Автобусанд #2

Нийтлэлч: Муужгайхан
2014.11.28
|
31,456
Удахгүй өвөл болох гэж байгаа болохоор ойрдоо их сэрүүхэн байна. Гэвч өвөл болоход цас л дутагдаад байх шиг. Утаа нь улам ихсээд Улаанбаатарын маань өнгө улам л бараан болоод ч байгаа юм шиг.
Өнөөдөр яагаад ч юм сэтгэл тогтворгүй, ямар нэгэн зүйлд санаа зовоод эсвэл гомдоод байлаа. Гэхдээ би яг юу гэдгийг мэдэхгүй байв. Найз залуутайгаа Цамбаруу явах чиглэлийн автобусыг бараг 30 минут гаран хүлээлээ. Бид хоёр нөгөө л сурсан зангаараа жижигхэн зүйл дээрээс болоод маргалдчихна. Уг нь эхлээд даарахгүй байсан мөртлөө түүнийхээ хажуунаас холдоод, атгасан гараа тавьчихсан чинь сэтгэл дагаад ч юм уу даараад байх шиг мэдрэмж төрж эхэллээ. 
 
Автобус ирэхгүй юм байна даа, ер нь явахаа больдог ч юм уу гэж бодохын зэрэгцээ автобус ашгүй нэг юм ирэх нь тэр. Бид хоёр ч автобусандаа суугаад авлаа. Бид хоёр юм дуугарахгүй жаал зогссон ч, удалгүй маргалдсанаа мартаад юм ярьж эхэллээ. 
 
Автобусанд их юм болноо, бүхэл бүтэн амьдрал өрнөдөг. Замын түгжрээнд бол бүр ч их юм болно. Бид хоёр урд талын хаалгаар орж ирсэн болохоор кондуктор нь анзаараагүй бололтой, биднээс мөнгө авсангүй. Энэ бол оюутан хүнд тохиох сайхан мөчүүдийн нэг шүү. Хоёр буудал явах гэж бараг 20 минут түгжирлээ. Харьцаа муутай кондуктор залуу “Алив мөнгөө, арагшаа зогс, урагшаа яв” гэж орилох нь чихэнд чийртэй сонсогдоно.
 
“Өргөө”-гийн буудал дээр зогсоход, нэгэн хижээл насны эр автобусанд суух гээд орж иртэл кондуктор залуу шууд л хөөж гарлаа. Гадаа хүйтэн байхад дан савхи өмссөн тэр  эр бараг л тэр кондуктор залуугийн аавын л насны хүн гэлтэй. Гэтэл согтуу ч биш тэр эрийг адгуус мэт үзэж, энгэрлүү нь өшиглөн “Зайл” гэж муухай орилох нь ямар бүдүүлэг санагдсан гэж бодно.
 
Өшиглүүлж газар унасан эр газар тулж босч ирээд ямар нэг зүйл амандаа үглэн хувцасныхаа тоосыг гөвлөө. Харин яг энэ мөчид автобус хөдөлсөн юм. Автобуснаас хөөгдөж гарсан тэр эрээс, өөрийн эцэг шиг нь хүн байхад ийн аашилж байгаа тэр залуу илүү өрөвдөлтэй ч юм шиг. Хүнийг өрөвдөж хайрлах сэтгэл зүрхгүй, яг л мөс шиг хүйтэн цэвдэг сэтгэлтэй тэр залууг хүн гэхээсээ илүү араатан мэтээр би харсан. 
 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар