Хайртай гэж авч суучихаад “Ав-гай” гэж битгий дууд

Нэг бүсгүй твиттертээ “Улс төрд байгаа эмэгтэйг өөрийг нь “авгай”, үгрийг нь “хов, жив”, яриаг нь “хэрүүл” гэх юм. “Орчуулдаг” нөлөөтэй сэтгэхүй түгээмэл байх юм” хэмээн бухимджээ. АН-ын генсек Ц.Оюундарийн энэхүү халаглалаас бодох юм их байна. Зөвхөн улс төрч эмэгтэйчүүд ч гэлтгүй ерөөсөө эмэгтэй хүнийг “ав-гай” гэж дуудах энүүхэнд. Автобусанд яваа залуухан охид хэзээ нэгэн цагт өтөлж хөгшрөхгүй юм шиг, виза картаа үзүүлэхийг шаардсан кондукторыг “Ядаргаатай авгай вэ. Түрүүн харуулсан шүү дээ, хараагүй гэжүү, хаашаа юм” хэмээн уцаарлаж байхтай тааралдсан. Сайхан охидын ээж ч гэсэн тэр кондуктортой нас ойролцоо нэгэн гэртээ сууж л байгаа шүү дээ.
Эрчүүд ч гэсэн архи, тамхи асууж дэлгүүрт халамцуу орчихоод худалдагчийг “авгай минь, юун сүртэй юм” гэхчлэн харааж загнах нь бий.
Тэр бүү хэл хайртай гэж хэзээ нэгэн цагт өвдөг сөхрөн гуйж авч суучихаад “Миний хань”, “Миний хайрт” гэж хэлэхийн оронд “Манай авгай”, “Эхнэр”, “Манай аашт” гэхчлэн ярьж, хэлж байх нь бий.
Тавьсан шаардлагынх нь өмнөөс “Ав-гай минь зүгээр байгаарай” гээд агсардаг нөхрүүд ч байх.
Тэгвэл, уучлаарай гэх байна. Эмэгтэй хүнийг “Ав-гай” гэж дуудаж байгаа хэнбугай ч хамгийн бүдүүлэг нэгэн, тийм үгийг хэлж байгаа бол та усан тэнэг. Эх хүн бол цэцэн ухаан, хатан тэвчээр, бат журам, өрх гэрийн түшиг, үр хүүхдийн энэрэл, гэгээрлийн эзэн, гэрийн чимэг.
Тиймээс ялангуяа эрхэм нөхрүүдэд зөвлөхөд та түүнийг Гэргий гэж дуудаж байгаарай. Гэр гийгүүлэгч гэргий юм шүү дээ, тэд чинь.Гэгээрлийн эзэн гэргийн шинжүүд:
-Үргэлж цэвэр ариуныг бүтээгч
-Үргэлж эв эеийг хичээгч
-Үргэлж өтгөс, өвгөдийг ачлагч
-Үргэлж буруу, зөвийг ялган ухааруулагч
-Үргэлж бодлого, шийдвэрийг сэтгэгч
-Үргэлж бузар, ариуныг ялган номлогч
-Үргэлж болох, болохгүйг ялган сануулагч
-Үргэлж түмэн олноо хайрлагч
-Үргэлж төрт ёсоо дээдлэгч
-Үргэлж улс орноо халамжлагч
-Гэрийн гэгээ, эрийн түшиг
-Үрийн энэрэл байх ёстой
С.Үүлэн
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.