Одоогийн охид гэж муулмааргүй ч, муухай зүйлүүд байх юм

Нийтлэлч: Үүлэн
2013.11.24
|
12,040
Амьдралд алдахгүйн тулд яах ёстой вэ?
Хоёр хүн таарч тохирохгүй бол, хэсэг хугацаанд амьдраад салбал, хадамтайгаа таарамжгүй бол, түүнээс гадна эмэгтэй хүн өөрөө хүмүүжил муутай, хүнийг хүндэлж сураагүй, ах зах хүнийг дорд үзэж, доромжлоод сурчихсан бол  юуны өмнө эмэгтэй хүн өөрөө л зовно, алдааны ихийг, ачааны ихийг үүрнэ. Тийм болохоор аливаад эхнээс нь бодолтой ханд, ухаантай бай, тэвчээр гарга. Хэнд юу гэж хэлэхээ, хэнтэй яаж харилцахаа эргэцүүл. Ээж, аав нар  ч бас охиноо зөв хүмүүжүүл. Та нараас бас их юм шалтгаалж байна шүү. 
Надад  л лав ийм юм учирсан.
 
Том хүү маань 11 дүгээр ангиа төгсөөд нэг охинтой үерхсэн. Айлын эрх дураараа охин байсан. Тэр охин өдөржин мессэж бичиж, утсаар залгаастай. Манай хүү цайгаа ууж байна, гэртээ байна, хичээлээ хийж байна, хоолоо идэж байна гээд л наян найлзуурхай, далан булчирхайгаа тоочоостой. 00-д удаан баасан тухай хэрүүл хүртэл болж байх юм, утасны хоёр талаас. Нөгөөх нь худлаа гэж хашгираад л, манай хүү үнэн гэж орилоод л. Тэр нь уг нь үнэн, манай хүүгийн гэдэс өвдсөн байсан юм, тэр өдөр.
За тэгээд болоогүй ээ, нэг өдөр найз охин нь хүүг маань надтай, ээжтэй нь хардлаа. Цайгаа уугаад сууж байтал утас нь дуугарлаа, тэгээд ярьж байна “Ээж цай чанаад уугаад сууж байна” гэсэн чинь “Худлаа, чи муу хэнтэй байгаа юм” гэж байснаа “Алив наад авгайгаа яриул” гэлээ. Тэгсэн хүү маань “Ээжээ та дуугар даа. Би байна аа гээд ярь даа” гээд утсаа ойртуулж байна. Уур хүрээд явчихлаа  би  утсыг нь аваад “Чи яасан цадиггүй хүүхэн бэ, ээжтэй нь хардаж байхдаа ичээч чи.
 
Дөнгөж арваннэгдүгээр анги төгссөн хүүхэд байж хаана ингэж хардаж сэрдэж сурдаг байна аа. Чи ч явчихсан амьтан байна даа, чааваас” гээд аваад хаялаа. Хүү маань ээжээ, та яах гэж айлын хүүхдийг загнаж байгаа юм бэ гээд л унжийгаад явчихлаа. Тэр өдрөөс эхлээд  хүүгээ ямар хөгийн юмтай яваад байгаа юм гэхээс ой гутаж эхэлсэн. Удалгүй хүүг маань тэр  охин  “Чиний эх намайг загнадаг хэн бэ, үхээсэй тэр авгай. Би чамаас болино, сална”  гээд л нөгөө охин утсаар дарамталж, айлгаж  загнаад л . Манай хүү царайчлаад байгаа дуулдах болов. Гэтэл нэг өдөр “Чи эхийгээ надаас уучлал гуйлга” гэдэг байгаа.
 
Хүү намайг “Та уучлал гуй” гэж байна. Би “Битгий солиор” гэсэн. Ингээд хүү маань тэр хүүхнээ өмөөрч, гэрээсээ дайжлаа. Гэрт нь ирүүлэхгүй болчихсон. Хамгийн сүүлд гэрээсээ зугтахдаа  “Найз охин дуудлаа явлаа”  гээд харайгаад боссон юм, нэг өдөр.  Би дагаж гараад машиных нь урдуур гараа алдаж зогсоод хүүгээ явуулахгүй гэлээ. Намайг шүргэж унагаачихаад давхиад явчихсан, тэгээд зургаан сар тэнэсэн дээ.  Тэр охинтой л хамтдаа тэнэж, тэнд энд хонож, зугаацаж яваа сураг дуулдаад таг чиг.
 
Аав бид хоёр нь салаад 13 жил болж байгаа юм л даа. Гэхдээ би аав руу нь яриад хэллээ. Хүүгээ сургаж хэлээ гээд найз охиных нь дугаарыг өгсөн юм. Тэр охинд бас сургааль хэл гэсэн юм. Хэлж л дээ, тэгж болохгүй энэ тэр гэж. Гэтэл ямар хариу ирсэн гэж санана “харахад дуугүй царайлсан доожоогүй новш минь. Чамаас үг сонсох нь байтугай би өөрийнхөө төрсөн эх, эцэгээрээ юм хэлүүлж үзээгүй, тонил цаашаа.Дуугүй хүний доодох нойтон царайлсан тэнэг минь” гэжээ.
 
Зургаан сарын дараа хүүгээ би олж авсан, сургуулиасаа гарчихсан, гудамжны хүн шиг гэрээс гарахдаа бүтэн,шинэ байсан хувцаснууд нь нооройж, уранхай цоорхой муу юмнуудаар заримыг нь сольж өмссөн, өрөвдөлтэй гэж. Бас болоогүй ээ, нөгөө охиноо айлынх нь залуутай хардсан ч юм уу, хаашаа юм зодолджээ. Нэг тийм асуудлаар цагдаа дээр дуудагдаад.  Би үглэлээ, “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” гээд л. Хүүдээ найз охиных нь бичсэн мессэжүүдийг уншууллаа.
 
Та  яах гэж мессэж бичсэн юм, угаасаа айлын эрх охин ээж аав нь ч үг хэлэхээс айдаг юм. Тиймээс таны буруу. Угаасаа та өөдтэй үг дуулах ч үгүй” гэж байна. Миний дотор бол тэр чигээрээ мөс хөлдчихсөн. Ээж рүү нь утасдаад охиных нь тухай хэллээ. Тэгсэн өөдөөс “Манай охин биднээр үг хэлүүлдэггүй юм аа. Бид охиндоо үг хэлдэггүй” гэж байна лээ. Та ч гэсэн хэлээд нэмэргүй, хэлэх ч хэрэггүй гэж байгаа юм уу, хаашаа юм. Тэгээд би тэр ээжид ингэж хэллээ “Та охиндоо тэгвэл хэлээрэй, яагаа ч үгүй эрт янз бүрийн харилцаанд орж, цагаасаа эрт хүүхэд энэ тэр гаргах вий. Жирэмсэн болж хүүхэд гаргах нь эмэгтэй хүн л зовно шүү дээ” гэсэн. Харин хүүдээ уур хүрээд байнга  үглэдэг боллоо.  Гэр дүүрэн хэрүүл, тэр охины тухай.
Гэсэн ч миний хүү тэр охинтой  үерхээд яваад л байсан. Эцэст нь нэг өдөр өөрөө залхсан даа, тэр охиноос. Ээжийгээ машинаар шүргэчихээд ганцхан тэр охин руу тэмүүлж байсан хүү маань “Айлын эрх танхил хүүхэд яасан ч хэцүү байдаг юм бэ дээ” гээд уйлаад сууж байсан. Би гайхсан. Ээж нь үхсэн ч тэр охин л байвал сайхан амьдрах юм шигээр зүг чиггүй гүйж  явсан хүн шүү дээ, миний хүү.
 
Гэтэл тэр охин үнэхээр залхааж, сэтгэлийг нь хөргөж, гомдоож, түүнээс ээж нь хэлээд, аав нь хэлээд эргэж буцахгүй байсан шүү дээ. Ингээд тэр охинтой үерхэхээ больсон. Саяхан тэр охин хүүгийн минь хүүг төрүүлсэн, сар ч болоогүй байгаа. Эргэж нийлэхгүй сэтгэл, хамтдаа амьдрахгүй амьдрал ингэж бий болж байна. Би эх хүний хувьд хүүгийнхээ найз охиноор өөрийгөө хүндлүүлж бөхөлзүүлэх гэсэнгүй, хүн шиг харилцахыг л хүссэн, бас шаардсан. Би тийм эрхтэй гэж бодож байна аа, өөрийгөө. Миний хүүгийн насаараа амьдрах хань зөв хүмүүжилтэй, зөв хүн байгаасай. Бид хамтдаа л амьдралыг туулна шүү дээ. 
 
Жич: Аан тийм миний бичвэрийг уншигч та ийм нэгэн амьдрал гэдэг өнцгөөс харна биз. Ухаант уншигч минь та харин учиргүй хошуу амаа билүүдээд доромжлоод, дооглоод байх утгагүй. Надад тохиолдсон амьдрал учраас нууж хаалгүй, бас үйл явдлыг үнэнээр нь л бичлээ. Би яадаг билээ, ямар зан ааш гаргадаг билээ гэдгээ эргэцүүлээсэй гэж залуу охидоос хүсч байна. Бүгдийг нь элэг бүтэн, инээд хөөр дүүрэн, аз жаргалтай сайхан амьдраасай гэж хүсч байна.  Энд бичиж байгаа маань ч үүний төлөө юм шүү. 
С .Үүлэн
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар