Номын тэмдэглэл: “Улаан пальто”-ноос танд үлдэх хамгийн нандин 4 зүйл

2019.09.26
|
17,833
Хөөрхий эхийн гаслант түүхийг уншсан ямар ч ээж хажуу дахь бяцхан зүрхнүүдээ улам ихээр хайрлаж, хатуу ширүүн үгс хэлэхээс ч хайран санагдана.

Ж.Цогзолмаа

 

        Тэр өдөр ингэж эхэлсэн юм. Том хүүгээ сургуульд нь хүргэж өгөөд, бага хөвгүүдээ цэцэрлэгт нь аваачихаар санд мэнд хувцас хунарыг нь янзалж, цэгцэлж байсан нэгэн өглөө. Авна даа гэсээр хэдийнэ хожимдож, цөөрсөн хэдэн жижигхэн дотоожны эрэл намайг бараг л галзууруулах дөхсөн юм. Өвсөн дундаас зүү хайхаас ч бэрх тэр алгын чинээхэн эрээн даавууг арай гэж олж өгтөл хүү хөнжил дунд хөлбөрүүлээд алга болгочихов. Цэцэрлэгийн хаалга барьчих вий гэсэн айдас, нусны алчуурнаас ч ялгахааргүй өнөөх хувцасны эрэлд улайтлаа ундууцсан би хөөрхий хүүгийнхээ нуруун дундуур нь хэд балбаж, аанай л нулимстай нь хутгаж албанд нь хүргэсэн билээ. 

 

        Дараа нь автобусны бариулаас зүүгдэж зогсохдоо “Номын баяр”-аас авсан “Улаан пальто”-гоо гэнэт санав. Ингээд л энэ номын эхний хэдхэн хуудсыг эргүүлэх зуурт хүүдээ ширүүлсэндээ харамсаад барахааргүй мөртүүд хацар дагах бүлээн нулимс болж зүрх огшооно чинээ бодоогүй. Уйлсныг бүү асуу гэдэг ч “Яагаад” гэж хэн нэгэн нь надаас лавлаасай гэж бас хүссэн. Хариултыг нь хэн бүхэнтэй хуваалцахыг тэсэн ядан хүлээхдээ энэхүү тэмдэглэлээ яаран хөврүүлж сууна. Бас сэтгэлийн тэнгэрт хайр дүүрэм гэгээ нэмсэн энэ сайхан туужийг туурьвигч зохиолч Б.Шүүдэрцэцэгт чин сэтгэлийн талархлаа дайж буйгаа хэлье. 

 

Энэ ба нөгөө ертөнцөд үл тасрах амин холбоо 

 

        Хамгаас хайрт ганц охиноо автын ослоор алдаад бүхэл бүтэн зургаан жилийн гашуун өдрийг алгасалгүй туулж яваа Солонго бүсгүйн харуусалт амьдрал… Зургаахан настай хөөрхөн үр нь орчлонгийн аз жаргалын босгыг давж ч амжаагүй байхдаа ийнхүү зуурдаар үрэгджээ. Алтан хэвлийдээ амийг нь тээж, ангир уургаараа амлуулсан юм болохоор үрийнхээ зулайг үнэрлэж ханаагүй эх энэлэнт энэ хагацлыг амар мартана гэж үү… 

        Хөөрхий эхийн гаслант түүхийг уншсан ямар ч ээж хажуу дахь бяцхан зүрхнүүдээ улам ихээр хайрлаж, хатуу ширүүн үгс хэлэхээс ч хайран санагдана. Орчлонгийн өдрүүд биднээс гэнэт л нүүр буруулж, тоост жам хайрлаад барамгүй хэн нэгнийг минь хамаад одвол бид амьд үлдэх шалтгаанаа эрээд эрээд олохгүй хагацлын гүн ангалыг хэрхэн туулах билээ.

        Өглөө бүр адилхан хэр нь охиных нь инээд, хайрлан тоглох дуртай хормогчтой бяцхан ногоон чихмэл туулай нь, яг л өөдөөс нь хараад өхөөрдөм хөөрхөн яриагаа дуржигнуулах мэт үрийнх нь амьд мэт дүр төрх. Бодитой мэт авч хэдийнэ зэрэглээн дунд хөвөн одсон бяцхан Саяанагийн ээждээ тэврүүлэх гэж гар сунган, сэтгэл царайчлах гунигт харц… Бүсгүйн оюун санаанд хадаастай энэ дүр төрх охиноо алдсан тэр өдрөөс хойш ганц минут, секунтыг ч алгасалгүй улам бүр тодорч, заримдаа өөрийгөө галзуурч байгаа эсэхээ мэдэхээ байтал тамладаг ажээ. 

        Энэ зуурт хүсээгүй хагацлаар ижийгээсээ эгнэгт салсан өнөөх жаахан охины сүнс өөр нэг ээжийн хэвлийд амилсныг хэн таах билээ. Ойн дээрээ л хэлд орсон сэргэлэн бор охин “Миний ногоон туулай хаана байна”, “Миний хөөрхөн ээж хаана байна”, “Би гэртээ харимаар байна” гэж төрүүлж өсгөсөн аав, ээжээ баахан сандаргасаар таван нас хүрчээ. 

        Номин хэмээх нэрийг охиндоо өгсөн энгийн л хос Алимаа, Хадхүү нарт дээрх асуултууд заримдаа их л хачин жигтэй, бүр заримдаа тээж төрүүлсэн эх нь байтал… гэх гомдол төрүүлдэг ч аажимдаа мартагдана гэж итгэдэг байлаа. Гэвч Номин өөрийнхөө Саяана хэмээх охины амьдралыг мартах нь бүү хэл улам бүр тэрхүү цаг үедээ автаж, ээжийгээ, аавыгаа, тоглоомоо, үүгээр ч зогсохгүй хамгаас хайртай улаан пальтогоо нэхэн уйлна. 

        Энэ ба нөгөө ертөнцөд хүний сүнсний амин холбоо хэзээ ч тасардаггүй, өмнөх амьдралаа эргэн санадгийн хайр асгаруулсан жишээ энэ. Бас биднийг үүрд орхин тэнгэрийн хязгаарыг зорьсон хайртай хүмүүс маань Саяангийн л адилаар хаана нэгтээ өөр хэн нэгэн болоод бидний хажуугаар инээд цацруулан алхаж яваа ч юм билүү.

 

Хүчирхэг аавуудын хайрлам, бахархам жишээ Хадхүү 

        Өнөө цагт бүх л хүн нүд алдам мундаг амжилттай байх ёстой, хараа унагам сайхан хувцастай, сэтгэл татам царайлаг, эсвэл хачин зузаан хэтэвчтэй, алдар нэр нь цуурайтсан байх учиртай хэмээх бичигдээгүй хууль түгжээ. Мөнгөгүй л бол, бахдам түүхт амжилтгүй л бол хэн ч биш юм шиг тийм “зэрэмдэг” үнэлгээтэй нийгэм биднийг торон дотор тэнхээ мэдэн давхих харх шиг л ухаан жолоогүй ажиллахад хүргэж. Үүнийгээ дагаад бусдын дор орчих вий гэсэн өчүүхэн бодол биднийг амиа хичээх тойрогт хүлж, хүйтэн цэвдгийн туйл руу улам бүр түлхэж байна. 

        Тэгвэл “Улаан пальто” номд жинхэнэ эр хүн, хүчирхэг аавуудын өег дулаахан, сэтгэлд тэнхээ нэмсэн сайхан жишээг элдэв нялуун хачиргүйгээр Номингийн аав Хадхүүгээр харуулжээ. Тэр машины засварчин. Эгэл даруухан монгол эр. Түүнд тостой зууралдсан хоёр гар, тоодгор охин, халамжтай гэргийгээ гэх их сэтгэл, таван ханатай тайван амгалан гэрээс нь илүү хөрөнгө бэл үгүй. Амралтын өдрийг ч үл ажран шатахуун, тос үнэртсэн засварын газартаа ажиллаад, шөнө дундын алдад гэрийн бараа харна. Тэглээ гээд “Та хоёрыг л тэжээх гэж би ингэж биеэ зовоож байна” гэж ганц удаа ганхийж байгаагүй. Харин ч эсрэгээрээ ханиа аргадаж, хөөрхөн Номингоо хүний зэрэгтэй явуулах гэсэн холын их бодлынхоо нөмөрт амьдралаа дулаацуулж явж байгаа гүндүүгүй эр. 

        Хэзээ нэг өдөр орон сууцанд орж, хананаасаа халуун ус гоождог тансаг гэртэй болно доо гэсэн мөрөөдөл түүний дотор дүрэлзэн асдаг болохоор хэзээ ч ядарснаа ялархаж, хүнээс дутуу явна гэж гутаж явсангүй. Тийм ээ, ийм л сайхан эрчүүд олон байвал Монголын минь амьдрал хэчнээн аз жаргалтай, тэнүүн төгөлдөр байх бол… 

 

Өөрийгөө ойлгуулж чадаагүй хүүхдүүд ачтанаа гээд араатныг дагавал яана... 

 

 

        Номинд нэгэн төсөөллийн найз бий. Түүнийг Маша гэнэ. Цэнхэр үстэй түүний энэ найз зөвхөн толинд л үзэгдэх бөгөөд өмнөх амьдралынх нь талаарх олон зүйлсийг Номинд сануулна. “Би өндөр шилэн байшинд амьдардаг байсан”, “Миний өрөө пони морины зурагтай байсан” гээд элдэв хачин ярианаас нь залхсан ээж, аавдаа ярьдаггүй олон нууцаа тэр Машадаа л хэлнэ. Алимаа ээж нь биш, харин Солонго ээж нь өөрийг нь дандаа санаж уйлаад байна гэж зүүдэлчихээд энэ тухайгаа толинд тусах цэнхэр үст найзтайгаа хуучилна. 

        Мартагдах нь бүү хэл улам тодорсон охиныхоо этгээд асуултуудад шаналсан Алимаа айх, гайхахдаа Ганданг зорьдог. Зурхайч лам “Урд насныхаа эхтэйгээ амин холбоо нь тасраагүй байна. Ном сайн уншуул” гэж хэлээд удахгүй мартагдах бизээ хэмээн тайвшруулна. 

        Хэтэрхий завгүй сувилагчийн ажилдаа дарагдсан тэрээр охинтойгоо арай илүү дотно байсан бол, түүний яриаг чих тавин сонсч, “Зүгээр л хүүхдийн яриа” гэж түлхээгүйсэн бол Номин өмнөх амьдралаа эрж, орон гэрээсээ зугатаж, эцэст нь яг л өмнөх амьдрал шигээ машинд мөргүүлэхгүй байсан даа… 

        Учрыг илүү тодруулбал, хөөрхий охин толгойноос нь салах нь бүү хэл, сэрүүнд нь ч нүдэнд нь үзэгдэх өнөөх шил толь болсон гэр, Солонго ээжийнхээ цэцгэн бөгжтэй урт хумстай гоёмсог гар, үргэлж уншиж өгдөг байсан үлгэр гээд тэр олон зүйлсийг санан бэтгэрчээ. Хажуу айлынх нь өрөвч зөөлөн Минжмаа хэмээх бүсгүйгээс шалсаар байж үргэлж санаанд нь тодхон байдаг өмнөх амьдралын гэрээ олсон ч ээж, аав нь хэдийнэ нүүснийг мэдсэн нь бүр ч гунигтай. Саяана, аав Алтай, ээж Солонготойгоо авахуулсан гэрэл зургийг тэнд боож нууснаа олсон нь Минжмаад үзүүлэх чухал баримт сэлт болсон ч энэ юуг ч өөрчилсөнгүй. Уг нь энэ нууцыг нь ээж Солонгоос нь өөр хэн ч мэдэхгүй ч хөөрхий охинд хэн итгэх билээ. 

        Энэ бүхэн бяцхан охиныг тэсгэл алдуулж, нэг л мэдэхэд цэцэрлэгээсээ оргон, өмнө амьдарч байсан өнөөх байрныхаа гадаа очиж, цэнхэр гулсуурны дор нуусан жижигхэн нууцаа авахаар шийдэхэд хүргэнэ. Энэ л гайтай “аялал”-ын “шан” болсон ослын дараа охин ухаан оролгүй хүнд гэмтэнэ. Алимаа ээж нь охиноо сонссон бол, охиныхоо яриад байдаг тэр хачин жигтэй бүхэнд жаахан ч гэсэн ач холбогдол өгөөд ойшоосон бол өдийд бондгор Номио маань ход ход инээгээд сууж байх байлаа. 

        Томчууд бид хүүхдүүдийнхээ төлөө ажил хийдэг. Гэхдээ хүүхдүүдээ сонсохгүйгээр, тэднийг ойлгохгүйгээр хэрхэн өсгөж, хүмүүжүүлэх билээ. Унтаж байхад нь гараад, унтаж байхад нь ирдэг та бид нэг л мэдэхэд огт танихгүй хүнийг өсгөж бойжуулсан юм шиг эцэс төгсгөлгүй үл ойлголцлын хонгилд унадаггүй гэж үү. 

        Эсвэл аав, ээждээ өөрийгөө ойлгуулж чадаагүй хүүхдүүд ачтанаа гээд араатныг дагаад одсоных нь дараа бид амаа барьж байна. Найзаа гэж итгэсэн хэн нэгэн өөрийнх нь аминд шунасан атаатан байж мэдэхийг “IT-2” кинонд өгүүлээгүй гэж үү. 

        Хүүхдийнхээ хэлж буй үгэнд жаахан ч гэсэн анхаарлаа хандуулаарай. Түүний үгний цаана нуугдсан үг хэдийд, хаана диваажин, тамын алиныг нээхийг бид таашгүй шүү дээ. Яг л энэ гашуун бөгөөд хэзээ ч хойш тавьж үл болох бидний амьдралын хамгийн чухал сэдвийг “Улаан пальто” таны ой тойноос гарахааргүйгээр дүрсэлжээ. 

 

Үр хүүхэддээ ширүүлэхээсээ өмнө “Улаан пальто”-г эргэн санаарай

 

        Номин машинд мөргүүлж, тархиндаа гэмтэл авсан тул ухаан орохгүй байв. Уулзахыг тэгтлээ их хүссэн ээждээ очих гэж яваад ийн гэмтсэн бяцхан зүрх өнөөх зурган дээрх ижийдээ л тэврүүлбэл босоод ирэх юм шиг хөрш Минжмаа бүсгүйд бодогдоод салсангүй. Бяцхан охины амь наана, там цаана байгаа энэ мөчид тэрээр Солонго бүсгүйн утсыг олж арай гэж залгаж, хэл амаа эвлэгэн байж, “Танд Саяана гэж охин байсан уу. Энд байгаа Номин гэж охин урд насандаа танай охин байсан гээд байгаа юм” гэж хэлсэн ч уй гашуугаа мартаж ядаж буй эхийн бухимдал, утас тасрах чимээнээс өөр зүйл сонссонгүй. Яг энэ мөчид Номингийн бие бүр муудаж, зүрх нь зогсох нь уу гэлтэй болж, Алимаа, Хадхүү хоёр тамираа тасартал залбирч байв. Аргаа барсан Минжмаа “Энэ охин осолд ороод ухаангүй байна. Та итгэхгүй байгаа бол гулсуурны дор Саяанатай хамт нуусан зүйлээ үзээрэй” гэж Солонгод зурвас илгээснээр бяцхан охиных нь сүнс хэдийнэ энэ орчлонд ижийдээ үнсүүлэхээр ирсэн гэдэгт бүсгүй эргэлтгүй итгэдэг. Гулсуурны дороос хайсан өнөөх нууц зургийг ч олж, ухаан мэдрэлгүй Гэмтлийн эмнэлгийг зорино. 

        Солонго яарсаар ирээд, царай нь цайж, уруул нь хөхөрсөн Номингийн хацарт зөөлөн хүрч “Ээж нь ирлээ, миний охин” гэж шивнэхэд илбийн юм шиг хөөрхөн охины хацар улаа бутардаг. Ухаан орсон охин хамгийн түрүүнд “Ээж ээ, миний туулайг авчирсан уу” гэж асуухад үргэлж цүнхэлж явдаг хөөрхөн ногоон туулайг Солонго охиндоо өгч, өмнөх ба одоогийн амьдралын алтан гүүрэн дээр амин хайртай охинтойгоо ахин уулзсан билээ. 

        Есөн сар хэвлийдээ тээж, хоёр өдөр өвдөж байж төрүүлсэн охиноо ухаан орсонд баярлан мэгших Алимаа ээжийгээ Номин бас тэврэв. Ингэж л хоёр ээж толгой нь битүү боолттой хөөрхөн охиноо тэвэрч, ертөнцийн жамыг сүүн цагаан сэтгэлээрээ өлгийдсөн гайхамшигт нэгэн тууж өндөрлөдөг. 

        “Ертөнцөөс буцсан хайртай хүмүүс минь эх дэлхийн хаа нэгтээ яг Саяана шиг эргэн “ирчихсэн” амьдарч, магадгүй хааяа нэг биднийгээ санан санан явдаг юм байна шүү дээ” хэмээх сайхан мөртүүдээр зохиолч Б.Шүүдэрцэцэг туужийнхаа амин хэлхээг зангиджээ. Хүнээ алдаагүй хүн, хагацал үзээгүй зүрх гэж энэ орчлонд нэг ч үгүй. Харин шувууд шиг тэнгэр зүслэн одсон хайртай хүмүүс маань хажууханд маань амгалан сайхан амьдарч байгаа гэдэгт би итгэж байна. 

        Бас хөөрхөн үрсээ хайрлаж, тэдэндээ хатуу ширүүн үг хэлэхээсээ өмнө “Улаан пальто”-г эргэн санана. Яагаад гэвэл хүүхдүүдийн дотор хүж дэлхийн нууц оршиж байдаг. Тэд энэ нууцаа зөв нээж, тайлж чадахгүй бол бид тэдний эцэг, эх гэж яваад яах юм бэ. 

        Эцэст нь, энэ сайхан тууж кино болоод хэдийнэ дэлгэцнээ “амилсан” билээ. Гэсэн ч киноноосоо илүү ном нь нарийн мэдрэмж, төсөөлөл дүүрэн байсныг хэлмээр байна. 




 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар