Ёстой sorry!

Нийтлэлч: Үүлэн
2013.11.24
|
4,116
Өөр газар зогсоод өөрийгөө хар...
 
Манай гэрт нэг ийм явдал боллоо. Би бямба гаригт амарлаа. Том хүү гадуур явж бага хүүтэйгээ гэрт өнжсөн юм. Зүгээр юм ярьж байтал ер нь жаахан номын дуу сонсгоод авъя гэсэн шүү юм бодогдлоо. Тэгээд үглэхгүй юу. За тэгээд ам халаад “Ах чинь хичээлээ таслаад л, ном сурахгүй хэрэг алга. Чи тэгэв дээ. Одоо ахыгаа байж байгааг царайг хар даа, чи тэгэв дээ.
Намайг зовоов доо, гайтай юм. Ерөөсөө юмаа эмхэлж цэгцлэхгүй юм. Ахынхаа нийлж байгаа юмнуудыг харж байна уу, чи тэгэв дээ”  гэхчлэн үглэх, захих хоёрыг хослуулж сууна аа, нэг мэдсэн чинь. Гэтэл хүү уурлалаа. “Та юу яриад байгаа юм бэ. Агааг загнаж байгаа бол өөрт нь хэлээч. Надад ямар хамаатай юм бэ. Би өөр хүн шүү.
 
Би ямар ах шиг хичээл тасалсан юм уу. Та өөрт нь хэлээч дээ. Ямар яршигтай юм бэ энэ чинь, гарахаас даа”  гээд хувцсаа өмсөөд гараад явчихлаа. Гарсан хойно нь бодлоо. Нээрэн л ахад нь бухимдаж явдгаа дүүд нь гаргаж, дэмий баахан үглээд, чи тэгэв, ингэв гэсэн байна. Тэгэхээр үглэсэн маань  ач холбогдлоо өгсөнгүй, харин  чихэнд чийр болох гэгч нь болж  гэртээ тогтохгүйд хүргэж гадагшаа гарч, цаашаа тэнэх нэг шалтаг болов оо хөөрхий. 
 
Эр хүн чалчих, үглэхэд дургүй гэж би уг нь мэднэ л дээ. Тэгсэн атлаа л мэдсээр байж бухимдсан үедээ  өөрийгөө хянах чадваргүй болчихоод үглээд байдаг юм байна. Үглэхээр хүү маань гэртээ яаж тогтох вэ, тэгээд тэнэдэг юм байна. Хоёрдугаарт, ах чинь тэгээд байна, чи тэгэв дээ, чи энэ эгчийгээ хар даа, арчаагүй гэж гэхчлэн загнаж болдоггүй юм байна. Айлын хүүхдүүд бүгдээрээ адилхан байх албагүй. Тэгээд ч хүн гэдэг чинь алтан  арвайн ширхэг  зүүний сүвэгч дээр тогтох төдий адил мянгад ганцхан тохиох  хувь тавилан. Бурхнаас илгээсэн тэр бэлэг өөр хаана ч байхгүй ганцхан хувь байдаг.
 
Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гээд л бид ярьдаг даа. Тэр ганцхан хувь хүнийг бусадтай   адилтгаж, эсвэл хэн нэгэнтэй  зүйрлэж загнах хэрэггүй юм. Бусдын хийсэн алдааг чи тэгнэ, чи ингэнэ гэж ирээд үглэхээр дотроо огт өөрийг бодож, төлөвлөж, хийж хэрэгжүүлж яваа хүүд маань хүнд тусч таарлаа. Ах нь алдаа хийснээс тэр ямар буруу хэрэг тарьсан биш. Үглүүлэхээр ч юм хийсэн биш. Зүгээр л ярьж, ойлгуулах байтал бухимдлаа түүнд гаргачихлаа.
 
Зүй нь би “Ах чинь ингээд байх юм, ээж нь сэтгэл зовоод ойрдоо нойргүй хоноод, ажил дээрээ ядраад байх юм. Ах чинь өмсөөд тайлсан хувцсаа эвхээд тавьчихгүй юм. Ээж нь л ажлаа тарж гэртээ  орж  ирээд эмхлүүлэх юм. Ядаж чи  өөрийнхөө хувцсыг эмхлүүлж тавьчихвал том тус хүргэлээ гэж мэд” гэхчлэн ярьсан бол хүү маань дотроо нэгийг эргэцүүлэх байж гээд амаа барилаа. Өнгөрсөн борооны хойноос цув гэгч л энэ байх даа. Үүнээс хойш түүнээс хойш л бодъё.
 
Заримдаа ажил, амьдрал гэж явсаар бид чинь би хэн билээ, яах гэж орчлонд ирсэн билээ, би гэртээ хэрхэн аж төрж, хүүхдүүдтэйгээ яажшуу харилцаад байна. Болж байна уу, болохгүй юм юу байна. Яавал дээр вэ гэхчлэн бодож эргэцүүлдэггүй юм байна. Эцэст нь өөрийн бодлоо хуваалцахад ганцаараа байхдаа бясалгаж бай, бидэнд хааяа ч гэсэн  өөр газар зогсоод өөрийгөө харах чадвар хэрэгтэй юм байна. Нүдээ аниад өөрийгөө хар... Тэгээд харахад.... чи хэн байна...сайн хар даа.
 
Хүүхдийнхээ нүдээр өөрийгөө хар, хөрш айлынхныхаа нүдээр өөрийгөө хар, нөхрийнхөө нүдээр хар, нөхөр биш зүгээр нэг эр хүн гэж бодоод түүний нүдээр өөрийгөө хар...тэгээд өөрийгөө олж ав. Би бол өнгөрсөн бямба гаригт өөрийгөө олоод харчихсаан. Ёстой sorry, дахиж тэгэхгүй. 
С.Үүлэн 
 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар