Номын тэмдэглэл: Ээж, аав бүхний алгасч үл болох “Нэг жил”

Ж.Цогзолмаа
Өвөр дээр чинь эрхлэн наадах бяцхан үр тань маргааш хэн болох бол. Тэр үүрд таны элгэнд наалдаж, ээж, аавынхаа гараас хөтлөөд явахгүй. Тэр нэг л өдөр үүрээ орхин дэвэн нисэх шувуу адил ертөнцийн түмэн зүйлийг өөрийн нүдээр үзэж, өөрийн замаа нээхийг хүснэ. Тэр хэзээ ч хэн нэгний туулсан жимээр биш харин өөрийнхөө хөлийн мөрөөр зөвхөн түүнд л данстай амьдралыг тамгалахыг хүснэ.
Орчлон яг л солонгыг хэд дахин сийлсэн юм шиг тоолж барамгүй олон өнгөтэй. Зарим нь гэрэлтэн гялбаж байхад нөгөө хэсэг нь сүүдэртэнэ. Бүр нөгөө буландаа хачин харанхуй, жихүүцэм хүйтэн талбартай. Дулаан, бүлээн, бүр мөс шиг цэвдэг ч байж мэдэх ертөнцийн үүд бүхэн үр хүүхдийн минь өөдөөс түгжээгээ мултлан угтаж байна. Амиа тасалж ургуулсан удам чинь аль хаалгаар нь орох бол. Зүг чиг, баримжаа, харанхуйн бамбар нь юу байх бол. Энэ асуултад хариулахын тулд магадгүй зохиолч Н.Энхсайханы “Нэг жил” романы талаар ярих нь оновчтой санаа байж мэдэх юм. Зохиолч Н.Энхсайханы талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Энэ бүтээл гадаадад суралцахаар мордсон Монгол залуусын бодит амьдралаас сэдэвлэжээ. Мандах нар хилийн наана цаана ав адилхан илчээр төөнөдөг ч амьдралын эргүүлэгт гаргасан эцэг эх бидний алдаа хүүхэд залуусын минь маргаашийн өнгийг хэрхэн өөрчилж буй зүрх зүсэм бас сэтгэл огшуулсан олон сайн, саар жишээ, үнэнд хөтлөгдсөн баялаг түүхээр танд уйдах зав өгөх нь юу л бол.
Нуруундаа амьдрал үүрсэн хөвгүүд минь…
Номын гол дүр бол Бадрал хэмээх залуу. Эхээс гурвуулаа. Эгч Баярмаа, дүү Булган, ээж Нарантуяатайгаа хотын захын гэр хороололд амьдардаг. Дүүг нь хэвлийдээ тээгээд тулгар байсан ээжийг нь аав нь орхиж, тулгаа тусгаарласнаас хойш энэ айлын хамаг л ачаа Бадралын нуруун дээр иржээ. Аавын оронд аав болж, ээжийнхээ эзгүйд ээж болж, эгч, дүү хоёрынхоо төлөө их сургуулийн эрдэм мэдлэгийг ч огоорч. Оронд нь элдэв хар ажил хийж, эгчийнхээ их сургуулийн сургалтын төлбөр, тэр ч бүү хэл хонхных нь баярын зардлыг олох жишээтэй. Эрхлэх ажлаа ч олоогүй атлаа хонхны баяраараа олны жишгээр олигтой харагдаж чадсангүй гэж гомдоллох Баярмаагийн бухимдал Бадралын нуруун дээрх ачааг бүр ч хүндрүүлнэ.
Орон гэрээ орхиж, нялх үрсийг амьдралын хамаг л хүндтэй нь орхиод явсан аавуудын буруу бүхний төлөөсийг үр хүүхдүүд ийнхүү үүрч буй жишээ Монголоор нэг байгаа. Гэсэн ч Бадрал их сургуулийн босго даваагүй ч аливааг бүтээе, болгоё, сайхан амьдаръя гэсэн халуун мөрөөдөл, зүтгэлийнхээ хүчээр сайн хүмүүсийн итгэлийг алдаагүй юм. Ингэж л аавын эзгүй хойморыг жиндээчихэлгүй орон гэрээ нуруундаа үүрч яваа залуу.
Ингэж амьдрахдаа залуу хүний ирээдүй хэрхэн өөрчлөгдөж буйг эрхгүй ажиглаж, өөрөө ч бас гадаад улс оронд сурч, бусдын дайтай амьдрахыг Бадрал олон жил мөрөөджээ. Иймээс ч орон гэрийн хоол хүнс, эгч, дүүгийн хувцас хунар авахаас гадна хилийн цаадах сургуульд явж үзье гэж шийдээд жаахан юм хураажээ. Энэ бол Бадралын дэлхийтэй танилцах анхны зорилго байлаа. Хичээнгүй хөдөлмөрийнхөө дүнд хүү зорьсондоо хүрч, Бээжингийн онгоцны буудалд хөл тавьж, хүний нутгийн агаараар цээж дүүрэн амьсгалж буйгаар энэ роман эхэлдэг.
Харь хэлийг эх орондоо судлах нь уугуул нутгийн хүнтэй нь ярихаас тэс ондоо болохыг, чих нь юугаар ч юм дүүрэн бөглөрчихөөд хүмүүсийн хэлснийг ялгаж сонсохгүйгээс авахуулаад Бадралд зовлон мундахгүй.
Дөнгөж ирэхэд нь сургуулийн дотуур байрны жижүүрт хальт хэлмэрч хийсэн баян айлын Халиунаа охины их зан, түүний найз Верагийн дөлгөөхөн бас үзэсгэлэнтэй төрх эсрэг тэсрэг байв. Тус сургуульд суралцаад 2 дахь жилийнхээ нүүр үзэж байгаа ч баяр наадам, шоу цэнгээнээс илүүг судлаагүй Болдоо, Сансар, Мөнхөө хэмээх гурван хөвгүүн анхны уулзалтаараа л тараа таниулцгаана.
Сурч мэдэхийн хүслэн болсон хүмүүнтэй учрах юутай сайхан бэ...
Бадралын хувьд элдэв засварын ажил тэргүүтэй хар бор юм л хийж явснаас номын дуу сонсч, аливаа хичээл судалгаанд төвлөрөөд суусан нь ховор билээ. Гэтэл түүний өрөөний найз Чое хэмээх солонгос залуугийн үлгэр дууриал үнэхээр гайхамшигтай. Бадрал хятад хэлийг хэрхэн сурах талаар төлөвлөгөө гаргаж ч амжаагүй байхад Чое хэдийнээ нэг жилийн дотор ус, цас шиг ярьдаг болно хэмээн өөртөө төлөвлөсний дээр үүнийгээ ч үлгэр жишээ биелүүлж байгаа нь унших ёстой хэсгүүдийн нэг.
“Бусдаасаа түрүүлж сур. Тэгэхгүй бол чи хугацаа алдана. Би өдөрт 5 цаг л унтдаг. Үүрээр босч, үзсэн хичээлээ давт. Үзээгүйгээ ч гэсэн сөхөөд хар” гэж Чое зөвлөдөг. Нээрээ ч Хятадад үүрийн таван жингээр хөнжилдөө хөрвөөж суудаг завтай хүн үгүй аж. Бүгд л үүр хаяарахаас урьтаж сэрээд, хийж буй ажил үйлсээ гартаа оруулж, эрч хүчтэй сэргэгээр урдахаа амжуулж, бусдаас түрүүлж алхах нь тэдний зорилго аж.
Ингэж хичээл сургуульд суралдцдаг гэдгийг төсөөлөө ч үгүй зохиолын гол дүр маань яах аргагүй сурч мэдэхийн их хүслэнд хөтлүүлжээ. Ингэж сайн хүмүүсийн буянаар хятад хэлийг нэг жилийн дотор гаргууд эзэмшиж чадсанд нь гайхах хэрэггүй биз.
Энэ зуур Бадрал маань дотуур байрандаа Батжаргал хэмээх залуутай танилцсан нь бас их аз байдаг. Анагаахын сургуулиа дүүргээд ирсэн тэрээр луунуудын эх нутагт өөрийнхөө боловсролыг дахин дээшлүүлэхээр шийдсэн нь энэ байв. Өрөөнд нь өрөөтэй олон арван номыг бүгдийг уншиж дуусгасан бөгөөд цаашид өөр ном авахаар төлөвлөж буй тухай сонсоод Бадрал өөрөөсөө ичих шиг болно. Мэдлэгээр цэнэглэгдэхийн тулд сайтар уншиж судлах нь чухал гэдгийг ойлгож, улмаар номын амтанд шимтэн орж, сургуулийнхаа шаггүй мундаг оюутнуудын нэг болно.
Хятад багшийн сайхан сэтгэл буюу амьдралын алт шиг үнэтэй хичээл
Номын энэ хэсэг танд маш их урам зориг, хүсэл мөрөөдөл өгнө гэдэгт итгэж байна. Яагаад гэвэл хүний газар гүний хошуунд сайхан сэтгэлт эрхэм нэгний халуун дулаан дэмжлэгтэй таарна гэдэг асар их зол юм. Хамгийн гол нь амьдралын ухаанд сургах үгний цаана үг дайсан мэргэн сургаал нь Бадралыг дахин шинээр нээдэг.
Энэ хүн бол Дундад улсын дугуйн спортын их мастер Ли юм. Хуучин дугуйг нь зээлж аваад сургуулийнхаа эргэн тойрноор хэсүүчлэх дуртай болсон Бадралын тогтуун зан, дөлгөөн араншин, хүндэтгэлтэй харилцаа нь Ли багшид таалагдсан уу, ямартай ч сэтгэлийн сайхнаар ханддаг. Ли багш Бадралыг өөрөө дасгалжуулж, өөрийнхөө мөнгөөр түүнийг дугуйн спортын бүх л хэрэгслээр өвч хангаж өгдөг нь бахархмаар.
Аанай л олон асуудалд санаа зовж, бусдын өмнөөс шаналсаар тамираа барсан Бадрал төлөвлөсөн уралдаандаа амжилт гаргаж чадаагүй юм. Гэтэл Ли багш түүнийг элдвээр харааж загнахын оронд, “Тамирчин хүний олон чадварын нэг бол сэтгэлийн зовлонгоо цээжнийхээ мухарт түгжчихээд урдах хариуцлагат үйлээ дуусгах нь чухал. Дугуйн тамирчин хүн өөртэйгөө үзэлцэж, өөрийгөө дийлж, бие сэтгэлийн хүчний хязгаарыг үзэж гэмээнэ амжилтад хүрдэг” гэж захисан нь Бадралын амьдралын чиг шугам болсон гэлтэй. Энэ л урмын үрээр Бадрал маань дараа жил нь томоохон уралдаанд хүч сорьж, түүнийг гараанаас хөдлөх агшныг нь Ли багш зурагтынхаа цаанаас сэтгэл догдлон үзэж суудаг билээ.
Ухаантай, сэтгэлтэй хүний амнаас бусдын амьдралыг булаг шиг ундруулан, дүүргэх урмын үг харамгүй асгардаг ажээ.
Орхигдсон хүүхдүүд буруу замаар ял үүрсэн нь
Хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдээрээ хүүхдээ хилийн чанадад сургаж, хүний зэрэгтэй болгох нэг нь байхад буруу хүмүүжээд бух шиг зөрүүд болсон хүүхдээ өөрөөсөө хол байлгах гэсэн баян чинээлэг улс ч бий. Гадаадад явуулсан л бол боллоо гэж санаа амарсны гай, хил давсан л бол хүн болоод ирнэ гэсэн гэнэн хүлээлтийн төлөөс нь айхтар их ажээ.
Монголдоо байхдаа өөрийгөө олоогүй хүн хүний газар хөл тавиад сайн нэртэй буцна гэдэг баруунаас нар мандахтай л адил ховор. Нийгмийн ороо бусгаа цагийн уршгаар үр хүүхдээсээ хол хөндий байж, тоолдог хэдийн л төлөө толгойгоо мэдүүлсэн эцэг эхчүүдийн тухай ч ярих учиртай. Буруутан нь нийгэм ч гэлээ буух эзэн нь бидний үр хүүхэд юм гэдгийг бодохгүй өнгөрч болшгүй нь.
Мөнгөтэй баян цатгалан хүний хүүхдүүд далай тэнгисийн цаана үнэтэй, нэртэй сургуульд суралцаж байна гэдэг ч начир дээрээ тэдэнд юу тохиолдож байна вэ гэдэг асуултын хариулт нь доллар шиг өнгөлөг лав биш аж.
Амьдралынхаа зорилгыг ч олж харж амжаагүй залуус харь нутагт очихоороо элдэв гэмт хэргийн золиос болох нь энүүхэнд гэдгийг та энэ номноос тодорхой унших болно.
Баян ээж, аавын охин Халиунаа хүний наймааны “лангуун дээрх бараа” болчихоогүй ч хүсээгүй жирэмслэлтийн улмаас амиа алдах дөхнө. Тэгвэл хичээл биш хөнгөн хийсвэрт нүд нь унах Мөнхөө, Сансар, Болдоо нар хар тамхины наймаачдын золиос болж, Мөнхөө насаараа хорих ялд унаж, Сансар сураггүй зугтаж, Болдоо амьдралынхаа турш салахгүй хар дурсамжтай үлддэг. Хамгийн аймшигтай нь хар тамхины наймаачин Ганаа гэгч Бадралын эгч Баярмааг атгаг санаандаа ашиглахаар оролдсоныг та уншаарай. 2 нялх хүүхэдтэй, нөхрөөсөө салж, ээж дээрээ ирсэн хөөрхий бүсгүй өөрт нь сэтгэл тавьсан Ганааг үнэнхүү хайртай хүн нь гэж андуураад там шиг амьдралд хөл алдах дөхнө.
Үр хүүхдээ гадаадад сургана гэдэг сонсогдож байгаа шигээ амархан зүйл биш аж. Энэ бол та хүүхдээсээ асар их хол байхын нэр. Бас та хүүхдийнхээ тухай асар ихийг мэдэхгүй өнгөрөхийн нэр.
Хамгийн аймшигтай нь, таны хүүхэд хэн гэдгээ мэдэж ойлгоогүй байхад нь хилийн дээс алхуулах гэж яарах нь түүнийг ёроолгүй ангал руу шидэж буйтай ижил юм. Таны хүүхэд өөрийнхөө зорилгыг тодорхойлсон, маргааш хаана хүрэхээ мэддэг, түүндээ бат итгэдэг, бас түүндээ асар их дуртай байвал тэр хаана ч явсан хувь заяаныхаа цулбуурыг алдахгүй.
Та хүүхдээ битгий орхиорой. Тэднийг хувь заяандаа эзэн болж амжаагүй гэдгийг мэдэрч байгаа бол өөр зүйлд бүү яараарай. Тэдний хамгийн чухал хийх ёстой зүйл бол өөрөө өөрийгөө олох юм.
Талархах сэтгэлийн гайхамшиг
Номын энэ хэсэг танд лавтайяа ухаарал, тайвшрал хайрлана гэдэгт итгэлтэй байна. Хувь заяаныхаа бурууг бусдаас хайх бус, өөрт байгаадаа талархаж, түүгээрээ амьдралаа авч явах нь хүмүүн бүхний сэтгэлийн үнэт зүйлсийн нэг гэдгийг та энэ хэсгээс мэдрэх болно...
Бадралын сургуулийн урдхан байдаг нэгэн нүхэн гарцны доор нүүр нь нэлэнхүйдээ түлэгдсэн нэгэн эр уйтгарт хийлийн аялгуу эгшиглүүлэн зогсдог байлаа. Анхандаа хажуугаар нь өнгөрөхдөө түүний урдаа бичиж тавьсан цаасан дээрх үгсийг нь ойлгож дөнгөхгүй явсан Бадрал хичээл амрахын алдад түүнийг нь зориглон уншдаг. “Сайн санаат хүмүүсийн өглөг буянаар би идэх хоолтой, өмсөх хувцастай өдийг хүртэл явж байна. Баярлалаа” гэсэн байсныг тэр ингэж ойлгодог. Үнэндээ Бадрал үүн дээр магадгүй элдэв тусламж эрсэн үгс, өрөвдүүлэх гэж хичээсэн зурвас байгаа гэж итгэж байсан биз. Гэтэл өнөөх хөгжимчин нүд нь түлэгдэж юм харахаа больсон ч талархах сэтгэл нь улам асан дүрэлзэх нь гайхамшигтай.
Тэр хүн ийн амьдарч буйдаа хэн нэгнийг огтхон ч буруутгасангүй. Дутуугаа гайхаж, үгүйгээ нэхэх хүмүүсийг бодвол байгаа өчүүхэн зүйлдээ баярлаж явах энэ эр сэтгэлээрээ хамгийн баян хүн биз ээ.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.