Ц.Төмөрбаатартай: Ижий биднийг загнаж, зэмлэхийн алинд ч “Чи Цагааны Цэгмидийн хүү шүү” гэдэг

2013.11.19
|
248,016
Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатартай ижий гэдэг ариухан ертөнц, эмэгтэйчүүдийн талаар хөөрөлдлөө.
 
 
 
-Юуны өмнө танаас ээжийн тань тухай асууя. Драмын урлагийн алтан үеийн нэрт жүжигчин Цагааны Цэгмид агсны арын албыг дааж, үр хүүхдээ өсгөж ирсэн ч тэр бүр олны өмнө  гарч байгаагүй  хүн бол таны ээж. Аль нутгийн хүн билээ?
 
- Ижийн уг гарал  Сүхбаатар аймгийн Дарьганга сум. 1924 онд тэнд төрсөн.Өөрийнх нь ээж ядуу, хөрөнгө  чинээ муутай хүн байж. Жин тээж явсан хүмүүст ижийг өргүүлснээр хүрээнд ирсэн гэдэг. Хүүхэд байхад “Ээж ээ, та хаана өссөн юм бэ” гэхээр “Өндөр хог дээр л өсөхгүй юу” гэдэгсэн.
 
Тэгээд өргөсөн  аав, ээж дээрээ  өссөн.Аавтай суухад нь өргөмөл аав, ээж нь амьд сэрүүн байсан гэнэ лээ. Ганц ээж ч биш гурав, дөрвөн айлын хүүхдийг өргөсөн айл байсан гэдэг юм. Одоо дүү нар нь бий. Ээжийн дүү нараас Балдан гэж  малын их эмч хүн байдаг. Ээж дээр байнга ирж, бидэнтэй уулзаж байдаг. 
 
Ижий аавтай маань Өвөрхангай аймгийн Хужиртын амралтад  анх танилцсан гэж дурсдаг сан. Ингээд гэр бүл болж, таван хүүхэд төрүүлж өсгөсөн нь бүгд тус тусын ажил, амьдралтай болчихсон, өөрийг нь өргөж асраад явж байна. 
 
-Аавын тань тухай  юу хэлдэг вэ? 
 
-Аавтай чинь арав гаруйхан жил ханилж суухдаа жаргал, хүний хайр гэдгийг үзсэн. Тиймээс  “Ээж нь өнөөдөр  энэ ертөнцөөс бурхны  оронд яван явтлаа чухамдаа  сайхан хүнээр хайрлуулж, сайхан хүний үр, хүүхдийг тээж төрүүлж, өсгөж, сайн сайхан байсан учраас үр хүүхэд нь хүртэл сайн сайхан байгаасай гэж өдий  хүртэл зүтгэлээ”  гэж  ярьдаг. Одоо ижий минь бие  эрүүл сайхан ч, нас өндөр болж, тамир тэнхээ  жаахан доройтож байна.
 
Ижийгээ бид эцсийн өдөр хүртэл сайхан жаргааж, тусалж дэмжиж, ачийг нь хариулна гэж боддог. Бид бүгдээрээ  энэ ертөнцөд буугаад мордож байгаа улс шүү дээ. Ижийгээ буугаад мордох энэхэн  хугацаанд нь сэтгэлийг нь амар, сайхан байлгахсан гэж хичээж байна.
 
 -Хүн болгон ижийгээ баярлуулах гэж хичээдэг. Гэхдээ хүний мөс чанар муудсанаас тааруухан мэдээлэл ч дуулдах болжээ? 
 
-Хүний, тэр дотроо монгол хүний сэтгэхүй тэр шүү дээ. Сүүлийн үед монгол хүний мөс чанар муудсан. Ээж, аав, ах эгч эсвэл дүүгээ тамир тэнхээ нь муудахаар асрамжийн газар хаячихсан байх жишээтэй. Иймэрхүү зүйл телевизээр гарахаар сэтгэл өвдөж, үймэрдэг.  
 
-Үр хүүхдээ гудамжинд орхисон, төөрүүлсэн ээжүүдийн  тухай та ямар бодолтой байдаг вэ? 
 
-Ямар ч муу ээж, аав  байсан, худал, хуурмаг үйл хийсэн байлаа гэхэд  үр хүүхэд нь  мартаж болшгүй, мартагдашгүй  ганцхан гавьяа нь төрүүлж, өсгөсөн явдал. Тэр хүүхдийг төрүүлэнгүүтээ орхисон ч байж болно. Гэхдээ түүнийг энэ дэлхийд төрүүлсэн нь юугаар ч солишгүй гавьяа юм. Үүнийг л хариулах ёстой.     
 
-Хүний үр хүүхэд ижийгээ инээлгэж, заримдаа уурлуулж бухимдуулах ч  бий. Та сахилгагүй байв уу? 
 
-Ижий биднийг загнах, магтах сайшаах алинд ч дандаа зүйр үг хэлнэ. За миний хүүхдүүд хичээл, номдоо шамдаарай. Аав чинь  ажилсаг, халамжтай хүн  байсан. Тэгж инээдэг, ингэж уурладаг байсан гээд л  ярьдаг. Хүүхэд байсан болохоор нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргах үе байна.
 
Тэгэхээр “Нохойн толгойг ширээн дээр тавихаар шороо руу өнхөрнө гэгчээр хүн хэлээд байхад ерөөсөө орой  руу нь орохгүй шүү” гээд загнана. Ижий тэр бүр магтаад байхгүй. Амнаас нь “За ашгүй дээ, миний хүү” гэдэг үг гарвал тэр нь дээд зэргийн магтаал, сайшаал  болно. Мөнгө, төгрөг, идэж уух зүйлд огт тооцоо хийхгүй. Нэг кг чихэр, эсвэл алим  авсан ч ширээн дээр тавьчихна.
 
Дураараа аваад идчихнэ. Тэр дуусвал дуусч, үлдвэл үлдэнэ. Аавыг өнгөрснөөс хойш жаахан тиймхэн болсон шиг байгаа юм.  Нягтлан бодогч нарын цалин  450 төгрөг, дээр нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр гээд хэдэн төгрөг авдаг ч хаа хаана хүрэлцэхгүй  чихэр, жимсийг  ширээн дээр тавьсан ч үлдсэнийг нь жаахан бор авдартаа хийчихдэг  болсон. Биднийг ямар ч хүүхэдтэй нөхөрлөж байсан юм хэлэхгүй.
 
“Найзын чинь эцэг эх ямар хүмүүс байна”  гэж хааяа асууна. Муу хүнийг ч цааш түлхээд байхгүй. “За хүүхдүүд минь найзалж, нөхөрлөж болно. Бие, биедээ муу юм зааж өгч болохгүй” гэхээс өөрийг хэлэхгүй. Би ч их сахилгагүй байлаа. Ижий бухимдах  үе байсан байх,  жаргалтай сайхан үе ч  байсан л биз.Хааяа  урт ургуулсан хумсаараа чимхнэ. Чадалтай үедээ намайг өргөөд хаячихдаг л байсан. 
 
-Дуртай, дургүй зүйлүүд нь юу байв? 
 
-Монгол эмэгтэйчүүдийн л адил, сайхан сүүтэй цай чанаж, чанасан мах таваглаад налайж суух дуртай. Биднийг аль болох хүнээс дутахгүй байлгах гэж боддог шиг байгаа юм. Анх зурагт,  радио гарахад аваад тавьчихсан байсан. Аливаа шинэ юмыг болж өгвөл авчихдагсан. Чадалтай үе ч байсан байх, чадал хүрэхгүй дутаж, хэцүүдэж явсан өдөр ч тохиолдож  байсан. Манай гэр бүлд мандаж байсан, гутарч гундаж байсан үе бий. Давж чадсан болохоор миний ижий үнэхээр агуу хүн. Өнөөдөр ижийгээ хараад би нулимс гаргахгүй байхын  аргагүй. Миний ижий С.Батсүхийн дуулдаг  “Ногоон торгон дээлээрээ хэчнээн жил гоёлоо доо” гэдэг дуу шиг өөрийнхөө хийсэн дээлээр гоёж ирсэн. Ижий их уран. Гэхдээ хүнд  дээл хийдэггүй. “Долгоржав гуай нэг сайхан дээл хийгээд өгөөч” гэхээр нь “Би өөрөө, өөрийгөө л болгодог. Тийм уран хүн биш. Чамд таалагдах , таалагдахгүй  юм бий. Өөр сайхан оёдог хүнээр хийлгэ” гээд буцаана.  
 
-Сайхнаас гадна их ганган бүсгүй байсан гэж театрын томчуул дурссаныг санаж байна. Тийм ижийн дэргэд өсөхдөө юу мэдэрсэн бол? 
 
- Дарьганга хүүхнүүдийн донж, намбыг ээжээсээ   харж өсчээ. Ижий минь их дэгжин. Нас сүүдэр өндөр болсон ч туфль өмсөх гээд...энэ гутлаар чинь яах юм бэ гэж л байсан. Одоо  чадал тэнхээгүй болсон болохоор  хөлд нь  эвтэй,  дулаахан гутал өмсч  байна. Түүнээс биш тэнхлүүн явахдаа туфлиэс  ер салахгүй шүү. Хүрээтэй  гоё малгай, цүнх, дээлээр гангардаг. Сандал дээр суухдаа хүртэл их  донжтой.  Хүнтэй ярихдаа их ихэмсэг, харц дээгүүр байна. Үнэхээр  дэгжин хүүхэн байсан юм даа, ээж минь. 
 
-Та нарыг хүмүүжүүлэхдээ юуг голлож  анхаарсан бол? 
 
-Ижий биднийг өсгөж, хүмүүжүүлэхдээ бүгдийг  дээд боловсролтой, тэр дотроо дөрвийг нь урлагийн хүн болгосон. Том ах маань геологийн инженер, Иркутск хотноо уул, уурхайн сургууль төгссөн юм. Аав маань ээжтэй суухдаа  төрийн өндөр гавьяа шагналд хүрчихсэн байж. Ээжийн хэлдгээр гэр бүл батжиж, дэвжиж, ид сайхан үе дээрээ  аав минь бурхны оронд явчихсан гэдэг юм. Эх хүний хувьд, тэр том хүний  хань ижлийн хувьд гэр бүлийг  өнгөтэй өөдтэй, нэр хүндтэй авч явах гэж их чармайлаа. Ямар ч гэсэн үр хүүхдийг нь гараас гаргалаа, сургууль соёлоор явууллаа гэж ярьдаг юм.
 
Миний ижий  үнэхээр агуу хүн гэж би боддог. Тэр том хүнтэй суугаад амьдралд ташуурсангүй. Нэр хүндэд нь бялуурсангүй. Эх хүний, хань ижлийн үүргээ гүйцэтгэж, үр хүүхдүүдээ муу авч явсангүй. Үнэхээр ажилсаг, сайн ээж. Аавыг цаг, завгүй ажиллаж, эсвэл кино зураг авалтад явчих үед бүхий л бололцоог  гаргаж өгч, ар гэрийн асуудал, хоорондоо хоёр насны зөрүүтэй  нялх нойтон хүүхдүүдээ  харж асарч ирсэн. Тэр том хүний амжилт дээр амжилт,  хийж бүтээхэд  боломж  олгоно гэдэг эмэгтэй хүний хувьд бүхий  л ухаан, хүч чадлаа зориулсан. 
 
Амжилт, алдаа дутагдлын алинд ч ижий  “За хүү минь ээ, чи  Цагааны Цэгмидийн үр удам  шүү” гэж хэлдэг. Тэр нь биднийг хурцалж, зарим үед даруулга болж  энэ амьдралд өөдрөг зөв,  хүний дайтай явахад  цаг мөнхөд уриа дуудлага, нөгөө талаар мундаг бай гэсэн сануулга  болж ирсэн. Тэр мундаг Цагаан Цэгмидийн хүү байж яаж би муу явах юм бэ. Аавынхаа нэрийг муугаар дуудуулахгүй юм шүү  гэж боддог, дор бүрдээ хичээж зүтгэдэг дээ.
 
Миний ижий олон таван үг хэлээд байдаггүй. Би түрүүн хэлсэн дээ загнах, зэмлэхийн алинд ч  “Чи бол Цагааны Цэгмидийн хүү шүү” гэдэг юм. Тавын таван хүүхдийг нь төрүүлж өсгөж, мэргэжлийг нь өвлүүлж явна гэдэг ээжээс минь асар  их тэнхээ шаардсан байх. Одоо хүртэл аавын минь ажиллаж, амьдарч байсан түүх, хувийн архив, зураг хөрөг  ижийн минь нямбай гараар хадгалагдсан хэвээр, манай гэрт байдаг юм.
 
Одоо хүртэл янзаар нь авчирна гэдэг  бас л том ухаан. Амьдралын эрхээр эдэлж, хэрэглэж байсан хувцас хэрэглэлийн заримыг  зарж үрсэн л байх. Гэхдээ  хэт хутга, барьж байсан хөөрөг нь бидэнд уламжлагдаж ирсэн. Энэ бүхнийг бодоход ээждээ баярлаж, өрөвдөж байдаг. Чадал тэнхээтэй явахдаа намайг яаж зодож байснаас эхлээд энхрийлж өсгөсөн нь одоо ч  нүдэнд харагддаг.
 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар