Жирэмсэн үед нөхрийн чанар танигддаг

2014.07.03
|
90,433
Миний бодлоор эр хүний, эр нөхрийн чанар эмэгтэйнхээ жирэмсэн үед хамгийн сайн танигддаг гэж боддог. Эхнэр нь, найз охин нь, хайртай бүсгүй нь бие давхар болсон тэр л үед эр хүн өөрийн үүрэг хариуцлагаа илүү ухамсарлаж, дараа дараагийн төлөвлөгөөгөө боловсруулж, амьдралын төлөө сөрөн зогсдог.
 
Эмэгтэйчүүд бид хайртай, дуртай гэж ханилсан нөхрийнхөө чанарыг хэдийд хамгийн их мэдэрдэг бол. Гэрлэлтээ батлуулсан анхны өдрөө юу, тоонот гэртээ өрх тусгаарласан өдрөөс үү, эсвэл хайр дурлалаа илчилсэн тэр гайхамшигт мөчүүдэд үү. Миний бодлоор эр хүний, эр нөхрийн чанар эмэгтэйнхээ жирэмсэн үед хамгийн сайн танигддаг гэж боддог. Эхнэр нь, найз охин нь, хайртай бүсгүй нь бие давхар болсон тэр л үед эр хүн өөрийн үүрэг хариуцлагаа илүү ухамсарлаж, дараа дараагийн төлөвлөгөөгөө боловсруулж, амьдралын төлөө сөрөн зогсдог.
 
Бүл нэмэх гэж байгаа учраас өөрийгөө аавын үүрэг хүлээх тэр өдөрт бэлтгэж, өрх гэрт нь юу хэрэгтэй тэр бүхнийг гүйцэлдүүлэх гэж хичээж эхэлдэг байх. Олон эмэгтэй нөхрийнхөө хамгийн сайхан чанаруудыг жирэмсэн байхдаа мэдэрсэн байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. 
 
Гэрийн эзэд маань ядаж л орой ажлаасаа тарж ирээд “Чиний минь бие яаж байна, хүүхэд минь хөөрхөн хөдөлж байна уу” гээд асуучихад л хайр халамжаа мэдрүүлж буйн энгийн жишээ болдог. Ингээд асуучихсан байхад жирэмсэн эхчүүд ямар их баярладгийг эрчүүд тэр бүр мэддэггүй байх. Бүсгүйчүүд бидэнд заавал үнэтэй цайтай эд мөнгө биш сэтгэл шингэсэн ганц ширхэг зайрмаг ч гэсэн том бэлэг болдог гэдгийг харчуул маань анзаарчихвал жирэмсэн эхнэрээ баярлуулах зөндөө аргатай гэдгээ ухаарна даа. 
 
Хосуудын хайр дурлал үр хүүхэдтэй болж бүл нэмэхээсээ өмнө омголон илчээр дүрэлзэн асч байсан бол “бяцхан”-тай болсноосоо хойш жинхэнэ утгаараа тогтвортой, дөлгөөхнөөр, тэгэхдээ бүр хэчнээн л бол хэчнээн зун мөнх юм шиг төөнөх халуун дулаан диваажин болон хувирдаг. Биеэ хувааж хүүхдээ төрүүлсэн эх хүнд чин хайрын үг хэлж чаддаг, түүний болон шинэхэн үрийнхээ төлөө хариуцлагатай, үнэнчээр амьдарч, заяагдсан тавилангийнхаа сүүлчийн мөчөө эхнэрийнхээ дэргэд үднэ гэдгээ батлан харуулж чадах нь эр хүний хамгийн том мөн чанар юм. 
 
Төрөхийн өвдөлт, зовиур, шаналгаа, нялх үрээ нойргүй хуурайлж, арчилсаар ядарч цуцсан ээжүүдэд төрөх эмнэлгээс угтан гаргах гэж цээжиндээ баяраа барьж ядан байгаа аавууд өөрсдөө жинхэнэ утгаараа бэлэг болж чаддаг. 
Хань минь өдөр бүр надад гоё үг хэлж, амттан авч ирээд байдаггүй ч байгаа байдал, үйлдлээрээ хайр халамжаа мэдрүүлж чаддагт нь гүнээ талархдаг. Аар саар маргаанд үг өдөж, ам мурийхгүй, харин ч дуугаа хураачихдаг буурьтай зан нь бас л их ухаан гэдгээр нь бахархдаг.
 
Ажлаасаа аль болох эрт ирэх гэж яаран хичээж, ирсэн хойноо ядарснаа ч үл анзааран хүүтэйгээ өхөөрдөм хөөрхнөөр тоглох нь том гэдэстэй надад юу юунаас илүү бэлэг болдог юм. Удахгүй мэндлэх үрийнхээ төлөө эмчийн үзлэгт явахад минь дандаа хамт байдагт нь талархдаг. Төрөх эмнэлгээс гарах мөчид баглаа цэцэг барьж угтаагүй ч нулимстай нүдэндээ баярын солонго татуулан тэвэрч аваад “Аав болгосон чамдаа баярлалаа” гэж шивнэсэн тэр алтан мөчийг мартдаггүй юм. Тийм болохоор л би жирэмсэн байх хугацаандаа болон төрснийхөө дараа нөхрийнхөө чанарыг хангалттай сайн мэдэрсэн гэж итгэдэг. Цаашдаа ч энэ итгэлээрээ жигүүрлэн бат бөх, амар амгалан гэр бүлийн хос багана болон мөнхөрнө гэж хайрын зулаа бадамлуулдаг.  
 
Харин Монголжингоогийн ээжүүд маань жирэмсэн үед нөхрийн чанар танигддаг гэдэгтэй санал нийлэх үү. Эсвэл та бүхэнд өөр санал бий юу. Энэ л агшинд бүгдээрээ сэтгэлийнхээ гүнийг уудлан ярилцацгаая. Та яг юу мэдэрч байна вэ...

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар