Монгол охин дэлхийн супермодель боллоо

Нийтлэлч: Гоо
2016.03.21
|
1,850
Нью-Йорк, Парис, Милан... гээд дэлхийн хувцас загварын “акулууд”-ын тайзнаа Монгол хэмээх нэрийг дуурсгах супермоделиор Т.Шинэтуяа тодорлоо. World Supermodel Pageant буюу Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээн өнгөрөгч өдрүүдэд Өмнөд Африкийн Блумфонтейн болж, Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Шинэтуяа ялагчийн титэм гардсан байна.

Гуравдугаар сарын 12-21-нд үргэлжилж буй ес дэх удаагийн Дэлхийн супермоделийн тэмцээний ялагчид хэдхэн хормын өмнө тодорсон бөгөөд өсвөр насны супермодель буюу 16-19 насны ангилалд ийнхүү Т.Шинэтуяа түрүүлжээ. Тэрбээр энэ жил 16 настай, “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч аж. Хамгийн гайхалтай нь тэрбээр өсвөр насны ангилалд түрүүлээд зогсохгүй нийт оролцогчдоос хамгийн шилдэг нь байж, Нью-Йоркт төвтэй Trump Models агентлагтай гэрээ байгуулах онцгой эрхийн эзэн болжээ. Тэрбумтан Дональд Трампийн 1999 онд үүсгэн байгуулсан тус агентлаг нь Нью-Йоркийн төдийгүй дэлхийн хэмжээний топ агентлагуудын нэг. Жерри Холл, Мэгги Райзер, Пэт Кливлэнд, Татъяна Патиц гээд хувцас загварын ертөнцийн нүүр царай болсон олон шилдэг модельуд тус агентлагт харьяалагддаг билээ.

Монгол Улсын хувьд анх удаа Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээнд оролцож, дэлхийн 40 орноос шилдгийн шилдэг ялагчаар тодорч буй нь энэ юм. Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд мөн Монголоос Т.Батцэцэг оролцжээ. Энэ ангилалд Зимбабвегийн оролцогч Малайка түрүүлсэн байна.

Дэлхийн супермодель шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээний ялагчдыг танилцуулъя.

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЯЛАГЧ & TRUMP MODELS-ТЭЙ ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ: Т.Шинэтуяа /Монгол/

Дэлхийн супермодель-2016: Малайка /Зимбабве/

Дэлхийн өсвөр насны супермодель-2016: Т.Шинэтуяа /Монгол/

Дэлхийн супермодел тэргүүн байр: Донна

Дэлхийн супермодел тэргүүн дэд байр: Тейлор /Австрали/

Дэлхийн өсвөр насны супермодель тэргүүн байр: Дейн /Өмнөд Африк/

Дэлхийн өсвөр насны супермодель тэргүүн дэд байр: Манси /Энэтхэг/

Шилдэг үдшийн даашинзтай оролцогч: Малайка /Зимбабве/

Шилдэг усны хувцастай оролцогч: Миша /Их Британи/

эх сурвалж: www.art.news.mn

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#