Д.Пүрэвсүрэн:Жаргалтай гэрлэлтийн эхлэл нь хайр, суурь нь хүндлэл юм шүү

2015.04.13
|
47,849
Тоонот гэрт толгой холбож, нялх бяцхан үрсээрээ гэрийн жавар үргээлгэн инээд хөөрөөр бялхаж амьдрах сайхаан. Эр хүн бүр халамжит хань, энэрэлт аав байж, эмэгтэй хүн бүр хатан ухаант эхнэр, цаглашгүй хайрын эх байж чадвал хүүхэд бүхэн жаргалын өлгийд торних биз. Иймд гэр бүл, гэр бүлийн харилцаа сэдвээр Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
Гэрлэлт хайраар үүсч “Хүндлэл” дээр тогтдог
 
Гэр бүл тогтвортой байхын тулд хамгийн гол нь эцэг эхчүүд өөрсдөө хүүхэддээ үлгэрлэх ёстой. Аз жаргалтай байх үндэс энд байна гэдгийг хүүхдүүд аав ээжийнхээ харцнаас, хайраас, ярианаас нь олж харна.
 
-Гэр бүлийн харилцаа гэж хаанаас эхэлдэг юм бэ? Эндээс ярилцлагаа эхлэх үү?
-Гэр бүлийн харилцаа мэдээж бие биедээ татагдахаас эхэлнэ. Хоёр биендээ хайр сэтгэлтэй бол гэрлэлт тогтвортой байх үндэслэл нь хадгалагдах ёстой юм. Гэвч сүүлийн үед анзаараад байхад зарим хүмүүс гэрлэлтийг хэрэгцээ гэдгээр нь хараад байна. Олон хүн "Би нөхөртэй болох ёстой", "Би хүүхэд гаргах ёстой" гэдэг. Яг үүн шиг хэрэгцээ гэдэг талаас нь биш харин сэтгэл, хайраараа гэрлэлтээ сонговол урт удаан аз жаргалтай амьдарна шүү дээ. Гэрлэлт хайраар үүсч “Хүндлэл” дээр тогтдог.
Эхнэр нөхрүүд багаасаа л ээж аав нь нэг нэгнээ хэрхэн хүндэлж байгааг харж түүнээс суралцдаг учраас өөрөө гэр бүл зохиох үедээ хоёр биеийнхээ орон зайг хүндэлж байж гэрлэлт удаан оршин тогтнох үндэслэлийг өөрсдөө бий болгодог болов уу. 
Гэвч одоо зах зээлийн нийгэмд гэр бүлийн харилцаа тогтворгүй болсон нь магадгүй энэ үед эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр анхаарлаа бага хандуулснаас болж хүүхэд гэр бүлээс авах ёстой гэр бүлийн болон ёс суртахууны, хүмүүжлийн боловсролыг бүрэн авч чадахгүйгээр гэрлээд байгаа болохоор гэрлэлтийг үргэлжлүүлэх ёстой хүндлэл байхгүйгээс гэрлэлт тогтворгүй болсон байх магадлалтай юм. 
 
-Гэрлэлтийн талаарх мэдлэгийг бидэнд хэн өгөх ёстой юм бэ? Гэрлэлт, хамтын амьдралын талаар хангалттай сайн мэдлэг мэдээлэлтэй болчихвол гэр бүлээ бат бөх байлгаж чадах болов уу?
-Энэ мэдлэгийг хүүхдэд ээж, аав нь өгөх ёстой. Эцэг эх нь салчихсан айлын хүүхэд тогтворгүй темпераменттэй байх хандлагатай байдаг. Ялангуяа, эцэггүй өссөн хүүхдэд анхнаасаа үлгэрлэх хүн нь байхгүй байсан учраас дураараа өсөх нь ойлгомжтой шүү дээ. Ээжтэйгээ хамт өсөөгүй бол эмэгтэй хүнийг хайрлах ухаанд багаасаа суралцаагүй юм чинь яаж бүсгүйчүүдийг хайрлаж чадах юм бэ? Гэр бүл тогтвортой байхын тулд хамгийн гол нь эцэг эхчүүд өөрсдөө хүүхэддээ үлгэрлэх ёстой. Аз жаргалтай байх үндэс энд байна гэдгийг хүүхдүүд аав ээжийнхээ харцнаас, хайраас, ярианаас нь олж харна. 
 
-Тэгвэл ярилцлагын эхэнд дурдсан хайр, хэрэгцээ хоёроо яаж салгаж сурах вэ? Заримдаа байртай, машинтай залуу өөрийн эрхгүй нүдэнд нь сайхан харагдаад байвал сохор сонголт хийчих бүсгүйчүүд байх ч юм билүү?
-Хайр гэж чухам юу юм бэ гэж хүн бүр л асуудаг. Хайранд яг үнэндээ тодорхойлолт байдаггүй. Хүн бүрийн мэдрэмж өөр. Хүн бүр хайрыг хүлээж авахдаа өөр өөрөөр мэдэрнэ. Тиймээс хайрыг тусгаарлаад ийм юм байдаг гэхэд хэцүү. Энэ бол зөвхөн тэр хүнийг байгаагаар нь хүлээж авах таны өөрт төрөх мэдрэмж. Өөнтөглөлгүйгээр хүлээж авч чадаж байгаа бол та тэр хүнийг үнэхээр хайрлаж байна гэсэн үг. Та тэр хүний сул болоод сайн талыг ч хайрлаж  байж л та тэр хүнийг бүхлээр нь хайрлана гэсэн үг. 
Харин дурлал бол өөр хэрэг. Дурлал хүний амьдралд олон байж болно. Янз бүрээр илэрч ч болно. Нэг нь оргилсон сэтгэлээрээ мэдэрч байхад зарим нь дасаад дурлаад хайрлачихлаа гэдэг. Маш олон мэдрэмж дотор нь явж байдаг учраас хэдхэн үгээр багцлаад хэлж болохооргүй юм. 
Хэрэгцээ бол ойлгомжтой. Танд мөнгө хэрэгтэй байна гэж бодъё. Тэр мөнгийг найз залуу тань танд өгөөд байна. Ингэж авах нь таны хувьд  та өөрөө ч анзааралгүй байж байтал эр хүнээс мөнгө авах ёстой гэж бодох дадал, зуршилтай болгочихдог. Тэгэхээр та заавал эр хүнээс хараат байж, заавал авах ёстой юм шигээр хандаж байгаа бол энэ нь материаллаг хэрэгцээ юм.
Ер нь хэрэгцээ гэж материаллаг  болон материаллаг бусаар илэрч болдог зүйл гэхэд болно. 
Дээрх ярьсан минь мэдээж хэрэг материаллаг хэрэгцээнд орно.
 
Хүүхэд хамгийн түрүүнд ээжийнхээ шаналж байгааг мэдэрдэг
 
Аав, ээж нь анхнаасаа дотно биш байгааг хүүхэд хэлсэн хэлээгүй мэдэрчихдэг. Тэр мэдрэмжийг хүүхэд анхнаасаа л мэдрээд өсчихвөл магадгүй "Гэрлэлт гэдэг чинь угаасаа л ийм зүйл байдаг байх нь" гэх ойлголттой болчихдог. 
-Бүсгүйчүүдийн зарим нь боломжийн амьдралтай хүнтэй суучих юм сан гэж ярихыг сонсч явлаа. Энэ нь хэрэгцээнд тулгуурлаж байна гэсэн үг үү? Боломжийн амьдралтай хүнээ олоод гэрлэлээ гэхэд амьдралд нь тэр хэрэгцээ нь хэрхэн нөлөөлөх бол?
-Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Хүмүүс өөрсдөө л материаллаг зүйл, хэрэгтэй зүйлээ хайж хараад байгаа болохоос биш үнэндээ хүн бүр сэтгэлийн амьтан байдаг. Өнөөдөр би таныг урмаар тэтгэхгүй, урмын үг хэлэхгүй байлаа гэхэд та ганц сар л урмын үггүйгээр амьдарч чадна. Түүнээс цааш танд цаанаасаа л тэр урмын үг дутагдаж байгаа учраас уур бухимдал төрж эхэлдэг. Энэ чанараараа хүн сэтгэлийн амьтан мөн байгаа биз дээ. 
Эд мөнгөн дээр тулгуурлаад гэрлэчихлээ гэж үзье. Хоёр биенийхээ хэрэгцээг нөхөөд гэрлэчихсэн, түүнийгээ ч мэддэг. Өөрийгөө ойлгуулаад ярья гэхээр ойлголцохгүй хана босчихсон юм шиг мэдрэмжүүд бий болчихдог. Юмаа ярих гээд ярьж чадахгүй үе байна. Эсвэл ярилаа ч нөгөө хүн нь ойлгохгүй байх даа гэсэн бодол төрж гэр бүлийн хүнтэйгээ улам бүр хөндий болох болно. Энэ үеэс л эхлээд үл ойлголцлууд үүсч, гэр бүл гэсэн нэрийн дор хөндий хүйтэн харилцаатай зүгээр л танил хоёр эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа амьдраад байгаа юм шиг байдал үүснэ. Энэ аз жаргалтай амьдрал мөн үү гэвэл, биш. Хоёр хүн бие биеэ санхүүгийн хувьд хичнээн хангаад байж болох ч гэсэн сэтгэлийн хувьд хангалтгүй л байгаагийн илрэл болж таны амьдрал аз жаргалгүй мэт санагдах болно. 
Гэхдээ санхүүгийн хэрэгцээн дээр тулгуурласан гэр бүлийн амьдрал заавал аз жаргалгүй байдаг гэж хэлэх гэсэн юм биш. Гэрлэлт гэх зүйлд нөлөөлөх хүчин зүйл угаасаа их байдаг учир санхүү бол заавал хэрэгцээ гэдэг утгаар нь харах, ойлгох нь өрөөсгөл ба санхүүгийн байдал харж суусан хүмүүсийн хооронд хайр сэтгэл үүсэхгүй гэж хэлж болохгүй. Хайр сэтгэл үүсч болно шүү дээ. Нэг нэгнээ ойлгож ярилцаад ухаалгаар мэдэрч, дэмжээд явчихаж болдог. Ийм байдлаар аз жаргалаа бүтээсэн сайхан хосууд их байдаг. 
 
-Энэ сэдэвтэй холбоотой бас нэг зүйл байна л даа. Манайхан хүүхдийг огт тоодоггүй юм шиг санагддаг. Дутах юмгүй сайхан л амьдарч байвал болно биз гэж хандах гээд байдаг. Гэвч ойлголцолгүй гэр бүлд өсч торниж байгаа хүүхдэд энэ нь хэрхэн нөлөөлдөг юм бэ?
-Хүүхдийн сэтгэл зүй үүнийг маш эмзгээр мэдэрч, хүлээж авч байдаг. Бид нялх хүүхдийг юу ч мэдэхгүй жижигхэн амьтан мөлхөөд байна гэж боддог. Гэтэл үгүй. Хүүхэд хамгийн түрүүнд ээжийнхээ шаналж байгааг мэдэрдэг. Аавынхаа харцнаас хараад ууртай орж ирж байгааг нь мэдэрдэг. Тэгэхээр хүүхэд гэдэг чинь тийм л эмзэг байдаг юм шүү дээ. Аав, ээж нь анхнаасаа дотно биш байгааг хүүхэд хэлсэн хэлээгүй мэдэрчихдэг. Тэр мэдрэмжийг хүүхэд анхнаасаа л мэдрээд өсчихвөл магадгүй "Гэрлэлт гэдэг чинь угаасаа л ийм зүйл байдаг байх нь" гэх ойлголттой болчихдог. 
 
