Бүсгүй хүний зовлон бүслүүртэй гэрийн зовлон байдаг

Нийтлэлч: Үүлэн
2013.11.13
|
5,776
“Буурал ижийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ дээ”
 
 
 
Эмэгтэй хүний тухай, түүний дотоод ертөнц, эрхэлдэг үйл хэргийн тухай хэлсэн ийм үнэн үгийг  хэдэн жилийн өмнө  Д.Нацагдоржийн шагналт зохиолч, нийтлэлч, судлаач шүүмжлэгч До.Цэнджавын нийтлэлээс олж уншсанаа санаж байна. “Буурал ижийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ дээ” гэсэн харуусал, зохиолчийн өөрийнх нь хэлснээр 
 
Түүний тэмдэглэлийн  дэвтэрт үлдсэн халаглал буюу нэхэл нийтлэл олон хүнийг юм бодуулж, ухаарлаар хөглөх гайхамшигтай бүтээл гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Судлаачид тэрхүү нийтлэлийг жинхэнэ авьяас билгийн охь болсон  гайхамшигтай бүтээл гэж дүгнэсэн байдаг. 

 
 
Тэгвэл би  ижийнхээ тухай хэн ч өнөө хүртэл тэр дайны бүтээл бичээгүй гэж саналаа нэмэрлэх байна. До.Цэнджав Дундговь нутгийн хүн. Түүний ээж говийн намхан буурай алт шиг сургаалиар  хөвгүүдээ угжиж  өсгөснийг  өнөөгийн их бичгийн хүмүүн До.Цэнджав, До.Чулуунбаатар нарын бичлэг, хэллэгээс бид уншиж, судалж, олж мэдэж байна. Ингээд олныг үл нуршин “Буурал ижийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ дээ” гэсэн зохиолчийн эмзэглэл, түүний ээжээс эдүгээгийн бидэнд өвлөгдөн ирсэн  сургааль руу эргэж оръё доо.  
 
“Бүсгүй хүний зовлон гэдэг бүслүүртэй гэрийн зовлон байдаг хойно доо” гэж хэлсэн байгаа юм. Тэр үгийг би  өөр хэнээс ч сонсоогүй, хаанаас ч уншаагүй. 
Нээрээ л бүсгүй хүн  үр хүүхдүүдээ өсгөх гэж зүдэн бэдрэн явж, ханиа халамжлах гэж, гэр орноо өнгөтэй өөдтэй, орсон гарсанд цай идээтэй байх гэж олонд нүүр тахалж байдаг амьтан. Бүслүүртэй гэр гэж бүхэл бүтэн айлын ачааг үүрч, дааж  явдаг эмэгтэй хүний тэр их үүрэг, хариуцлагыг ганцхан үгээр онож  хэлсэн байгаа юм. 
 
Ингээд нийтлэлийн хэсгээс товчлон хүргэе /мэдээж бүхэлд нь тавьчихвал зохиолчийн эрхэнд халдсан болно/. Тиймээс та бүхэн нийтлэлийг бүхэлд нь авч уншихыг хүсвэл номын санд хандана биз. Мөн энэхүү нийтлэл дангаараа, энэ нэрээрээ ном болж хэвлэгдэн гарсан юм билээ, түүнийг олж авна биз ээ. 
 
“.......Ус нутгийнхан ижийг минь Догоо гэж авгайлна. Муухай ээж гэж ертөнцөд үгүй ээ. Хүн болгоны ээж төрсөн үрдээ илч гэрлийн тэнгэрлиг, хүн гэдэг амьтны магнай, цагаан сүүний далай, ачлал эвийллийн өлгий юм. Эзж минь мөн ч гүйн хар ухаантайсан. Хүний үгэнд ухаан гэрэлтдэг хойно доо. "Хоноцын хөнжил дулаан бол айл гэрийн нэр дулаан", "Хүнийг харж зүгээ, айлыг харж гэрээ", "Хүн болно гэдэг чинь хатуу үгийг өнгөрүүлэхдээ байдаг юм шүү дээ", "Ах дүү нар гэдэг чинь бие биеэ дэрлэсэн чулуу л гэсэн үг. Нэг нь хөдөлбөл бусад нь дагаад холхидог", "Цээжиндээ харгүй явах шиг цагаан юм үгүй", "Бүсгүй хүний зовлон нь бүслүүртэй гэрийн зовлон байдаг даа", "Үүрээр босч, үрээр жаргана" гэхчлэн ярина.
 
Сарны туяа адил цээжинд сүлэгдэн үлдсэн ээжийнхээ эл үгүүдийг номын хуудаснаас өнөө болтол олоогүй, зөвхөн ээжийн минь бодож түгжрээгүй урсгаж хэлсэнүгюм.
 
-Ээж ээ, та бидэн шиг сурагч байсан бол ямар сурах бол оо?
-Буруу хойшоо, шинэ үсгийн дугуйланд ээж нь сурч байлаа. Их газрын чулуу шиг дээр доор юм сараачиж байгаад юуч л үгүй салсан даг гэж билээ. Биеэ дандаа багачилж, магтаалын цаана нуугдана. Өдрийн од шиг бухимдахдаа "Заяа нь дэлгэр" гэдэгсэн. Хараал нь ерөөл байжээ. Ээжийн минь тогоогоо хусах чимээ чихэнд хангинаж, аагтай шаргал цайны үнэр гэр дүүрэн тархах шиг. Тогоо шанага, хүүхдийн хүүхэд, хөдөө энэ гурваас ээж минь өчүүхэн ч хөндийрөхгүй байсаар мөнх бусыг үзжээ хөөрхий минь. Жаргал гэдгийг олон хүн, олон хүүхдийн хөлд дарагдахыг л боддог байж уу дээ.
 
Хормой нь хуурай явж үзээгүйсэн.
-Чи ямар мөнх биш өдий багаас хүний эх үрийг салгаж хүүхдийг уруулаад гэж хүмүүсийг хэлэхэд, яадаг юм. Би чинь энэгүй байж чадахгүй юм чинь тийм ээ... гэж тэр нялх амьтантай өхөөрдөн ярилцахдаа нөгөө хүнийхээ асуултыг нугална”. Энэ жижигхэн хэсэгт хөдөөний тэр сайхан буурал ижийн сэтгэл нь, ухаан нь, үг сургаал нь, дүр төрх нь тэр чигээрээ харагдаж байгаа юм.
 
Харин нийтлэлийн төгсгөлд зохиолч  "Буурал ээжийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ" гэсэн өчил хоргоо үгэнд эрхэм та өөрөө хариулаад үзээрэй... гомдолгүй... гэх үр хэр олон гарах бол доо? энэ мэлтгэр тэнгэрийн дор...” гэжээ. 
Би ч бас тэрхүү эрхэм үгийг уншигч танаа хаяглаж байна. Та ч бас тэрхүү асуултад хариулаад үзээрэй, эс бөгөөс зүгээр л хариулах гэж оролдоод үзээрэй гэх байна. 
 
 
 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар