Б.Билгүүн:“Нью-Йорк Таймс”-ыг чөлөөтэй уншиж ойлгоход танд 10 сар л хангалттай

2019.06.24
|
17,164
Болдбаатарын Билгүүн “Гэгээ” сургалтын төвөө үүсгэн байгуулж, ирээдүй хойч үеэ өөрчлөгдөн буй дэлхийн оюуны хувьсалд хөл нийлүүлэн алхах боломж олгохоор шамдан ажиллаж байна.

Ж.ЦОГЗОЛМАА

        “Хуаньжу гэг”, “Чингис хаан” олон ангит кино, хятад, англи, япон хэлний толь бичигүүдийг монголчуудын хүртээл болгосон Доржсүрэнгийн Болдбаатар хэмээх судлаач, эрдэмтнийг мэдэхгүй хүн эх оронд минь цөөн биз. Тэрээр сүүлд “Чонон сүлд” романыг эх хэлнээ хөрвүүлсэн нь бидний мэдлэгийн санд түүхийн өндөр хэмжээний хөрөнгө оруулалт болсон билээ.

        Тэгвэл энэ эрдэмт хүмүүний охин Болдбаатарын Билгүүн “Гэгээ” сургалтын төвөө үүсгэн байгуулж, ирээдүй хойч үеэ өөрчлөгдөн буй дэлхийн оюуны хувьсалд хөл нийлүүлэн алхах боломж олгохоор шамдан ажиллаж байна. “Их, дээд сургуулийн боловсролоос илүүтэйгээр хэлний академик төвшний мэдлэг ирээдүйн Монголын өрсөлдөх чадварыг тодорхойлно” хэмээн Б.Билгүүн үздэг. Хиймэл оюун ухаанаар түүчээлэх айсуй ертөнцөд бид хэтэвчнийхээ нимгэн зузаанаар биш, тархин дахь баялгаараа өртөөлөх учиртайг түүний хэлсэн үг бүхэн томъёолон зураглаж байв.

 

 

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, манай сайтад ярилцлага өгч байгаа танд гялайлаа. ”Гэгээ” сургалтын төв үүд хаалгаа нээсэн түүхээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Би 2006 онд АНУ-д их сургуулиа төгссөн юм. Ингээд тэндээ хувийн компаниудад ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш 2010 онд эх орондоо ирсэн юм. Эх орондоо ирээд мэдэрсэн анхны зүйл бол монгол хэлний барьер байлаа. Хүн нэг хэлээрээ тогтмол хугацаанд яриад байхаар тэр хэлэндээ их дасчихдаг юм шиг байгаа юм. Үүнээс гадна баруунд ажиллаад дадчихаар Монголдоо бизнесийн орчин болоод байгууллагын соёлын зөрүү их мэдрэгдэж байсан учраас эхэндээ гадаад компанид ажилд орохоор шийдсэн л дээ.

Ажлын нөхцөл сайхан, цалин ч боломжийн өндөр байсан ч ажлаасаа авах мэдрэмж, тэр орчноосоо өөрийгөө олж нээх гэдэг нэг чухал зүйл дотор минь хүлээсээ тайлах гэж хүлээгээд байсан юм шиг санагддаг. Нэг ёсондоо, 2010-2015 он миний хувьд өөрийнхөө хүсээд байсан тэр зүйлээ хайсан эрэл хайгуулын цаг хугацаа байж гэж боддог. Хэчнээн ажиллаад, хангалуун цалин аваад сайхан  амьдраад болоод байгаа ч хайсан зүйлээ олохоос нааш сэтгэл амардаггүй юм байна. Ингээд л дотоод хүнийхээ дуу хоолой хүрсэн тэр зүгт очих ёстой гэж шийдсэн дээ.

 

17 жилийн түүхтэй, хойч үедээ соёлын гүүр

болж тогтож чадсан энэ

коллежоо өргөжүүлье гэж

шийдсэн нь миний хайж явсан

эрэл байсныг ойлгосон

  

Хүн амьдралынхаа гуравны нэгийг ажил дээрээ өнгөрөөдөг. Өдрийн 8 битгий хэл бүр 10-11 цагийг тэр чигт нь ажил дээрээ “үлдээж” байгаа юм чинь хийж байгаа зүйлээсээ таашаал авч, үнэ цэнийг нь мэдрэх ёстой гэдгийг ойлгосон.

Ойлгосон учраас зориглоод ажлаасаа гарсан. Анхандаа яг юу хийхээ мэдэхгүй байсан ч хувь тавилан намайг хаана очих ёстойг минь чиглүүлж өгсөн гэж би боддог юм.

Аав минь 2002 оноос хойш “Гэгээ” коллежоо тасралтгүй ажиллуулж, өөрийн өвөрмөц аргаар хятад хэлийг монгол залууст зааж сургаж ирсэн түүхтэй. Харин би тэгтлээ их оролцдож байсангүй. Аав цэвэр номын хүн учраас бизнес, маркетингийн талаар ойлголтгүй, харин миний хувьд АНУ-д Бизнесийн удирдлага, санхүүгээр төгсөөд ирчихсэн байсан шүү дээ.

17 жилийн түүхтэй, хойч үедээ соёлын гүүр болж тогтож чадсан энэ коллежоо өргөжүүлье гэж шийдсэн нь миний хайж явсан эрэл байсныг нь эндээс ойлгосон юм. Яагаад гэхээр, аав ч номынхоо ажилд шамдъя гээд коллежоо нэг тийш болгохоор хандаж байсан юм билээ. Их хөдөлмөр шингэсэн энэ өвөрмөц сургалтын аргыг ингээд тасалдуулах нь дэндүү хайран санагдаж, өөртөө байсан хуримтлалаараа коллежоо сургалтын төв болгон үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн, цоо шинэ эхлэл тавихаар зориг шулуудсан минь энэ. Анх хотын төвд ганц өрөө түрээсэлж сургалтын төвийнхөө ажлыг эхэлж байсан бол одоо суралцагчдынхаа тав тух, хүсэл эрмэлзлэлийг хангасан таатай орчин бүрдүүлэх, өндөр ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэхээр зорьж байна даа. Аав минь манай зөвлөх багшаар ажиллаж, өвөрмөц сургалтын аргаа үргэлжлүүлэн зааж байна. Хүнд хичээл заах талаар “А” ч үгүй байсан бол одоо өөрийн эрхгүй аавын минь үг амнаас минь гардаг болжээ. 

 

 

-Таны аав бол 1200 гаруй орчуулгын бүтээл хэвлүүлсэн, Монгол дахь хятад хэл, соёлыг түгээн дэлгэрүүлж буй хамгийн том баялаг нь гэж хэлж болохоор эрдэмтэн. Ийм суут хүний охины бага нас хэрхэн өнгөрсөн байдаг юм бол гэж асуумаар байдаг юм?

-Бага насандаа харж өссөн дүрслэл бол аав минь ширээний ард суугаад ном бичиж байгаа нь тодхон үлдсэн дурсамж юм уу даа. Намайг 5-6 настайд компьютер гэж байсангүй. Аав ээж минь хоёр минь хоёулаа номын хүмүүс. Амьдралын төлөө хамтдаа зүтгэсэн хүмүүс. Анх “Мөрөн голын шулам хүүхэн” номоо орчуулж байхдаа аав уншиж өгнө, ээж гараараа бичиж тэмдэглээд, дараа нь хэвлэлийн компанид өгдөг байж. Ээж минь монгол хэл соёлын өндөр мэдлэгтэй хүн болохоор аавын номыг хянаж, найруулж, редакторладаг байсан. Тэгэхээр номын орчин бол миний хар багаас надтай хамт байсан зүйл.

Аав минь намайг 3-4 настайгаас л багш, сурагч болж тоглодог байлаа. Тэгж намайг сууж сургасан, номонд сэтгэлтэй болгосон юм болов уу. Багаас минь л хэл сургах гэж хятад багшид суралцуулж байсан гээд олон сайхан дурсамж бий.

Хоёр хүүхэддээ ч бас номын сайхныг мэдрүүлж өсгөхийг хичээдэг.

Гэртээ байхдаа бид хүүхдүүддээ хүүхэлдэйн киног нь тогтсон богинохон хугацаанд үзүүлчихээд ном бариад суучихна, манай нөхөр ч бас л номоо уншаад суучихдаг. Ингэхээр хүүхэд хүртэл аяндаа ээж аавтайгаа адил номонд дуртай болдог юм шиг байгаа юм. Аяндаа л номоо уншъя гээд хажууд ном бариад суучих жишээний.

Аав минь их үлгэр дууриалалтай хүн. Нэг суухаараа хэдэн цагаар төвлөрөөд суучихдаг. Тэр занг нь би өвлөсөн юм болов уу гэж олзуурхдаг. Учир нь би төвлөрөхөөрөө хэдэн цагаар ч хамаагүй сууж чаддаг. Тэгж байж л чанартай, часхийсэн ажил гараас гардаг даа.

 

-Та одоо ямар ном уншиж байна вэ?

-Саяхан эмнэлэгт хэвтэхдээ нэлээд хэдэн ном уншлаа. Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” зохиолыг уншиж дуусгалаа. Их сайхан орчуулга болсон байна лээ. Одоо “Агаар амьдрал болохуйд” гэдэг орчуулгын ном уншиж байна.

 

-Номын сайхныг хэмжих чухал зүйл нь юу юм бол. Манай уншигчдад ямар ном уншихыг зөвлөх бол?

-Агуулга нь сайн байхаас гадна бичгийн хэв маяг сайтай ном унших дуртай. Орчуулгын ном гэхэд, үг үсгийн алдаатай, найруулга муутай бол их хэцүү, явж өгдөггүй. “Амьдрахуй”-гийн орчуулга үнэхээр мундаг санагдсан. “Агаар амьсгал болохуйд” ч бас сайн ном болсон байна лээ.

 

 

Хувийн зохион байгуулалт,

өөрийгөө дайчлах чадвараа сайн

хөгжүүлж чадвал гайхалтай

хөгжих боломж бидэнд байна

 

 

-Д.Болдбаатар гуай бол хятад хэл соёлын бүтээлүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх, хятад соёлыг ойлгоход хамгийн том гүүр нь болсон юм болов уу гэж боддог. Хятад хүмүүсийн ахуй амьдралыг ч гэсэн та багагүй харж, мэдэрч, уншиж өссөн болов уу гэж боддог юм. Тэднээс бид өөртөө тусгаж авах зүйл нь юу байна вэ?

-Их хичээнгүй хөдөлмөрч, зорьсон зорилгодоо 100 хувь өөрийгөө дайчилж чаддаг хүмүүс байдаг юм шиг санагддаг. Олон хүн амтай учраас ч өрсөлдөөн ихтэй, тиймээс ч ард иргэд нь өөрсдийгөө сайн дайчилж чаддаг байх. Би өөрийгөө л дайчилж байж сайн сайхан амьдарна шүү, миний амьдрал, хувь заяа надаас өөрөөс минь л шалтгаална шүү гэж маш сайн ухамсарласан хүмүүс байдаг юм шиг.

Энэ чанар нь Монголд зарим залуусыг онцлоод ухаараасай гэсэн чанар л даа. Монголчууд харьцангуй хүн ам цөөтэй учраас өөрсдийгөө дайчлах чадвар тэр бүр шаардагдахгүй байна.

Уг нь монголчууд оюуны чадвараараа гайхамшигтай хүмүүс. Хувийн зохион байгуулалт, өөрийгөө дайчлах чадвараа сайн хөгжүүлж чадвал гайхалтай хөгжих боломж бидэнд байна. Нийгэм, технологи ямар хурдтай хөгжиж байгаа билээ.

 

 

-Тэгвэл монгол залуу хүн бүрийн өөртөө суулгах ёстой өөрийгөө дайчлах тэр чадвар нь юугаар хэмжигдэх вэ?

-Адаглаад л монгол залуус маань хятад, англи хэлийг маш сайн эзэмшсэн байх ёстой. Хэлээрээ дамжуулан мэдлэг, мэдээллийг олж авах учиртай юм шүү дээ. 4 жилийн бакалаврын боловсрол хоцрогдоно. Интернэтийн хурд удахгүй 5G-д шилжинэ. Гадаад хэл сайтай, суурь боловсролоо маш сайн эзэмшчихсэн, юу хийх ёстойгоо ойлгоод мэдчихсэн хүн заавал 4 жил их, дээд сургуульд цагаа алдах шаардлагагүй болно. Ийм хүмүүс интернэт ашиглаад л өөрт хэрэгтэй ур чадваруудыг эзэмшиж болохуйц болчихоод байна. Залуус маань үүнийг маш сайн ухамсарлаасай гэж хүсдэг.

 

-Хүн болгон л таны хэлдгээр гадаад хэл сурах гэж хошуурцгааж байна. Гэхдээ хэл сурах гэж байгаа хүнд юун түрүүнд ямар зан чанар хэрэгтэй байна вэ?

-Нэгдүгээрт, тухайн хувь хүн маань маш шийдэмгий, тууштай байх ёстой. Маш өндөр зорилготой байх ёстой. Тухайн хүн маань зөв арга барилтайгаа учраад, зөв систем, зөв хөтөлбөртэйгөөр явбал богино хугацаанд хэлнийхээ чадварыг үнэхээр өндөр төвшинд хүргэж чадна.

1990-ээд онд “Би тэдэн хэл гадарлана даа” гэж яриад болоод байдаг байж. Гэтэл одоо тэр цаг үе өнгөрчихөөд байна. Одоо бол мэргэжлийнхээ ур чадварын асуудлыг уншаад ойлгочихдог, ур чадвараа байнга хөгжүүлэхүйц академик хэмжээнд хэлний боловсрол эзэмших шаардлага тулж ирээд байна. Угаасаа ирээдүйд үүнийг шаардана.

Ойрын 5 жилдээ мэргэжлийн ур чадварууд хоцрогдож, түүнийг дагаад шинэчлэлтүүд хийгдээд явах байх. Тэгэхээр хүн бүр хэлтэй, дээрээс нь компьютер техникийн мэдлэгтэй бол байнга өөрийгөө хөгжүүлэх боломж бий болчихлоо. Ухаалаг утас бидэнд тэр аяараа энэ боломжийг олгоод байна.

 

Ойрын 5 жилдээ мэргэжлийн ур

чадварууд хоцрогдож,

түүнийг дагаад

шинэчлэлтүүд хийгдээд явна

 

-Хэлтэй бол хөлтэй болно гэдэг. Гэхдээ хөлтэй болохын хэл сурах арга нь дотроо олон янз байгаад байна уу. Эдэн дундаас хамгийн сайн нь ямар арга байна?

-Хамгийн чухал зүйл бол хэл сурах арга барилаа системтэйгээр ойлгож авах юм. Хүмүүс хэл сурч байна гэхээрээ л шууд ярьж эхлэх гээд байдаг. Хэл гэдэг маань зөвхөн үгсийн сан, дүрмийн хослол биш юм. Хэл сурна гэдэг маань сэтгэлгээ хэмээх амин сүнсгүйгээр оршихгүй.

Олон үг цээжлээд байгаа хэр нь түүнийгээ хэрэглэж мэддэггүй. Нэг үг маань маш олон салаа утгатай. Өгүүлбэр бүрт бүтцээсээ хамаараад маш олон утгаар ордог. Тэгэхээр хэл сурах эхний алхам нь уншилт.

Чи ч мэдэх байх, монголоор маш сайхан ярьдаг, маш сайхан бичдэг хүн маань өөрөө маш ихийг уншсан хүн байдаг шүү дээ. Яг үүнтэй ижилхэн логик юм. “Нэг үүдийг нээвэл өөр олон үүдийг нээнэ” гэсэн манай сургалтын төвийн философи үүн дээр л суурилдаг. Нэг үгээр, уншилтаар эхэлж, асар их үгийн баялгийг нь үгийн хэрэглээтэй нь хамт зааж байгаа хэрэг юм. Ном уншаад явж байхад тухайн хэлний дүрэм нь хүртэл багтаад ирдэг. Ингэснээр хүнд зөн совин, мэдрэмж сууж ирдэг. Энэ бол хэлний амин сүнс нь юм. Ингэж асар их юм уншаад, ойлгоод, мэдэрдэг болчихсон дунд шатны хэлний мэдлэгтэй хүн тухайн хэлээр нь ярьж буй хүнийг сонсоод аяндаа ойлгоод, “чих нь онгойгоод” ирдэг. Техник технологийн энэ эрин үед хүмүүс Youtube.com-оос сонсголын хичээлээ үнэгүй сонсоод байх боломж байна шүү дээ. Сонсоод ойлгоод байгаа хүн эргээд яг адилхан ярьж эхэлдэг.

Ийм дэс дараалал, үйл явцтай явах ёстой юм. 

Ахисан дунд шатандаа л хүн гадаад багштай ярианы хэлний хичээлд сууя гэж ярих ёстой юм. Яагаад гэвэл, үгийн баялагтай, ойлгож, сонсдог болчихсон, тэр хэлнийх нь сэтгэлгээ суучихсан хүн гадаад хүнтэй ярихад төлж байгаа мөнгөтэйгөө дүйцэхүйц үнэ цэнийг хүртэнэ. Яриа нь ч задарч өгнө.

Анхан шатанд ярианы хэл орно гэж зарим хүн хэлдэг. Юу ярих юм бэ. Та сайн байна уу гээд дуусах уу. Үүний оронд анхан шатандаа сууриа зөвөөр, уншилтаар, номныхоо цаад сэтгэлгээг нь тайлбарлаад, ойлгоод, төвшнөө дундаас дээш шатанд гаргачихвал сая гадаад багштай ярианы хэл гэж ярих хэрэгтэй.

 

 

Аавын минь хэлдгээр “сэтгэл нь тогтоод”,

төвлөрөөд ирэхээр аяндаа 

үр дүн нь мэдрэгдээд эхэлдэг

 

-Нийслэлд маань хэлний сургалтын төвүүд борооны дараахь мөөг шиг л олширч байна. Тиймээс “Гэгээ” сургалтын төвийн гол онцлогийг асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Манай төвийн гол онцлог бол хүнийг төвлөрч сурахад нь туслах юм. Хүн төвлөрөөд сууж байхад тухайн зүйл маань хүний тархинд мэдлэг болж далд ухамсрын төвшинд хадгалагдан үлддэг. Тиймээс ч бид багш ажилд авахдаа “Та сэтгэл зүйч гэж өөрийгөө бодоорой. Хүн хүний түлхүүрийг олж, онцлогт нь тохирсон зөвлөгөөг өгч, сэтгэл зүйтэй нь ажиллаж байж тухайн хүнийг төвлөрүүлж сургана шүү” гэж захидаг. Нэг ёсондоо манай багш болгон хамгийн шилдэг хэлний дасгалжуулагч нар. Хамгийн завгүй хүн байсан ч, “Та гуравхан өдөр өглөө босоод 30-хан минут үүнийг хийгээрэй” гээд захихад нөгөө хүн маань төвлөрч хийж байгаа учраас маш их өөрчлөлтийг өөртөө олж авдаг. Гурван өдөр төвлөрөөд хийчихсэн хүн өөрийнхөө арга барилыг олчихдог. Аавын минь хэлдгээр “сэтгэл нь тогтоод”, төвлөрөөд ирэхээр аяндаа дөрөв дэх өдрөөс нь үр дүн нь мэдрэгдээд эхэлдэг. Ингэснээр тухайн хүн маань өглөөд хичээлээ давтах гэж яаран босдог болдог. Ингэж тухайн хүнийг өөрийгөө дотроосоо дуудаж сэрээх алхмыг нь эхлүүлснээр арга барилаа олчихвол аяндаа хэлээ маш сайн сурдаг.

 

-Танай төвд хамгийн богино хугацаанд хэл сурах хугацаа нь хэдэн өдөр байна вэ?

-Ер нь хэл сурахад хоёр долоо хоног л хангалттай. Энэ хугацаанд тухайн төвшнийхөө мэдлэгийг маш сайн эзэмшдэг. Анхан дунд шатнаас нь эхлэн нэг жил хичээллэхэд академик төвшин буюу “New York Times” сониныг уншаад ойлгох хэмжээнд хүрдэг. Тийм хэмжээний үгийн баялагтай болдог. Нэг жил гэдэг маань минийхээр арай сунгаж хэлсэн хугацаа шүү дээ. Ер нь 10 сарын дараа тийм хэмжээнд очдог. Энэ бол маш өндөр төвшин. Уг нь Америкт 4 жил сураад ирсэн хүн л энэ хэмжээний мэдлэг эзэмших боломжтой байдаг.

Миний үзэж байгаагаар хэл сурахад ямар ч хүний өмнө 3 хана хэрэм тулгардаг.

Нэгдүгээрт: Анхан шатаа даваад дунд шат руугаа орох гэж байгаа хана хэрэм. Хоёрдугаарт: Эхний хана хэрмээ давчихвал дунд шат руугаа орно. 

Гуравдугаарт: Дунд шатнаасаа ахисан дунд шат руу орох хана хэрэм. Үүнээс цааш Advanced academic гэсэн хана хэрмүүдийг давсан байх ёстой. Энэ хана хэрмүүдийг давах хэмжээний хөтөлбөрүүдийг бид сургалтынхаа арга барилд хослуулан ажиллаж байна. Манай сургалтын төв нийт 8 шат, төвшинтэйгийн 4-ийг нь төгсөхөд тухайн хүн ахисан дунд төвшинд хүрч, дээд шат руу ордог. 5 дугаар шатнаасаа advanced academic төвшин эхэлж байгаа юм. Ингээд эцэст нь 8 дугаар төвшнөө төгсчихсөн хүнд тухайн хэлний талаар ямар ч бэрхшээл үлдэхгүй. Хэлнийх нь чадварын төвшин ч мартагдахааргүй шатанд очиж байна гэсэн үг. Тухайн хүн маань мэдээ үзээд, сонингийн нийтлэл уншаад орчуулга хийх хэмжээнд очно.

 

 

-Танай сургалтын төв хүмүүсийг англи хэл дээр ном уншихыг зөвлөдөг юм билээ. Тэгвэл манай уншигчдад та ямар ном зөвлөх бол?

-Бие даан ном унших хүсэлтэй хүмүүст зөвлөхөд, эхлээд анхан шатанд унших эв нь олдоод байгаа номоо барьж аваарай. Уншиж байгаа нь энэ гээд хаа хамаагүй ном хөтөлбөртөө оруулаад байж болохгүй. Яг өөрийнхөө төвшинд таарсан, эв нь олдож байгаа номыг сонгох нь зөв байх. Гэхдээ амархан байж болохгүй. Өөрийнхөө байгаа төвшин дээр +1 гэсэн түвшиндээ л суух ёстой юм. Тэгж байж тэр хүн шинэ юм олж авдаг. Учир нь хүн өөрийнхөө тухайн үеийн байгаа төвшнийхөө номыг уншаад л байвал дорвитой ахиж өгдөггүй. Тиймээс манай төвшнүүд огцом үсрэлт хийх боломжийг тухайн хүндээ олгосон, сэдээлт өгөх, сурах эрмэлзэл төрүүлэхүйц сонирхолтой хэлбэрээр явагддаг. Ингэхэд эхний гурван өдөр нь бага зэрэг хүнд байсан ч дараагийн өдрөөс нь тухайн хүн маань шинэ төвшиндөө хэдийнэ орчихсон байдаг.

 

-”Гэгээ” гадаад хэлний сургалтын төвийн үүсгэн байгуулагчийн хувьд Та хэлнийхээ чадварыг үргэлж шинэчилж, төвшнөө сайжруулдаг арга тань юу вэ?

-Миний хувьд мэдээж, хэлний чадвар академик төвшинд хүрсэн. Гэхдээ гадаад хэл гэдэг хэрэглэхгүй л бол зэвэрдэг нэг том дутагдалтай. Тиймээс би байнга англи хэл дээр ном уншиж, мэдээ, кино үздэг. Сүүлийн үеийн боловсролын чиг хандлагыг англи хэл дээр авч байдаг. Ингэж л хэлнийхээ үгсийн санг баяжуулна. Бас янз бүрийн подкаст сонсоно.

 

Ихэнхдээ TED.COM-ын сонирхолтой

бичлэгүүдийг сонсох дуртай.

PBS-ийн подкастүүд,

HBR-ийн IDEACAST подкаст сонсдог.

 

-Одоогоор та ямар подкаст сонсч байна вэ?

-Үнэнийг хэлэхэд би сонсохоосоо илүү уншдаг. Ихэнхдээ TED.COM сонирхолтой бичлэгүүдийг сонсох дуртай. PBS-ийн подкастүүд, HBR-ийн IDEACAST подкаст сонсдог.

-Сургалтын төвд хэл сурна, мэргэжил дээшлүүлнэ гэхээр мөнгөний хуримтлалгүйгээсээ болоод хойшлуулсаар байгаад эцэст нь бүр мартчихдаг юм шиг. Тэгвэл гадаад орны залуучууд өөрийгөө хөгжүүлэхийн тулд санхүүгийн хувьд ямар сахилга баттай байдаг юм бэ?

-Ер нь америк залуучууд гэхэд нэг зорилго тавьчихсан бол адаглаад л сар бүр түүнийхээ төлөө хуримтлал үүсгээд явдаг. Зарим нэг монгол залуус энэ аргаар өөрийнхөө төлөө хуримтлал хийж байгаа нь ч харагдаж байна.

Гэхдээ мөнгөө хуримтлуулж чадаагүйгээсээ болоод, зөв арга барилаа олоогүй, бие даан хэл сурна гэвэл жаахан тойруу замаар явах учраас цаг хугацаа алдах болов уу гэж би эмээдэг юм. Үнэндээ ийм хурдацтай нийгэмд цаг шиг алт байхгүй байна. Богино хугацаанд зөв арга барилаа олж авах нь их чухал. Зөв багштай, зөв хөтөлбөртэй, зөв арга барилыг эзэмших газраа олбол мөнгөө хуримтлуулж байгаад ч болтугай сургалтандаа суучих хэрэгтэй.

Манай “Гэгээ” төвөөс сурагчдадаа өгдөг нэг том үнэ цэнэ бол зөв арга барилыг олгох юм. Манай сургалтын хөтөлбөрүүд дандаа таныг үсрэлт хийх боломжтой болгодог, уйдахааргүй, ахин дахин өөртөө update хиймээр санагдахуйц зарчмыг баримталдаг. Хүмүүсийн бидэнд төлсөн мөнгөнийх нь оронд бид үнэ цэнийг бэлэглэхийг тэргүүн зорилгоо болгон ажилладаг.

 

-Гадаадын томоохон хөрөнгө оруулалттай компаниуд эх оронд маань үүдээ цэлийтэл нээж байна. Энэ бол залуу хүмүүст өөрийгөө таниулах, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах сайхан боломж байх. Гэвч үүнийг дагаад монгол залуу үеийнхнийг угтаж буй сорилтууд нь таныхаар юу байна вэ?

-Миний бодлоор нийтийн гадаад хэлний мэдлэг маш их хаалт болж байна даа. Олонхийн маань гадаад хэлний төвшин муу байна. Гадаад хэлтэй хүн бүхэнд дэлхий ертөнц тэр чигээрээ үүд хаалгаа цэлийтэл нээчихсэн байна шүү дээ. Гадаад хэлтэй хүн гэртээ сууж байгаад л мөнгө олох боломж байна. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, дэлхийн боловсролын уурхайг нээж өөрийн эрдэнэсийг гартаа атгахын тулд монгол залуус маань гадаад хэлийг маш сайн эзэмших хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрийнхөө юу хүсээд байгааг сайн чагнаж, өөрийгөө таних хэрэгтэй байна. Өөрийгөө таниагүй залуус олон байдаг.

Хэл сурахаасаа наана өөрийгөө таних, юу хүсээд байгаагаа ойлгох, энэ амьдралаас юуг олж авмаар байгаагаа тодорхойлох учиртай юм. Тэгээд тэр хүсч байгаа зорилгодоо хэрхэн хүрэх арга замаа тодорхойл. Үүний салшгүй хэсэг нь гадаад хэлний өндөр чадвар зайлшгүй мөн.

 

 

-Та бол амжилттай яваа бизнес эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл. Тиймээс танаас энэ амжилтаа бий болгосон амьдралын дадал зуршлуудаас тань асуумаар байна?

-Уран бүтээлч хүнд гэнэтхэн л шинэ санаа орж ирээд тархи нь ажиллаад эхэлдэг дээ. Байнга шинэ санаа эрэлхийлж байдаг даа. “Одоо яах ёстой вэ” гэж өөрөөсөө дандаа эрэл хайгуул хийж байдаг. Яг энэ зан надад байдаг. Нэг бодлоор энэ миний сул тал байх. Хүн чинь нэг юм хийхээрээ санаа нь амардаг даа. Гэтэл би тэгдэггүй. Яагаад гэвэл хүн байгаа байдалдаа сэтгэл ханачихвал зогсонги байдалд ороод, зэвэрчих юм болов уу гэж санаа зовоод байдаг. Тиймээс байнга л алхам тутамдаа шинийг эрэлхийлж, яаж сайжруулах вэ гэсэн асуултандаа хариултыг олох эрэл тархинд минь дандаа “буцалж” байдаг.

 

Хэл сурахаасаа наана өөрийгөө

таних, юу хүсээд байгаагаа ойлгох,

энэ амьдралаас юуг

олж авмаар байгаагаа

тодорхойлох учиртай

 

-Тэгвэл бизнесээ хийж байхад таны ойлгож авсан хамгийн чухал зүйл нь юу байв?

-Нэг зүйлийг их ажиглалаа. Ер нь ашиг, орлого дээр төвлөрөхгүй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Харин харилцагчид өгөх ёстой үнэ цэнэ, суралцагч нараа яавал маш богино хугацаанд хэлний өндөр чадвартай болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй юм байна. Миний бодол ингэж өөрчлөгдсөнөөс хойш аяндаа бизнес маш сайхан болоод ирдэг юм байна гэдгийг ойлгож авч байна.

Мэдээж, анх ганц өрөө түрээслэн хятад хэл заах эхэлж байхад, түрээсээ төлнө, урсгал зардлаа төлөх гээд л ашиг орлогоо тооцож, илүү санхүү дээрээ төвлөрдөг байсан. Тэр үед одоогийнх шигээ ийм амжилттай байгаагүй юм шиг санагддаг. Гэхдээ сүүлийн 2 жилд бол яавал богино хугацаанд хүмүүсийн хэлний мэдлэгийг өндөр төвшинд аваачих вэ гээд хөтөлбөр дээрээ 90 хувь анхаараад эхэлснээр, хувь хүн болгонтой дасгалжуулагч шиг тулаад ажиллахаар элсэлт аяндаа ам дамжаад цэцэглээд ирдэг юм байна. Бүх үүд хаалга нь цаанаасаа онгойгоод ирдэг юм байна.

Бизнесийн хувьд миний баримталж байгаа зарчим бол ашиг орлого гэхээсээ үйлчлүүлэгчдээ өгөх үнэ цэнэдээ анхаарч байна. Манай төвийг зориод ирсэн хүмүүсийг богино хугацаанд маш сайн сургах нь бидний туйлын зорилго.

 

-Таны өглөө хэрхэн эхэлж, ажлын өдрөө хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Манай сургалтын төв дөнгөж 4 дэх жилдээ явж байгаа, гарааны бизнес. Хэцүү даваанууд олон байлаа. Энэ бэрхшээлүүдийг даван туулахын тулд сүүлийн нэг жил шахам хугацаанд өглөө 05.00 цагт босоод, 07.00 цаг гэхэд ажил дээрээ ирчихсэн байдаг байлаа. Зарим хичээлээ өөрөө зааж, хөтөлбөрийнхөө төлвийг ажигладаг. Ингээд 22.30 цаг гэж гэртээ харих байдлаар нэлээд хэдэн сар ажилласан юм. Ингэж явах нь бас болохгүй юм байна гэдгийг ухаарлаа.

Сүүлийн үед ажиглаж байгаа зүйл бол амьдрал-ажлын тэнцвэрийг маш сайн зохицуулж сурах ёстой юм байна. Үүн дээр илүү төвлөрч ажиллахаар шийдээд байна. Хүн хэдэн цаг унтаж амарч байж бие мах бодь эрүүл байдгийг ойлгох ёстой юм байна. Зөв хооллолтой байх ёстой юм байна, бас 12-16 цагийн хугацаатай мацаг барьж байх хэрэгтэйг ойлгож байгаа. Эрүүл хүн л ажлаа амжилтад хүргэдэг шүү дээ. Ямар ч сайхан амьдрал байгаад эрүүл мэнд үгүй бол бүх зүйл нурж болохыг ойлголоо.

Одоо бол зөв эрүүл хооллоё, мацаг барья гэж бодож, түүнийгээ ч амьдралдаа хэрэгжүүлж байна. Эрүүл байхын тулд 7-8 цаг заавал унтах ёстой юм байна гэдгээ ч ойлголоо.

 

 

-Хүүдүүддээ хангалттай анхаарал тавьж, зөв төлөвшүүлэхийн төлөө та юунд анхаардаг вэ?

-Ажлын өдрүүдэд маш ачаалалттай ажилладаг болохоор хангалттай анхаарч чаддаггүй. Харин амралтын хоёр өдрийг тэр чигээр нь гэр бүлдээ зориулдаг. Хүүхдүүдтэйгээ байх хугацаагаа тоглож наадах, агаар салхинд гарах зэргээр бүтэн зориулахыг хичээдэг.

 

-Таны ажлаа хийдэг арга барил тань юу вэ?

-Миний ажлын арга барил хүнд итгэхэд суурилдаг. Ажлыг их сайн хуваарилаад, даалгаад хариуцуулж өгөхийг илүүд үздэг. Эргээд багийнхнаасаа өндөр хариуцлагатай, өндөр бүтээмжтэй үр дүнг шаарддаг. Нэгэнт тухайн хүнд үүрэг өгчихсөн бол би алхам тутамд нь шалгаагаад, хянаад байдаггүй. Тухайн хүндээ итгээд, хариуцуулаад ажиглах дуртай.

Би өөрөө нэг ажил хариуцаад авчихвал маш өндөр ухамсартайгаар, хариуцлагатайгаар хийж чаддаг учраас ажилчдаа ч тийм байгаасай гэж хүсдэг.

 

Аливааг маш сайн төвлөрч хийдэг. Ямар нэг

ажил хийх гэж байгаа

бол тухайн өдрийн

хамгийн сайн төвлөрдөг

цагийг өөртөө сонгодог.

 

-Та ажлаа төлөвлөхдөө ямар апп ашиглаж байна вэ?

-TiсkTiсk апп сүүлийн үед надад их таалагдаад байгаа. Энэ дээр ажлуудаа бүртгэчихээд байгаа. Мөн Evernote апп-ыг ашигладаг. Evernote маш үр дүнтэй арга шиг санагддаг. Заримдаа дуу хураагуураар нь санаагаа бичлэг хийгээд хадгалчихна. Яагаад гэвэл заримдаа бичнэ гэдэг чинь бас их түвэгтэй шүү дээ. Энэ апп-аар гүйцэтгэсэн ажлаа тэмдэглэхэд, хийгээгүй үлдсэн ажлуудыг эргэн сануулж өгдөг. Бас групп дундаа хурал, уулзалтын төлөвлөгөөгөө гаргахад Teamup бас их зүгээр юм билээ.

 

-Цаг хэмнэх нь өнөө үеийн маш чухал чадваруудын нэг болоод байна. Таны хувьд цагаа хэмнэх хамгийн гаргууд арга юу вэ?

-Аав минь намайг багаас минь аливаа ажлыг маш өндөр гүйцэтгэлтэй хийхэд сургасан. Албан бичиг төлөвлөхөд ч, тэр нь маш цэгцтэй, өндөр гүйцэтгэлтэй байхыг өөрөөсөө шаарддаг. Өөрөөр хэлбэл, аливааг маш сайн төвлөрч хийдэг. Ямар нэг ажил хийх гэж байгаа бол тухайн өдрийн хамгийн сайн төвлөрдөг цагийг өөртөө сонгодог.

Түүнээс биш өдрийн олон уулзалтынхаа дундуур төвлөрч аливааг хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Төвлөрөөгүй үед хийсэн ажил нэлээн ус ихтэй байгаад байх шиг санагддаг.

 

-Хэл заахаас гадна таны хамгийн сайн чаддаг зүйл юу вэ?

-Аливаа зүйлийг хурдан сурах гэж боддог шүү. Хэл бол миний үндсэн мэргэжил биш. Би Бизнесийн удирдлагын мэргэжлээр сургуулиа төгссөн хүн. Санхүү, аудитаар ажиллаж байсан. Ингээд хараад байхад би хөрвөх өндөр чадвартай юм болов уу гэж өөрийгөө боддог. Нэг ёсондоо сурах арга барилаа олчихсон юм шиг байгаа юм. Энэ бол миний том давуу тал.

 

-Одоо таны бизнест тулгамдаж буй бэрхшээл юу байна вэ?

-Манай аргыг тэр бүр хүмүүс мэддэггүй. Зарим хүмүүсийн хувьд анх сонсоод ойлгоход хэцүү байдаг. Хоёрхон долоо хоногт нэг шат ахина гэхээр тэр бүр итгэдэггүй. Гэхдээ үүнийг бид бэрхшээл гэж харахгүй байна. Олон монголчууд маань богино хугацаанд хэлийг зөв арга барилаар маш сайн эзэмшээсэй. Хоёр долоо хоног гэдэг чинь маш урт хугацаа юм байна шүү гэдгийг монголчууддаа ойлгуулах нь бидний маш том сорилт болоод байна. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна даа.

 

-Бэрхшээлийг даван туулах таны стратеги юу вэ?

-Эхлээд маш сайн боддог. Дотроо дүгнэлт хийдэг. Ингээд ажиглахад, тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх алхмууд нь тодорхой харагдаад эхэлдэг. Ингэсний эцэст хийх ёстой алхмуудаа хэрэгжүүлээд явахад сандраад байх зүйл байхгүй болов уу. Аяндаа цаг хугацааны эрхээр ямар ч асуудал шийдэгддэг учраас аливаад тайван хандах нь чухал гэж боддог.

 

-Таныг юу сэргээдэг вэ. Заримдаа бид нэгэн хэвийн эргүүлэгт орчихоод гарч чаддаггүй шүү дээ. Тэр үед та өөрийгөө хэрхэн сэргээдэг вэ?

-Их сайхан мөрөөдөх чадварыг аав ээж минь надад багаас минь өгсөн юм уу даа. Хүн мөрөөдлөө хязгааргүй тавьж, чөлөөлж, дүүлэн нисэх боломжийг нь өөртөө олгох ёстой. Ээж минь “Өөрийгөө хэзээ ч голж болохгүй”, “Өөртөө байнга итгэж бай. Маш томоор мөрөөд” гэж сургасан. Хүн мөрөөдлөө улам томруулж, улам ихийг мөрөөдсөөр байвал илүү өндөрт гардаг юм болов уу гэж боддог.

 

Аавын минь “Хүн үргэлж бэлтгэлтэй байх

хэрэгтэй. Бэлтгэлтэй

байгаа хүнд боломж

үргэлж нээгддэг”

 

-Мөрөөднө гэхээр хий хоосон зүйл гэж хэлэх хүмүүс байдаг. Ер нь яаж мөрөөдөж сурах вэ?

-Хүний мөрөөдөх чадвар бүр багаас нь суудаг юм шиг байгаа юм. Багын хүмүүжилтэй л холбоотой байх. Үүнд эцэг эхийн оролцоо маш өндөр. Хүүхдийн мөрөөдлийг хязгаарлахгүйгээр хүмүүжүүлэх ёстой байх. Өөрт нь итгэж, өөрийг нь нээж өгөх хэрэгтэй байх. Эцэг эх өөрийнхөө бодлыг хүүхдэд тулгахгүйгээр харин хүүхдээ урамшуулж, зоригжуулдаг байх нь л чухал юм болов уу даа. Ээж аав нь тасралтгүйгээр хүүхдээ дэмжиж, ярилцаж байж л мөрөөдлийг нь тэжээнэ шүү дээ.

 

 

-Таны амьдралд их өөрчлөлт авчирсан, өөртөө шинийг нээхэд түлхэц болсон зөвлөгөө юу байсан бэ?

-Аавын минь “Хүн үргэлж бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бэлтгэлтэй байгаа хүнд боломж үргэлж нээгддэг” гэсэн зөвлөгөө намайг өнөөдрийг хүртэл “услаж” ургуулсан юм шиг санагддаг. Боломж байнга байдаг. Үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Тэр үүд хаалга нь танд ирэх үед та бэлэн байх ёстой. Тиймээс өөрийгөө тасралтгүй бэлтгэж, зөвхөн надад заяасан амжилтын үүд хаалга бий шүү гэсэн өөртөө итгэх итгэлтэйгээр амьдрах хэрэгтэй болов уу.

 

-Ийм сайхан ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Сүүлийн асуултаа танд үлдээе?

-XXI зуун бол асар их өөрчлөлтийн эрин үе. Хиймэл оюун ухааны зуун учраас боловсролын систем ч үүнийг дагаад өөрчлөгдөх ёстой болж байна. Хиймэл оюун ухааны эринд амьдрах хүмүүсийг бидний өссөнөөс огт өөр орчин хүлээж байгаа.

Энэ эрин үед бэлдэж, хүүхдүүдээ бид хүмүүжүүлэх ёстой. Багаас нь энэ эрин үед өрсөлдөж чадах тэр чадваруудыг суулгаж өгөх хэрэгтэй.

Ур чадвараа тогтмол сайжруулсан, өрсөлдөх чадвартай хүмүүс болж монголчууд маань өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Зөвхөн Боловсролын яам, төр засгийг харалгүйгээр гадаад хэлээ бие даан сайн сурснаараа илүү их мэдлэг, мэдээлэлтэй иргэд болцгооё гэж уриалмаар байна. Мэдлэгтэй, мэдээлэлтэй хүн илүү зөв шийдвэр гаргана шүү дээ.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар