Хонгконгийн гэрлэсэн хосуудын гунигт амьдрал

2019.10.01
|
18,105
Үүнийг анх уншихад танд ямар гажиг зүйл вэ гэх сэтгэгдэл төрүүлж мэдэх. Лок болон Чау нар бол энэ арлын олон мянган гунигт амьдралтай хосуудын төлөөлөл билээ.

 

Та хайртай хүнтэйгээ гэр бүлээ батлуулчихаад, түүнээсээ хол амьдарч чадах уу? Тэгвэл Хонгконгийн үл хөдлөх хөрөнгийн тэнгэрт хадсан үнэ хосуудыг нэгнээсээ алс хол амьдрахаас аргагүйд хүргэж байгааг ВВС онцолжээ. 

Лам Лок болон Жэйсон Чау нар 2012 онд Диснейлэндэд ажиллаж байхдаа бие биедээ дурлажээ. Хайртай бүсгүйдээ хамт хоол идэх санал тавихад тэр татгалзсангүй. Үүнээс хойш гурван жилийн дараа тэд гэрлэж, хөөрхөн хүүхэдтэй ч болж. Гэвч тэдний энэ романтик амьдралын мөрөөдөл амьдралын хуульд захирагдсангүй, халуун дулаан гэр бүлийн уур амьсгал нь шидэт үлгэрт гардаг шиг байсангүй. 

 

 

Өдгөө 31 настай Лок Хонконгийн өмнөд эрэг дэх дүүрэгт гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаг. Түүний нөхөр Чау тэндээс нэг цаг гаруй явж байж хүрэх Чин Юи хэмээх аралд мөн л аав, ээжтэйгээ хамт амьдардаг. Тэдний охин, гурван настай Юи даваагаас пүрэв гариг хүртэл ээжтэйгээ байх бөгөөд амралтын өдөр аав дээрээ очно. Локийн хэлж буйгаар тэд хамт амьдрахын тулд нүүх хэрэгтэй, гэвч Чаугийн гэрийн унтлагын өрөө хэтэрхий жижиг. Энэ нь хоёр том хүн, нэг жаахан охинд огтхон ч хүрэлцэхээргүй талбай юм.  

“Бид заримдаа гэрлэлтэндээ эргэлзэхэд хүрэх юм. Яагаад гэвэл тусдаа амьдрах нь бидэнд ганц бие хэвээрээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг” хэмээн Лам Лок бүсгүй ярьж байна. 

Юи-г төрсөн эхний сар Лок ээжтэйгээ хамт охиноо хардаг байжээ. “Нөхөр маань ажлынхаа ачааллыг хуваарилж үнэхээр чадаагүй. Охиноо өсч байхад бид хоёр тусдаа амьдарсан хэвээрээ л байсан. Ханьтайгаа хамт охиноо хэрхэн өсч торниж байгааг харж чадахгүй байгаа нь их хэцүү” гэж Лок бүсгүй ярилаа. 

Үүнийг анх уншихад танд ямар гажиг зүйл вэ гэх сэтгэгдэл төрүүлж мэдэх. Гэвч Хонгконгийн хэтэрхий өндөр үнэтэй орон сууцны зах зээл иргэдийнх нь амьдрал дээр ийн бууж байгаа юм. Лок болон Чау нар бол энэ арлын олон мянган гунигт амьдралтай хосуудын төлөөлөл билээ. 

 

Өндөр үнэ, бага хүлээлт

 

 

Өнгөрсөн онд тус арлын Засгийн газраас гаргасан судалгаагаар Хонгконгийн гэрлэсэн 10 хос тутмын нэг нь хамтдаа амьдарч чаддаггүй байна. Түүнчлэн 25-34 насны гэрлэсэн хосын 12 хувь нь аав, ээжтэйгээ амьдарсан хэвээр байдаг аж. 

Хонгконгд сүүлийн 9 жил дараалан үл хөдлөх хөрөнгийн үнэ асар хурдтай өсч байгаа билээ. Олон улсын хүн амын орон сууцны хүртээмжтэй байдлын олон улсын судалгааны энэ оны тайланд 8 улсын хүн ам ихээр төвлөрсөн 309 нутаг дэвсгэрээс Хонгконг нь хамгийн бага үнэлгээ авсан байна. Дундаж орон сууцны үнэ өрхийн жилийн дундаж орлогыг 21 дахин үржүүлсэнтэй тэнцэж байгаа юм. Гэтэл Европын үл хөдлөх хөрөнгийн хамгийн өндөр үнэтэй нутаг дэвсгэрт орон сууцны дундаж үнэ өрхийн жилийн дундаж орлогоос ердөө л 8.3 дахин өндөр үнэтэй байгаа юм. 

Хонгконгод хамгийн жижиг талбайтай орон сууцны төлбөрийг төлөхийн тулд сард 4000 хонгконг доллар буюу 510 ам.доллар өгөхөөр байна. Үнэн хэрэгтээ ийм зардал төлчихөөд ганц ор багтахтай, үгүйтэй талбайтай байдаг нь харамсалтай билээ. 

Хонгконгийн 15-24 насны ажил эрхэлж буй залуусын сарын дундаж орлого 10750 хонгконг доллар байхад 30-39 насныхны сарын дундаж орлого 21000 хонгконг доллар байгаа нь тийм ч өндөр зөрүү биш юм. Засгийн газрын “InvestHK programme” хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн захирал асан Майкл Рауз “Сайн мэргэжилтэй, гайгүй орлоготой дундаж амьдралтай хос гайгүй орон сууцтай болно гэдэг амаргүй даваа байдаг” гэжээ. 

Локын хувьд хэвлэл мэдээллийн ажилтан бол Чау Диснейлэндийн орон тооны ажилтан. Тэр хоёр хоёул зүтгээд дунджаас доогуур цалин авна. Тэд аав, ээждээ байрны түрээсийн мөнгө төлдөггүй ч хүүхдийнхээ хэрэгцээг хангахын тулд мөнгөө хэмнэнэ, бас хэзээ нэг цагт өөрийн орон гэртэй болохын төлөө цааш хэд гурвыг хадгална. “Бид хамтдаа амьдрах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ богино хугацаандаа энэ нь боломжгүй мөрөөдөл юм даа” гэж Чау хэлж байна. 

 

Хамтдаа боловч тусдаа 

 

 

Олон мянган хонгконг хос залуус төрөөс хэрэгжүүлэх орон сууцны бодлогыг хүлээж байна. Гэвч энэ нь тийм ч амар бүтчих зүйл биш юм. Яагаад гэвэл асар их хүлээлт, маш бага боломжтой. Жишээ нь, ийм хөтөлбөрт хамрагдахын тулд хосууд дунджаар 5 жил болон түүнээс дээш хугацаагаар хүлээхээс аргагүй болдог. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар энэ хөтөлбөрт хамрагдахыг хүссэн залуусын өргөдөл 147000-д хүрсэн байна. 

28 настай Кэти Тэм, 32 настай Луис Лий нар 2017 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2012 онд төрийн орон сууцны хөтөлбөрт хамрагдахын тулд өргөдлөө гаргажээ. “Бид бие биедээ хайртай болсон. Өөрийн гэсэн орон гэргүй ч гэсэн гэрлэлтээ батлуулахаар шийдсэн” гэж Тэм хэллээ. Одоогоос жил гаруйн өмнө хосууд тусдаа амьдарч байсан ч одоо 21 ам метр талбайтай сууцандаа муурныхаа хамт аж төрж байгаа юм. “Урт хугацаанд тусдаа амьдрахад гэр бүл маань бутарч байгаа мэт санагддаг байсан. Харин одоо хамтдаа байхад үнэхээр талархмаар сайхан мэдрэмж төрдөг. Бид үүнийг хүүхэдгүйгээр бас төсөөлж чадахгүй” гэж Тэм хэлж байна. Тусдаа амьдрах нь тэдэнд хүүхэдтэй болох нөхцөл бололцоог олгоогүй юм. Тэгээд ч энэ бол хонгконг залуусын ирээдүйн дүр зураг болоод байна. Энэ бүс нутаг төрөлт улам бүр багасч буй үзүүлэлттэй байгаа. 1981 онд 1000 хүнд ногдох төрөлт 16.8 хувьтай байсан бол 2017 онд энэ дүн хоёр дахин буурч ердөө л 7.7 хувьд хүрснийг Засгийн газрынх нь тайланд дурджээ. 

Түүнчлэн Хонгконг бол Ази тивд хүн амын хөгшрөлтөөр тэргүүлж байгаа. 2036 он гэхэд энэ бүсийн хүн амын 3 хүн тутмын нэг нь хөгшин байх тооцоо гарчээ. Төрөлт энэ хэвээр удааширвал 2066 он гэхэд нийт хонгконгчуудын ердөө 10 хувь нь л 15 хүртэлх насны хүүхдүүд байх нь. 

 

Цог золбоотой амьдралын төлөө хичээсээр л… 

 

 

Орон сууцны хүртээмжтэй байдал нь зөвхөн гэрлэсэн хосуудын хувьд ч биш харилцааны үндсэн суурь агуулгын шинж чанартай болжээ. Хамтдаа биш тусдаа амьдарч байхдаа ч гэрлэлтээ хэрхэн авч үлдэж, харилцаагаа эрүүл хэвээр хадгалах вэ гэдэг асар том асуулт билээ. 

Уилфрэд Вон болон Жойс Люинг нар 30 настай. Тэд хоёул аав, ээжтэйгээ хамт амьдарч байна. Нөхөр нь эхнэрийнхээ гэрээс 40 минут явах газарт амьдарна. Тэд хоёулаа л хамтдаа амьдрахын тулд хүлээх ёстой гэдгийг ойлгож байгаа. 

“Анх сонсоход хачин жигтэй байж мэдэх л юм, гэхдээ л тусдаа амьдрах нь гэрлэсэн хосуудад урам зориг өгдөг” гэж Уилфрэд ярьж байна. Вонг эхнэртээ утсаар зурвас илгээж, утсаар ярьж, гадуур тухтай хөөрхөн болзоо зохион байгуулахаас авахуулаад тэдэнд хийх юм зөндөө. 

Үүний нэгэн адилаар Лок болон Чау нар ч гэсэн охиноо аав ээж дээрээ орхиод Япон руу дуртай үедээ болзооны аялал хийчихдэг. Амралтын өдөр бүхэн Чау охиноо салхилуулж, эхнэртэйгээ цагийг зугаатай өнгөрөөнө. 

Ийнхүү хосууд хамтдаа байх цаг хугацааны төлөө зүтгэж байхад ганц биеэр амьдарч буй хүмүүсийн амьдрал улам л ганцаардмал болсоор. 

 

 

69 наста Ма Хой Шинг Макаогийн казиногийн өдрийн ажилтан байжээ. Харин тэрээр өдгөө ганцаардмал хүмүүсийн төлөөлөл болон амьдарч байна. Түүний эхнэр 62 настай Жин Гуо Фей мөрийтэй тоглоом тоглож явахдаа нөхөртэйгөө танилцжээ. Энэ хос бусдын л адилаар тусдаа амьдардаг. Ма-гийн гэр 5.5 метр квадрат, цонхгүй хэтэрхий жижиг сууц. Тэрээр засгаас өөрт нь сар бүр өгдөг 500 хонгконг доллар (635 ам.доллар)-ын багахан тэтгэврийнхээ гуравны хоёрыг байрныхаа төлбөрт өгдөг. Харин эхнэр нь эх газрын Хятад дахь Ханзоу дүүрэг дэх гэртээ хэдэн сарын хугацаанд байрладаг. Учир нь нөхрийнх нь умгар гэрийн бөгчим, агааргүй орчин түүний эрүүл мэндэд харшилдаг ажээ. “Энэ байр хэтэрхий жижиг, бас амьдрахад үнэхээр хэцүү” гэж эхнэр нь хэллээ. 

Ма төрийн орон сууцны хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ гаргажээ. Гэсэн ч түүний мөрөөдөл биеллээ олоогүй байгаа учир ийнхүү эхнэртэйгээ хамт байхын тулд хэтэрхий жижигхэн сууцандаа аж төрсөөр. Настай хосууд маань төрийн орон сууцны хөтөлбөрийн нааштай хариуг гурав дахь жилдээ хүлээж байна. Тэдний мөрөөдөл биелэх өдөр тэд хамтдаа байх болно...

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар