Аавууд хүүхэдтэйгээ дотносох 25 санаа

2014.04.14
|
8,054
Ихэнх хүүхдүүд ээжтэйгээ илүү дотно байдаг. Аав нь ажил ихтэй орой ирнэ, орж ирээд л удирдлага, зурагттай нөхөрлөөд суучихдаг төрх ихэнх айлд хэвийн үзэгдэл гэдэгтэй та бүхэн маргахгүй байх. Ийм болохоор аавууддаа тоглоомоо барьж гүйж очдог хүүхэд цөөхөн байх нь ч аргагүй. Ингэлээ гээд аавууд нь хүүхэддээ хайргүй гэсэн үг огт биш л дээ. Зүгээр л хүүхдээ хайрлах арга эв, тэдэнтэй тоглох тоглоомоо олохгүйдээ л ингэдэг байж мэдэх юм.
 
Гэхдээ бүгд тийм биш л дээ. Зарим аав ээжээс дутахааргүй халамж анхаарлыг хүүхдүүддээ өгч чаддаг. Иймд аавууддаа зориулаад хүүхэддээ илүү ойртох 25 санааг хүргэе. Бага насандаа аавтайгаа тоглож байгаагүй, аав минь надад зав гаргадаггүй байсан гэж хэлүүлэхгүйн тулд аавууд дараах санаанаас хэрэгжүүлж болох юм. Ээжүүд маань ч бас эдгээрээс нөхрүүддээ зөвлөж яагаад болохгүй гэж. 
 
Гижигдэх төлөвлөгөө. Хүүхэд бүхэн гижигтэй байдаг шүү дээ. Жаахаан гижигдээд өгөхөд аяндаа л тантай тоглох санаа тэдэнд ороод ирнэ. 
 
Хүүхэддээ ямар нэгэн түүх, адал явдлын тухай ярьж өгөөрэй. Магадгүй түүний өөрийнх нь тухай шинэ адал явдлаар хачирлаад ярихад хөгжилтэй байдлыг бий болгоно. 
 
Нисэх онгоц болж тогло. Заавал гартаа юм барих албагүй. Хүүгээ хоёр гартаа тэврээд түүнийг онгоцтой зүйрлүүлэн өрөөгөө тойрон нисвэл ямар вэ. 
 
Савангийн хөөсийг барихаар хүүхэдтэйгээ уралдаж яагаад болохгүй гэж. 
 
Бие биенээ хоолло. Хүүхэд тань таныг хооллохдоо зөндөө зугаатай байна гэдэгт эргэлзэхгүй байна. 
 
Хүүхдээ нуруундаа үүрч түүнийг асар өндөрт гарсан мэт мэдрүүлэх тэр мөчийг бяцхан зүрх нь хэзээ ч мартахгүй шүү. Эсвэл бүр мөрөн дээрээ үүрсэн ч болно. Аавынхаа хангай шиг нуруунд үүрүүлсэн хүүхдүүд уулсын оргилд гарснаас ялгаагүй догдолдог шүү дээ. 
 
Хүүхдийнхээ хоёр гарнаас атгаад зөөлөн үсрэлт хийхэд нь туслаарай. Мэдээж тэдний хөл гар хэтэрхий бяцхан учраас таны хөлийг даван “нисэхдээ” их л баяртай байх нь гарцаагүй. 
 
Хүүхдийнхээ нүд рүү хараад “Аав нь хайртай шүү” гэж хэлж байгаарай. Энэ үгийг өдөр бүр хэлэхээсээ бүү залхуур. Яг л өглөөний ундаа уухаа мартдаггүй шигээ энэ үгийг хүүхдүүддээ хэлж сураарай. Тэд таныг, өөрийгөө хайрлаж сурахын хамт, тан шиг зоригтой болохыг эрмэлзэх болно. 
 
Тэдний бяцхан гэдсийг үнэрлэ, үнс. Гэдсийг нь үнсэхдээ зөөлөн тургиж олон янзын дуу чимээ гаргах ч хөгжилтэй л сонсогддог. 
 
Тэднийг дэртэй зүйрлэж байгаа дүр үзүүлж болох юм. Магадгүй та тэднийг тэврээд зөөлөн дэрээ дэрлэж байна гээд унтсан дүр үзүүлбэл бяцхан дайсны цэрэг тань хөгжилтэй нь аргагүй инээнэ дээ. 
 
Гэр орны ажилд багачууд туслах үнэхээр дуртай байдаг. Дөнгөж хөлд орж байгаа үрс шүүр бариад томчуудыг дууриаж шүүрдэх гэж оролдох нь өхөөрдмөөр. Тэгвэл та хүүхэдтэй нийлж гэрээ цэвэрлэж яагаад болохгүй гэж. Тэдэнд хөнгөн даалгавар өгөөд үз. Тэнтэр тунтар алхаатай бяцхан иргэд аавынхаа өглөөний ундыг бэлтгэхэд туслахдаа ч бас үнэхээр зугаатай байх нь мэдээж. 
 
Хүүхэдтэйгээ хамт бүжиглэ. Багачуудын хамгийн сайн чадах хөдөлгөөн бол агаарт сэлэх мэт хоёр гараа хөдөлгөх. Та ч бас энэ бүжгийг түүнтэй хамт хий. 
 
“Аав морь” гэдэг тоглоом ч хөгжилтэй шүү. Тэднийг нуруун дээрээ мордуулаад та өөрөө морь болж тоглож болох юм. 
 
Нойрсож буй мангас болж жүжиглэх ч давгүй л санаа. Хүүхэд тань хажуугаар чинь  алхах, мөлхөх үед бариад авахад гэмгүй төлөвлөгөө шүү. Бөөн инээдэм л болно доо. 
 
Хөөцөлдөж тоглох төлөвлөгөө аль ч үед хоцрогдсон нь үгүй. Нэг их хол гүйчих юм шиг хөлөө урд хойно нь гишгэлэн тоодогнох бяцхан үрээ өхөөрдөн тэврэх хэчнээн жаргалтай гээч. 
 
Нуугдаж тогло. Магадгүй хүүхэдтэйгээ хамт нэг тал болон нуугдаад хайх даалгаврыг ээжид үлдээж болох л юм. 
 
Хүүхдийнхээ гараас атгаад хамт алх.
 
Хүүхэдтэйгээ нийлээд хөгжилтэй дууны хамтлаг байгуулж болох юм. Янз бүрийн дуу авиа гаргаж, хөгжилтэй дуулахад тэд ч бас хөөрөөд л ирнэ. 
 
Тэднээс асуулт асуу. Эсвэл тэдний асуултанд залхууралгүй хариул. Юу ч асууж, ямар ч хөгжилтэй хариулт хэлж болно шүү дээ. 
Хүүхдээ чин сэтгэлээсээ тэвэр. 
 
Хүүхэдтэйгээ нийлж хөгжилтэй, аюулгүй адал явдал сэд. Хэн нь хурдан хувцсаа өмсөх вэ гэж тоглох эсвэл тоглоомоо өрж том том барилга босгож яагаад болохгүй гэж. 
 
 Телевизорынхоо дууг хаагаад зурагтан дотор ярьж буй хүний өмнөөс хөгжилтэй дуу хоолой гаргахад инээхгүй хүүхэд гэж байх уу. 
 
Бие биеийнхээ хөгжилтэй зургийг ав. Хүүхдүүд зураг авах дуртай байдаг. Тэгвэл та тэр хөгжилтэй төрх гаргаж зургаа авахуулаарай. 
 
Хүүхэдтэйгээ хамт оньсого тааж болох юм. Газрын зураг, эвлүүлдэг шоо эсвэл эвлүүлдэг зураг ашиглаж болно шүү дээ. 
 
Хоорондоо бөмбөг шидэлцэж яагаад болохгүй гэж. Хүүхдүүд аав нь хэр идэвхтэйгээс хамааран нийгмийн идэвх нь ч нэмэгддэг гэдэг шүү дээ. Бас спортод ч багаасаа хорхойтой болох эсэх нь танаас ч мөн шалтгаалж мэдэх л юм. 
 
Мөн дэлгэрэнгүйг доорх бүлгэмд нэгдсэнээр мэдэх боломжтой
 Монголхатагтай 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар