Жирэмслэлтээс хамгаалах аргын сөрөг нөлөөг та яаж мэдэрсэн бэ?

2014.05.07
|
37,727
Эмэгтэйчүүд бидэнд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэнэ гэдэг нэг том даваа байна аа. Хамгаалахгүй бол хүүхэд олчих гээд байдаг, гэтэл яг одоо хүүхэд гаргах боломжгүй цаг хугацаа тохиогоод байдаг. Ингэхээр аль нэг байдлаар жирэмслэлтээс хамгаалахаас аргагүйд хүрч байна. Гэтэл жирэмслэлтээс хамгаалах аргууд хэчнээн үүргээ гүйцэтгэдэг ч сөрөг нөлөө нь бидний амьдралд, бие махбодод ямар нэг хэмжээгээр мэдрэгдсэн байдаг шүү дээ. Тэр бүхнээсээ энд хуваалцахаар шийдлээ. Ингэж хуваалцсаны дүнд ямар нэгэн арга хэрэглэх гэж буй эмэгтэйчүүд маань сонголтоо хийхэд нэмэр болохыг үгүйсгэх аргагүй.
Миний хувьд жилийн өмнө спираль тавиулсан. Өмнө нь бэлгэвчээр л жирэмслэлтээс хамгаалдаг байсан болохоор байнга арчилгаа шаардахааргүй аргыг сонгох гээд үзье гэж шийдсэн юм. Гэтэл ерөндөг тавиулснаас хойш 14 хоногийн дараа 39 хэм хүртэл халуурч, хамаг бие дагжин чичирч ажлаа ч хийж чадахгүй болсон.
 
Угаасаа спираль тавиулснаас хойш нэг л хачин доогуур өвдөөд, хөндүүрлээд байгаа юм шиг санагддаг байсан юм л даа. Тиймээс хайж хайж нэгэн эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлтэл спираль нь хөдөлчихсөн, үрэвсэл болох гэж байна гэсэн. Харин намайг азаар эрт ирсэн учраас сав нь улайгаагүй байна гэсэн.
 
Тэр ч яахав, хамгийн гол нь спиралиа авахуулах гэж нөгөөх нь гарахгүй, савны амсарт зууралдаад байгаа юм шиг өвдөөд байсан. Ийм болохоор би дахиад спираль тавиулахгүйн тулд өөр ямар ч аргыг сонгоход бэлэн байна. Ерөнхийдөө бэлгэвч нь янз бүрийн эрсдэлгүй зүгээр юм шиг санагдсан шүү. 
 
Тэгвэл 42 настай О жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийг 7 хоног уугаад цааш нь үргэлжлүүлж чадаагүй. Учир нь ходоод нь огцом өвдөж, хоол унд идэхэд ч хэцүү болсон байна. 
 
Харин 37 настай О-гийн хувьд 5 жил жирэмслэлтээс хамгаалах эмийг дагнан ууж байна. Тэрээр анх хэрэглэх үед дотор нь муухайрч зовиурладаг байсан ч сүүлдээ гайгүй болжээ. Харин нэг гэм нь тэрээр цээжин хэсгээрээ туранхай ч бөгсөн бие, гуяараа огцом таргалсан байна. Энэ нь ч жирэмслэлтээс хамгаалах эмний дааврын нөлөөнөөс үүдсэн гэж тэрээр тайлбарлаж байлаа. 
 
27 настай Б спираль тавиулаад 6 сар болсны дараа жирэмсэлжээ. Уг нь энэ арга жирэмслэлтээс 98-99 хувь хамгаалдаг гэлцдэг ч тэрээр хүүхэд олсон л байгаа юм даа. Эмч нар ургийг нь хөндөхгүйн тулд маш болгоомжтойгоор спиралийг нь авч чадсан бөгөөд тэрээр эсэн мэнд хүүхдээ тээж амаржиж чадсан юм. 
 
55 настай Л өөрийгөө савны улайлттай болсон шалтгаанаа спиральтай холбон тайлбарладаг. Олон хүүхэд гаргасан тэрээр ерөндөг тавиулснаас хойш улайлттай болсон гэж өөрийгөө үзэж байна. 
 
Тэгвэл 44 настай О спираль тавиулсан ч нөхрөө алдаж бэлбэрснээсээ хойш ерөндөг тавиулснаа ч мартан бүтэн есөн жил явжээ. Улмаар спираль нь саванд нь шигдэж, улайлт өгч, хүндэрсэн байна. 
 
Жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаарх сөрөг үр дагаврууд энэ мэтчилэн урт жагсаалт үүсгэх нь. Харин Монголжингоогийн эмэгтэйчүүд маань энэ тал дээр ямар бодолтой явдаг юм бол. Мөн эдгээр сөрөг үр дагавруудыг гаргахгүйн тулд яах хэрэгтэй гэж бодож байна вэ. Өөрсдийн туршлага, сэтгэгдлээсээ уудлан хуваалцаарай.  

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар