Хербалайф муу юу, сайн уу?

2013.12.01
|
31,875
Сар бүрийн бүтээгдэхүүнүүдээ аваад явж байтал клубын багш маань намайг гэрээ байгуулвал бүтээгдэхүүнээ хямд авна гэж хэд хэдэн удаа ятгасан юм.
Энэ асуултад шууд хариулахад маш хүндрэлтэй юм шиг санагддаг. Яагаад гэвэл одоог хүртэл яг энэ тал дээр сайн судалгаа хийсэн бие даасан дүгнэлт гараагүй юм билээ л дээ. Тийм болохоор шууд цээжний пангаар янз бүрийн юм ярихад бэрх. 
Зөвхөн өөрийн жишээн дээрх тайлбараар эхэлье л дээ. Би төрөөд 12 сар болж байхдаа энэ бэлдмэлийг хэрэглэж эхэлсэн. Би гурван сарын хугацаанд л хэрэглэсэн шүү. Яг үнэнийг хэлэхэд надад гурван зүйл ажиглагдсан. Нэгдүгээрт, маш хурдтай тураадаг, хоёрдугаарт, мөнгө мөнгө бас дахин мөнгө, гуравдугаарт, хоолны шингэц мууддаг юм шиг санагдсан. 
 
Хурдан турдаг шалтгаан
Хербалайф хэрэглэж буй хүний өглөөний цайнд алоетэй ус, коктейл, херба цай ордог. Харин 11 цагт уураг уудаг. За тэгээд өдөр нь үхрийн махтай шөл иднэ. Харин орой нь зөвхөн коктейл болон уураг иднэ. Хоолныхоо завсраар лууван, төрөл бүрийн ногоо, уураглаг зүйл идэх ба маш их хэмжээний ус уудаг. Ингэхээр долоо хоногт л хагас кг-аас авахуулаад жингээ хаяж эхлэх нь гарцаагүй шүү дээ. 
 
Мөнгө мөнгө бас дахин мөнгө
Хербалайфийн бүтээгдэхүүнүүдийн үнэ нэлээд өндөр. Миний нэг сарын хэрэглээний төлбөр гэхэд 160-220 мянган төгрөг болдог байсан. Нүдэн дээр тураад байгаа болохоор яалт ч үгүй өнөөх бараагаа авахын тулд нөхрөөсөө нууж нэг мөнгө гаргана, хэлж нэг авна. Сүүлдээ мөнгөнөөс болж бид маргалддаг болсон. Хүүдээ живх авах мөнгөнөөсөө хасан байж заримдаа бүтээгдэхүүнээ авна шүү дээ. Ингээд бодохоор эгэл дундаж өрхийн эмэгтэйчүүд энэ аргаар турахад нэлээд мөнгө хэрэг болох нь ч ойлгомжтой санагдсан. Тийм болохоор л би гурван сараас илүү хугацаагаар хэрэглэж чадаагүй юм шүү дээ. 
 
Хоолны шингэц муудсан 
Байнгы Хербалайф хэрэглээд байхаар янз бүрийн хоол идэх гэхээр ходоод хүлээж авахаа больчихдог юм шиг санагдсан. Би байнга хэрэглээд байсан чинь жаахан л тостой юм идчихээр цөс өвдөөд байдаг болсон. Энэ бодвол биеийг бүхэлд нь цэвэрлэчихдэг болохоор л ингэдэг юм болов уу гэж бодох болсон. Үнэн ч юм уу худлаа ч юм уу бүү мэд. 
 
Хербалайф сүлжээ гэдгийг мэдээгүй явжээ
Сар бүрийн бүтээгдэхүүнүүдээ аваад явж байтал клубын багш маань намайг гэрээ байгуулвал бүтээгдэхүүнээ хямд авна гэж хэд хэдэн удаа ятгасан юм. Гэрээ байгуулахад 96 мянган төгрөг төлдөг юм байна. Өнөөх 160 мянга ч юм уу эсвэл 220 мянга дээрээ нэмээд шүү дээ. Эхэндээ надад жаахан хэцүү санагдсан ч нөхрөөсөө гуйж байгаад 96 мянган төгрөгөө төлчихлөө. Надад нэг хар цүнх, нэг коктейл, тэгээд бас бүтээгдэхүүний үнийг жагсаасан ном ирсэн. Энэ номоо ашиглаад Хербалайфэд хэр олон хүн элсүүлнэ тэр хэрээр би бас хямд бараа авах юм байна лээ. Над шиг ажил ихтэй хүн хаана тэрийг сурталчлаад явах вэ дээ. Ингээд л би сүлжээ гэдгийг нь мэдэж авсан даа...  
 
Монголхатагтай 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#