Зөөлөн сэтгэлтэй хүмүүс хамгийн зоригтой байдаг

2019.07.17
|
7,707
Зөөлөн бай. Чамайг хэцүү тавиланд унагах ертөнцийг өөртөө бүтээхийг бүү зөвшөөр.

И.АНГАР

“Зөөлөн бай. Чамайг хэцүү тавиланд унагах ертөнцийг өөртөө бүтээхийг бүү зөвшөөр. Намбалаг бай. Хүмүүс чамайг хэцүү байдалд оруулахыг өөртөө бүү зөвшөөр. Ухаантай бай. Орчлон ертөнц чамаас  аз жаргалыг чинь булаахыг өөртөө бүү зөвшөөр” хэмээн нэгэн ухаант хүн хэлжээ. 

Энэ бол орчин үеийн хүүхэд, залууст дутагдаад байгаа хамгийн гол зүйл гэдэгтээ хэн бүхэн эвлэрэх биз ээ. Учир нь бусдын нүдэнд заавал мундаг, чадалтай харагдах гэж би хэчнээн их ядардгаа анзаардаггүй. 

 

Энэ бол зөөлөн сэтгэлтэй хүмүүс хөшигний ардаас биднийг чимээгүйхэн ажиглаж, хорвоо ертөнцийг улам хэцүү болохоос авардгийн шалтгаан байж мэдэх юм. Гэвч заримдаа зөөлөн аядуу хүмүүсийг бусад нь сул дорой гэж эндүүрч том алдаа гаргадаг билээ. 

Зөөлөн сэтгэлтэй хүмүүс бусад нь өөрийг нь сул дорой гэж бодоод өөрийг нь ашиглаж байсан ч үүнийг тэгтлээ их тоомсорлодоггүй. Учир нь тэд бусдад өөрөөсөө бэлэглэхдээ цаг ямагт бэлэн байдаг бөгөөд тусламжийн гар нь хэзээд халуун дулаанаараа байдаг. Гэсэн хэдий ч тэд дотроо байгаа зовлон шаналлаар бусдыг үргээхийг хүсдэггүй болохоор чимээгүйхнээр таны дэргэд үлддэг. 

Зөөлөн сэтгэлтэй хүний хувьд нийгмийн асуудал, бүх дэлхийн асуудал, тэр битгий хэл таны асуудалд ч өр зүрхнийхээ гүнээс шимшрэн харуусч, өмнөөс чинь үүнийг шийдэхийн төлөө бүх чадлаа зориулна. Үүгээр зогсохгүй тэд өөрийгөө шархлуулахгүй гэдгийг мэдээгүй байсан ч хамаагүй бусдын эрх ашгийн төлөө тэмцэх замыг сонгодог. Магадгүй заримдаа тэд хүртэх гавьяагүй нэгэнд ч аз жаргалын бэлэг бэлэглэчихээд хариу нэхэлгүй холдон одно. 

Аливаа маргаан, зөрчилдөөний дараа зөөлөн сэтгэлтэй хүмүүс үүссэн асуудлыг мартахыг, уучлахыг сонгоно. Өнгөц харсан хүнд энэ нь сул дорой мэт санагдавч тэд үүнийгээ хийсээр л байх болно. Учир нь уучлалт, мартах гэдэг бол бусдын төлөө хийж буй зүйл биш харин өөрийнхөө амар амгалангийн төлөө хийж буй том алхам гэдгийг тэд мэддэг. 

Үүнийхээ ачаар тэд энх тайвныг бүтээж, чимээгүйхнээр хүчирхэг бат сууриа сэтгэлийнхээ гүнд барьж босгож байдаг. 

Зөөлөн сэтгэлтэй хүмүүс маш олон удаа алддаг. Тэд хэчнээн алдсан ч хорвоо тэдэнд дараагийн боломжийг олгосоор байдаг. Энэ бүхний дараа алдаж, хэчнээн гунигласан ч тэд бурууг бусдаас хайх гэж оролддоггүй. Учир нь тэд зоригтой хүмүүс учраас бууж өгч, асуудлаас зугтана гэдгийг мэддэггүй. Тэд зорилгодоо хүрэн хүртлээ өөдөө мацсаар л байх болно. 

Зөөлөн сэтгэлтэй хүмүүс яг л хүүхэд шиг амархан баярлаж, амархан гомддог. Гэхдээ л тэд дандаа аз жаргал баяр хөөрийг мэдэрч байдаг. 

Учир нь тэдний эелдэг сайхан зүрх сэтгэл нь бусдын өмнө үргэлж толгой мэхийн ёсолж, хайрлаж энэрэхийг сонгодог. Үүнийгээ ч тэд хэзээ ч эвддэггүй. Гэвч тэд хэзээ нэг өдөр бууж өгөх, амьдралын сорилтонд унавал эргэж эдгэрэх хүртэл нь урт удаан хугацаа хэрэгтэй болно. Яагаад гэвэл тэд бүх зүрх сэтгэлээрээ эмтрэн шаналж, гунигладаг. 

Эцэст нь, эдгэрэх явцдаа шийдлээ олж хараад сайхан сэтгэлээ бусдад бэлэг болгон тарааж, амар амгалан, аз жаргал, баяр хөөрөөр эргэн тойрноо, бүх дэлхийг чимдэг. 

Тэдний шарх хэчнээн их өвтгөснөөс нь үл хамааран тэд дахин босоход үргэлж бэлэн байдаг. Тэд үхлийн шарх авсан ч нэг л өдөр хэний ч санаанд оромгүй цаг хугацаанд дахин хөл дээрээ бат зогссон байдаг. Ийм л учраас зөөлөн сэтгэлтнүүд хамгийн зоригтой хүмүүс байдаг.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар