Хайртай бол одоо л хэл, эсвэл мөнхөд март

2013.12.03
|
11,008
Түүний өлмийд шударга ёс, гоо үзэсгэлэн хүртэл үнэгүйдэж, сохор дурлал оройд нь од болон гийдэг болохоор яалт ч үгүй нэгэн насны тамлал юм.
Зүрх хүчтэй цохилж, сэтгэл нь догдлоод байна уу. Ганцхан түүнийг л харахаараа хамаг бие чинь хад чулуу мэт хөдөлгөөнгүй болоод хаанаас ч юм бүү мэд хүйтэн салхи дааруулах шиг болоод байна уу. Энэ орчлонд гав ганцаараа юм шиг үймэрч, ганцхан түүнийхээ гараас ганц удаа атгачихвал өөр юу ч хэрэггүй юм шиг хөөрч догдлоод байна уу.
Тийм ээ, энийг чинь л хайр гэдэг юм. Хэчнээн ч жил өнгөрсөн зүрхэнд чинь халуунаараа асан бадамлах мөнхийн зул юм. Хэчнээн чи түүнийг зүхэж, чамд хэрэггүй гэж буруушаасан ч догдолсон сэтгэлийн үзүүрт хайрын гурвалжин ассаар л байдаг юм. Үлээх гээд, мартах гээд, бүр орхиод явах гэхээр зүрх чинь яг л тэр мөчид зогсох юм шиг айхтар гүнзгий мэдрэмж дотоодоос чинь огшоод ирж байгаа биз дээ. 
 
Тэр чинь хайр гэдэг дэггүй дамшиг байгаа юм. Тэр хэзээ ч чамд захирагдахгүй, чамайг хэзээ ч өрөвдөхгүй, бас чамайг хэзээ ч хүлээхгүй. Чи хэчнээн гуйгаад ч тэр нэгэнт гомдчихсон бол эсвэл шийдчихсэн бол хэзээ ч урьдынх шигээ дэргэд чинь үлдэхгүй. Түүний өлмийд шударга ёс, гоо үзэсгэлэн хүртэл үнэгүйдэж, сохор дурлал оройд нь од болон гийдэг болохоор яалт ч үгүй нэгэн насны тамлал юм. 
 
Халуун энгэрт нь дулаацан жаргаж байснаа эрхгүй эргэн санах тэр нэгэн мөчид магадгүй  олон арван жил өнгөрсөн байхыг ч үгүйсгэхгүй. Он жил алсран одчихсон хэр нь өнөөх дулаахан энгэр нь, хацраас нь үнэртдэг тэр л анхил үнэр нь хүртэл яг л өчигдрийнх юм шиг үнэртээд л ирнэ. 
 
Хэлж амжаагүй үгнийхээ төлөө насаараа гэсгээгдэж, амьдын там эдлэх үү, яг одоо хэлээд санаагаа амраах уу гэсэн хоёр сонголт л бидний өмнө бий. Хайртай л юм бол хэлээд түүнийхээ санаа оноог мэдэж авах нь юутай чухал бас юутай үнэн. Харин хэлээ хазаж юу ч хэлж чадахгүй дэмий балай суусаар хайртай түүнийгээ хүнийх болоод явахыг харах юутай гаслан. Ийм тамд унаснаас яг одоо бүхнийг илчилсэн нь дээр. Учир нь хайр хэнийг ч хүлээдэггүй юм. 
 
Монголхатагтай 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар