Эрүүл хүнс гэж андуурдаг хамгийн буруу хооллолт #1

2019.08.07
|
23,319
Эрүүл хүнс гэж андуурагддаг хооллолтын хамгийн буруу ойлголтуудын талаар танд цувралаар хүргэж байна.

Бид хоол тэжээлийн талаар асар өргөн уудам мэдлэгийн далайд амьдарч буй хүмүүс. Гэсэн ч хооллолтын талаар буруу ойлголт энэ хэрээр улам тэлж байгаа нь өвчлөл үүсэх гол шалтгааны нэг болжээ. Хэдийгээр эрдэмтэд эрүүл хоол гэж баталчихсан байхад ч зарим нэг хооллолт бидний биед хор хөнөөл учруулдаг гэдгийг бид анзаардаггүй. Иймд эрүүл хүнс гэж андуурагддаг хооллолтын хамгийн буруу ойлголтуудын талаар танд цувралаар хүргэж байна. 

 

Бид органик бүтээгдэхүүн сонгодог

Энэ бол органик бүтээгдэхүүний бизнесийн хөгжин цэцэглэлтийн оргил үе. Учир нь бид хамгийн эрүүл хүнсийг сонгохыг цаг ямагт эрмэлзэх болсон болохоор бизнесийн зам мөр ч ийш хазайжээ. Тиймээс ч бид ямар нэг хачир, нэмэлт ороогүй хүнсийг шууд л малчны хотноос, фермерийн хүлэмжнээс худалдан авахыг хүснэ. Яагаад гэвэл тэд мах, ногоондоо элдэв эм, тариа, химийн бордоо хийгээд сууж байх улс биш. 

Гэвч бид нийлэг бодисоор хийсэн хортон шавьжны эсрэг бэлдмэлүүд, өөрөөр хэлбэл, малчид, фермерүүдийн өөрсдийнх нь бүтээсэн бордоо, эм тариа, арга домын талаар тэр бүр мэддэггүй. Үүнийг ч шинжлэх ухаан судалж, нотлоод дотор нь чухам юу агуулагдаж байгааг хэлээд өгч амжаагүй л байна. 

Органик хүнс үнэхээр эрүүл үү? Энэ асуултанд хариулт өгөх  хангалттай судалгаа одоогоор алга. Их Британийн хоол хүнс судлалын сэтгүүлд органик хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах антиоксидантын хэмжээ болон бордоо, химийн нэмэлтүүдийн тайланг хэвлэжээ. Гэсэн хэдий ч Стэнфордын эрдэмтэд органик аргаар ургуулсан болон үйлдвэрт хийсэн хүнсний бүтээгдэхүүнээс тэжээл, найрлагын маш өчүүхэн ялгааг илрүүлсэн байлаа. Өөрөөр хэлбэл, органик хүнс худалдан авах нь химийн элдэв бордоо, нэмэлтүүдийг багасгах тустай байж мэдэх ч эрүүл мэндийг сайжруулна гэсэн баталгаа байхгүй юм.  

Энэхүү нийтлэлд escapetomongolia.com болон foodfuntravel.com-ийн гэрэл зургийг ашиглав. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар