Эмэгтэйчүүд хийсэн бүхнийхээ өртгийг эрчүүдээс нэхвэл ийм дүн гарна

2019.10.21
|
14,173
Эмэгтэй хүний амжилт нь ээж болж, хүүхэд төрүүлсний улмаас унаж доройтоод байгаа юм биш. Харин эмэгтэй хүнтэй дэр нэгтгэсэн тэр эр хүн гэрийн тэр их ажлын тэн хагасыг шударгаар үүрээд явахгүй байгаад л учир нь оршиж байна.

Ж.Цогзолмаа

Бидний амьдарч буй зуун бол яах аргагүй бүсгүйчүүдийн хөдөлмөр эрхлэх, сонгуульд сонгогдох эрхийг баталгаажуулсан гайхамшигтай эрин. Магадгүй үүгээрээ эмэгтэй хүний нуруун дээрх ачааг хэд дахин хөнгөлсөн, өнгөрсөн балар үеийн цоожийг мулталсан цаг байж мэдэх юм. Гэрийн ажил хэмээх нэр, шошго, цалин пүнлүүгүй зүйл эмэгтэй хүний нэрэн дээрээс авагдсан юм шиг санагдаж мэдэх. Гэвч үнэндээ хэлбэр төдий энэ өөрчлөлтийн цаана юу ч өөрчлөгдөөгүй гэвэл та итгэх үү…

 

НҮБ-ын тайланд дурдсанаар орчин үеийн эмэгтэй хүн өдгөө

дундаж эрэгтэй хүний хөдөлмөрөөс гурав дахин их ажлыг

ямар нэг цалингүйгээр хийж буйг баталжээ.

 

 

 

НҮБ-ын тайланд дурдсанаар орчин үеийн эмэгтэй хүн өдгөө дундаж эрэгтэй хүний хөдөлмөрөөс гурав дахин их ажлыг ямар нэг цалингүйгээр хийж буйг баталжээ. Мэдээж, эрчүүд өмнөх нийгмээсээ илүүтэйгээр хариуцлагатай болсон л доо. Гэхдээ тэд гэртээ бол өнөөх л юу ч хийдэггүй, буйдан дээр ялхайж хэвтээд, удирдлагатай найзлахаас өөрийг “чаддаггүй” дүр төрх хэвээрээ л байгаа. 

Бүсгүйчүүд бид ариун цэврийн өрөөгөө шил толь болтол нь арчиж, цэвэрлэчихээд хэн нэгнээс хөдөлмөрийн хөлс нэхдэг билүү. Үгүй. Бид ямар ч төлбөргүйгээр цэвэрлэгээ хийсэн хэвээрээ л байна. Учир нь нийгэмд бичигдээгүй хуулийн дагуу энэ бол эмэгтэй хүний ажил. Биднийг бүр бага байхаас л энэ толгой дотор суусан дүрэм. Охид багаасаа л хөвгүүдээс хоёр дахин их ажлыг гэртээ хийдэг тэр л янзаараа. Охид угаасаа л дүү нараа асардаг “хүүхэд асрагч”, гэрийн ажлын нэргүй туслагчид, гэрийн эзэгтэй болоод хоол унд хийх гал тогооны нэр усгүй “зарц”, цэвэрлэгээний амьд “машин”, хүүхэд, томчуулгүй тэр гэр оронд байгаа амьтай бүхнийг асран халамжлагч. Энэ бүгд эмэгтэй хүний нуруун дээр байгаа өнөөх нэр, шошгогүй ажлууд. 

 

 

Гэлээ гээд үүний төлбөр нь юу байж таарах вэ. Би хувьдаа үүнийг мөнгөөр биш харин хичээл зүтгэл, урам зоригоор төлбөр болгон шийдэх ёстой гэж боддог. Яагаад гэвэл эмэгтэй хүн хувь хүнийхээ хөгжлийг хойш нь тавин байж гэрийн ажил, хүүхэд асрах, нөхрийнхөө хувцас хунарыг угааж индүүдэх ажилтай зууралддаг. Харин гэр бүлийн бусад гишүүд өөрийнхөө хүссэнээр өөрийгөө хөгжүүлж, бүсгүйчүүд өнөөх л нийгмийн дадсан жаягаар ард үлддэг. Энэ үзэгдэл миний амьдралд ч яг л энэ тусгалаараа бүрэн туссаар. 

 

Охид угаасаа л дүү нараа асардаг “хүүхэд асрагч”,

гэрийн ажлын нэргүй туслагч, амьтай бүхнийг асран халамжлагч. 

 

Тийм учраас л үүнийг асуулт болгоод бүх эмэгтэйчүүдээс асуумаар байна. Та залхахгүй байна уу. Та өөрийнхөө хөгжлийг ардаа орхиод бусдын төлөө өөрийгөө золиосолсоор нэг л мэдэхэд толины өмнө өөрийгөө ч танихааргүй хөгширсөн байхыг хүсч байна гэж үү. Энэ асуултыг онгоцны буудалд билет захиалж байгаа, аль эсвэл  коффе шопт аяга кофе оочилж байгаа, эсвэл хүнсний дэлгүүрээс ногоогоо цуглуулж байгаа эмэгтэй танаас асуумаар байна. 

Энэ бүх ажил бидний оюун санаанд ямар их ачаалал үүсгэдэг, бидний амьдралын хэсэг хэсгүүдийг хэрхэн үгүй хийж байгааг та тоолж үзсэн үү… 

Тиймээс юун түрүүнд дөнгөж амьдралаа эхэлж буй бүсгүйчүүдэд хандаж энэ үгийг хэлье:

 

Хайртай залуудаа эсвэл нөхөртөө та ямар өртгөөр тусалдаг вэ...

 

 

Цөхрөл, гомдол, уур хилэнгээсээ холдоод чухам яг өөрийнхөө тухай төсөөлөөд үз. Би өмнө нь нийгмийн сүлжээн дэх эмэгтэйчүүдээс “Та гэрийн ажил болон нөхөр, хүүхдээ асарч, халамжлахдаа яг юу мэдэрдэг вэ” гэсэн асуултыг асуусан юм.

Ээжүүдийн группүүдээс нийт 150 эмэгтэйгээс энэ асуултыг би асуусан. Тэдний дийлэнх, давтагдсан хариултуудыг жагсаавал:

 

- “Би цөхөрч, ядардаг учраас хаашаа ч хамаагүй зугатаахыг хүсдэг”

- “Нөхөр минь намайг галзууруулах шардаг. Тэр миний хамаг уурыг бардаг”

- “Би үүнийг үргэлж миний үүрэг хариуцлага байх ёстой гэж мэдэрдэг” гэж хариулсан юм. 

 

Нэгэн бүсгүйгээс надад ирсэн захидал ч бас онцгой. Тэрээр “Би шууд л хоол хийхээ болихоор шийдсэн. Эрэгтэй хүн шиг бүх зүйл нь өглөө босоход нүднийх нь өмнө бэлэн байдаг тийм амьдралаар амьдарч үзэхийг гэнэт л хүссэн. Хэн нэгэн өлсөж байгаа болов уу, оройн хоолоо амттай сайхан хийхийн тулд яах вэ гээд олон айдсаасаа ангжирахаар шийдсэн. Би зүгээр л амрахыг хүссэн. Яг л эр хүн шиг юунд ч санаа зовохгүйгээр хүүхдүүдтэйгээ тоглохоор шийдсэн. Үүний дараа би асар их тайвшралыг, аз жаргалыг мэдэрсэн” гэсэн байлаа. 

 

Та өөрийнхөө хийдэг ажлын өртгийг хэмжиж үзсэн үү?

Эмэгтэй хүн нөхөрт гарч, үр хүүхэдтэй болсны дараа ганц бие байсан үеийнхээ мэдрэмжүүдийг алдсан байдаг аж. Ганцхан өөртөө санаа тавьж, ганцхан өөрийнхөө хувцаслалтад хайртай байхаа болиод ирэхэд та өөрийгөө алдаж эхэлдэг байна. Энэ мэдрэмжүүдтэй хамт та өөрөө заавал хамт байж, өөрийгөө хайрлаж гамнах ёстой. Үгүй бол та нэг л өдөр зургийн цомогноосоо арчигдаж, өөрийгөө хайрлахгүй яав даа гэж харамсан суух болно. 

 

Та робот биш учраас яг одооноос өөрийгөө хайрлаж,

хүүхдүүд шигээ, нөхөр шигээ аз жаргалтай, баяр хөөртэй, эрх чөлөөтэй байх ёстой. 

 

Нялх үрээ машины суудалд нь бэхэлж суулгаад, дэлгүүрээс модтой чихэр худалдаж авч өгөөд, “Baby shark” ч юм уу хүүхдийн хөгжилтэй дуу амандаа аялан яваа ээж та яг одоо өмсч байгаа өмдөө хэзээ сольсон бэ. Магадгүй өчигдөр, эсвэл бүр уржигдар угласан өмдтэйгөө яг одоо та хотын гудамжаар хөөрхөн үрийнхээ инээдэнд баясан алхаж яваа байх. Хэзээ хамгийн сүүлд шинэ хөхөвч өөртөө зориулж худалдаж авсан, хэзээ хамгийн сүүлд будаг нь ханхалсан шинэхэн өмд өмссөн бэ гэдгээ та ганцхан удаа бодох завтай байсан уу. Үгүй л болов уу. Гэхдээ яг ингээд явж байгаа нь та ганцаараа биш. 

Хайртай үрдээ мэхийж, түүний л төлөө бүхнийг хийх нь үнэхээр гайхалтай. Гэхдээ та өөртөө ч бас яг л ингэж мэхийн, хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө хайрлах ёстой. Яагаад гэвэл та хүүхэд төрүүллээ гээд хүн байхаа больчихсон юм биш. Та эмэгтэй хүн, Цэцэгээ, Дулмаа яг тэр хэвээрээ. Таныг хүүхэд төрүүллээ гээд хувцас өмсөхгүй ч байж болно гэсэн үг биш. Нийгэм таныг Цэцэгээ, Дулмаа чигээр нь л харна. Харин та өөрийнхөө нэрийг хүртэл мартаад “Ээж” гэдэг гурван үгээр бусдад гайхуулах учиртай гоо сайхнаа далдалж болохгүй. 

Тэр бүү хэл та ээж боллоо гээд сайхан найз нөхөд, баяр хөөр, эмоци, хобби, таныг та болгодог тэр зүйлсийг мартаж болохгүй. Жишээ нь, би нийтлэл бичихээрээ өөрөө өөрийгөө дахин олж харж, өөрийгөө бүтээдэг. Яг үүн шиг та оёдол хийхээрээ, эсвэл хэн нэгэнд сайхан урмын үг хэлэхээрээ дахин өөрийгөө энэ чинь нээрээ БИ шүү дээ, би ийм л байсан гэдгээ мэдэрдэг бол түүнийгээ хэзээ ч орхиж болохгүй. Яагаад гэвэл тэр зүйлс таныг Дулмаа, Цэцэгээ болгодог юм шүү дээ. 

Тийм ээ, эхийн хайр хариу нэхдэггүй учраас та үрээсээ хэзээ ч хариу нэхэхгүй. Гэхдээ та хүн. Та робот биш учраас яг одооноос өөрийгөө хайрлаж, хүүхдүүд шигээ, нөхөр шигээ аз жаргалтай, баяр хөөртэй, эрх чөлөөтэй байх ёстой. 

 

Таны амжилтын өртөг хэд вэ…

 

 

Үнэнийг хэлэхэд, ээж болсон эмэгтэй хүн, ээж болоогүй ганц биеэр яваа эмэгтэй хүн хоёрын хооронд эр/эм гэдгээс ч илүү их том зай, ялгаа бий. “Нью-Йорк таймс” сонины нэгэн нийтлэлд дурдсанаар эмэгтэй хүн жирэмсэн болсныхоо дараагаас эхлэн мэргэжлийн ахиц амжилтаа үргэлж бууруулахаас аргагүйд хүрдэг гэжээ. Ээж болно гэдэг эдийн засгийн хувьд тэр чигээрээ эрсдэл үүрнэ гэсэн үг. Яагаад гэвэл “Ээж” гэж таныг хэн нэг нь дуудахад л та тэр бяцхан зүрхнүүдийн төлөө ажлын амжилтыг ч юман чинээ санахгүй. Хүүхдийн чинь сургуулиас хуралтай гэж дуудахад та заавал очих ёстой. Хүүхэд өвдвөл ээж ажилдаа явалгүй хүүхдийнхээ эм танг өгч, асарч тойглох ёстой. Байрны түрээсийн эзэн ирж байраа шалгах, хивс цэвэрлэгээ дуудах зэрэгт ээж л гэрт үлдэж, ажлаа хойш тавих ёстой. Хэзээ ч эр хүн гэрт үлдээд хивсээ цэвэрлүүлээд, байр түрээслэгчтэй хэл амаа ололцоно гэж үгүй. Тэр бүү хэл ханиад хүрсэн хүүхэддээ ганц халбага эм эвтэйхэн уулгачихдаг аавыг та харсан уу?

Ээжүүд хэчнээн эрт боссон ч ажилдаа явах цаг нь унтаж унтаж сэрсэн нөхрийнхтэй нь яг л ижил байдаг. Нөхөр дөнгөж сэрж, нойрмог нүдээ нээж байхад эхнэр хэдийнэ хүүхдүүдээ хувцаслаж, өглөөний цай бэлдэж, нөхрийнхөө ажил дээрээ идэх өдрийн хоолыг хүртэл бэлддэг.

 

Эмэгтэйчүүд хүүхэдгүй юм шиг ажиллаж, хүүхдүүдээ өсгөхдөө

ажилгүй юм шиг амьдрах ёстой... 

 

Ажил дээрээ яг сайхан улайраад ажлаа хийж байтал нөхрөөс тань зурвас ирнэ. “Машины улсын дугаарын тооллого эхэлсэн гэнэ. Би яаралтай ажилтай байгаа болохоор оффисоосоо гарч чаддаггүй. Чи энэ ажлыг хариуцаад авчихаач” гэх нь тэр. Та гүн амьсгаа аваад, нүдээ аниад бодно. Тэгээд хариуд нь “Тэгэлгүй яахав, хайраа. Би ажлаа хаяад чиний захисныг хийе дээ” гэнэ. 

Гэрийн ажил, хүүхэд асрах, нөхрийн хоол ундыг бэлдэх гээд буман ажлаасаа арай гэж мултарч ажлынхаа ширээн дээр аяга кофе уугаад сууж байхад чинь ийм зурвас ирлээ гээд төсөөлөөд үз. “Чи энэ ажлыг хариуцаад авчих уу” гэдэг нь юу гэсэн үг вэ… Энэ үгээрээ нөхөр минь ямар дэмжлэг надад өгөөд байна вэ, тэр намайг дэмжээд байна уу, эсвэл тушаагаад, ажилтандаа өгдөг зааварчилгаа шиг зүйлээ надад илгээгээд байна уу. 

Нөхрөөс тань ийм зурвас ирээд, та түүний хэлснийг хийсний дараа хэнд шагнал ирдэг гээч, мэдээж нөхөрт чинь. Тэр ажил дээрээ танаас илүү удаан суудаг учраас амжилт мэдээж, түүнийх. Тэр таныг элдэв аар саар ажилдаа “зарах” учраас тэр ажил дээрээ илүү төвлөрч, танаас илүү өндөр цалин авна. Бид ч бас ажил дээрээ ажилдаа төвлөрч, хүссэн цалингаа авч, өөрийн өндөр орлоготой байж яагаад болохгүй гэж. Яагаад. 

Эрчүүд шиг ажил дээрээ удаан сууж, өндөр цалин авахын тулд эмэгтэйчүүд хүүхэдгүй юм шиг ажиллаж, хүүхдүүдээ өсгөхдөө ажил хийдэггүй хүн шиг хангалттай олон цагийг тэдэнд зарцуулах ёстой болж байна. 

Болдог бол “Ээжийн татвар” хэмээх зүйлийг шинээр бий болгож, төрүүлсэн хүүхдүүдийнхээ тоогоор, нөхрийнхөө төлөө хийсэн ажлын тоогоор, гэр бүл, хүүхдүүдийнхээ төлөө зарцуулсан хугацааныхаа хэрээр урамшуулал, цалин бодуулдаг болчихвол эмэгтэйчүүд эрчүүдээс дутахааргүй хөрөнгөлөг байхсан. 

 

Таны эрүүл мэнд ямар өртөгтэй вэ...

 

7000 ээжийн дунд явуулсан стресс бухимдлын төвшний

судалгааг 10 оноогоор дүгнэхэд эмэгтэйчүүдий бухимдал 8.5 оноонд тултлаа их байжээ.

 

Эрчүүдийн төлөө гаргасан цөхрөл, гомдол, хичээл зүтгэл бидний оюун санаанд ямар ачаалал үүсгэдэг бол. АНУ-ын “Today” шоу нэвтрүүлгээс орон даяар 7000 ээжүүдийн дунд стресс бухимдлын судалгаа явуулахад тэдний стрессийн төвшинг 10 оноогоор дүгнэхэд 8.5-аар хэмжигдэж байжээ. Тэгвэл АНУ-ын шинжлэх ухааны “Brain and Behavior” сэтгүүлийн саяхны тайланд дурдсанаар эмэгтэйчүүд эмх замбараагүй байдалд эрчүүдээс хоёр дахин илүү бухимдаж цөхөрдгийг баталсан байлаа. Үүнийг хиртэй оймсоо ийш тийш шидлэх эр нөхөр юу ч болоогүй юм шиг суухад эхнэр боож үхэх гээд байдгаар тайлбарлаж болох. Яагаад гэвэл эрчүүдэд ариун цэврийн ойлголт эмэгтэйчүүдийнх шиг төгс байдаггүйгээс тэр байж мэдэх...

 

Бидний нийгмийн амьдрал ямар өртөгтэй вэ...

 

 

Нийгмийн өндөр гаралтай, эмэгтэй удирдагчдын 43 хувь нь хүүхдээ асрахын тулд амжилтынхаа замаас хазайхаас өөр аргагүй болсноо мэдэгджээ. Коллежийн боловсрол эзэмшсэн мундаг боловсон хүчин эмэгтэйчүүд ажлын талбар дээр гараад удаагүй байтал ар гэрийн амьдрал зохиох нас хэвийж, арай гэж нөхөр, хүүхэдтэй болсны дараа хэрхэн ажил, үр хүүхдийнхээ арыг даах вэ гэдэг асар том асуултын хариулт нуруун дээр ирдэг. 

Өнөөдөр их сургууль дүүргэж, өндөр алба тушаалд томилогдсон 10 эмэгтэй тутмын 4 нь гэр бүлээ тэжээх үүргийг хүлээж байна. Гэр бүлийн дотоод, гадаад хамаг ачааг үүрч байгаа учраас тухайн эмэгтэй ажил дээрээ айхтар мундаг амжилт гаргах тухай биш харин хэрхэн хоногийн хоолтой, үр хүүхдээ сургууль цэцэрлэгээс нь эртхэн авах тухай л бодож байна. Бас тэдний нэлээд олон нь хүүхэдтэй болсон цагаасаа эхлэн хэзээ ч дахин ажлынхаа босгыг алхахгүй байх нь нь бий. Ингэснээр зөвхөн хүүхдээ асрах, нөхрөө халамжлахын тулд тэд хамгийн бага цалинтай, хамгийн бага ур чадвар шаардсан ажлыг хийж, дотор нь ассан гал дөлөө зүгээр л намуухнаар унтраахад хүрдэг.  

 

Эр хүн гэрийн дотор байгаа тэр их ачааны тэн

хагасыг шударгаар үүрээд явах учиртай

 

Та энэ нийтлэлийг бичиж буй яг л над шиг эрчүүдтэй эн тэнцүүхэн ажлын талбар дээр өрсөлдөж, өөрийнхөө амбицыг нэгэн жигд хурдаар өөдөө дээш нь өрдөхийг хүсдэг үү. Энэ хүслээ мэдэрч байна уу? Яагаад гэвэл та хүүхдээ асраад, нөхрөө халамжлаад, гэр орны тулга тойрсон асар их ажлын ард гарахын хамт албан ажлаа амжуулж буй гайхамшигтай мундаг эмэгтэй мөн гэж би итгэж байна. Яагаад гэвэл энэ улс даяар, бүр дэлхий даяар хэчнээн олон зуун сая эмэгтэй гэр орны ажлаасаа хөндийрөөд хувийнхаа орон зайг бий болгож, хувийн амжилтаа ганц удаа ч гэсэн мэдрэх юмсан гэсэн мөрөөдөлд автаж байгаа бол. 

Үнэн хэрэгтээ миний хэлэх гээд байгаа санаа бол эмэгтэй хүний амжилт нь ээж болж, хүүхэд төрүүлсний улмаас унаж доройтоод байна гэсэн үг огтхон ч биш. Харин эмэгтэй хүнтэй дэр нэгтгэж, амьдрал эхлүүлсэн эр хүн яагаад гэрийн дотор байгаа тэр их ачааны тэн хагасыг шударгаар үүрээд явахгүй байгаа юм бэ гэсэн ганцхан асуултад оршиж байна. Хэрвээ ээжүүдийн гэртээ хийдэг өдөр тутмын бүх ажлын талыг нь аавууд хийлцдэг байсан бол эмэгтэйчүүд өдийд өөрийн гэсэн орлоготой, амжилтаа хойш тавих талаар бодох завгүй явах байсан нь гарцаагүй. 

 

 

Тиймээс л гэртээ хийх ёстой бүх ажлынхаа жагсаалтыг та нөхөртөө хуваарил. Тэр тантай энэ дээвэр дор хамт байж, энэ хүүхдүүдийг өсгөлцөнө гэж, тэднийхээ төлөө амьдралаа зориулна гэж ханилсан нь үнэн юм бол тэр энэ бүх ажлын тэн хагасыг хийх ёстой. Та үүнийг өөртөө өдөр бүр сануул. 

Яагаад гэвэл эрчүүд гэрлэсний дараах элдэв хэрүүл, маргааныг үзэн яддаг хэрнээ эхнэр нь өөрт нь өгөх үүрэг даалгавруудыг чимээгүйхэн хүлээж байдаг биш гэж үү. Тэгвэл та л бүх ажлыг мэдэж, бүх зааварчилгааг өгч, бүх ачааг үүрэх байсан юм бол ханилж, нийлэх хэрэг байсан юм уу. Тэгээд ч бүх заавар зөвлөгөө өгч, хөлөг онгоцны жолоог атгана гэвэл эмэгтэй хүн өрхийн тэргүүн болж хувирч байгаа юм биш үү. Тэгвэл байраа сольчихъё гэж эрчүүдэд санал тавья. Тэд биш харин бид өрхийн тэргүүнээр цоллуулъя...

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар