Холливудын хамгийн өндөрт гэрэлтэх од Женифер Лауренс

Б.АРИУНАА
Хаврын сэрүүхэн салхи сэвэлзсэн тэр нэгэн үдэш Беверли Хиллсийн гудамж уруудан алхах үед хэдийнэ оройн хоолны цаг болжээ. Би энэ гудамжаар алхсаар Женифер Лауренсийн гэр өөд тэмүүлж явлаа. Бидний урилгыг хүлээн авч, дуртайяа ярилцах боломж олгосон Холливудын хамгийн тод гэрэлтэх од гэж хэлэх болох энэ бүсгүйн дотор ертөнц рүү өнгийх боломж ийн тохиосон юм.
27 насандаа дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчнээр тодорч, “Silver Linings Playbook” киногоороо домогт Оскарын шагнал хүртсэн бол гурван ч удаа Алтан Бөмбөрцгийн эзэн болсон. Авъяас, гоо үзэсгэлэн, сэтгэл эзэмдсэн дүр төрх нь түүнийг дэлхийн урлагийн тайзнаа өөрийн дураар бүжих эрх чөлөөгөөр шагнажээ.
Өдгөө түүний нэрийг бичээгүй цахим хуудас, нийгмийн сүлжээний аккаунтууд, гэрэл зураг, нийтлэл гэж манай гариг дээр үгүй болж.
Түүний өнөөгийн амжилтын буухиа эхэлсэн цэгийг эргэн санахад тун хялбар. Хэдэн тэрбум доллараар хэмжигдэх фрэнчайзын бизнес болох “Өлсгөлөн тоглоом”, “Икс хүмүүс” цуврал нь түүнийг өсвөр насны охиноос нас биед хүрсэн үзэсгэлэнт бүсгүйн жавхаагаар даль жигүүр ургуулан нисгэсэн. Энэ бол яах аргагүй учрал нь бүрдсэн амжилтын одтой хугацаа байв. Улмаар Лауренсийн байгалиас заяасан авъяас билэг нь жүжигчин хүний өндөр ёс суртахуун, хичээл зүтгэл, хариуцлагатай нь нэгдэж жинхэнэ урам зоригийг бий болгожээ. Магадгүй энэ нь Жениферийг тормоз аваад байсан Холливудыг хөдөлгөж чадсан сүүлчийн жинхэнэ кино од болгох биз.
Жүжигчний өндөр ёс суртахуун, хичээл зүтгэл, хариуцлагатай
нь нэгдэж жинхэнэ урам зоригийг бий болгожээ.
Магадгүй энэ нь Жениферийг Холливудыг үсрэлтэнд
хөтөлсөн сүүлчийн жинхэнэ кино од болгох биз.
Тиймээс одоо кино од бүсгүйн тайзны ар дахь амьдрал ямар байхыг сонирхох нэгэн сайхан үдэш энэ оройн зоог байх нь лавтай. Шарсан тахиатай амтат хоолны ширээ засаад угтсан Лауренстэй уулзах мөчийг үгээр хэлэхийн аргагүй сайхан байлаа. Айлд зочилж буй хүний хувьд би дарс, архи хоёуланг нь хүндэтгэлийн журмаар халааслаад орсноо хэлэх учиртай.
“Би ийм хоол хааяахандаа л хийдэг юм. Гэхдээ би мундаг тогооч биш болохоор тийм ч итгэлтэй биш л байна” хэмээн Лауренс намайг угтав. Гал тогоондоо зогсох тэрээр оо, энгэсэг түрхээгүй нь бүр ч үзэсгэлэнтэй харагдах мэт. “Би бас рамён гоймон чанасан. Сайхан зохицох байх гэж бодож байна” гэж хэлээд инээмсэглэв.
Шарах шүүгээнд тахиан мах болж байхад Лауренс надад Мартини дарс хундагалан барилаа. Франц маягийн хаусаа тэрээр 2014 онд худалдан авсан бөгөөд түүнээс хойш огтхон ч солиогүй юм. Тав тухтай саруулхан зочны өрөөнд урт үргэлжилсэн буйдан дээр бид хамтдаа суув.
Хаусныхаа дотор заслыг Лауренс өөрөө гаргажээ. Бас гоёмсог чимэглэлээр засвар хийх дуртайгаа ч өгүүлсэн. “Миний унтлагын өрөө яг л Вегаст очсон юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Хүн 25 нас хүртлээ байшингаа яаж чимэглэх талаар тэгтлээ сайн төвлөрч боддоггүй юм билээ” гэж тэр хэллээ.
Энэ сард Лауренс Тагнуулын төв газрын ажилтан асан Жэйсон Маттюсийн бест селлер болсон тагнуулчийн амьдралын талаарх триллер романаас сэдэвлэсэн “Улаан богширго” хэмээх кинонд тоглосон юм. Бүжиглэж байгаад бэртсэн баллетчин бүсгүйд Засгийн газар нь тагнуулын ажилд туслалцаа үзүүлэхийг хүссэнээр үзэсгэлэнт бүжигчин эмэгтэй энэ замд эргэлт буцалтгүй орох нь тэр. Улсын дайснуудыг ил болгохын тулд бие мах бодийн болоод бэлгийн харьцааг ч юман чинээ үл тоох цэрэгжилтийн суманд тэр тагнуулч болохоор суралцдаг.
Өдгөөгөөс долоон жилийн өмнө Лауренс Жүдий Фостерийн “The Beaver” кинонд тоглоход найруулагч нь түүнд “Чи нэг л өдөр миний кинонд татагдаж, дүр бүтээхийг хүснэ” гэж хэлж байж. Энэ үг ч биеллээ олж, Лауренсийг өсвөр насны жаахан охин шиг хүлээн авч байсан үзэгчдийн сэтгэгдлийг “Улаан богширго” нэг мөр эвдсэн гэж болно. Одоо тэр нас биед хүрсэн, илүү хариуцлагатай, илүү авъяаслаг жүжигчин гэдгээ дэлхий даяар баталж чадсан хэрэг.
“Улаан богширго” кино үнэхээр их айлгасан тамын бүтээл. Яагаад гэвэл би энэ кинонд бүрэн нүцгэлэхээс аргагүй болсон” гэж Лауренс хэллээ. Тэрээр анхандаа найруулагчийн энэ санааг эрс эсэргүүцэж байж. “Би киноны энэ хэсгийг нүцгэлэхгүйгээр хийе гэж санал тавьсан. Гэвч ингэснээр тухайн дүрийг бүтнээр нь гаргаж ирэх хангалттай зураглал болохгүй гэдгийг ойлгосон” гэж жүжигчин бүсгүй хэллээ.
2014 онд Лауренс хувийн зургуудаа интернэт дахь хакеруудад хулгайлуулсан бөгөөд хувьдаа нүцгэн зураг авахуулсандаа маш ихээр өөрийгөө зэмлэжээ. “Миний хамгийн том айдас бол хүмүүс “Нүцгэн зургаа авахуулах л байсан юм бол анхнаасаа яах гэж хакеруудад гомдоллодог байна аа” гэж шүүмжлэх байх гэсэн бодол байлаа” гэж Лауренс хулгайд алдсан зургуудаа эргэн санаж өгүүлсэн. Тухайн үед энэхүү хэрэгт түүний найз залуу Николас Хаулт холбоотой байсан юм. Уг залуу нь хакеруудад зургийг өгөхөд нөлөө үзүүлсэн болохоор 18 сар хоригдох ял шийтгэл хүлээсэн байна.
Энэ бүхнээс хойш жүжигчин бүсгүй маань ямар ч тохиолдолд камерын өмнө заавал хувцастайгаа зургаа даруулна хэмээн шийд гаргажээ. “Энэ бол миний сонголт. Ингэснээр би дахиад хулгайчаас айх хэрэггүй болно. Тийм болохоор бүх зүйл хэвийн” гэж тэр ярилаа.
“Өлсгөлөн тоглоом” киноны хоёр дахь цувралын Фрэнсис Лауренс найруулагчтай хамтран ажиллах үеэр тэрээр тухгүй, хэцүүхэн зураг авалтууд хийхийг шаарддаг байсан нь түүнийг энэ шийдвэрээ гаргахад нь бүр ч илүү түлхжээ.
Тэр ч бүү хэл “Улаан богширго” киноны шүршүүрт орж байгаад гэнэт хүчирхийлэлд өртөх дөхдөг хэсэгт найруулагч түүнд “Өөрийгөө яг л хувцастай байгаа юм шиг мэдэр” гэж зөвлөсөн бөгөөд үнэхээр ч жүжигчин бүсгүйтэй энэ зураг авалтынх нь үеэр өвч “хувцасласан” юм шиг хандлагаар харьцаж байв. Энэ нь түүнд хулгайд алдсан нүцгэн зургийнхаа хойноос харамсаж, өөрийгөө дахин дахин зэмлэх тэр мэдрэмжээс аварсан. Бас кино камерын өмнө нүцгэлэхдээ ч бүхнийг тайвнаар хүлээн авах боломж олгосон байна. “Би тэр үед, за зүгээр дээ энэ чинь ажил шүү дээ. Ажил бол мэргэжлийн төвшинд байх ёстой. Тав тухтай байдлыг мэдэрье гэвэл дотроо төсөөлөөд түүнийгээ хэрэгжүүлэх ёстойг ойлгосон. Энэ цагаас хойш зураг авалтын үеэр өөрийгөө нүцгэн байна гэж мэдрэхээ больсон” гэж жүжигчин бүсгүй маань ярьж байна.
Ажил бол мэргэжлийн төвшинд байх ёстой. Тав тухтай
байдлыг мэдэрье гэвэл дотроо төсөөлөөд
түүнийгээ хэрэгжүүлэх ёстойг ойлгосон.
Фрэнсис бол Лауренсийг “Улаан богширго” киногоор өсч дэвжихэд нь тусалсан ганц хүн биш юм. Түүний өмнөх бүтээл болох “Өлсгөлөн тоглоом”-ын багийнхан түүнийг хөл дээрээ бат зогсох алтан хамт олон байжээ. “Тэд намайг бүр жаахан байхаас л мэднэ” гэж Женифер ярилаа.
Харин найруулагч нь түүний тухай “Юун түрүүнд хэлэх зүйл гэвэл, тэр үнэхээр ер бусын жүжигчин. Түүний харагдах байдал, ярианы өнгө, зан чанар гээд бүх л зүйл нь намайг үнэхээр их догдлуулдаг. Тэр дотоод дуу хоолойгоо сонсч чаддаг. Авьяас билгээ зөн совинтойгоо хослуулж чаддаг хосгүй чадвар нь миний л мэдэхийн маш цөөн жүжигчинд байдаг байгалийн бэлэг” гэж Фрэнсис Лауренс хэлсэн.
“Улаан богширго” киноны зураг авалтын үеэр Женифер ёстой л хамгийн сайхан бие галбираа бий болгохоос аргагүй байсан билээ. Энэ кинонд дүр бүтээхийн тулд 3 сар тасралтгүй баллетаар хичээллэж, дасгал сургуулилт хийжээ. Яагаад гэвэл балетчин бүсгүйн дүр бүтээх учраас биеийн галбир болон жин хамгийн чухал хэсэг байлаа.
Өнгөрсөн намар киноны зураг авалтын үеэр түүний нүцгэн зураг авалтыг бэлдэх үеэр найруулагч нар жүжигчин бүсгүйн маань махлаг байна хэмээн шүүжилсэн юм. “Яг энэ үед би хоолны дэглэмийг жинхэнэ дүрмээр нь хэрэгжүүлсэн. Би үнэхээр их өлсч байсан. Яагаад гэвэл өмнө нь надад кинонд тоглохын тулд хоолны дэглэм барих шаардлага хэзээ ч тулгарч байсангүй. “Өлсгөлөн тоглоом”-ын үеэр тэд намайг жингээ хасахыг зөвлөсөн, би хялбархан л хасчихсан. Харин “Улаан богширго” бол жинхэнэ аймшигтай өлссөн үе минь байлаа” гэж Женифер ярьсан юм.
Бүжигчин хүний чаддаг бүхнийг тайзнаа харуулахын тулд тэр өөрийгөө дээд хэмжээнд нь хүртэл дайчлах хэрэг гарсан юм. “Би хоолны дэглэм бариад энэ дасгал сургуулилтыг чинь хийж чадахгүй нь. Би өлсч байна. Би хөл дээрээ бат зогсохын тулд энерги хэрэгтэй байна” гэж би өөртөө хэлдэг байлаа гэж тэр ярьж байна. Учир нь кино зураг авалтын турш бүсгүй маань өдөрт ердөө л таван ширхэг гадилтай жигнэмэг иддэг байжээ.
Ярианыхаа завсраар Лауренсийн гал тогоо руу эргэн очиход амттай хоол бараг л бэлэн болжээ. Сонгино, төмс, ногоон шош зэргээр амталсан төгс шарсан тахиа биднийг хүлээж байлаа. Ширээ тойрон суусан хөгжилтэй яриа дэлгэв.
“Өлсгөлөн тоглоом”-ын үеэр тэд намайг
жингээ хасахыг зөвлөсөн, би хялбархан л хасчихсан.
Харин “Улаан богширго” бол жинхэнэ аймшигтай
өлссөн үе минь байлаа” гэж Женифер ярьсан юм.
“Улс төрөөс холхон байх нь хамгийн зөв санаа гэж би дандаа боддог” гэж Женифер хэллээ. “Америкчуудын 25 хувь нь либерал үзэлтэй. Харин надад америкчуудын 25 хувь нь миний киног үзэх хэрэгтэй байна. Тиймээс миний хувьд амжилт болоод улс төрийн тухай ярих нь тийм ч ухаалаг хэрэг биш. Д.Трамп оффистоо ирээд ганц л дохиход өнөөх бодлого дахиад л өөрчлөгдөнө шүү дээ” гэж жүжигчин бүсгүй хэллээ.
Женифер Лауренс энгийн иргэдийн байгуулсан улс төрөөс гадна байж, авлигыг илчлэх Represent.Us байгууллагад нэгджээ. Энэ байгууллагад бас Адам Маккий, Дэвид О Рассел зэрэг найруулагчид нэгдсэн аж.
“Би нэг зүйл сэтгэвэл түүнийгээ маш тодорхой ойлгуулахын тулд ярьж эхэлдэг. Харин манай гэр бүлийнхэн намайг улс төрийн бодлого яриад эхлэхээр дургүйудэг юм л даа. Яагаад гэхээр, хүүхэд нь улс төрийг шүүмжлээд эхлэхээр Кентакид амьдарч байгаа эцэг эхэд нь мэдээж таатай санагдахгүй. Тэгээд ч хэн ч миний хэлж байгаад дуртай байхгүй л болов уу” гэж тэр хэллээ. Кентаки мужид 2016 онд зургаан нэр дэвшигч засаг захиргааны эрх мэдлийн төлөө өрсөлдсөн бөгөөд Д.Трамп ялалт байгуулж байжээ.
Ерөнхийдөө Лауренс цагийн хуваариа Нью-Йорк болон Лос Анжелос гэсэн хувилбараар хуваажээ. Тэрээр өдгөө төрөлх хот Луисвиллд одоо ч очих дуртай. Бага насаа өнгөрөөсөн байшин нь одоо ч хэвээрээ.
Шинэ жилийн баяр болгоноор тэрээр Луисвилл дэх хүүхдийн эмнэлэгт очиж, эмчлүүлж буй бяцхан сахиусан тэнгэрүүдтэй цагийг өнгөрөөдөг байна.
2017 он бол Лауренсийн хувьд жинхэнэ дүүрэн богцтой жил байлаа. Үнэн хэрэгтээ 2017 он түүний гол дүрд нь тоглосон “Зорчигчид” хэмээх сансрын хөлөгт сэрсэн аялагчдын тухай өгүүлэх киноных нь талаарх сөрөг шүүмжлэлээр эхэлсэн юм. Кино дэлхий даяар ердөө л 300 сая ам.доллар олсон нь кино багийнхны хүлээлтийг шалбааганд унагаж орхив. Харин Лауренс кинонд тоглосны хөлсөнд 20 сая ам.доллараа халаасалж чадсан юм.
Ингээд тэр жилийнхээ зургадугаар сард жүжигчин бүсгүй хувийнхаа онгоцоор Кентакигаас Нью-Йорк руу нисэж яваад 31 мянган тохой өндрөөс хөдөлгүүр нь доголдож, ослын буулт хийхэд хүрэв. Азаар нэг ч хүн бэртээгүй юм.
Энэ ослын дараа Лауренс анх удаа ослын сэтгэл зүйн гэмтлийн эмчилгээ хийлгэхэд хүрснээ оройн зоогны үеэр дурсч байв. Ослын үеийн аймшигт дурсамжаа мартахын тулд тэр Диснейн кинонуудыг ээлж дарааллуулан үздэг болжээ. “Эмма Уотсонд баярлалаа. “Араатан ба гоо үзэсгэлэн”-д тоглосон нь миний тайвшралаа олдог бүтээл болсон. Би энэ киног бүр 7 удаа давтаж үзсэн. Хэн нэгэнд энэ кинотой холбоотой асуулт байвал надад хэлээрэй” гэж хошигнож байлаа.
Ослын дараа Лауренс анх удаа ослын сэтгэл зүйн
гэмтлийн эмчилгээ хийлгэхэд хүрснээ
оройн зоогны үеэр дурсч байв.
Түүнчлэн тэрээр найруулагч Даррен Аронофскитой харилцаагаа тасалжээ. “Ээж” (Mother!) кинонд тоглох үеэр тэр хоёр танилцжээ. Энэ кино бол кино шүүмжлэгчдийн зүгээс ихээхэн онцгой сэтгэгдэл хүлээж чадсан бүтээл болсон ч үзэгчид уг киног хэтэрхий ярвигтай үйл явдалтай хэмээгээд үзэхээс татгалзаад байгаа билээ. “Миний бодлоор энэ бүтээл бол агуу зүйл болсон. Байгаль эхийн нулимс хэрхэн асгардгийг харуулсан гайхалтай бүтээл. Найруулагчийн хувьд ч тэр ярих юмгүй сайн байсан” гэж Лауренс хэлж байна.
Даррен, Женифер хоёр богинохон хугацаанд романтик харилцаа үүсгээд, эцэст нь найзууд болон үлдсэн билээ. Лауренс харилцаа нь эрүүлээр үргэлжилж, бас эрүүлээр төгссөнд бахархалтай байдаг аж. “Бид энэ киноноос өмнө үнэхээр гайхалтай найзууд байсан. Дараа нь киноны үеэр илүү сайн хамтрагчид болсон. Харин киноноосоо хоёул романтик харилцааг бий болгосон. Дараа нь хэн хэн нь бие биенээ хүндэтгэлтэйгээр үдэх сонголтыг хийцгээсэн. Бид дахиад ч хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэж Лауренс ярьж байна.
Лауренс Эмма Уотсон, Бри Ларсон, Эми Шамер нартай 10 жилийн өмнөөс л найзууд байжээ. “Намайг “Икс хүмүүс”-т тоглож байхад “Өлсгөлөн тоглоом”-ын зураг авалт эхэлсэн. Тэгэхэд бүгд л, бүх дэлхий намайг өөрөөр харж эхэлсэн” гэж тэр эргэн дурсаж байна. “Яг л тэр цаг мөчийг давж гарахад минь тусалсан хүмүүс бол миний хамгийн сайн найзууд. Тэдэнгүйгээр яах байснаа мэдэхгүй юм. Бид орой бүр хамгийн сайхан зүйлсийн тухай ярьж амьдралыг илүү гэрэл гэгээтэйгээр хардаг” гэж тэр найз нөхдийнхөө тухай ярив.
Түүний найзуудын нэг болох Лаура нь бүр 17 настайгаасаа л Женифертэй дотносчээ. Тэд 17 настайдаа “Vanity Fair ” сэтгүүлд зургаа авахуулж байгаад танилцсан юм.
Холливуд бол кино одуудад өөрсдийгөө өргөмжлөх, биеэ тоох боломж өгдөг тийм л “үйлдвэр”. Тиймээс ч би зурагтын дэлгэцнээс Лауренсийг ийм л нэгэн байх гэж бодож өссөн. Харин уулзах тэр мөчид дэлхийн хамгийн үнэтэй жүжигчин бүсгүй хайртай нохойныхоо ялгадсыг цэвэрлээд зогсох тийм даруухан нэгэн хэвээрээ байгааг харахад таатай байлаа.
Лауренс зарим зан суртахуунаараа бахархах дуртай. “Жүжигчин байна гэдэг өөртэйгөө мэргэжлийн төвшинд ярилцаж чаддаг байхын нэр юм” гэж тэр хэллээ. “Энэ нь бидний алдаа биш. Харин бид үүнийг хэдэн арван сарын турш, хэдэн арван жилийн турш байнга хийх хэрэгтэй болдог. Гэсэн ч би найз охидынхоо амьдралыг бас сонирхох үнэхээр дуртай” гэж Лауренс ярьж байна.
“Жүжигчин байна гэдэг өөртэйгөө мэргэжлийн
төвшинд ярилцаж чаддаг байхын нэр юм”
гэж тэр хэллээ.
“Mother!” кино олигтой бүтээл болсонгүй хэмээх шуугиан газар авахад Лауренс анхандаа маш их сэтгэлээр унажээ. Гэхдээ тэр “Залуус аа, та нар нэг л зүйлийг ойлгохгүй байна. Би энэ кинонд биеэ өгч, Даррен зүрхээ зориулсан юм. Тэр энэ киноны л төлөө хамаг цусаа юүлэхэд ч бэлэн байсан юм. Та нар үүнийг мэдэхгүй. Энэ бол багахан гунигаас өөр зүйл биш шүү дээ” гэж өөртөө хэлж байв. Хэдэн өдөр дараалан ийнхүү уйтгарлаж суухдаа “Би ер нь аз жаргалаа хайх ёстой юм байна. Эндээс мэдээж аз жаргал олдохгүй. Харин найзуудаасаа, гэрээсээ би үүнийг олно” гэж тэр өөртөө хэлжээ.
16 настайгаасаа хойш кино урлагтай холбогдсон Лауренс энгийн жүжигчин биш байлаа. Тэрээр итали найруулагч Лука Гуадагнино (Call Me by Your Name киногоор нь хүмүүс мэднэ)-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан ч киноны зохиол хэт удаан хугацаанд бичигдсэн нь бүсгүйд өөр боломж завшааныг судлах цаг олгожээ.
Оройн зоог өндөрлөсний дараа бид зочны өрөөнд тухлахаар оров. Өрөөний ханан дахь ил зуухны хажуугаас хоёр оймс өлгөсөн байх бөгөөд бас ганган гацуур мод гялалзана. Оймсны нэг нь Лауренсийнх бол нөгөө нь хайртай нохой Пипигийнх нь гэнэ. Энэ үеэр би Лауренсаас дараагийн төслүүдийнх нь талаар асуулаа. Харин бүсгүй маань энэ зуур телевизийн дуртай шоунуудынхаа талаар нуулгүй ярилаа. Тэр Кардашианыхан болоод Крисс Женнер нартай найзууд болжээ.
Эх сурвалж:vanityfair.com
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.