Блог:Шагдар болоход шалтгаан хэрэгтэй юу?

И.Ангар
Энэ түүхийг хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй юм. Гэхдээ л хэлэх ёстой санагдаад, хэл загатнаад, бас бүсгүйчүүддээ хэрэгтэй гэж санагдаад ер болохгүй…
Хэдхэн жилийн өмнө үхнэ хатна, чамтай л хамт байхгүй бол амиа хорлоход бэлэн байна гэж ирээд л найзыг минь гуйж гуйж үерхлийн захтай болсон залуу одоо “Гарын таван хуруу” киноны Шагдар шиг зан гаргаж, хаалгаа саваад гарсныг дууллаа.
Тэдний амьдралыг эргээд харахад залууд нь хамаг бурууг өгч болмооргүй. Бас бүсгүйг нь ч чамлах учиргүй санагддаг. Зүгээр л хэд хэдэн зүйл хосуудын харилцаанд ирээдүйн хөг аясыг тодорхойлж байдаг юм шиг санагдаад үүнийг буулгаж сууна.
ХЭЗЭЭ Ч ӨӨРТӨӨ СЭТГЭЛ ХАНАЖ БОЛОХГҮЙ
Ингээд л боллоо гэж бодох нь хамгийн буруу юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл, өөрт нь л хайртай, өөрөөс нь л холдвол амиа хорлоход бэлэн залуутай дэр нэгтгэчихсэн юм чинь хэзээ ч тэр салж зүрхлэхгүй гэх бодол найзын минь толгойнд олон жил ургажээ.
Тийм ээ, залуу нь өөрт нь үнэхээр хайртай. Гэхдээ бүсгүйг анх олж харсан тэр дүр төрхөнд тэр залуу хайртай байсан. Бүсгүйгээ анх танилцсан тэр мөчийнх шигээ байна гэж яагаад ч юм дотроо бат итгэчихсэн.
Харин бүсгүй залуугаа өөрт нь үргэлж хайртай байх учраас… гэж бодоод өөрийгөө зөнд нь хаясан. Бийлэгжүү залуутай хайр дурлал асаасныг ч хэлэх үү дуртайгаа идэж, хүссэнээ авахуулж амьдарсан.
Өмсдөг байсан хувцасных нь хэмжээ бараг хоёр дахин нэмэгдсэн. Гэсэн ч залуу нь түүний дэргэд байсан. Тэр дахиад л жин нэмсэн. Хайртынхаа ээж шиг нь юм шиг харагддаг болсон ч залуу Шагдарын багийг өмсөх гэж яараагүй. Энэ бол шалтгааны эхлэл байсан гэж харин бүсгүй бодоогүй.
ЗАЛУУ:АНХНЫХ ШИГЭЭ ХАЙРЛАХЫГ ХҮСНЭ
Бүсгүй өөртөө бардчихсан, хайр дурлалаа яг л энэ хэвээр халуун дулаанаараа өрнөнө гэж итгэж байлаа. Харин залуу яагаад ч юм анхных нь олж харсан бүсгүйн төрх уусан алга болж байгаатай эвлэрч чадахгүй байв.
Ямар сайндаа хайртдаа хумсны будаг авахыг зөвлөж, хаа нэг дурамжхан ч гэсэн гоо сайханд ороход нь өөрөөс нь илүү баярлаж байхав. Үнэхээр залуу нь бүсгүйгээ өөртөө арчаатай байх болов уу гэж горьдсондоо гоо сайханд ороход нь өөрөөс нь илүү баярлаж, хэчнээн л бол хэчнээн мөнгө зарцуулахад бэлэн байлаа. Харин бүсгүй маань эсрэгээрээ. Тэр гоо сайханд орох дургүйн дээр яг одоо байгаадаа дуртай.
Жингийн илүүдэл, хуурайшсан арьс, будаггүй уруул, энгэсэггүй арьсандаа хайртай гэж жигтэйхэн. Яагаад гэвэл залуу нь түүнгүйгээр амьдарч чадахгүй гэж тэр бат итгэчихсэн. Энэ бол Шагдарын хоёр дахь шалтгаан болж байв.
ТЭР ШАНАЛСАН Ч ШИЙДВЭРЭЭ ГАРГАЖЭЭ
Тэдний үерхэл бүтэн 7 жил үргэлжилсэн юм. Нэг л өдөр бэр гуйж хайртынх нь хамаатнууд босго даваад ороод ирнэ дээ гэж итгэсэн бүсгүй дотроо элдвээр мөрөөдсөөр. Харин залуу нь эсрэгээрээ бодож эхэллээ. Тэр үйлдлээрээ хүслээ илэрхийлсэн ч тусыг олоогүй учраас ч тэр үү илүү сайханд татагдаад байж. Арваад жил хамтдаа байчихсан хамтын амьдралаа ингээд цэглэнэ гэж залуу мэдээж төсөөлж ч байгаагүй. Гэхдээ л тэр эр хүнийхээ хувьд зөгий эрээн цэцэг хайж өнгө шилж суудгийн адилаар арчаатайхан бүсгүйн эрэлд өөрөө ч мэдэлгүй гарчээ.
Элдэв шалтаг зохиож ийм, тийм ажил гарсан гэж бүсгүйгээ орхин гарах нь хэвийн үзэгдэл болж, эцэст нь тэр шийдвэрээ хэлсэн. Харин бүсгүй хуримын бэлзэгний оронд хагацах хүсэлт сонссоно чинээ санаагүй.
Явуулахгүй гэж зүүгдэж, нулимсаараа айлгаад ч залуугийн сэтгэл бага багаар урссаар гэрээсээ нэгэнт зугтчихсан байлаа. Одоо түүнд эсрэг талд нь өөрийг нь хүлээж буй энгэсэгт дуртай, будгаар булбарай арьсаа эрхлүүлэх дуртай буржгар үст бий. Эргэж буцалтгүй шүү…
Үнэндээ ийн сонгож авсан бүсгүй нь анхны хайртаас нь тэгтлээ илүүрхээд байх зүйлгүй. Зүгээр л арай өөр. Арай өөр ч гэж дээ, өөртөө арчаатай байх дуртай, тийм дүрд тоглох дуртай гэх юм уу даа.
ЭРГЭЭД ИРНЭ ГЭХ ХҮЛЭЭЛТ БА ӨӨРЧЛӨЛТ
Бүсгүй залуугаа ирнэ гэж хүлээсээр. Facebook-ээр нь зөндөө мэсэж бичиж, эргээд ир гэж аргадсан ч хариуд нь шинэ хайрттайгаа халуухан зугаалж буй зургаа илгээсэн залуу эргэж ч харсангүй. Бүсгүйн хаягийг нийгмийн сүлжээнээсээ хасаж, амар жимэр амьдрахаар шийджээ.
Олон сар нойргүй хонож, усан нүдлэсэн бүсгүй өчигдөрхөн л нэг зүйлийг ойлгож. Тэр нь Шагдар болоход шалтгаан хэрэгтэй хүн байдаг л юм байна гэдгийг…
Нэгэнт тэр эр эргэж ирэхгүйгээс хойш өөртөө анхаарч, дахиад хайртай учирвал сарнай цэцгийн өргөстэйг санах учиртайг мартахгүй. Бээлийгүйгээр сарнайг атгавал энэ сайхан цэцэгний хохирогч болоод үлдэхээ бүсгүй хүн бүр мэдэх учиртай аж.
Хайртай хүнийхээ өмнө үргэлж анх олж харсан дурлалт эмэгтэйнх нь дүрийг бүтээж, илүү сайхнаар харагдах, яг л тийм мэдрэмжийг өөрөөсөө мэдэрч, улмаар хайрыг анхных шигээ байлгах нь чухал гэдгийг л мартаж болохгүй нь.
Хайрттайгаа анх учирч, анх болзоонд явж байгаа юм шиг, анх удаа л нэг оронд орж байгаа юм шиг, анх удаа харц тулгарч байгаа юм шиг…
Бүхнийг яг л анхных шиг нь байлгаж чадвал өрсөлдөгчдөө өмнөө сөхрүүлж, хайрынхаа амьдралыг халуунаар нь байлгах боломж бий гэж бүсгүй одоо итгэж суугаа.
Тэр дахиад дурлавал бээлийгээ мартахгүй нь лавтай.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.