-Зарим хүн хүүхдийг эрийн цээнд хүрч байж л бүгдийг ойлгодог болно гэж боддог шүү дээ. Хүүхдийнхээ дэргэд маргалдахдаа ч "Энэ юугаа ойлгодог юм" гэсэн байдлаар ханддаг нь нууц биш. 
-Монголчууд хүүхдийг 16 нас хүрэхээр нь л юм ойлгохоор боллоо гэж бодоод гэнэт амьдрал яриад эхэлдэг. Гэтэл тэрнээс өмнө тэр хүүхэд амьдралын бүхэл бүтэн төлөвшил гэдэг зүйлийг өөртөө суурилуулаад явж байдаг. 16, 18 насанд нь "Миний охин, амьдрал гэдэг чинь ийм байдаг юм шүү", "Секс гэдэг чинь ийм юм байдаг юм" гэж ярихад тэд хэдийнэ найз нөхдөөсөө энэ тухай дуулчихсан, өөрийн гэсэн үзэл бодолтой болчихсон байдаг. Үүнийг л маш сайн ойлгох хэрэгтэй. 
Хүүхэд төрөхөөсөө авахуулаад хувьсан өөрчлөгдөж байдаг. Ингэж өөрчлөгдөхөд нь хамгийн их нөлөөлж байгаа хүмүүс нь гэр бүл нь. Гэтэл бид ганцхан өдрийн дотор л хүүхдүүдээ ухааруулчихна гэж боддог. Өөрөөр хэлбэл, амьдралыг дотроо төсөөлөөд, гүн боловсруулчихсных нь дараа бид ярьж эхэлдэг. Эцэг эхчүүд өөрсдөө анхнаасаа үлгэрлэн дууриалгаагүй байж өөрийнхөө төсөөллөөр яриад байдаг. Гэтэл хүүхдийнхээ өнцгөөс харж ярьдаг эцэг эх ховор байна. 
Бид хүүхдэд асуудлыг шийдвэрлэх бодлоо шууд тулгадаг. "Би ингэж байгаа учраас чи үүнийг хий" эсвэл "Би ийм байсан учраас чи энэ хүнтэй суу" гэдэг ч юм уу эцэг эхчүүд бид хүүхдүүддээ өөрийн бодлоо шууд тулгадаг. Бүр үүнээс гадна мэргэжлээ сонгох гэдэг шийдвэрийг хүртэл эцэг эх сонгочихдог. "Миний охин эмч л бол. Өөр арга байхгүй" гэдэг. Гэтэл тухайн хүнд өөрийн гэсэн өгөгдөл бий гэдгийг ойлгодоггүй. Ингэж хүүхдэдээ бодлоо тулгаснаар ирээдүйд хүүхдээ биеэ даах чадваргүй болгох магадлалтай. Асуудал шийдэх болохоороо хүүхэд маань заавал аав ээжээсээ, эсвэл ламаас асууя гэдэг. Тухайн хүн өөрөө асуудлыг багаасаа шийдээд өсчихсөн бол шууд мэдрэмжээ дагаад юунд дуртайгаа, юу мэдэрч байгаагаа ойлгоод шийдвэрээ өөрөө гаргаад амьдрах боломжтой. Шийдвэр гаргах чадварыг хүүхэд өөрөө багаасаа л суралцдаг, яаж суралцах вэ гэхээр аливаа зүйлсийг сонгож сурах замаар шийдвэр гаргахад суралцана. Гэтэл манай эцэг эхчүүд анхнаасаа хүүхдэд шийдвэр гаргах боломж өгөлгүй өсгөсөн хэрнээ арай илүү нас биед хүрээд ирэхээр нь  хүүхдээ юу ч чадахгүй гэж гоочилдог. Энэ нь нэг талаас эцэг эх бид нар хүүхдээ хүмүүжүүлэхдээ буруу арга барилаар өсгөсөнтэй холбоотой. 
 
 
Гэрлэлтэндээ сэв суулгах зүйл битгий хийгээч гэж захимаар байна
Үнэндээ секс гэдэг мэдрэмжийг эмэгтэй хүн бүр л ижилхэн өгдөг. Эхнэр тань өгдөг тэр мэдрэмжийг заавал өөр хүмүүсээс авах гээд өөр хүн лүү явах шаардлага эрчүүдэд байхгүй.
-Таны ярианы эхэнд өмчлөх сэтгэлгээ болон хардалтын талаар дурдагдлаа. Хардалт гэдэг хүнийг найз нөхөд, ажил алба, хамт олноос нь тусгаарладаг муухай зүйл юм. Хардалтыг хүн амьдралаасаа бүр мөсөн авч хаях боломжтой юу?
-Арслан хүртэл эрслэнгүүдээ харамлаад өөр нэг эр арсланг хөнөөж байж тунхаглалаа тогтоодог шүү дээ. Энэ шинж чанар ч хүнд байх магадлалтай юм. Би энэ эмэгтэйг аваад суучихсан болохоор тэр зөвхөн минийх гэж боддог. Гэхдээ тэр "Минийх" гэдэг мэдрэмжийг заавал уур уцаарын хэлбэрээр гаргах шаардлагагүй шүү дээ. Хардалт гэдэг чинь заавал уур уцаарын илрэл ч биш. "Миний хонгор хөөрхөн шүү", "Чи минь л наддаа нар сар шүү" гээд хэлчих л дээ. Энэ чинь бас л нэг өмчлөл. Гэтэл манайхан нэг залуу эхнэр рүү нь хараад өнгөрөхөд эхнэрээ хардаад эхэлдэг. Гэтэл эхнэр үүнд буруутай юу. Бусдад гоё харагдсан нь эхнэрийн буруу биш. Энэ чинь өөрөө сөрөг өмчлөлийг бий болгож байна. Улмаар энэ нь итгэлцлийг нурааж, бие биеийнхээ орон зайд буруугаар нэвтэрж буй илрэл, ингээд ирэхээр хэн ч гэсэн бачуурна. Бүр нэг нэгнээ харахаас дургүй нь хүрдэг болно. 
 
-Гэхдээ зарим тохиолдолд гэр бүлүүдэд хардалт нь бүр дэндэх нь ч байдаг гэх юм. Эхнэр нь нөхрийнхөө халаасыг  ухаад, гар утсыг нь шалгаад л?
-Бид өөрсдөө буруу мэдрэмж төрүүлэх үйлдлийг тухайн хүний нүдэн дээр хийчихсэн байх магадлал өндөр. Тэр үйлдлийг нь мэдчихсэн болохоор л тэр хүн дараа нь итгэхгүй, хардаад байгаагийн шинж илэрч байж болно. Түүнээс биш зөв зүгээр байхад нь хардаад байвал тэр нь эмгэг болно. Хоёр хүн хоёулаа хариуцлагатай байх хэрэгтэй. Нэгэндээ буруугаар ойлгуулахгүйн тулд нээлттэй бай. Үнэхээр таныг хэн нэгэн хүн шүтэн бишрээд байвал хав дараад нуух бас онцгүй. Дараа нь үүнийг хэн нэгэн нь мэдвэл "Та хоёрын хооронд яг юу болоод байгаа юм бэ?" гэж асуух л болно. Тиймээс тухайн үедээ бага зэрэг хошигнох байдлаар "Манай ажлын нэг хүн тэгж байна лээ" гэх зэргээр бодит зүйлийг өнгөц байдлаар хэлээд сурчих. Харин нөгөө сонсч байгаа хүн нь "Тийм үү, тэгээд байна уу, аргагүй дээ би ийм л хөөрхөн бүсгүйг өөрийн эхнэр болгоод авсан байна шүү" гээд ил тод байдлыг нь дэмжээд хүлээгээд авчихдаг хандлагатай байх хэрэгтэй. Энэ нь үл ойлголцлыг бие биедээ төрүүлэхээс сэргийлж байна гэсэн үг. 
Мөн хосууддаа гэрлэлтэндээ сэв суулгах зүйл битгий хийгээч гэж захимаар байна. Нэгэнт сэв суучихсан амьдрал эргээд та хичнээн сайхнаар засаад авъя гэсэн ч цаанаа л сэвтэй байх магадлалтай. Тэр сэвийг амьдралдаа суулгахгүйн тулд гэр бүлийн хоёр хоёулаа бие биеийнхээ өмнө хариуцлагатай л байх хэрэгтэй. 
 
-Амьдралдаа сэв суулгахгүйн тулд яах ёстой юм бол. Яалт ч үгүй нэг сайхан хүүхэн харагдаад, эсвэл нэг сайхан залуу өөрийг нь эргүүлээд байхаар гэр бүлтэй хүмүүс алдаад гишгэчихдэг юм шиг. Яг тийм үед гэр бүлээ хамгаалахын тулд бид юу хийж чадах вэ?
-Тэр үед хамгийн гол нь өөрийгөө захирах чадвартай байх хэрэгтэй. Хамгийн энгийн жишээг хуваалцъя л даа. Эрчүүд эхнэртээ маш их хайртай байдаг. Гэвч нууц амрагтайгаа унтчихаад хамгийн түрүүнд тархинд нь "Манай эхнэр юу хийж байгаа бол" гэсэн бодол орж ирдэг гэж байгаа юм. Тэр эрийн сэтгэл эхнэртээ байсаар л байна гэсэн үг. Сүүлийн үед хүмүүсийн дунд "Секс гэдэг чинь хоолтой л адилхан хэрэгцээ шүү дээ" гэсэн яриа гарчихаж. Эр хүн эмэгтэй хүн бүртэй унтахад мэдрэмж нь өөр байдаг юм уу. Миний бодлоор секс гэдэг бол хүн бүрт сайхан мэдрэмж өгөх гэж л байдаг зүйл. Тэр сайхан мэдрэмжийг эрчүүд эхнэрээсээ авдаг. Харин тэр мэдрэмжээ авахгүй болсон үедээ өөр хүнээс хайж эхэлдэг болов уу. Улмаар өөр хүн рүү шилжиж тэр мэдрэмжээ олж авах гэж оролддог байх. Үнэндээ секс гэдэг мэдрэмжийг эмэгтэй хүн бүр л ижилхэн өгдөг. Эхнэр тань өгдөг тэр мэдрэмжийг заавал өөр хүмүүсээс авах гээд өөр хүн лүү явах шаардлага эрчүүдэд байхгүй. Тэртэй тэргүй төгсгөл нь яг л ижилхэн, нэг л мэдрэмжээр дуусдаг зүйл. Эрчүүд маань энэ мэдрэмжээ эхнэртэйгээ ярилцаад яаж илүү сайхан болгох вэ гэж бодох юм бол өөр хэрэг. 
 
-Олон жишээн дээр харахад яалт ч үгүй нөхөр нь өөр хүнтэй явж байгаад баригдчихдаг. Эхнэр нь сална гэж ярьж байгаад л эргээд нийлчихсэн байдаг. Ингэж нийлсэн гэр бүл эргээд аз жаргалтай байж чадах уу?
-Энэ бол тухайн хосын ухаанаас л шалтгаална. Эхнэр нөхрүүд хэрэв нэгэнт л буцаж нийлэхээр шийдсэн бол урьдын болсон асуудлуудыг дахин сөхөхгүй байх шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхгүй хэрүүл гарах бүрт урьдны асуудлуудыг дахин сөхөж гаргаад байвал хоёр биендээ сэтгэлийн зовлонг л үүсгэнэ. Тухайн эр баригдчихсан нь үнэн, эмэгтэй нь үүнийг мартахгүй нь үнэн. Ялангуяа, эмэгтэй хүний нэг зан байна. Тэр зан нь тухайн асуудлыг уучиллаа гэчихээд нөхөр нь өөр зүйл дээр жижигхэн алдаа гаргасан ч урьдны бүх асуудлыг он сар өдөртэй нь сөхөн ярих нь нөхөрт болон өөрт нь үнэхээр сэтгэлийн том шаналал болж бие биенээсээ хөндийрөх нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс эмэгтэйчүүд маань энэ алдааг аль болох гаргахгүй байвал нэгэнт хамт байхаар шийдсэн хосуудын гэрлэлт бат бөх байх болно. Эрчүүддээ хандаж хэлэхэд, эхнэр маань ингэж л байдаг юм гэсэн шиг хэнэггүй тоомжиргүй хандлагаа гэр бүлийн хүндээ гаргахаа болих хэрэгтэй. Тухайн үед эхнэрийнхээ юу ярьж байгааг нь хэсэгхэн хугацаанд ч болтугай сонсчих л доо. Яриаг нь бүтнээр сонсохоо больё гэхэд хэлэх гээд байгаа санааг нь ойлгочих. Эмэгтэй хүн эр нөхрөөсөө материаллаг зүйл хүсэхээсээ илүү, нөхөр минь намайг сонсчихоосой л гэж хүсдэг. Харин эрчүүд маань эмэгтэйчүүдийг дуугүй болчихоосой гэж хүсдэг. Ер нь 2 хүн бие биедээ тоомжиргүй хандахаа больж хүндэлж байж хосууд тогтвортой аз жаргалтай сайхан амьдрах боломжтой.
 
Бид өөрсдөө эрэгтэй хүүхдийг аав болоход бэлдсэн үү?
 
Үнэндээ тэр эмэгтэй рүү нь залгалаа гээд энэ асуудал чинь шийдэгдэх юм уу. Та тэр эмэгтэйг ижилхэн зовоолоо гээд та өөрөө аз жаргалтай болчих гээд байгаа юм уу. 
-Яг энэ сэдвийн хүрээнд эмэгтэйчүүдийн маань маш их асуудаг зүйлийг асуумаар байна. Нөхөр нь өөр хүнтэй болчихвол нөгөө хүүхэн рүү нь залгаж уур бухимдлаа гаргах уу, эсвэл юу ч мэдээгүй юм шиг царайлах уу. Эсвэл өөрөө өөрийгөө улам тордоод гоё болоод байх ёстой юм уу. Бүр өөрөөр бол өөрөө өөр хүнтэй болох ёстой юм уу. Ер нь яг ийм үед бүсгүйчүүд ямар сонголт хийх хэрэгтэй юм бол?
-Тухайн нөхцөл байдал бүр өөр өөр шүү дээ. Тэр бүсгүйтэй үнэхээр суух гээд тэр эр хүн уулзаад байгаа юм уу, эсвэл зүгээр л хэрэгцээгээ хангах гээд байгаа юм уу, бүр тохиолдлоор тийм зүйл болчихсон юм уу гээд олон нөхцөл байдлуудаас болсон байж болно.
Гэхдээ яагаад ийм юм болчихов оо гэдэг шалтгааныг бид хэзээ ч асуудаггүй. Яагаад ийм нөхцөл байдал үүсчихэв ээ гэдгийг нөхрөөсөө ядаж асуучих хэрэгтэй. Бидэнд тэр тэвчээр л их дутдаг. Хамгийн түрүүнд хэн нэгнийг буруутгахаа л боддог. Гэтэл буруу юм болгоны цаана "Яагаад" гэдэг асуулт байнга явж байдаг. 
Нөхөр нь "Би үнэхээр чамд хайргүй байсан. Хүүхдүүдээ бодоод л чамтай хамт байдаг байсан" гэвэл тухайн эмэгтэй салах тухай бодож болно. Гэтэл "Би чамдаа үнэхээр хайртай. Гэвч чи бид хоёр нэг л хөндий, хүйтэн, ойлголцоход хэцүү болчихоод байна. Тиймээс л би өөр хүнтэй болчихсон юм" гэж хэлж ч болно шүү дээ. Эсвэл "Би чамдаа хайртай ч өөрийгөө захирч чадахгүй байна. Яах вэ" гэж ч болно. Тиймээс тухайн хос маань сайн ярилцаж байж шийдвэрлэх аргаа олж авах хэрэгтэй. Бид тэгэхгүйгээр сална салахгүй, нөгөө хүүхнийг холдуулна гэхчлэн хэдхэн арга зам урдаа гаргаж тавьчихаад, зөвхөн тэр л хэдхэн арга замаасаа сонголт хийх ёстой гээд өөрийгөө зовоогоод байдаг. Эсвэл нөгөө хүүхэн рүү нь залгадаг. Үнэндээ тэр эмэгтэй рүү нь залгалаа гээд энэ асуудал чинь шийдэгдэх юм уу. Та тэр эмэгтэйг ижилхэн зовоолоо гээд та өөрөө аз жаргалтай болчих гээд байгаа юм уу. Гэтэл цаана нь яагаад энэ асуудал үүсэх болсон шалтгаан яваад байгаа шүү дээ. Тиймээс хамгийн түрүүнд шалтгааныг нь олж илрүүлчихээд, дараа нь яахаа шийдэх хэрэгтэй. 
 
-Нэгэнт сэтгэл нь холдсон хүнд очих ёстой хариултыг нь өгч чаддаг байхын тулд тухайн эмэгтэйгээс маш их тэвчээр гарах нь ээ?
-Тийм ээ. Эр ч бай, эм ч бай аль алинаас нь л их тэвчээр гарна шүү дээ. Яагаад гэвэл манай нийгэмд эмэгтэй хүнийг эхнэр, ээж байхад нь бэлдээд байдаг. Гэтэл бид эрэгтэй хүүхдийг аав болоход нь бэлдсэн үү. "Секс гэдэг чинь зөвхөн таашаал авахаас гадна чамайг насан туршид чинь хоргодох зүйлтэй болгоно шүү. Чи үүнийг хийснээр хүүхэдтэй болно. Хүүхэд чинь хайртай эсэхээс чинь үл хамааран тухайн эмэгтэйтэй чамайг уях шалтгаан болно" гэдгийг бид хэлдэггүй. Энэ бүхнээс гарах үүрэг хариуцлагыг эцэг эхээсээ олж мэдээгүй хүмүүс хүсээгүй байхдаа хүүхэдтэй болоод, цаашлаад хүсээгүй гэрлэлтүүд бий болж байна. Нэг жишээ татахад, миний таньдаг нэг монгол охин солонгос залуутай үерхдэг байсан юм. Тэр солонгос залуу сексийг зөвхөн дур тачаал гэдэг талаас нь хардаггүй, үүнд өөрөө их хариуцлагатай хандах ёстой гэсэн маш өндөр хандлагатай байдаг нь илт байсан. Энэ нь яаж мэдэгдсэн бэ гэхээр тэр солонгос залуу үерхэж байхдаа бэлгийн амьдралдаа дандаа бэлгэвч хэрэглэнэ, эсвэл гадуур нь тавьдаг байж. Үүнд найз охин нь дургүйцээд "Чи надаас сэжиглээд байгаа юм уу" гэх зэргээр лавлаж асуутал залуу нь "Би чамд хайртай. Чамаас сэжиглэж байгаа зүйл огт байхгүй. Би санхүүгийн хувьд тэнцвэрээ олоогүй байна. Бид хоёр хоёулаа оюутан. Энэ үедээ би чамайг жирэмсэн болгочихвол олон зүйлд санаа зовж амьдрах болно. Би тэгж амьдармааргүй байна. Чи ээж болоход бэлэн байна уу. Чи бэлэн байж болно, харин би аав болоход бэлэн биш байна. Тийм учраас хоёулаа энэ тал дээр их хариуцлагатай хандах хэрэгтэй. Нэг талаар би чамайг хамгаалж байна, нөгөө талаар би өөрийнхөө амьдралыг ч хамгаалж байна. Хэрэв чамд миний энэ байдал таалагдахгүй байвал чи минь өөр найз залуутай болохыг чинь би хорихгүй ээ" гэж хэлсэн байдаг. Тэр залууг ингэж ярьж, үүргээ ухамсарлахад нь солонгос гэр бүл болон нийгэм нь бэлдэж өгсөн байх. Манай Монголд энэ нөхөн үржихүйн  боловсрол зөвхөн дан ганц бие физилогийн үүднээс хүүхдүүдэд тайлбарлаж ойлгуулах биш, өөрийн амьдралын бас нэгэн хариуцлагатай үйлдэл шүү гэж тайлбарлаж хэлэх хэрэгтэй.
 
-Эмэгтэйчүүд нөхрөө алдахгүйн тулд гадаад төрх, гоо сайхандаа дандаа анхаарах хэрэгтэй гэдэг. Магадгүй өөр хүнтэй болчихсон нөхрөө эргүүлж авахын тулд найз нөхдийнхөө зөвлөгөөгөөр гоо сайхандаа анхаарч эхэлдэг бүсгүйчүүд ч бий шүү дээ. Энэ ер нь хэр үр дүнтэй арга вэ?
-Энэ бол зөвхөн гадаад байдал шүү дээ. Миний хувьд тухайн эмэгтэй дотоод байдлаа л өөрчлөх хэрэгтэй. Мэдлэгээ тэл, уужуу тайван бай. Байнга адгаж уурласаар байгаад та нөхрөө өөрөөсөө хөндийрүүлчихсэн ч юм билүү. 
Хүн бүр хүндлэл гэдэг зүйлээр дутагдаж байдаг. Та нөхрөө цаг тухай бүрт нь хүндлээд, тэр мэдрэмжийг байнга өгч байсан бол магадгүй тэр хүн таныг эргүүлээд хүндлэхийг хүснэ. Гэр бүлийн бат бөх байх хамгийн гол суурь нь хайр гэхээсээ илүү хүндлэл байдаг. 
 
-Хүндлэл гэдгийг чухам юу гэж ойлгох вэ? Би гэхэд нөхөртэй, хүүхэдтэй хүн. Нөхөртөө хоол хийж өгөөд, хүүхдүүдээ өсгөж, гэр орноо эвтэй эетэй авч явбал хүндлэл мөн үү?
-Хүндлэл гэдэг бол ойлгохын нэр юм. Тэр хүн яагаад тэр зүйлийг хийхгүй байгааг мэдрээд, бие сэтгэлээрээ ойлгон дэмжих бол хүндлэл мөн. Энгийн бага зүйл ч хүндлэлийг илэрхийлнэ. Жишээ нь хоол хийгээд нөхөр болон эхнэртээ аягалж өгнө гэдэг нь хүндлэлийн бас нэгэн илэрхийлэл. Сэтгэлдээ та тэр хүнийг хүндэл. Юу ч болж байсан гэсэн энэ хүн чинь миний эр нөхөр, миний эхнэр  шүү дээ, нэгэнт сонгосон миний амьдрал гэж харах хэрэгтэй. Нэгэнт сонгочихсон таны амьдрал юм чинь та ч бас өөрийн амьдралаа хүндлээрэй. 
 
-Зарим хүн нөхрөө муулдаг шүү дээ. Энэ чинь хүндлэхгүй байгаагийн шинж мөн биз дээ?
-Энэ бол их онцгүй зүйл л дээ. Тэр хүн нөхрөө муулснаараа эргүүлээд өөрийгөө муулж байгаа хэрэг юм. Энэ хүн таны сонголт шүү дээ. Тийм байж та эр нөхрөө гэлгүйгээр муулаад байгаа нь эргүүлээд өөрийгөө болон өөрийн босгосон амьдралаа муулж байгаатай ижил юм. Ер нь муулна гэдэг чинь гомдлын л бас нэг хэлбэр яваад байгаа юм.
 
-Гэрлэлт хэмээх амьдралын хамгийн том шалгуур, бас хамгийн том бэлэг болсон энэ зүйлийн талаар манай уншигчидтай дэлгэрэнгүй сайхан ярилцлага өрнүүлсэн танд их баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Хүн бүхэн өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээж байгаа. Таны хийж байгаа үйлдэл, гаргасан шийдвэр бүхэн таныг тодотгох үг болж хувирах учир та шийдвэртээ хариуцлагатай хандаарай. Алдаа гаргавал юун дээр алдсанаа олж харах тэнхээтэй, тэвчээртэй, түүнийгээ засаж залруулах чадвартай амьдраарай гэж хэлмээр байна. 
 
Монголхатагтай
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар