Эмээ болохыг хүсэхгүй л байна шүү

Нийтлэлч: Үүлэн
2013.11.21
|
3,569
Дөнгөж 40 насны босгон дээр би эмээ болохыг хүсэхгүй л байна.
 
Дөнгөж 40 насны босгон дээр би эмээ болохыг хүсэхгүй л байна. Гэтэл гэнэт л нэг өдөр өлгийтэй хүүгээ тэвэрсэн жааахн охин ирээд “Та эмээ болсон” гэдэг байгаа. Шууд л шоконд орчихож байгаа юм чинь. Ингээд би эмээ, манай 19 настай том хүү аав болчихдог байгаа. Арай дэндүү юм. Өөрөө миний гараас гараагүй  нялх амьтан шүү дээ, миний хүү чинь.
 
Өглөө ээжийнхээ хийж өгснийг идэж угаад хичээлдээ гарна, орой мөн л миний гарыг хараад аяга хоолоо хүлээгээд сууж байдаг. Арай л би хувцсыг нь угааж өгдөггүй юм. Хөдөө, гадаа явсан ч би  л гэр лүү гээ залгаж утсаар сэрээж хичээлд нь явуулна, эмнэлэгт үзүүлсэн ч мөнхийн дагаастай. Шүдээ үзүүлэхэд нь ч хүртэл би дагаж явдаг юм шүү дээ. Гэтэл одоо аав болчихдог, нэг л сэтгэлд буухгүй байна. 
Тэгээд энэ бүхэн юунаас болов оо, цаашид яах билээ гээд түмэн бодолд автаж сууна.
 
Би чинь 20 жилийн зээлтэй ганцхан өрөө умгар  байранд, 19-тэй том хүү, 16 настай бага хүүгийнхээ хамт амьдардаг  өрх толгойлсон ээж шүү дээ. Энэ гэрийн ажил хийж, талхны мөнгө олдог  ганц хүн нь би. Байрны зээл, гурван хүний хоол унд, өмсөх, зүүх, утасны төлбөр, автобусны  мөнгийг чадан, ядан залгуулдаг. Хоёр хүүгийнхээ ааваас 13 жилийн өмнө салсан. Ажил хийхгүй, архи ууж агсам тавихаас өөр нэмэргүй, бас болоогүй ээ байгаа юмыг маань бүгдийг хулгайлаад архинаас өгчихдөг , үг хэлэхээр өөд уруугүй зодож, тамхины галаар түлэх, хадаасаар хатгахаас эхлээд, хажуудаа савтай бензин, боодол шүдэнз  тавьчихаад шатаана гэж дарамтлан  нойргүй хонуулж тамалдаг  хүнээс салахаас яахав.
 
Тэр хүн миний амьдралын 10 жилийг үрж, хоёр хүүхэдтэй болгоод салсан. Салахад том хүү  10, бага нь 8 настай байсан. Өнгөрсөн хугацаанд цалин буусан өдөр араас нуугдаж дагаж байгаад цүнх, түрийвч булаах, эсвэл автобусны буудал дээр нам цохиж унагаачихаад мөнгийг минь аваад бултах, гудамжинд чулуугаар шидэн зодож цохиж элдэвлэж явснаас биш  хоёр хүүдээ ганц талх аваад өгчихөөрэй гэж мянган төгрөг  ч өгч байсангүй.
 
Сүүлийн хэдэн жил харин тэр зодуур, нүдүүр надаас холдоод амар байгаа юм. Зүгээр ч тийм болчихоогүй барьцаа төлж байж, би ч зөрүүлж ам өчгийг нь авч байж хатуу тохироо хийсэн нь тэр л дээ. Түүнээс цагдаа, шүүхэд хандаад нэмэр болоогүй. Цагдаа дуудахаар ирдэг ч, нөхрийг маань хөтлөн хашааны ард очоод хоёр халаасыг нь суйлж үзчихээд буцаагаад явуулчихдаг байсан. Итгэмээргүй ч нүдээрээ харж, биеэрээ туулж ирсэн энэ амьдрал минийх, тийм учраас би бичиж сууна шүү дээ.
 
Энэ бүхнийг дурьдахын учир мөнөөхөн эрт эмээ болсныхоо учрыг л ухаж бодож суугаагийнх. Ханилсан, ханилаад салсан нөхөр маань ийм, ямар ч тусгүй амьтан. Дээрээс нь би ах дүү, садан муутай. Нэг ах байна, хожуу гэрлэсэн учраас  дөрвөн дагавар хүүхэдтэй  эхнэр авсан, сүүлд өөрийнх нь хоёр хүү нэмж гарсан, олон хүүхэдтэй ах мнь амьдрал тааруухан, эрүүл мэндээр ч маруухан  хөгжлийн бэрхшээлтэй  60 гаруй насны нэгэн бий. Ажил, амьдрал гээд цагаан сараар л нэг золгох юм, бусад үед бүү мэд. Нэг эгч бий, долоон хүүхэдтэй,  нөхрөөсөө салсан, хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан 50 нас шүргэж яваа нэгэн.
 
Надаас тус дэм хайна уу болохоос ямар ч тус дэм байхгүй. Найз нөхөд надад байхгүй. Уг нь бол байсан. Баяр цэнгэл болж, эсвэл миний тус хэрэгтэй үед л надтай нөхөрлөж байснаас надад зовлон тохиосон үед тэдний хэн нь ч намайг гээгүй. Ээж минь нас барж хөөдөнөөс хотод ирээд хөлөө олох гэж ядаж явахад ирээгүй болохоор нь би найзуудаа ээжтэйгээ хамт оршуулчихсан. Ингээд л хоёр хүүгээ хөтлөөд амьдрах гэж зүтгэж явсаар өнөөдрийг хүрчээ, би.
 
Гэтэл эмээ болчихлоо, бас нэг идэх ам, тэжээлгэх хүн нэмэгдэж байна, миний амьдралд. “Эцэггүй хүүгийн толгой том”  гэгчээр том хүү маань нүднээс далд ийм л юм хийж явдаг байна шүү дээ. Энэ бол гэр бүл салалтаас 100 хувь болсон гэж бодож сууна. Би өөрийгөө өмөөрөх гээгүй л дээ, үнэндээ талхны мөнгө олох гэж ажил гэж зүтгэсээр ар гэрээ, хоёр хүүгээ бараг л мартах шахдаг.
 
Өглөө тэр хоёрыг унтаж байхад гараад шөнө унтаж байхад нь л гэртээ орж байгаа юм чинь. Амралтын ганц өдрөө ч гэртээ бараг байхгүй, нэмэлт ажил, цагаар хийх  юу байна гээд л гардаг. Тэр болгон хоёр хүүтэйгээ илэн далангүй ярьж хөөрч байсангүй. Интернэт орчин хөгжсөн болохоор, сургуульд нь нийгмийн ажилтан энэ тэр байгаа,  бас гэр бүлийн боловсрол энэ тэр гээд хичээл ордог юм олж мэдэж, ухаарч ойлгож байгаа гэж боддог байлаа.
 
Найдаж ч явлаа. Би буруу бодож байжээ. Дан ганц ээжийн  зүгээс би хэлж, ярьсан ч хангалтгүй л байсан болов уу. Эх хүн үглэдэг болохоос эр хүний амьдралд үлгэр үзүүлнэ гэж юу байхав. Яагаад ингэж хэлж байна гэвэл,  гэрийн эр хүн, аав нь хөвгүүддээ “Эр хүн ийм байдаг, эмэгтэй хүн, охидууд ийм байдаг. Ийм охидууд ийм л байдаг, тухайлбал аав нь ингэж алдаж байлаа, Харин ийм охин, тийм хүүхнүүд бол” гээд өөрийн амьдрал, туулсан замналаас жишээ татаад ярихаар өөр.
 
Нэг үгээр хэлбэл, практик талаас сургах, чиглүүлэх, төлөвшүүлэх юм л даа. Манай хоёрт тийм юм илт дутагдсан нь өнөөдрийн байдалд хүргэлээ гэж бодож байна. Бас өмөөрөх юм биш, манай хоёр ч бас ухаан муутай байна. Ганцаараа яадан ядан амьдралаа авч явж байгаа ээжийгээ хараад өрөвдөхгүй байна гэж үү. Юун өөрөө том болоогүй байж аав болох вэ. Гэхдээ одоо би хүүгээ юм бодож байгаа, ухаарч ойлгоод гэмшиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Уруу царайлж, уйлаад суудаг болсон байна лээ. Харин надаас хэзээ  уучлал гуйхыг  нь мэдэхгүй. Хүсээгүй байтал эмээ болсондоо уур минь их хүрч байна. 
С.Үүлэн 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар