Эмэгтэй хүн бол Гэгээн сүм

Нийтлэлч: Үүлэн
2013.11.12
|
3,642
Олон шөнийн нойроо хагасалж, цагаан сүүгээ хөхүүлэн хуурайлж, бүүвэйлж өсгөснийг нь биеэрээ туулж, ээжийгээ хайрлаж явсан.


Айж сандрахдаа, алдаж гишгэхдээ та юу гэж уулга алддаг вэ. Бодвол “Ээжээ” гэж дууддаг байх, тийм гэдэгт би итгэлтэй байна. Учир нь хүн болгон тэгж ярьдаг, нийтлэг сэдэв учраас  л таасан гэдэгтээ   итгэлтэй байгаа юм.

Үүнийг бичигч би вээр нэг их ухаантай, эсвэл эрт ухаан суусан, эсвэл ухаарч гэгээрсэн нэгэн биш. Дөнгөж л ухаарлын зах зух руу орж яваа, басгурван хүүхдээ өсгөж  сайн ээж болох гэж хичээж яваа ийм л нэгэн. Тэгсэн атлаа эмэгтэй хүн бол Гэгээн сүм гэж баттай хэлж байгаад битгий гайхаарай. Ийм гэдэгт нь та  хэрэв  цэцэг навч, эрхэс тэнгэрээс л төрөөгүй бол надтай адил  итгэж, бас ямар нэгэн ишлэл, зүйрлэл, өөртөө байгаа үндэслэл, гаргалгаараар батлан  тайлбарлах гэж оролдох нь гарцаагүй. Гэвч одоо түр хүлээ, эхлээд минийхийг уншаад үз хэмээн энэхүү бяцхан тэмдэглэлийг таны өмнө дэлгэж байгааг болгооно уу.

Юуны өмнө би бусдыг хайрлахаасаа илүү өөрөө илүүтэй хайрлуулж явсан гэдгээ хэлье. Айлын отгон хүүхэд гээд дэндүү эрх өссөн. Гэхдээ бас ч гэж тэнэг эрх байгаагүй.  Мөн нэг их ухаантай царайлж, худал хэлээд яахав, би бусад хүүхдүүдийн л нэгэн адил ээждээ хайртай байж, чадах чинээгээрээ туслах гэж ус түлээгээ зөөж, гэрээ цэвэрлэж, аягаа угаадаг байсан.

Хүүхэд л юм болохоор үеийнхэнтэйгээ дарвиж, тэгээд ч их төлөв эрэгтэй хүүхдүүдтэй тоглодог байсан болохоор маатагны бөмбөгөөр айлын цонхыг хагалж ээжийнхээ чихийг халууцуулж явсан. Хөвгүүдтэй зодолдож, эрэгтэй хүүхдийг зодсон хэрэгтэй ээжийгээ бас хэл амны бай болгож л явсан. Харин охидын зодоонд оролцож оройлон магнайлж байсангүй.

Охидыг өмөөрч хөвгүүдтэй зодолддог байсан даа, их төлөв. Наймдугаар анги төгсөхдөө ч, аравдугаар анги төгсөхдөө ч ээжийгээ хайрладаг л байсан. Тэгэхдээ тэр хайр ээжийгээ  гүн гүзгий  ойлгож, ухаарсан хайр байгаагүй юм билээ, одоо л бодож байхад. 23 нас хүрч, хүнтэй сууж хүүхэд гаргахдаа би ээжийгээ хайрлаж явсан. Эмэгтэй хүн хүнтэйсууж, хүүхэд гаргахаараа ээжийгээ улам илүү ойлгож, илүү ихээр хайрладаг гэж  хүмүүсийн ярихыг, бас ном зохиолд тэгж бичсэн байхыг уншиж байсан.

  Их л өвдөж зовж төрдөг юм байна, намайг төрүүлэхдээ ээж минь ингэж л өвдөж зовж, махнаасаа мах, яснаасаа яс тасалж нэг хүнийг хорвоод бүтээж дээ гэж бодохоос нулимс өөрийн эрхгүй бөмбөрч байсан. Олон шөнийн нойроо хагасалж, цагаан сүүгээ хөхүүлэн хуурайлж, бүүвэйлж өсгөснийг нь биеэрээ туулж, ээжийгээ хайрлаж явсан.  Намайг үүрээд, тэврээд, халуунд халах вий, хүйтэнд даарах вий гэж явсныг нь үр хүүхдээ өсгөх гэж хичээж, мэрийж явахдаа ойлгосон.

Гэхдээ тэр ухаарал, тэр хайрлал хүндлэл 100 хувьд хүрсэн үү, би ихийг ойлгож, бүрэн дүүрэн мэдэрсэн үү гэвэл үгүй байсан. Тэгээд хэзээ юу ойлгов гэж та асуух байх. Тийм ээ, би ээжийгээ сүүлчийн амьсгалаа татаж бурхны орон руу одсоны маргаашаас олон юмыг эргэцүүлсэн.

Намайг хайрлаад шөнө сахиулахгүй, ядарчихна гээд өөртөө ойртуулахгүй, айлгачихна гээд тэр аймшигтай хүнд өвчнийг тэсвэрлэн ёолж ч чадахгүй, намайг ганцаардана гээд үхэж  ч чадахгүй байсан  ээжээсээ Эх хүн гэдэг үрээ тэгж хайрладаг,  тийм агуу, тийм гэгээн, тийм хүчтэй, тийм зоригтой, тийм ухаантай, тийм нигүүлсэнгүйг мэдэж авсан. Тэгэхэд цагийн зүүтэй уралдан ээж минь цааш алхалж, царай зүс, сайхан сэтгэл итгэлээ надад юүлж цаашилсаар байх шиг санагдаж байсан. Тэгээд Би-ээж, Ээж-би болох шиг инээж, уйлж ч чадахгүй, тэр хувь заяатай эвлэрч суусан.

Тийм нэг үе цаг хэзээ ч юм надад ирэхэд тэр л жишгээр одоод хүн шиг хүн үлдээсэндээ сэтгэл тэнэгэр бурхны орноос харна даа гэж бодож байсан. Гэхдээ л  түүнээс хойш гэрэлгүй, галгүй, ороход галгүй хүйтэн гэр рүүгээ харихаас зүрхшээдэг болсон. Гэртээ нэг орчихвол буцаад гармааргүй тэр чигтээ байгаад л баймаар байдаг байсан.

Ээжийгээ байхад өвчин хүрэхэд эмч дууддаггүй, гай учрахад лам залдаггүй байсан бол тэр бүхэнд би айж, аргаа барж ээжээ дуудан уйлдаг болсон. Тэгээд бас л амьдралыг, хүмүүсийг ойлгож, ээжийгээ улам их хайрласан уу гэвэл бас л болоогүй, би юу ч ойлгоогүй, ээжийгээ дутуу л хайрлаад  байсан юм шигээ.

Ээжээсээ хойш  хүүхдүүд минь намайг зовоож, үсээ зулгаамаар, хаашаа ч юм орилоод гүймээр, эсвэл амиа хорломоор зовлонт өдрүүд надад цөөнгүй тохиолдсон. Тэр тоолонгоор би  миний ээж ч бас ингэж л байсан даа гэж бодож ухаарч, хатуужиж, хайрлаж, нигүүлсэж, уучилж, өршөөж, бясалгаж  амьдарч байна.  Эмэгтэй хүн  гэдэг Гэгээн сүм юм байна гэдгийг би ингэж мэдэрсэн. Тэр сүм  оршихуй, хайрлахуй, бясалгахуй, нигүүлсэхүй, энэрэхүйн увидастай. Гэгээрч, ухаарч, бясалгаж,  хайрлаж, нигүүлсч, энэрч амьдарснаараа  эмэгтэй хүн болгон Гэгээн сүм. Үүнийг уншсан эмэгтэй та ч бас Сүм, ухаарал, бодрол, харьцуулал, өршөөл уучлал, хайр энэрэл  танд өөрт чинь бий.
С.Үүлэн

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар