Л.Нямжаргал: БИ МОНГОЛ КИНОГ холливудад ГАРГАХ БОЛНО

Нийтлэлч: Гоо
855
АНУ-ын кино ертөнцөд өөрийн кино компанийг байгуулсан нэгэн охины тухай мэдээлэл монголчуудын бахархлыг төрүүлсэн. Найруулагч, продюссер мэргэжилтэй, 23-хан настай охин Холливудад Монголыг төлөөлж байна. Түүний зураачаар ажилласан хоёр кино нь Каннын наадамд нэр дэвшиж байжээ. Цаашид Монголын уран бүтээлчидтэй баг бүрдүүлж, АНУ-д кино хийх зорилготой, “Мongus pictures” кино компанийн захирал Л.Нямжаргалтай ярилцсанаа хүргэе.

-Таныг монголчууд Хол­ли­вудад хөл тавьсан монгол охин гэдгээр нь таньж, чих тавьдаг. Яг одоо та ямар кино төсөл дээр ажиллаж байгаа вэ?
-Юуны өмнө танай сонинд ярилц­лага өгч байгаадаа баяр­тай бай­на. Өнгөрсөн долоо хоногт “Брод Сити” телевизийн шоуг дуусгаад, яг одоо би хоё­рын зэрэг монгол киног  дэл­хийн киноны зах зээлд гаргах ажлыг багийнхантайгаа хам­тарч хийж байна. Ер нь монгол киногоо улам олон хүнд үзүүлж, таниулах гэж зүтгэж бай­на. Мөн 2-3 гадаад киноны төслийн санал авчихсан байгаа. Хэлэх цаг нь арай болоогүй байна, болохоор нь тодорхой мэдээлэл өгье. Цагийн хувьд их л давчуу ажиллаж байна даа.
-Та анх кино ертөнцтэй холбогд­сон дурсамжаасаа ху­ваалцахгүй юу?
-Би анх 18 настай байхдаа Холли­вудын “Love or Whatever” гэдэг киноны зураг авалт дээр ажиллаж эхэлсэн. Миний оюутны дадлагын ажил байсан л даа. Их зүйл сурсан. Бүх юм нь миний хувьд анхных байлаа. Анхны юм бол­гон гүнзгий дур­самж үлдээдэг шүү дээ. Түү­нээс хойш Холливудын хамт олонтой 40-өөд богино хэмжээний, 10 гаруй бүрэн хэм­жээний  кинон дээр ажил­лажээ. Үүнээс “Headlock”, “Amateur Night”, “James Franco Biopic”, “Ray Donovan” зэрэг олон киноны багт орж ажилласандаа бахархдаг аа.
-Багаасаа Америкт өссөн гэж сонссон. Тийм учраас ки­­но соёлд нь нэвтэрч, тэнд амжилт үзүүлэхэд илүү дөхөм байсан гэж ойлгож болох уу?
-Америкт ирээд 13 жил болчихжээ. Бас л хурдан байна шүү. Саяхан л Монголоосоо гараад сургуульд орж байсан санагдах юм. Гэхдээ би өөрий­гөө гадаадад байсандаа урлагт, кинонд хайртай дуртай болж, киноны мэргэжил сонгосон гэж хэлэхгүй ээ. Би багаасаа л их яриа, хөтөлнө, дуулна, бүжиглэнэ, бас шүлэг уншина. Цагаан сараар хамаатан сад­нуудаараа очихоор энүүгээр тэрүү­гээр гүйгээд л, хөтлөгч хийж, дуулж бариад хүмүүсийг хөг­жөөдөг байснаа санадаг. Гэртээ дүүтэйгээ хамт хэдэн ч удаа юм бэ дээ, дуу, бүжиг, жүжиг, шүлэг орсон концерт  бэлдэж, аав ээждээ үзүүлдэг байсан. Харин би гадаадад өссөнөөрөө илүү  нээлттэй болсон гэж боддог. 


-Оюутан байхаасаа л Хол­ливудад амжилттай ажил­­­лаж эхэлсэн түүх тань бахар­хал төрүүлдэг. “Paramount pictures”-т дадлага хийс­нээс эх­лээд та өнөөг хүр­тэл их хурдан өгсөж байх шиг.
-Би өөрийгөө их азтай гэж боддог. Аав ээжийнхээ буянаар л би өдий зэрэг­тэй яваа. Тэд намайг дуртай мэр­гэжлээ эзэм­шихэд хамгийн их ту­салсан хүмүүс. Миний ээж намайг аль ч юмнаас битгий ай, чи чадна гэж үргэлж хэлж, дэмждэг. Ийм ч учраас хоёрдугаар курсийн оюутан байхдаа “Paramount Pictures”-т дадлага хийх сорилтод орж тэнцээд ажилласан. Би эндээс грант авсан, их зүйл сурсан. Ер нь бол ажил хийж сурах эвээ олсон гэх үү дээ. Тэгээд л Холливудын    “Paramount pictures”, “NBC Universal”, “Sony pictures” гээд хэд хэдэн газарт ажиллалаа.
-Холливудад хэн дуртай нь тоогдож ажилладаггүй байл­гүй. Яг ямар шалгуур, босго байдаг юм бол оо. Хэч­нээн хү­ний өрсөлдөөн яригддаг бол?
-Америкт, тэгээд хаа ч мэр­гэжлийн ажлын шалгуур хатуу байдаг. Киноны урлагийн төв учраас   Холливудад ажилд орох шалгуур өндөр л дөө. Ми­ний бодоход тухайн хү­ний багаар ажиллах чадвар, туршлага, хамт ажил­лаж байсан хүмүүсийн бодит үнэлгээ, биеэ дайчлах чадвар гээд л олон шалгуур байгаа байх. Урьд өдөр нь кино зохиолоо өгөөд маргааш нь зохиолоо нарийвчлан асууж, ажиллах хэсэгтээ яг ямар зүйл хийх вэ гэж асууж байсан то­хиол хэдэнтээ таарсан. Тэгж бай­гаад л ажилд орох мэдээ авна  шүү дээ. Тэгээд ч 100 гаруй жил киноны салбарын үүр уурхай байсан газар арга ч үгүй шүү дээ. Тэр үеэсээ л бий болгосон дүрэм журмаа барьдаг. Өнөөдөр кино хальсны  эрин дуусч, дижитал киноны үе эхэлсэн ч эртнээс тавигдсан шалгуур хэвээрээ л байна. Ийм ч учраас энд хамгийн супер, нэг номерын киног шалгаруулж, үнэлдэг. Хэчнээн хүний өрсөл­дөөн байдгийг би хэлж мэдэх­гүй. Ер нь киноны ертөнц чинь их өрсөлдөөнтэй ч гэсэн олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг ажил учраас бие биедээ их урам өгч хажуу хүмүүсээ их дэмждэг юм байна гэж би хардаг. Кинонд бол зөвхөн най­руулагч, жүжигчид гээд л болоо биш шүү дээ. Нүүр ху­виргагч, гэрэлтүүлэгч, зураач, эвлүүлэгч, туслах гээд олон толгой нийлж  нэг баг болдог. Нэгэндээ хэлж туслах явдал байнга. Холливүүд энэ тал дээрээ үнэхээр мундаг.
-Та найруулагч, продюссер мэргэжил эзэмшсэн юм байна. Цаашид аль чиглэлээр нь түлхүү ажиллах вэ?
-Би найруулагч болох чиг­лэл барьж суралцсан ч одоо бол продюссерийн ажлаа хийж явна. Нэг л өдөр би кино най­руулах болно. Яагаад гэвэл, би энэ аж­лыг их хүсдэг. Гэхдээ их турш­лага, мэдлэг хэрэгтэй уч­раас өөрийгөө бэлдэж л явна даа.
-Таныг Холливуда өөрийн кино компанитай бол­сон гэж сонссон юм байна?
-Тийм ээ, би өнгөрсөн жил най­руу­лагч Патрик Инграм гэдэг хүнтэй хамтарч Хол­ли­вудад  “Mongus Pictures” гэсэн кино компани байгуулсан. Монгол, Америк гэсэн үгийн товчлол байгаа юм.
-Кино ертөнц бол шуу­гиантай, өр­сөлдөөнтэй, нө­гөө талаар хийж бү­тээх­гүй алгуурлах л юм бол ор­хиг­дож гээгдэж мэдэх харгис хатуу ер­төнц шүү дээ. 23-хан настай охин яаж энэ бүхнийг даван туулж байна даа?
-Хүн өөртөө итгэдэг байх л чухал. Хүний амьдралд ямар ч зүйл тохиолдож болно шүү дээ. Би 80 хувь нь эрчүүд байдаг киноны ертөнцөд ажилладаг. Тиймд “Би монгол эмэгтэй хүн шүү” гэж бодоход л ялгаа гарна. Би өөрийгөө хүнээс тийм илүү, хүний хийж чаддаггүй юмыг хийгээд байна ч гэж боддоггүй. Өглөө босоод л өөрийнхөө дур­тай ажлыг хийдэг. Тэгээд ч нэр хүнд, алдар цолын төлөө биш учраас өөрийгөө алдахгүй, даруу­хан, хийж байгаадаа сэт­гэл дүүрэн байна гэж боддог.  Өөрийнхөө хийх бүтээлээр хаана ч хүрнэ гэдэгтээ итгэдэг. Хааяа гадуур гарч найз нө­хөдтэйгөө бужигнана. Амьд­­ралын сайн муу, эрээн барааныг харна. Киног бол зүгээр ун­шаад, үзээд хийхгүй. Амьд­ралын дунд орж байж л сайн ойлгож мэднэ. Аль ч зүйл дээр туршлага хуримтлуулна гэсэн үг юм уу даа.
-Алдартай продюссер, сайн найруулагч болохын тулд нас, хүйс, бас үндэс угсаа хэр нөлөөлдөг юм бол оо. Асар их өрсөлдөөн, ялгаварлал, бо­хир бизнес явагддаг гэх яриа байдаг шүү дээ?
-Америкийн кино ур­лагт хэн ч амжилт гаргаж алдар­тай болж болдог. Хүсэл, мө­рөө­дөлдөө үнэнч байж, их хөдөл­мөр­лөсөн хүмүүс л ам­жил­тад хүрдэг. Нэг л жишээ хэлэхэд Сильвестр Сталлоне байна. 20 насандаа Америкд ирж кино­ны мэргэжлээр сурсан боловч хүмүүс түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Ингээд амьдралынхаа наад захын хэрэг­­цээг ч хангаж чадахгүйд хүрч, банкиндаа 100-хан доллар­­­тай үлдсэн гэдэг юм. Гэвч бууж өгөлгүй, өөрийгөө дайчилж 1976 оны шилдэг кино “Рокки”-гийнхоо зохиолыг өөрөө би­чиж зарахдаа гол дүрд нь тоглоно гэж 15.000 долларын гэрээ хийж нэрд гарч байсан. Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэсэн Монголын сайхан зүйр цэцэн үг байдаг даа. 


-Бидний төсөөллөөр тэнд ажил­ладаг хүн бүр жинхэнэ од шиг л байдаг гэж ойлгодог. Тусгай хан­гамж, тансаг хэ­рэглээ, оддын үдэш­лэг гээд л. Та залуу хүний хувьд тэр ер­төн­цийн амьдралаас би­дэнд жаахан ярьж өгөхгүй юү?
-Холливудад алдарт хүр­сэн хүмүүс их хөдөлмөр, хүнд хэцүү шалгуурыг удаан хуга­цаанд даван туулж байж ам­­жилтад хүрдэг. Ийм учраас энд хү­мүүсээ өндөр үнэлж, хүндэтгэж, өргөмжилж байдаг. Холливудын теле­визээр гар­даг амьдрал, бодит амьдрал хоёр өөр л дөө. Би од биш учраас яг яаж амьдардгийг сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ нэлээн олон одтой кино болон телевизийн шоун дээр хамт ажиллаж үзсэн. Одууд бол их энгийн сайхан хүмүүс бий. Үнэхээр ажил мэргэ­жилдээ дуртай хүмүүс юм байна лээ. Ажилласан киноны хаалт, нээлт, олон үдэшлэг, арга хэмжээ, уул­залтад оролцож үз­сээн. Тэр үед яг л нэг гэр бү­лийн гишүүд шиг ха­луун дулаан мэдрэмж төрүүлдэг. Энэ дотроос Анжелина Жоли­гийн аав жү­жигчин Жон Воят, жүжигчин, най­руу­лагч Жэймс Франко, продюссер Ами Поилэр, зураглаач Роб МкЛаклан, зураач Хэйди Адамс гэх мэт…
-Сүүлийн үед гарч байгаа монгол кинонуудыг анзаарч үздэг үү?
-Үзэлгүй яахав. Хүн чинь өөрийн дуртай юмаа хамгийн түрүүнд л үзнэ. Гэхдээ энгийн нэг үзэгч биш, мэр­гэж­лийн гэх үү, шүүмж гэх үү, тэр өнцгөөс л хандана. Зохиолын хүрээ, тавил, зураг авалт, жүжиглэл, өвөрмөц шийдэл, хоорондын холбоос, дуу авиа гээд олон л юмыг хар­на. Кинондоо бол орно, ур­лагийн хүмүүс адил байх аа. Монгол кино гэхэд сүүлийн үед би “Аав”, “Ар хударга”, О.Бат-Өлзий ахын найруулсан “Маш Нууц”, хамгийн сүүлд Лос Анжелест Б.Ундармаа эгчийн “Single Ladies 2”-г үзсэн.
-Монголын  кино урлагийн та­лаар ямар дүгнэлттэй явдаг вэ. Дэлхийн зах зээл дээр өр­сөлдөх хэм­жээнд хүрэх бо­лоо­гүй байна гэж хардаг уу?
-Өөдрөгөөр хардаг шүү. Монголын кино урлагт асар их ирээдүй, боломж бий. Дэл­хийн зах зээл дээр хүрэхийн тулд Холливудын киноны стан­дартыг барьж, хийж су­рах хэ­рэг­­тэй. Тэгсний да­раа монгол киног хүмүүс сонир­хож, хаа ч өрсөлдөж, танигдах хэм­­жээнд хүрч чадна гэж би боддог.
-Та монголчуудын хувьд Холли­вудад нэвтрэх нэг үүд хаал­га нь болж байгаад баяр­тай байна. Д.Ангараг гэж сайн зураглаач залуу таны нээсэн сувгаар Америкт ажиллах болсон гэж үнэн үү?
-Танд баярлаллаа. Их том хүндэтгэл шүү. Ангараг ах бол манай компанийн шу­га­маар Холливудад урт хуга­цаа­гаар ажиллах урилга ав­сан анхны монгол хүн. Би Ангараг ахыг уран бүтээлчийн хувьд их хүндэлж явдаг. Их авьяастай, хөдөлмөрч, өөрийн том мөрөөдөлтэй хүн. Киноны урлагт орж ажиллах, өөрийн гэсэн имижтэй болох, яаж хөгжих талаар бид хоёрын санаа бодол их нийлдэг. Ангараг ахтай анх их сонин ч гэх үү, хувь зохиолоор ч гэх үү, азтай уулзсан. Америкийн Зураг­­лаачдын холбоо гэж том байгууллагын шугамаар Ангараг ах Лос Анжелест ирээд монгол­чуудтай уран бүтээлийн уулзалт хийсэн юм. Аав маань монгол­чуудын холбоонд ажил­ладаг байсан учир биднийг анх танилцуулж билээ. Миний Монголтойгоо яаж холбогдож ажиллах вэ гэсэн хүслийг минь шууд л дэмжсэн. Тэгээд ч би өнгөрсөн жил “Хувь­сал” продакшны “Атганд үлд­сэн эрдэнэ” кинон дээр Ангараг ахтайгаа болон олон сайхан, мундаг монгол уран бүтээлчидтэй  хамт ажиллалаа. Их ч зүйл сурлаа. Багийнхандаа баярласнаа  хэлээд авъя. Ангараг ах бидэнд цаашид хамтарч хийх том төлөвлөгөө бий. 
-Дэлхийд үнэлэгдсэн сайн кино хийх бол таны мөрөөдөл, зорилго байх. Харин тэр ки­нонд тань Монголын гэсэн ямар нэг таних тэмдэг тусах бо­лов уу. Та юу гэж бодож байна?
-Тийм ээ, миний том мө­рөө­дөл. Би монгол ахуй, уламж­­­­­лалыг бүрэн харуулах ки­но хийх мөрөөдөлтэй. Үү­ний тулд монгол жүжигчид болон монгол хүмүүстэйгээ хамтран нэг бүтэн багаар Холливудад ажиллах хэрэгтэй л дээ. Тэгж байж л бүрэн санасандаа хүрнэ.
 -Та Монголдоо хэр их ирж очдог вэ. Энэ эх орны таныг хамгийн их гайхшруулдаг юм нь юу вэ?
-Би гэр бүлтэйгээ хоёр жил тутамд Монголд очдог байсан. Харин оюутан  болоод цаг завгүй шалтгаанаар таван жилийн дараа буюу өнгөрсөн зун л очсон. Ер нь болж өгвөл Мон­голдоо байнга очихыг бод­­дог. Монголын маань мал­чин ард түмэн, онгон байгаль үнэхээр сайхан. Дэлхийд хаа ч байхгүй эрх чөлөөг Монгол эх орондоо л мэдэрдэг.
-Та өөрийн зорьсон замын­хаа эхэнд яваа хүн. Харин ямар үед өөрийгөө оргилдоо хүрчихлээ гэж тооцох вэ?
-Та одоо миний хүсэл мө­рөөд­­лийн оргил юу вэ гэж асууж байх шиг байна. Залуу хүн болгон том хүсэл мөрөөдөл тээж явдаг. Миний хувьд өөрийн­­­хөө санаанд  хүрсэн ки­но­гоо найруулж Хол­ливудад та­нигдах бол хамгийн гол зо­рил­го юм. Ойрын зорилго маань Монголынхоо киног Хол­ли­­ву­дын төвшинд хүргэж танил­цуулах зорилготой. Харин ми­­ний эрхэм зо­рилго маань аав, ээжийнхээ ачийг бага ч гэ­сэн хариулж сэтгэл амгалан амьд­руулахыг хүсдэг ээ.
-Дэлгэрэнгүй ярилц­­сан танд баяр­лалаа. Та заавал оргилдоо хүрээрэй. Учир нь Монгол гэсэн нэр тан­тай хамт яваа. Амжилт хүсье.
-Маш их баярлалаа. Мон­голд бай­гаа ах дүүс, хамаат­нууддаа болон Монголын бүх ард түмэндээ сар шинийн мэнд хүргэе!

эх сурвалж : www.ardiinerkh.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.