Ээжийнхээ хоолойг дахиад ганцхан удаа сонсмоор байна

2015.06.10
|
12,126
Сайн байна уу. Монголжингоо сайтын хамт олон, уншигч түмэн минь. Би 29 настай энгийн л нэг эмэгтэй. Ганц бие, хоёр дүүтэйгээ хамт амьдардаг.

Заримдаа амьдралд дэндүү их гомддог хүн. Яагаад гэвэл дунд сургуульд байхдаа аавыгаа алдаж, сургуулиа төгсөөд ажилд ороод удалгүй ээжийгээ хорвоогоос үдсэн дээ. Ийм залуугаараа өнчирч хоцорсон болохоор заримдаа сэтгэл минь тэр гэхийн аргагүй өвддөг юм. Хоёр дүү минь сургуулийн сурагч. Цалингаараа дүү нараа хүний зэрэгтэй болгох гээд өөртөө наах хувцас хунар, зүүх ээмэг сэлтний тухай ч нэг их боддоггүй. Өдөр хоног хэчнээн хурдан өнгөрөөд байгааг анзаарах сөхөөгүй л ажиллаж байна.

Ээж, аав хоёрынхоо тухай хүмүүст нэг их сайхан ярих юм сан гэж боддог. Яагаад ч юм хэн нэгэнтэй тэднийхээ тухай ярихаар тэднийгээ харах шиг л санагддаг юм. Хөөрхий аав минь гэнэт л зүрх нь хаагдаад өнгөрчихсөн. Бидний хэн ч тийм юм болно гэж бодоогүй. Бөөн уй гашуу нулимс. Аав байхгүй амьдрал цаанаа л нэг баргар. Харанхуй. Дутуу. Гэтэл зовлон дээр зовлон нэмэгдэж, ээж минь сэтгэлээр унасаар нэг л өдөр аавын араас яваад өгчихсөн. Ээжийгээ бид удахгүй хөл дээрээ босоод ирнэ л гэж найддаг байж билээ. Хамгийн сүүлд эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа ээж минь “Ээж нь зүгээр ээ удахгүй хөл дээрээ босчихно” гэж хэлэхэд нь би жаахан хүүхэд шиг л итгэж байсан даа. Одоо бодохоор харамсаад байдаг юм. Эмч нар сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай гэж сануулсаар байхад нь ээжийгээ мөнх юм шиг л санадаг юм байна хүн чинь.

Ээждээ хамгийн сүүлд жимсний нухаш идүүлсэн дээ. Ээж минь хөнгөн чанарын хоолонд их дуртай. Тэгэхэд инээж суухдаа эрүүл хүн шиг л эрч хүчтэй харагдаж байсныг яана. Одоо бодоход ээжийн минь хамгийн сүүлийн хоол тэр нухаш байж. Ээжийн утасны дугаарыг би хаалгаагүй ээ. Дүүдээ бариулчихсан. Эхний хэдэн сар утас дуугарч, ээжийн утасны дугаар гараад ирэхэд дотор нэг л бачуураад зүрх базлаад ирэх шиг санагддаг байж билээ. Ээж минь нэг л өдөр над руу утастах юм шиг, энэ дуудлагыг авбал ээж минь өөдөөс “Миний охин” гэж ирээд л юм ярих юм шиг санагддаг. Ээжийнхээ дуу хоолойг дахиад ганцхан удаа сонсох юм сан гэж ямар их хүснэ вэ.
Хэрэв ээж минь над руу одоо залгавал би дахиад “Дараа залгая”, эсвэл “Ээж ээ охин нь завгүй байна” гэж хэзээ ч хэлэхгүй. Охин нь таныг яг одоо залгавал таныг хаана ч байсан хамаагүй гүйж очоод энгэрт чинь наалдаад хэчнээн их санаснаа хэлж уйлмаар байна. Бас зөндөө их уучлал гуймаар байна. Энэ л үгсээ эрүүл саруул, амьд сэрүүнд нь хэлж чадаагүй болохоор би дэндүү их нүгэлтэй хүн. Ээжийгээ утастахад нь ажлаараа түрий барьж, нэг л их том том төсөл, дарга цэргийн тухай ярьж суудагсан. Тэрнийхээ оронд ээждээ гүйж очоод ханатлаа эрхлээд авах минь яав.

Ингэж бодохоор л хүн бүрт ээж рүүгээ залгаад л болдог юм биш шүү. Ээждээ заавал очоорой. Хүссэнээрээ эрхлээрэй гэж захимаар байна. Ээж ээ, охин чинь тандаа дэндүү их хайртай шүү.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар