэд донор болж, амь насыг аврах энэрэнгүй үйлсийн дэмжигч DKMS байгууллагын  гишүүн
  • 2017 оноос WWF-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монголын цоохор ирвэсийг хамгаалах салбарын Польш улс дахь элч
  • 2019 оноос Монголын үндэсний кино хороонд төсөл хариуцсан захирал

 

"ӨРГӨМӨЛ ГЭР БҮЛ" ОЛОН АНГИТ КИНОНД 10 ЖИЛ ГОЛ ДҮР БҮТЭЭЖЭЭ

 

-Юуны өмнө та манай уншигчдад төрсөн нутаг, аав ээжийнхээ тухай танилцуулаач?

-Намайг Жаргалсайханы Мишээл гэдэг. Би Улаанбаатар хотод төрсөн. Аав ээж хоёр маань ч гэсэн хоёулаа Улаанбаатар хотод төрж өссөн боловч, аав маань Сэлэнгэ, ээж маань Сүхбаатар аймгийн уугуул хүмүүс. Би Монголдоо гурван нас хүртлээ амьдарч, түүнээс хойш Польш улсад амьдарч байна. Миний ээж эмч мэргэжилтэй. Москва хотноо анагаах ухааны чиглэлээр сурч мэргэшээд, Монголдоо уламжлалт эмнэлгийн салбарт мэргэжил дээшлүүлсэн. Уламжлалт анагаах ухааны эмчийн мэргэжлээр 28 жил Польш улсад ажилласан. Польшид амьдарч суурьших түүх маань 1991 оноос эхэлсэн. Ээж маань гэрээгээр Польш, Чех, Америкт гурван жил эмчийн мэргэжлээр ажиллах боломжтой болсон юм. Миний өвөө аав ээж хоёрт минь Польш орныг сонгохыг зөвлөсөн. 1991 оноос эхлэн аав, ээж, дүү Ж.Ихбилэгийнхээ хамт тэр нутагт амьдрах болсон. Анхандаа гурван жил амьдарч ажиллахаар гэрээ хийсэн боловч хэдийнээ 28 жилийг тэр сайхан нутагт үдсэн байна. Өвөөгийн минь хэлсэн үнэхээр үнэн байсан. Дэндүү сайхан нутаг, маш сайхан улс үндэстэн. Монголчууд Польшид их сайн нэртэй. Эмч нар нь мундаг, анагаах ухааны салбартаа сайн гэж хэлэгддэг. Одоо ч Варшав гэлтгүй олон хотод уламжлалт анагаах ухаан маш үнэ цэнэтэй, эмчилгээний чухал арга хэрэгсэлд тооцогдож байна.

 

-Та Польшийн телевизийн цөөнгүй кинонд гол дүр бүтээсэн. Гадаад улсын үндэсний телевизийнх нь кинонд тоглоно гэдэг асар их завшаан юм уу даа?

-1998 онд буюу намайг есөн настай байхад Варшавт амьдардаг байсан аав, ээжийн найз “гэр бүлийн сэдэвтэй кинонд тоглуулахаар 7-10 насны хүүхдийн дүрийн сонгон шалгаруулалт болж байна” гэж мэдээ дуулгасан юм билээ. Тухайн үед бид тэр хотод аав, ээжийн найзууд дээр зочилж таарсан, би ч энэ шалгаруулалтад оролцохыг зөвшөөрөөд өөрийгөө сорьсон. 2500 хүүхдийг 7 шаттайгаар шалгаруулсан юм. Миний дүрийн нэр Зоша хэмээх охин. Энэ кино нь “Өргөмөл гэр бүл” хэмээх гэр бүлийн сэдэвтэй телевизийн инээдмийн олон ангит цуврал байсан. Нэгэн гэр бүл санаандгүй байдлаар асрамжийн газраас гурван хүүхэд өргөж авч байгаа талаар энэ кинонд өгүүлдэг. Тэрхүү өргөмөл хүүхдүүд нь гадаад хүүхдүүд болох бид байлаа. Энэ кинонд миний ихрийн дүрд тоглосон охин Ола маань Польш-Нигерийн эрлийз байсан. Бид хоёр огцом өөр зан ааштай байлаа. Нөгөө охин маань үсэрч, харайгаад, юм бүхнийг эвддэг бол би их буурьтай, хэзээний том хүн шиг нухацтай яриатай. Бид хоёрыг уг нь нэг дүрийн төлөө өрсөлдүүлсэн ч, сүүлийн шатанд нь продюсерүүд маань биднийг хамтад нь кинондоо тоглуулахаар болсон. Ингэснээр тэд зохиолоо тэр чигээр нь өөрчлөхөөр шийдсэн байдаг. Анх энэ кино маань гурван анги хийгдэхээр төлөвлөгдсөн, продюсерүүд хүмүүсийн хэрхэн хүлээн авахыг ажиглая гэсэн байр суурьтай байсан. Олон нийтэд их дэмжигдсэн болохоор 52 анги хийхээр шийдээд, цаашдаа бүр 13 жил тасралтгүй үргэлжилсэн. Миний хувьд 10 жил энэ киноны гол дүрийг бүтээж ажиллалаа. Бага нас минь кино студид өнгөрсөн гэж хэлж болно. “Өргөмөл гэр бүл” кино маань Польш даяар хамгийн хайртай бүтээлийнх нь нэг болсон байна. Хүүхдүүд энэ киног үзэж өссөн, аав ээж нар энэ киног үзэж хүүхдүүдтэйгээ харьцах арга ухаанаа дүгнэдэг. Олон хүүхэдтэй айлд амьдрал дээр юу тохиолддог вэ, тэр бүхнийг хэрхэн шийдвэрлэж байгааг хошин байдлаар харуулсан байдаг.

 

 

МОНГОЛ ҮНДЭСНИЙ СОЁЛЫГ ТҮГЭЭХ УРТ НАСТАЙ ТӨСӨЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-13 жилийн турш нэг цувралыг үргэлжлүүлээд аваад явна гэдэг асар сайн зохиол, бас сайн санхүү, хамгийн гол нь зөв төлөвлөлтөд оршиж байгаа байх. Ийм тогтвортой бөгөөд гэр бүлийн хөгжилд нөлөө үзүүлэх сайн цувралууд эх оронд минь гардаг бол… гэж та бодож байв уу?

-Монголын залуус гэр бүлээ их эрт эхлүүлж байгаа нь сайн хэрэг. Магадгүй энэ Монголын нэг онцлог байх. Харин кино бол нийгэмд маш сайн нөлөөлөл үзүүлж чаддаг боловсрол өгөх нэг хэрэгсэл юм. Зурагтын дэлгэцээр ямар контент үзэж байгаагаасаа хамаараад тухайн хүн хувийн амьдралдаа өөрчлөлт хийх боломж цаг ямагт байдаг. Тиймээс ялангуяа, залуу аав ээж нарт зориулаад хүүхдүүдээ хүмүүжүүлэх, монгол үндэстний соёл ёс заншлын сайхныг харуулсан ганцхан удаагийн биш, олон ангит, урт хугацааны цуврал байвал маш өгөөжтэй байх болно. Польшид гарсан “Өргөмөл гэр бүл” цуврал маань гэр бүлд ямар асуудал гардаг, түүнийг хэрхэн шийдэх боломжтой вэ гэдэг сэдвээр гэр бүлүүдэд сургамж болгох олон шийдлүүдийг санал болгодог байсан. Хүүхэд гэдэг чинь дандаа буруу юм хийгээд явдаг улс биш. Харин ээж аав нь зөв үлгэр дууриал өгөөд явбал юм сурдаг, амжилтад хүрдэг юм гэдгийг ойлгуулсан кино юм. Тиймээс Монголд нэг удаа хийгээд зогсох биш харин тогтвортой үргэлжлэх олон ангит, хүмүүжлийн чанартай хөтөлбөр, олон ангит цуврал хийх хэрэгтэй гэж бодогдож байна. Зөвхөн дуу, бүжиг, хэл заах биш хүүхэдтэй яаж харьцах, буруу юм хийсэн үед нь яаж ойлгуулах вэ гэсэн контент хэрэгтэй байна.

 

-10 гаруй жил ингэж тогтвортой контент үйлдвэрлэж чадсан Польшийн кино урлагийн амжилтын нууц нь юу юм бол. Бидэнд санаа авах юм юу байна вэ?

-Польшид бол кино урлагийн салбар нэлээд тэргүүлэх хандлагатай, Засгийн газрийнх нь зүгээс дэмжигдэхүйц кино төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулж тусгай санхүүжилт гаргаж өгдөг. Төр засгаас үзүүлж буй дэмжлэг нь уран бүтээлчдэд сайн төсөл хэрэгжүүлэх боломжийг нээж өгч буй хэрэг юм. Кино урлагийн салбар бол маш их мөнгө олдог ч буцаагаад маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Хүн хувиараа, улсын дэмжлэггүйгээр юм хийвэл ганц хоёр ивээн тэтгэгч олсон ч хэзээ ч дээрх шиг урт хугацааны сайн төсөл болон хэрэгжиж чадахгүй. Улсаас тодорхой хэмжээний төсөв гаргаад өгвөл бүхэл бүтэн Монголдоо зориулж төсөл хэрэгжүүлэх боломж нь гарна шүү дээ. Монголын үндэсний кино хороо үүнд анхааран ажиллаж байна. Манай кино хорооны тэргүүн М.Оргилоос авахуулаад би ч гэсэн гадаадын кино компаниудтай олон жил хамтран ажилласан туршлагатай учраас эх орондоо үүнийгээ ажил хэрэг болгохын тулд хууль дээр ч санаа оноогоо тусгаж байна. Киноны хуулийн тухайд гадны улс орнуудын кино урлагийн салбараа амжилттай хөгжүүлсэн туршлагаас суралцахын зэрэгцээ зөвхөн Монголынхоо нийгэм эдийн засгийн онцлогт тохируулан боловсруулсан хуулийг батлах хэрэгтэй.

 

-Та бүхэн киноны салбарт хэрэгжүүлэх хуульд ямар санааг чухалчлан тусгахыг хүсч байна вэ?

-Хамгийн түрүүнд татварын хөнгөлөлт, буцаан олголттой холбоотой зохицуулалтын нэрлэж болно. Дэлхийн кино урлагын салбарт өрсөлдөгч томоохон улс орнууд бүгд л татварын хөнгөлөлтийн системийг хэрэгжүүлдэг. Кино урлагийн салбарт гадны томоохон төсөл, хөрөнгө оруулалтыг татах чухал систем юм. Монгол үнэхээр үзэсгэлэнтэй газар нутагтай. Гэхдээ ганцхан Монгол биш. Казахстан, Шинэ Зеланд, Унгар зэрэг улсуудтай өрсөлдмөөр байгаа бол тэдгээр улсууд гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд юу хийж байна тэр бүхнийг л хийх ёстой.

 

-Ер нь цаашдаа Монголын кино урлагийн салбарт хийх ёстой шинэ алхам, чухал зүйл нь таныхаар юу вэ?

-Польшийн Уран бүтээлчдийн нэгдсэн сан гэж байдаг. Жишээ нь, тухайн жүжигчин кинонд тоглосноор амжилтад хүрч, санхүүжилтээ авлаа гэж бодъё. Энэ бол нэг л удаагийн ажил. Дараа нь тэр киног үнэхээр сайн контент мөн гэж үзвэл давтаж гаргах тохиолдол элбэг байдаг. Ийнхүү давтаж гаргасан тохиолдолд тухайн жүжигчдэдээ цалин нэмж өгдөг. Жүжигчин хүний нүүрээр л тэр кино босч байгаа шүү дээ. Нэг ёсондоо жүжигчидийнхээ эрх ашигийг улсаас хамгаалж байна гэсэн үг. Зөвхөн уран сайхны кино биш телевизэд гарч байгаа хөтөлбөр бүр, олон ангит кино давтан гарсан бол, жүжигчний нүүр царай тухайн контентэд хэдэн секунд дэлгэц дээр гарсан бэ гэдгийг тусгай програмаар шүүгээд, секунд бүрийг нь үнэлж жилд нэг удаа цалин өгдөг. Ингэснээрээ жүжигчид байнгын урамшуулал авдаг юм. Яагаад гэвэл кино ертөнц гэдэг маш хатуу бизнес. Жүжигчин асар их хөдөлмөр гаргадаг гэдгийг ойлгож, үнэлэн улсаас дэмжиж буй хэрэг юм.

 

-Таныхаар Холливуд бидэнд ойр байна уу. Эсвэл үнэхээр хэзээ ч хүршгүй оргил юм уу?

-Холливуд бол Монголчуудын хувьд хэзээ ч хүрэхгүй оргил биш. Монголд гайхамшигтай өргөн уудам газар нутаг, дөрвөн улирал, үзэсгэлэнт байгаль гээд кино урлагт хэрэгтэй бүх зүйл байна. Энэ тансаглал улс бүхэнд байдаггүй. Тиймээс бид Холливудын томоохон Netflix, Warner brothers, Paramount зэрэг продакшнуудад эх орноо зөвөөр таниулан сурталчилснаар, Холливудын томоохон кино төслүүдийг хэрэгжүүлж Монголыг дэлхий даяар танигдсан кино зураг авалтын нэгэн өвөрмөц төв болгох бүрэн боломжтой.

Би 20 жилийн турш Польшид жүжигчинээр ажиллаж, туршлага цуглуулан, Европын кино урлагийн салбарт тодорхой хэмжээгээр танигдсан боловч Монгол руугаа тэмүүлсэн шалтгаан бол энэ. Эх орон маань гадаад зах зээл дээр гарахад тун ойрхон ирчихээд байна шүү дээ. Энэ бол маш том боломж.

Гадны продюсеруудыг урихад татварын хөнгөлөлтийн систем, кино зураг авах байршлын мэдээлэл, зураг авах тусгай зөвшөөрөл, мэргэжлийн англи хэлтэй баг хамт олон, киноны мэргэжлийн багаж тоног төхөөрөмжүүд гээд тавьдаг олон шаардлага байдгаас гадна энэхүү киноны үйлчилгээний салбарын  үйл ажиллагааг зохион бйагуулдаг байгууллага бий эсэхийг асуудаг. Энэ бүгдэд бид “Тийм” гэж хариулж чаддаг болчихвол Холливуд хаяанд маань байна.

 

БИД НЭГДЭЖ ЧАДВАЛ ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ӨРСӨЛДӨЖ ЧАДНА 

-Польшид ажилласан туршлагаасаа харахад Монголын кино урлагийн ертөнцөд одоо санаа авах зүйл нь юу байх бол?

-Кино урлагийн салбар бол асар их өрсөлдөөнтэй. Мэдээж, өрсөлдөөн байх хэрэгтэй. Тэгж байж хөгжинө. Гэхдээ одоогийн байдлаар Монголд кино уран бүтээлчид хоорондоо бие биенээ дэмжиж нэг зорилго дор нэгдэж чадвар сая дэлхийн томоохон багуудтай өрсөлдөх боломж гарч ирнэ. Хэзээ ч бид нэг нэгээрээ тэр том Холливуд, тэр том Европын киноны зах зээлд гарч чадахгүй. Энэ ч утгаараа бид Монголын кино уран бүтээлчдийн бүртгэлийн нэгдсэн сан байгуулахаар зорин ажиллаж байна. Энэ мэдээллийн санд Монголын кино урлагийн салбартай холбоотой бүхий л мэдээлэл, кино уран бүтээлчдийн дэлгэрэнгүй танилцуулгыг багтаасан байх бөгөөд гадаадын төсөл хэрэгжүүлэгчид эндээс үйлчилгээ, жүжигчин, уран бүтээлчдээ шууд сонгон ажиллах боломж нь бүрдэж байна гэсэн үг. Иймд уран бүтээлчдийгээ ч мөн бидэнтэй хамтран ажиллаж, мэдээллээ хуваалцаарай гэж уримаар байна.

 

-Залуу насандаа амжилтад хүрэх боломж хүн бүрт тэр бүр олддоггүй. Хилийн чанадад телевизийн шилдэг цувралын гол дүрийн жүжигчнээр ажиллана гэдэг бас их хариуцлага байх. Энэ амжилтыг бий болгосон таны амьдралын зарчим юу вэ?

-Миний дандаа давтаж хэлэх дуртай үг бол “Хүний амьдралын хамгийн чухал зүйл нь хүмүүжил”. Би найз нөхөд, ах эгчдээ үргэлж “Хүүхдийг хэзээ ч битгий өөрөөсөө дор үзэж, энэ хүүхэд юм чинь гэсэн байдлаар бүү харьцаарай” гэж хэлдэг. Хүүхдийг хүндэлж байж л түүнийг зөв хүн болгон хүмүүжүүлнэ гэж би боддог. Яагаад гэвэл, ээж аав минь хүүхдүүдээ маш сайхан хүндэлж өсгөсөн. Намайг 12 настай байхад миний тоглосон цуврал Польшид нэлээд алдарт гарч байсан. Жүжигчиний ертөнцөд орчихоор хүн бүр намайг ажиглаж, харж, шүүмжилдэг учраас надад нэлээн ачаалалтай байдаг байсан. Харин Монголдоо зуны амралтаараа ирэхэд үнэхээр сайхан байдаг байлаа. Хэн ч намайг танихгүй, би яг л өөрийнхөөрөө амьдрах боломжийг олгодог байсан үе. Хэн ч миний зургийг авахгүй, халтар цамцтай явсан ч миний дур, дуртай бургерээ идэхэд хэн нэгэн намайг харчихвий гэсэн айдасгүй сайхан байдаг байсан. Тухайн үед энэ киног Монголд гаргая гэсэн санаачилга гарсан. Тэгэхэд би аав ээжээсээ “Би Монголдоо л өөрийнхөөрөө байж чаддаг. Монголд энэ киног гаргалгүй, эх оронд минь намайг яг өөрийнхөөрөө байх боломжийг олгооч” гэж ээж ааваасаа гуйсан. Тэгэхэд ээж аав минь бизнес бодоод, мөнгийг илүүд үзсэн бол өөрсдийнхөөрөө шийдэж болох л байсан. Оронд нь намайг хүндлээд тэр киног Монголд гаргах асуудлыг бүр хойш нь тавьсан юм даа.

 

-Таны нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ. Амжилттай хүмүүс тогтсон нэг цагт сэрж, өдрийг өөрсдийн тогтсон зарчмаа баримтлан өнгөрөөх нь элбэг. Харин таны хувьд?

-Би бол тогтсон төлөвлөгөөний дагуу ажиллах дургүй. Сэтгэлээрээ, маш амархан хөөрч догдолдог. Тиймээс дотор хүнээ маш сайн чагнадаг. Нэг их сайхан инээмээр санагдвал хэчнээн завгүй байсан ч сайн найзтайгаа утсаар яриад сэтгэлээ нээгээд сайхан ярьчихдаг. Бухимдаад байвал тухайн бухимдсан шалтгаанаараа тухайн хүнтэйгээ шууд ярилцахыг илүүд үздэг. Ингэхдээ хэрэлддэггүй. Би хэрэлдэхээс үргэлж холуур байхыг хичээдэг. Асуудал үүсвэл шууд ярилцсан нь дээр гэж боддог. Өглөөг хэрхэн эхэлдэг вэ гэвэл, гэрээсээ гарахаасаа өмнө бэлтгэлээ маш сайн базаахыг илүүд үздэг. Учир нь би хэнтэй ч таарч магадгүй шүү дээ. “Ээ, би чинь юу өмсчихөө вэ” гэж ичихээргүйгээр л явах хэрэгтэй гэж боддог. Үүнтэй адилаар хийж буй ажилдаа ч дараа нь ичиж, харамсахааргүй байхаар ажиллахыг боддог. Алдаа нэгэнт гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх тэнхээтэй байх хэрэгтэй. Бас дахин давтахгүй байхын тулд асуудлын голыг нь ойлгох маш чухал гэж боддог. Өглөө бүр хүн босоод толинд харж зогохдоо өөрөө өөрийнхөө өмнө үнэнээрээ л байх хэрэгтэй. Тэгж байж л бид гадаа гараад хүмүүстэй үнэн зөв, сайхнаар харилцаж чадна. Ингэснээр бид өөрөө өөрөөсөө юу ч нуулгүй, бас бусадтай жинхэнэ өөрөөрөө харьцаж чадна.  “Баярлалаа”, “Уучлаарай” гэдэг үгийг маш их хүндлэх хэрэгтэй. Мэдээж “Би чамд хайртай” гэдэг үгийг үнэн зүрхнээсээ нандигнах хэрэгтэй.

 

-Таны мөрөөдөл юу вэ?

-Ажлын талаас би юу хүсч байгаагаа мэднэ. Харин хувь хүнийхээ хувьд сайхан гэр бүлтэй болохыг мөрөөдөж байна даа. Намайг ойлгодог, намайг сонсдог хүнтэйгээ учраад, бяцхан жижигхээн хүнээр бүл нэмэхийг бас хүсч байна.

 

-Таны амьдралдаа сонссон хамгийн сайхан зөвлөгөө юу байв?

-Багад эмээ минь надад “Буян” хэмээх сайхан үгийг хэлж ойлгуулсан юм. Хүнд үргэлж өгч байх хэрэгтэй, гэхдээ хариу нь хэзээ ирэх бол гэж хэзээ ч бодож болохгүй гэж зааж сургасан. Хүн өгснөөрөө хоосордоггүй. Харин ч энэ өгсөн зүйлийн хариу нь заавал тэр авсан хүнээс биш харин хорвоо ертөнцөөс бидэнд хэзээ нэг цагт яг хэрэгтэй үед өөрөө хамгийн сайхан зүйл болон эргэж ирдэг гэж хэлдэг байсан. Энэ л миний амьдралдаа сонссон хамгийн сайхан зөвлөгөө юм уу даа.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар