Эхнэрээсээ салахыг нь 3 жил хүлээлээ, даанч...

2013.12.03
|
27,481
Сэтгэлээ жолоодож болдогсон бол дарж аваад хүний эхнэр болж хөөрхөн хүүхдүүд гаргамаар байна. Даанч би яаж ч хичээсэн чадахгүй юм. Түүнийг хэзээ залгах бол, хэзээ надад ямар бэлэг авч өгөх бол гэж хүлээнэ.
Би гэдэг хүн энэ хорвоод ёстой яах учраа олохгүй явж байна. Тийм болохоор сэтгэл санаагаа хуваалцахаар Монголжингоо танай сайтад хандаж байна. Намайг М гэдэг. 25 настай. Хувийн байгууллагад менежерээр ажилладаг. Нөхөр хүүхэдгүй, ганц бие. Ээж аав, дүүтэйгээ хамт амьдарч байна. Их сургууль төгстлөө л би номын хүн байсан дөө. Уг нь гадаадад сургууль төгссөн.
 
Хэл ус ч сайтай болохоор байгууллагынхаа хамаг л чухал зүйлд би явж, гадаад дотоодод зорчих гээд олон сайхан зүйл хийдэг. Хувцасны дээдийг өмсч, идэж уухын сайхныг нь л хэрэглэж байна. Намайг хэн ч гэсэн хөндлөнгөөс харахад дутах юмгүй аз жаргалтай, сайхан ажилтай залуухан эмэгтэй. Би бас гоолиг биетэй болов уу гэж өөрийгөө боддог. Ямартаа ч хажуугаар зөрсөн эрчүүд харц унагаах нь анзаарагдаад л байдаг юм.
 
Гэвч би гэдэг хүн юуны төлөө, яах гэж ингэж амьдраад байгаагийнхаа утга учрыг алдчихаад явж байна. Яагаад гэхээр одоогоос 5 жилийн өмнө нэгэн гадаад томилолтын үеэр би нэгэн залуутай танилцсан. Хэн ч харсан сайхан залуу. Өмссөн зүүснээсээ авахуулаад эдэлж хэрэглэж байгаагаараа тэр минь хэнд ч гологдохгүй. Өндөр албан тушаал хашдаг гээд түүний тухай олон сайхныг хэлж болно л доо. Анх танилцахдаа л түүний эхнэр хүүхэдтэй гэдгийг би мэдэж байсан.
 
Тэр надад анхнаасаа л найзын журмаар ханддаг байсан. Бид ажил хэргийн холбоотой явсаар сүүлийн нэг жилд яаж яваад юм бүү мэд дотносчихлоо. Би өөр хэнд ч татагдаж байгаагүй тийм их сэтгэлээр зөвхөн түүнийг л хайрлаж байна гээд бод доо. Өөр ганц бие, амьдаръя сууя гэсэн сайхан залуучууд байхад би эхнэр хүүхэдтэй тэр хүнд л өдий хүртэл татагдаад байгаадаа өөртөө ёстой харамсаад барахгүй байна. Сэтгэлээ жолоодож болдогсон бол дарж аваад хүний эхнэр болж хөөрхөн хүүхдүүд гаргамаар байна. Даанч би яаж ч хичээсэн чадахгүй юм. Түүнийг хэзээ залгах бол, хэзээ надад ямар бэлэг авч өгөх бол гэж хүлээнэ. Тэгээд түүнтэй ганц удаа л уулзахгүй бол өөрийн эрхгүй нулимс асгараад би өөрийгөө удирдаж чадахаа байчихдаг. 
 
Түүнээс явах гэж зөндөө үзсэн ч би чадаагүй. Тэр ч бас надаас явах гэж хичээсэн ч чадаагүй. Харин тэр надад нэг амлалт өгсөн. Эхнэрээсээ салах хүртэл өөрийг нь хүлээ, тэгвэл би чинийх болно гэсэн. Би түүнийг хүлээсээр одоо гурван жил болж байна. Бүх зүйл байдгаараа л үргэлжилж нэгэн хэвэнд цутгачихсан юм шиг л байна. Тэр харин ч бүл нэмж шинэ хүүхэдтэй болсон. Одоо гурван хүүхэдтэй болсон.
 
Харин би ганц бие хэвээрээ л байна. Албан ёсоор хуримлаж суугаагүй байж хүүхэд гаргаад яахав гэж санах юм. Би яах вэ. 
Энэ захидлыг уншсан хүмүүс намайг тэнэг мангараар минь дуудах байх л даа. Гэвч яагаад ч өөрчилж чадахгүй байгаа сонголтынхоо өмнө би хэн ч биш болчихоод байна. Надад туслаач. Би түүнийг орхихын тулд яах ёстой юм бэ. Би түүн шиг халуун ам бүлээрээ амьдарч үзмээр байна. Буланд нуугдаж, хүнээс далд амьдармааргүй байна. Надад үнэхээр хэцүү байна. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар