Өвөө, хүү хоёрын мөрөөдөл биелээсэй

2015.11.19
|
93,177
Тэрээр хүүгээ бөх болох байсан нэгэн гэдэгт эргэлздэггүй. Үнэхээр ч хүүг хаанаас нь ч харсан арал жац сайтай, нуруулаг сайхан эрийн шинжтэй юм.

Орчин цагт бид алхах дургүй, дандаа дөрвөн дугуйт хөлөглөж, гадаа, гэртгүй дөрвөн хөлт сандал дээр тухладаг болсон улс. Тэгвэл Толгойтын эцсийн даваанаас тэргэнцэртэй хүүгээ түрээд автобусны буудал орж, тэндээсээ багтаж шингэхээ үзэлцдэг автобусаар зорчиж яваа О.Сумъяадорж өвөөгийн амьдрал биднийхээс өөр. Хэдэн сарын өмнө хэвтрийн байсан хань нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүтэйгээ гэрээ сахиж үлдсэн юм. Хүүгийн нэрийг Т.Нямбат гэдэг. 18 настай. Ганц охиных нь том хүү. Хүүгээ төрүүлэх гээд ус нь гарчихаад хоёр хонож байхад амаржих эмнэлгийнхэн хүлээлгэсээр сүүлд нь хүүг хавчуураар татаж гаргахдаа тархинд нь гэмтэл учруулснаар ийнхүү суунга нэгэн болгон хувиргажээ. Хүүгийн эцэг ээжийг нь орхисны дараа хоёр хөгшин түүнийг өөр дээрээ авсан юм. Амьдралын хүнд бэрхийг давахын эрхэнд хэчнээн арга мухардсан ч гэрэл гэгээг эрсэн өвөө, хүү хоёр мөрөөдлөөсөө буцсан нь үгүй.

Хуучирч муудсан шавар байшинг гаднаас нь харахад тиймхэн байж мэдэх. Гэлээ гээд дотор нь ороод харвал нүдэнд торох үнэтэй зүйл үгүй ч гэлээ цэвэрхэн бас цэмцгэр. Эмэгтэй хүнгүй айл гэхэд бүх зүйл нь эмх замбараатай. Аягалж өгсөн давстай хар цай нь эгэл эглийн дээд нь гэмээр амттай.

 

Ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжээр энэ хоёр хүн амь зуудаг. Хэдий ийм нөхцөлд амьдарч байгаа ч өвөөгийн амнаас арга ядсан үг унахгүй нь гайхмаар. Харин ч “Миний хүү чинь бөх болох хүн байсан юм. Даанч төрөхөөс л ийм болчихсон юм. Гэлээ гээд би бууж өгөөгүй ээ. Өнгөрсөн хугацаанд хүүгийнхээ төлөө чадахаасаа чадахгүй хүртлээ л тэмцэж байна” гэж хэлэхдээ нүдэнд нь итгэлийн оч гэрэлтэх юм.

 

Эмэгтэй хүний орон зай гэдэг агуу юм

“Үнэн хэрэгтээ эмэгтэй хүн л энэ амьдралыг нуруун дээрээ үүрч явдаг улс юм байна гэдгийг ханиа өнгөрснөөс хойш мэдэрч явна даа. Эр хүн гэдэг чинь ханийнхаа гарын цай, сэтгэлийн халуунд бүлээсч зөөлөрч амьдардаг амьтан юм байна” гэж О.Сумъяадорж өвөө хэлсэн юм. Үнэндээ өнгөрсөн хугацаанд гадаа гарч эр болж, гэрт орж эм болсоор энэ өвгөн бүр дасчээ. Зээ хүүгийнхээ ээж нь, аав нь бас өвөө нь болсоор ядрах зав түүнд байсангүй.

“Хань минь өнгөрөхдөө том том нулимс асгаруулж байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм. Хөөрхий, бид хоёрт л санаа нь зовж байсан байх даа” гэж хэлэхдээ хоолой нь зангирна. Гэлээ гээд ханийнхаа итгэлийг алдахгүй, санааг нь зовоохгүй байж байгаад хүүгээ олигтойхон асарч халамжилчих юм сан гэсэндээ хичээх л юм гэж хэлэх.

Насны нар хэвийсэн энэ л үед хүн амьдралынхаа хамгийн нандин хүсэл мөрөөдлийг мэдэрдэг байх гэлтэй. Тиймдээ О.Сумъяадорж өвөө одоо үлдсэн бүхнээ хүүгийнхээ төлөө зориулж сууна. Ганц охин нь бие давхар, бас өөр хүнтэй ханилсан учир өөрөөс нь хойш хүүгээ өсгөх үүрэгтэй үлдэнэ биз ээ. 

 

Зээ минь бөх болох байсан юм...

Тэрээр хүүгээ бөх болох байсан нэгэн гэдэгт эргэлздэггүй. Үнэхээр ч хүүг хаанаас нь ч харсан арал жац сайтай, нуруулаг сайхан эрийн шинжтэй юм. Магадгүй төрөх үед хүндрэл гараагүй байсан бол өдийд өвөө нь дээлнийх нь захыг мушгиад сууж байх ч байсан юм билүү.

Хүү зурагт үзэх их дуртай. Өдөржин гэрт тэргэнцэр дээр сууж өнгөрөөдөг тэрээр ширээн дээр тавиастай шинэ, хуучин хоёр зурагтаа зэрэг асаагаад үздэг зуршилтай гэнэ. Бие нь байнга татах тул зурагт үзэж байхдаа ч тайван сууж чадахгүй юм билээ.

Хүүгийнхээ хэлийг өвөө маш сайн ойлгоно. Тэд өдөртөө хоол идэх, бие засах, гадаа гарах зэргээ ядах юмгүй ойлголцоно. Хүү зажлах рефлексгүй учраас заавал машиндаж жижиглэсэн махтай хоол иддэг байна.

Хүүгээ эрүүл болгохын төлөө өвөө хөлөө хүрэх газар бүхэнд явжээ. Гэвч сүүлдээ хэсэг, хорооноос нь ч эмч ирж үзэхээ больсон хэмээн тэрээр гомдолтой сууна. Тэрээр хүүгээ хөл дээр нь зогсоож чадна гэдэгтээ итгэдэг юм. Боломж нь гарвал зээгээ гадаадад ч юм уу, хаана нэгтээ очиж эмчлүүлэхийг юу юунаас илүү хүсдэг.

Өвөө, хүү хоёр хоёулаа дандаа эм уудаг. Нэг нь таталтын эсрэг эм уудаг бол, өвөө даралт болоод зүрхний эм байнга ууж байна. “Сүүлийн үед зүрх өвдөөд байнга эм уух болсон. Бид хоёрын авдаг жаахан мөнгө бараг эмэндээ яваад дуусчихдаг юм” гэж ярив. Бас хүүдээ өдөр бүр тараг авч өгөх гэж мөнгөө өөрөөсөө хүртэл харамладаг тухайгаа ч ярив. Өвөө хүүдээ “Сүү” компанийн “Шинэ тараг”-ийг сонгож өгдөг юм билээ. Арай хямд бас байгалийн чанараа алдаагүй гэж тэрээр итгэдэг юм билээ.

 

Нүд анихаасаа өмнө хүүгээ хөл дээр нь босгомоор байна

Өвөөгийн энэ насны ганц хүсэл нь хүүгээ сайхан амьдруулах. Тиймдээ ч “Нүд анихаасаа өмнө хүүгээ хөл дээр нь босгомоор байна” гэж бидэнд хэлж суусан юм. Энэ талаараа УИХ-ын гишүүдэд зөндөө хандсан ч нэг ч удаа хариу ирж байгаагүйд өвөө гомдолтой сууна. Сүүлд УИХ-ын гишүүн Эрдэнэчимэг болон Тэрбишдагва нарт хандсан ч хариу ирээгүй аж.

Өвөөгийн мөрөөдөл тун энгийн. Хотод дөхөж амьдрах. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүн гадаа гарч мод хагалж, нүүрс түлээ зэхнэ гэдэг барагдахгүй ажил. Үүнийхээ оронд ганц өрөө байранд орох нь илүү дээр. Хашаа байшингаа зараад ч болов хотод ойртъя, мөрөөдлөө биелүүлье гэж зүтгэсэн ч зарагдаагүй аж. “Миний хүү л тавтай тухтай орчинд амьдарч, бид ганц өрөө байртай болчихвол л болох нь тэр. Өөр хүсэх зүйл үнэндээ алга даа” гэж О.Сумъяадорж өвөө хэлж сууна.

Үнэхээр түүний хүсэл биелбэл хүүгийн  амьдрал ч дээшлэх нь гарцаагүй. Бас сайхан сэтгэлт хүмүүсийн оролцоогоор хүү нь эмчилгээнд хамрагдаж хөл дээрээ босох найдвар ч байж мэдэх юм.

Бидний нүднээс далд, тэр бүр харагдаад байдаггүй энэхүү бэрх амьдралыг туулж яваа өвөө, хүү хоёрын мөрөөдөл биелээсэй.

Монголжингоогийн уншигч эрхэм та тэдэнд туслахыг хүсвэл О.Сумъядорж өвөөгийн 88672989, 91667790, 95122106 дугаарын утсаар залгаж холбогдож болно шүү. Тэдний гэрийн хаяг СХД, 3-р хороо, Бага нарангийн 18-22 тоот. Сумъяадорж өвөө ХААН банкинд 5025883286 тоот данс эзэмшдэг юм билээ. Эрхэм та түүнд туслахыг хүсвэл энэхүү дансаар мөн хандиваа өргөж болно шүү. 

Сайхан сэтгэл унтдаггүй. Тусад хэмжээ байдаггүй болохоор таны ямар ч тус энэ хоёр хүний мөрөөдлөө биелүүлэхэд хэмжээлшгүй их өглөг болно гэдгийг бас дурдъя. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#