Автобусанд #3
2015.03.25
|
13,143

Ээжийн тухай дуу, шүлэг, магтаал, кино, жүжиг гэх мэт маш олон зүйлс байдаг хирнээ ягаад аавын тухай тэр бүр байгаад байдаггүй, бүр ховор байдаг юм болдоо. Хорвоо ертөнц дээр хүн болон мэндлэх тэр л агшинд чамайг тэсэн ядан хүлээж, гартаа чамайг анх удаа тэврэхдээ өвтгөчих вий хэмээн зөөлөн энгэртээ наасан.
Өглөө ажилдаа явахдаа чиний духан дээр зөөлөн үнсэж, өдөржингөө ажилаа хийж байхдаа магадгүй чамайг л боддог бизээ. Өглөө ч байсан орой ч байсан гарлаа гээд гараад явхад чинь хэлдэггүй ч гэсэн араас чинь сэтгэл нь зовж л суудагдаа. Аав гэдэг хүн ээж шиг бишээ, уурлаж гомдсон ч сэтгэлдээ нууж уйлдаг, уужуу тайван харагдав ч дотроо тэр гуниглаж байдаг.
Цагаан сарын дараа би найзындаа оччихоод харьж явлаа, сэтгэл нэг л хоосон бас гунигтай санагдаж байв. Арван минут автобус хүлээсний эцэст миний хүлээсэн автобус ирлээ. Эд өвлөө бодвол ч гадаа нилээн дулаарчихсан санагдана, урд нь хэдхэн минут зогсход л хөл чих хоёр хөлдчих гээд байдаг байсан бол одоо харин гайгүй байв. Автобусны буудал дээр байсан ихэнхи хүмүүс тэр автобусыг хүлээж байсан бололтой бүгд л шахалдаж түлхэлцэн байж сууцгаалаа.
Дараагийн буудлаас нэг залуу, хамаг байдгаар нь боож багалсан бяцхан охиноо тэвэрсээр орж ирлээ. Их л ядарсан бас халууцсан харагдах тэр залуу нүдээ хоёр тийш эргэлдүүлэн сул суудал хайв бололтой, бүгд л түүнийг харсан хирнээ хэн ч түүнд сандал тавьж өгсөнгүй. Харин кондуктор эмэгтэй “Хүүхэдтай хүнд босоод өгөөрэй” гэх дуунаар хүмүүс гэнэт сэрсэн юм шиг өндөлзөж эхэллээ. Ингээд автобусны баруун ард талын суудал дээр суугаад охиныхоо ороолт малгайг тайллаа. Алаг нүдтэй, булбарай арьстай бяцхан охин их л гайхсан янзтай эргэн тойрноо харж байснаа аавыгаа олж хараад хөөрхөн инээмсэглэв.
... Тэр залуу маш гунигтай харагдаж байлаа, нүднийх нь доор сааралтаж бүлцийгээд их л ядарсан шинжтэй. Цонхруу толгойгоо нааж суучихаад хааяа нэг нусаа шор шор хийтэл нь татах нь уйлаад байна уу гэж бодогдохоор. Нэг гартаа охиноо тэвэрчихээд нөгөө гартаа утсаа атгасан байлаа, гэтэл утсанд нь мессиж ирхэд нүдэнд нь нулимс цийлэгнэн хацрыг нь даган зөөлөн урслаа. Юу гэж бичсэн байсныг нь, түүнд юу тохиолдсоныг нь би мэдэхгүй ч тэр залууг хархад л сэтгэл өвдөх шиг болж байв.
Юу ч мэдэхгүй бяцхан охин жижигхэн хуруугаараа аавынхаа нүүрийг оролдож, ам хамарлуу нь гараа хийж байв. Харин аав нь түүнийг хэсэг зуур ажиглаж байснаа нүүрээ хацранд нь наагаад шуналтай гэгч нь үнэрлэн үнслээ. Тэгээд охиноо дахин нэг хараад түүний царайнд аз жаргал тодорлоо. Тэр аавд маш хэцүү зүйл тохиолдсон ч охиныхоо хацрыг нь үнсээд тэр бүх зовлонгоо мартчихсан юм шиг л санагдсан шүү.
Аавыгаа хайрлаарай.
Муужгайхан
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.