Гурван бүдүүн: Ээжийгээ битгий гомдоогоорой

Нийтлэлч: Үүлэн
2013.11.14
|
1,802
Ээж гэдэг бурхныг хүн болгон хайрладаг
 
  “Гурван бүдүүн” хамтлагийнхан буюу Соёлын тэргүүний ажилтан  А.Мөнгөншагай, П.Эрдэнэ, Б.Учрахбаяр нар ээжийгээ хүндэл, ээжийгээ битгий гомдоогоорой хэмээн бусдад дуугаараа ухаарал бэлэглэдэг уран бүтээлчид билээ.  Ээж, эмэгтэй хүний тухай тэдний байр, суурийг хүргэж байна. 
 
А.Мөнгөншагай:  Уяхан ээждээ дуу зориуллаа 
“Ээжийгээ гомдоох учиргүй”  дууны  аялгууг бичээд   тэр оройдоо  хөдөө ээж дээрээ  дахиад очиж байлаа.   Тэр үед ээж минь хотод ойрхон Төв аймгийн Жаргалан суманд байсан юм. Ээжийнхээ гарын хоолыг  идэж, жаахан ярьж суугаад буцаж ирээд дутуу байсан  зарим зүйлийг  нь гүйцээсэн. Би хамтлагийнхаа уран бүтээлүүдэд ая хийхдээ ямар нэгэн нот, хөгжмийн арга, хэрэгслүүдийг гол болгоод байдаггүй. Хамгийн чухал зүйл сэтгэл байдаг  юм. Дууг сэтгэлээсээ зохиох ёстой гэж боддог. Ээжийгээ бодож суугаад хийсэн, тэр оройдоо ээждээ очсон минь намайг хөглөж, дууны  минь  аялгуу улам уянгалаг болсон. Ээждээ бичлэгээ аваачиж сонсгож  байхад  сонсоод уйлж байсан даа. Миний ээж их уяхан хүн байсан юм.  Тэр үед би дууныхаа клипийг хийхдээ ээжийгээ  оруулахсан гэж бодсон. Харамсалтай нь амжаагүй. Хүн  аливааг хожуу ухаардаг   юм билээ.  Юмыг сэтгэлд орсон, бодогдсон үед нь хойш  тавилгүй  хийж байхгүй бол болдоггүйг тэгэхэд  ойлгосон.  
 
П.Эрдэнэ: Би хоёр дүүдээ ээж нь  болж ирсэн  
-Ээждээ хайргүй хүн  энэ хорвоод байхгүй. Ээж гэдэг бурхныг хүн болгон хайрладаг. Ээжийнхээ тухай дурсахаар миний сэтгэлд “Майн баяр”-ын жагсаал бодогддог. Ээжийнхээ гарт хөтлүүлчихээд  цэцэг, шаар бариад  алхаж явсан минь сэтгэлд тод  үлдсэн.  Би айлын том хүү. Хоёр охин дүүтэй. Ээж минь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын хүн байлаа.  1997 онд хүнд өвчнөөр өвдөж бурхан болсон. Харин аав минь хотод байгаа.  Ээж минь сайхан дуулдаг байсан. Би ээжийгээ дууриасан. Сургуулийн урлагийн үзлэгт багаасаа оролцож дуулж ирсэн. Урлагийн замд анх хөтөлсөн хүн ээж минь. Янз бүрийн уралдаан, тэмцээнд хөтөлж аваачаад оруулдаг байсан юм. 1996 оны намар ээждээ “Хүү нь хамтлаг байгуулж, дуучин болно” гэхэд “Хэцүү шүү, урлагийн хүн болох. Өөр мэргэжилтэй болвол яасан юм бэ. Цагдаагийн академид орооч” гэсэн. Би цагдаа болох дургүй байсан. Хамгийн сүүлд 1997 онд ээж минь  “Миний хүү ясар мэргэжилтэй болохоо өөрөө сонгоорой.  Ээж нь чамайг хүчилж шаардахгүй. Олны хайр, хүндлэлийг дааж яваарай. Чи айлын том хүү. Энэ гэрийн хоёр дахь эзэн учраас өөрөө зөв амьдарч зүү нараа зөв авч яваарай” гэж захисан. Ээжийгээ бурхан болсны дараа бүх зүйл миний толгой дээр буусан. Дүү нарынхаа хувцсыг угааж, үсийг самнах гээд ээжийн бүх ажил надад ногдсон. Хоёр дүү минь намайг удаан зовоогоогүй. Ээж минь цэцэрлэгийн багш байсан болохоор хүүхдүүдээ эрт бие даалгаж сургасан  юм.  Өнөөдөр ч  бид гурав хэн хэн нь биеэ дааж ажил амьдралаа авч яваа. 
 
Б.Учрахбаяр: Хүн болгон ээжийгээ баярлуулж яваасай
- Манай ээж сайхан дуулдаг. Урлагийн хүн л дээ. Насаараа хөгжим тоглосон. Дуулах авьяасыг би  ээжээсээ өвлөсөн гэж боддог. Түүнээс гадна намайг урлагийн замд орж, дуучин болоход ээж  минь их дэмжсэн. Ээжийгээ дууныхаа клипэнд оруулсан. Ээж минь их баяртай байдаг юм. Бид гурвын дуулсан бүх дууг сонсох дуртай.  Бичлэгээ хамгийн түрүүнд ээждээ аваачиж сонсгодог юм.  Харин сүүлийн үед бие нь чилээрхүү байгаа.  Ээжийгээ харах гээд цаг, зав багатай байдаг болсон. Манай хамтлагийнхныг “Миний ээж” ярилцлагын буландаа зочноор  урьж, надтай утсаар холбогдож  сэтгэгдлийг минь сонсч байгаад  танай хамт олонд баярлалаа. Танай сониноор дамжуулан Монголын бүх ээж, эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүддээ аж жаргал, сайн сайхныг ерөөе. Хүн болгонд ээжийгээ баярлуулж  яваарай гэж хэлмээр байна. 
 
 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар