Охин үрсээ хайрлах монгол ухаан хаачив?
2013.12.24
|
11,206

Монгол Улс “ҮГҮЙ”, “БОЛЬ”, “ЗОГС” гэж хэлэх цаг болжээ.
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хорвоод тээж төрүүлсэн үрийнхээ алсын ирээдүйд санаа зовдоггүй, сэтгэлээ чилээж, итгэлээ дэнсэлдэггүй ээж, аав гэж байхгүй л болов уу. Өлгийтэй нялхаас нь өвөртөлж, хайрлаж, үнэрлэж өсгөсөн үрийг минь хорвоо ертөнц ямархан тавиланд элээхийг тааж мэдэхгүй болохоор зүрх зүссэн мэдээ унших тоолонд эрхгүй өмөлзөх боллоо. Арай ч дээ гэмээр, хэлэх үг ч олдохгүй, хүний хорвоог жигшиж зэвүүцмээр үйл явдал ар араасаа болж буй нь юутай эмгэнэл вэ.
Найз охиноо бүхэл бүтэн 48 цаг зодож хөнөөлөө, охид эмэгтэйчүүдийн хүний наймаа хэрээс хэтэрлээ, хардах сэтгэлийн балгаар эхнэрээ хөнөөжээ... Ээ бурхан минь. Арван сар хэвлийдээ тээж, баярт тэр өдөр төрүүлсэн охин үр нь хүн биш араатнаас дор нэгний гарт амиа алдана гэж эх нь хэзээ ч төсөөлөөгүй нь биз. Хүний сэтгэл тэгтлээ мөстөж орчлонгийн хүйн заадлыг энгэртээ шингээсэн эх хүний эсрэг дайн зарласан хүйтэн зууныг элээнэ гэж охин үрс минь бас төсөөлөө ч үгүй биз.
Айл гэрт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл өрх гэрийн асуудал гэсэн шошгонд харьяалагдаж, хуулийнхны анхаарлаас хол хаягдаад удаж байна. Гэтэл тэнд жинхэнэ дайн өрнөж байдгийг хэн ч мэдэхгүй. Хойд эцэг нь ээжийг нь өдөр шөнөгүй зодож, хүчирхийлж байсныг харж тэвчилгүй бяцхан хүү амиа хорлож, хартай нөхрийнхөө савраас зугатсан эмэгтэй аавынхаа гэрт толгой хоргодсоныхоо төлөө гэр бүлээрээ шатаж нас барсан хэрэг хуучраагүй байна. Энэ бол өрх гэр доторх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл зөвхөн эмэгтэйчүүд гэсэн хязгаарыг давж хавь ойрын хаа сайгүй хүйтэн жавраар хайрах болсны илрэл.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоож өгөөч, тэднийг минь хамгаалж өгөөч гэж олон ч эцэг эх, эгч дүүс, үр хүүхэд хууль хяналтынхан байтугай л газар хандаж, хөлөө хүрэх газарт уриалсаар ирлээ. Гэвч өнөөдрийг хүртэл байдал өөрчлөгдсөнгүй.
Гэвч хонгилын үзүүрт гэрэл гийхтэй адил нэгэн мэдээг саяхан олж мэдлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд Монгол Улс “ҮГҮЙ”, “БОЛЬ”, “ЗОГС” гэж хэлэх цаг болжээ. Энэ асуудлаар төр засаг, хууль шүүхийн байгуулага, олон нийт иргэд идэвхтэй, үр нөлөөтэй, тууштай, шат дараатай ажиллах хэрэгтэй байна.
Энэ ажлыг Ерөнхийлөгчийн хувьд манлайлж, санаачилж, шахаж ажиллахыгаа би үүргээ гэж үзнэ. Охин хүүхэдтэй аав хүний хувьд би охидынхоо амьдралд чин үнэнээсээ санаа зовдог. Яана даа, охидоо ардаа нуух уу, урдаа нуух уу, юу хийвэл охидоо хүчирхийлэлээс хол байлгаж болох вэ гэж бодох үе надад гардаг. Энэ тухай зохих албан тушаалтан, хүмүүст санаа оноогоо хэлж, тодорхой ажил хийхийг хичнээн удаа шаардав.
Байдал нэг л дээрдэхгүй бас өөрчлөгдөхгүй байна. Иймээс энэ баасан гаригийн 11цагаас Иргэний Танхимд байр сууриа илэрхийлж тодорхой үйлдэл хийх, шийдвэр гаргах, гүйцэтгэл шийдвэрт нь онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Санал, шийдэл байвал бичээрэй. Бид хамтраад тэмцэхэд үр дүнд хүрнэ” хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Охин үрсээ хайрлах монгол ухааныг сэргээж, эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох бат итгэл найдварыг Төрийн тэргүүнийхээ энэхүү мэдэгдлээс мэдэрлээ. Ерөнхийлөгчийн маань санал, санаачлага ажил болно гэдэгт ч эх хүнийхээ хувьд би итгэл төгс найдвар тээж байна. Итгэж байна. Охин үрсийг минь хайрлах монгол ухаан хүн бүрийн сэтгэлд цэцэглэн өндийгөөсэй. Итгэж байна...
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.