30 минут хүлээлгэсэн “Сорт” рестораны хүйтэн шөл

2013.11.13
|
7,159
Хүйтэн хоол идүүлэх гэж үйлчилдэг бололтой
 
Ажлын газрын хоёр бүсгүйтэйгээ Засгийн газрын зүүн талд “Хас” банк, “Туушин” компанийн завсар дахь  “Сорт” ресторанд өдрийн хоол идэхээр орлоо. Хотын төвөөл ажил хөөцөлдөж явсан учраас арай л өөр харагдахаар тэднийхийг сонгосон хэрэг л дээ. 
 
Рестораны дотоод тохижилт, интерьер дизайн өвөрмөц шийдэлтэй, тухтай байв. Бидэнд ч их таалагдлаа. Ресторан хүлээн авалттай байсан болохоор зөөгчөөс нь захиалгат бус үйлчлүүлэгчдэдээ үйлчлэх эсэхийг лавлахад “Үйлчилнэ, та бүхэн хоолоо захиалаарай” гэсэн хариу сонссон болохоор олзуурхаад тухлав. Бид гурав жигнэсэн гурилтай шөл, хачиртай талх захиалаад бараг 30 минут болов.
 
Энэ зуур элдвийг ярьж инээлдсээр сүүлдээ тэсгэл алдалгүй учрыг лавлах гэтэл зөөгч нар хажуугаар үг ч солих завдал өгөлгүй “шунгинан” одож байлаа. Хүлээж хүлээсний эцэст гурван таваг шөл маань ирсэн ч харамсалтай нь таваглаад удсан бололтой хөрчихсөн байв. Хүйтэн хоол идвэл ходоод цэрийгээд тэр өдрийн турш хэхрүүлээд хэцүү болох нь мэдээж.
 
Ийм болохоор зөөгчийг бараг л халбага сэрээгээ хангинуулах нь холгүй гүйж харайж байж дуудаж, тавагтай шөлөө халаалгахыг хүссэн юм. 
Ингээд дахиад л 20 минут өнгөрч, тавагтай шөлөө хүлээсэн хүмүүс нэг нэгээ харж, ажлын цаг нь хэрхэн хүлээлт дунд хийсэн одож буйг дэмий л цухалдан хуучлав. Ингээд урт настай хоолны түрүүч болж миний тавагтай хоолыг зөөгч авчрав. Хоёр нөхрийн маань хоол бас л сураггүй шүү.
 
Би ганцаараа идэж байх уу, хүлээх үү гээд чамгүй л эвгүй байдалд орчихов. Хоол овоо халуун байсан нь ядаж л ганц сайн мэдээ нь юм даа. 
 
Гэтэл хоёр найз бүсгүйн маань шөл байдаггүй дээ. Дахиад 15минут хүлээв. Арай гэж хоёр таваг шөл ирсэн ч хөрчихсөн, хүйтэн байв. Дахиад гурав дахиа халаалгалтай биш хэмээн бид гурав өлссөнийг ч хэлэх үү идэхээс өөр сонголтгүй болсон юм.
 Хүйтэн шөлөө талхаараа хачирлая гэсэн ч талх ч бас сураггүй шүү. Цэрийтлээ зэлгээн шөл оочлоод сэтгэл дундуур босох гэж байтал улаан цамцтай зөөгч эр тавган дээр хоёр зүсэм талх тавьчихсан ирж явдаг байгаа. Сайхан тохижилттой, муу үйлчилгээтэй “Sort” ресторанаар дахиад л лав үйлчлүүлэхгүй юм шүү. 
Монголхатагтай 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар