Мартсаныг сануулагч “ховч”

Нийтлэлч: Үүлэн
2013.11.22
|
3,904
Над шиг мартамхай болчихоогүй биз?
 
Ажил гэж нервтсээр байгаад ой санамж муудаж байх шиг байна аа. Хамаг юмаа мартаад, бүр таг мартчихаад байдаг болж. Хөгширч зөнөх болоогүй л байлтай. Тэгээд эмчээс асуулаа, стресс, ядаргаа хоёр хавсрахаараа мартамхай болгодог гэсэн утгатай юм хэллээ. Завгүй, ажлын ачаалал их, дээр нь юмаа мартаад хэцүү юм. Тэгээд нэг арга оллоо.
 
Ерөөсөө гэртээ жижигхэн самбартай болъё, маргаашийн ажил, хүүхдүүдийнхээ хичээлийн хуваарь, хааяа харж байхад урам өгч, ухаарал хайрласан суут хүмүүсийн ишлэл үгнүүдээс биччихдэг байя гэж бодлоо. Харин тэр “Их мэдэгч” бас “Ховч”-ийг хаанаас авах вэ, үнэ нь ямар байдаг бол гээд бяцхан судаллаа.
Эхлээд бичиг хэргийн дэлгүүрүүдээр орлоо. “Голден фен”-ийн салбаруудаар хэслээ. Байх нь байна, жаахан үнэтэй юм. Өлгөдөг, өлгөдөггүй, зөвхөн нэг талд нь бичдэг, эргүүлээд хоёр талаар нь бичдэг гээд янз бүр. Хэмжээ том, жижиг гээд төрөл бүрээрээ байна. Балаар бичдэг ,шохойгоор бичдэг гээд төрөл төрлийнх.
 
Миний сонирхсон А-З хэмжээтэй нэг талаар бичдэг самбар 25 мянга  гэнэ. Хоёр талаар бичдэг нь 28 мянган төгрөг гэж байна. Зах дээр арай хямд байх болов уу гэж бодоод арай ойрыг нь бодоод 100 айлын барилгын материалын зах руу явлаа. Тэнд тавиур, самбар хийж зардаг, мөн урдаас оруулж ирдэг дэлгүүр байдаг гэж найзаасаа дуулсан юм . Үнэхээр тийм дэлгүүр байна. “Бичгийн самбар зарна, хаягаар хүргэнэ” гэсэн хаягтай юм байна. Би хоёр талаараа бичдэг самбар авлаа. Хэмжээ А-3, хананд өлгөдөг. Хоёр сэтгүүл зэрэгцүүлсэнтэй л адил, жижигхэн бас авсаархан. Үнэ нь ч хямдхан, 18 мянга.
 
Гэтэл бичиг хэрэгслийн дэлгүүрт үүнтэй адил хоёр талаараа бичдэг бус нэг талаараа бичдэг самбар 25 мянган гэж байгаа юм чинь. За тэгээд гэртээ ирээд үүдний ойролцоо өлгөчихлөө. 10  ширхэг соронзон тогтоогч 1200 төгрөгөөр аваад хүүхдүүдийнхээ хичээлийн хуваарийг тавьчихлаа. Зүгээр юм байна шүү.
 
Сонин дээрээс хүүхдүүдээ уншаасай гэсэн сонирхолтой бичвэр олж аваад самбартаа тогтоочихлоо. Маргааш өглөө 09 цагт гэрээс гарахдаа  түлхүүрээ нэг давхарын дэлгүүрт орхих, аан тийм хүүхдийнхээ багштай 11 цагт утсаар ярих, найз Алимаагийн охины төрсөн өдөр нөгөөдөр, бэлэг авах, Цэцгээд 2 ном өгснөө нэхэж авах гэхчлэн мартах вий гэсэн зүйлүүдээ бичлээ. Одоо санаа зовох юм алга. Өглөө сэрэхдээ самбараа хараад аан тийм шүү гээд гарч өглөө. Энэ өдөр овоо юмаа мартсангүй, над шиг мартамхай болсон бол ийм “Ховч”-той болоорой, хө. 
С.Үүлэн 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар