Та хэзээ хүүхдийнхээ анхны хөдөлгөөнийг мэдэрсэн бэ?

2014.04.11
|
21,330
Жирэмслэлтийн хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг бол хэвлийд тань анхны хөдөлгөөнөө мэдрүүлсэн үрийн тань сулхан түлхэлт байдаг гэвэл маргах хүн ховор биз ээ.
Яах аргагүй энэ бол хамгийн гайхамшигтай мөч. Сулхан түлхэх хөдөлгөөн мэдэрч эхэлснээс хэдхэн долоо хоногийн дараа хүчтэй түлхэх, бүр өшиглөх, зангидсан гараараа хэвлий рүү нудрах хөдөлгөөнийг та мэдэрнэ гээч.
 
Эсвэл жижигхээн хөл юм уу гар нь гэлтэй зүйл гэдэсний аль нэг талд хатууран мэдрэгддэг. Гэдэс томрохын хэрээр бяцхан үрийн тань хөдөлгөөн улам хүчтэй болж, давтамж нь улам нэмэгддэг.
 
Хэзээ нүүр нүүрээ харалцах бол гэсэн есөн сарын урт хүлээлтийн эцэст хэвлий дотор тань бүжиж, эсвэл боксдож, гимнастик хийж байсан тэр нэгэн үл таних хүнтэй нүүр нүүрээ харах цаг төрөлтөөр ирдэг. “Хүүе” гэж дуу алдтал хааяахан хүчтэй нударчихдаг байсан тэр хүн чинь ийм жижигхэн, булбарай бяцхан хүн байсан юм уу гэж харахаас л хайр хүрмээр хөөрхөн шүү. 
 
Би гэхэд хүүхдийнхээ анхны хөдөлгөөнийг гэдэс дотор хий дүүрээд байгаатай андуурч л явсан. Жирэмслэлтийн 18-20 долоо хоногтойд хүүхдийн анхны хөдөлгөөн мэдрэгддэг гэдэг юм билээ. Миний хувьд 20 дахь долоо хоногт энэ мэдрэмжийг мэдэрсэн. Тэгэхэд өмнө хэлсэнчлэн гэдэс дүүрээд байгаа юм болов уу л гэж бодож байлаа.
 
Түүнээс хойш дахиад 2-3 долоо хоногийн дараа сулхан түлхэх хөдөлгөөнийг мэдэрсэн. Харин одоо бол би хоёр дахь хүүхдээ хэвлийдээ тээж байна. Үр минь хэвлийдээ зургаа дахь сартайгаа золгож байгаа. Хоёр дахь жирэмслэлтэн дээр хүүхдийнхээ хөдөлгөөнийг эрт мэдэрдэг гэж үнэн юм билээ.
 
Би энэ удаад 16 дахь долоо хоногоос нь эхлэн хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдэрсэн. Энэ үнэхээр гайхамшигтай мэдрэмж биш гэж үү. Хэвлий дотор минь нэгэн амь бүрэлдэн бий болж, өсч торниж буйгаа хөдөлгөөнөөрөө улам хүчтэй мэдрүүлж байна. 
 
Бусад ээжүүдийн хувьд жирэмслэлийн хугацаандаа хүүхдийнхээ анхны хөдөлгөөнийг хэзээ мэдэрсэн бэ. Бас ямар мэдрэмж төрж байсан бол. Энэ гайхамшигт мөчийнхөө талаар хуваалцаарай. Таны мэдрэмж бусдад гайхамшгийг бэлэглэх болно. 
Монголхатагтай 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар