Х.Бадамгэрэл: Эмэгтэй хүний зориг, тэвчээр хатуужил дэлхийг ч эргүүлж чадна гэдэгт би итгэдэг

Нийтлэлч: Mongoljingoo.mn
2016.04.13
|
20,399
“Монголжингоо.мн” сайтын хамт олон бид уншигч бүсгүйчүүддээ Монголын сайхан хүүхнүүдийн нэг өдрийн амьдралыг сурвалжлан хүргэх тогтмол булан ажиллуулж эхлээд байна. Манай анхны зочин мисс Х.Бадамгэрэлийнд хамтдаа саатъя.

Эрээн хормогч өмссөн дүүхэлзсэн сайхан бүсгүй хаалга тайлж өглөө. Эелдэгхэн мэнд мэдээд гэртээ орохыг урив. Загварын тайзан дээр харж байсан түүнийдэврүүн дэгжин алхаа, оч үсэрсэн харц ондоо, бүр огт өөр болчихсон ч юм шиг. Аядуу намуухан ярингаа зөөлөн алхан зочны өрөөндөө биднийг дагуулан оров. “Гэртээ ээж, эзэгтэйн үүргээ гүйцэтгэхдээ нэг иймэрхүү л байдаг юм, та нар чөлөөтэй байгаарай” гэж ярих түүнээс мисс, загвар өмсөгч биш зүгээр л нэг энгийн ээж, эзэгтэй хүний өнгө тодорно.

 

,

Хүүхдийн сагстай тоглоом, шалан дээр жирийтэл өрсөн тоглоомон машинууд, өглөөхөн усалсан бололтой өнгөлөг таримал цэцэгнүүд, өрөөнд таатай үнэртэхтанил зуушны үнэр, гал тогоонд гараа гаргаж хийх хоол хуурах чимээ, ганц хоёр ном бас нөөтбүүк, харааны бололтой нүдний шилтэй цуг ширээн дээр байх. Биднийг мисс Х.Бадамгэрэлтэй цуг ийм зураглал угтлаа.

Мисс эзэгтэйн эргэн тойрныг ийн сонирхож суутал удалгүй хаалганы хонх дуугарав. Биднээс өөр зочин бас ирэх нь гэж бодож дуусаагүй байтал гал зуухнаас Х.Бадамгэрэл “Манай хүн юм мартчихаж, цайны цагаар гэртээ хооллонгоо очиж авна гэсэн. Ирж байх шиг байна” гэсээр гарч ирлээ. Гэрийн эзэн орж ирэв. Бас л бидний танил байлаа. “Хайртай байсан”, “Миний хайр” зэрэг дуунуудаар нь манай уншигчид андахгүй дээ, дуучин Бэки буюу Г.Мөнхбаярыг. Яагаав сүүлийн үед түүнийг сонгуульд нэр дэвшинэ гэж сошиал орчинд их цуурч байгаа шүү дээ. Энэ талаараа тэр “Би одоохондоо нэр дэвшигч биш горилогч шүү дээ” хэмээн даруухан хариулна билээ. Эхнэрийнхээ хүндтэй зочдод Бэки хүүхэд, залуу насныхаа хөгтэй, сургамжтай дурсамжаа хуваалцахаа чухалчилсан юм.

 

Хоол болох зуур хоньчин хүүгийн тэвчээртэй танилцав

Арван хэдхэн настай Бэки зуны амралтаараа говь нутгийг зорьжээ. Дундговьд байдаг өвөөдөө хонь хариулж, морь мал дөхүүлж өгөх үүрэг аван зун болгон явдаг байж л дээ. Долдугаар анги төгсөх жилээ мөн л өвөөгийндөө ирсэн байв. Тэр зун өвс ногоо муу гарсан гантай жил байсан тул Бэки хамаатны ахтайгаа хонио аваад оторт явж. Өвсний шим, бэлчээрийн өнгөтэйг даган олон хоног отроор явсан тэр хоёрт өдөр хоногууд өнгөрч өгөхгүй уйтгартай байсан уу, хамаатны ах нэг өдөр нэрмэл архи эргүүлээд алга болчихож. Хонио хариулаад, хариуцаж үлдсэн Бэки хүү нар жаргах алдад хонио хотлуулжээ.

 

Нэрмэл архинд нэлээд халамцсан хамаатны ах ирээгүй л байв. Отроор ирсэн шинэ газарт боохой элбэг тул хоттой хонио шөнө болгон манаж хонодог байж. Тэр шөнө Бэки цурам ч хийлгүй ганцаараа манажээ. Боохойноос хонио хамгаалж хотоо эргүүлж ноцоосон галаа унтраахгүйн тулд дуг хийлгүй хоножээ.Боохой дайраад ирвэл галаа манана, ганц сумтай буугаараа айлгана. Өөр сонголт малчин хүүд байгаагүй ийм л тэвчээр шаардсан өдрийг тэсэж өнгөрөөсөн түүх нь бидэнд ч нэгийг бодогдуулаад амжив. Дуучин гэдгээр нь л олон нийт мэдэхээс биш ямархан амьдрал туулж, юунд хүрэхийг зорьдог гэрийн эзний өнцгөөс нь тэр бүр харж байгаагүй тул сонин бас содон байлаа.

Тэр энэ дурсамжаа “Монгол ахуй хүнийг хүүхэд байхаас нь тэсвэр тэвчээр, ухаанд сургадаг юм билээ. Хүүхдийг багаас нь ингэж хатуу чанга тэвчээрт сургадаг улс Монголоос өөр бараг байхгүй” гэж онцлов. Бадамгэрэлийн гараа гарган хийсэн бөөрөнхий махтай хуургыг Бэки бага насныхаа нэгэн дурсамжаар ийн хачирлалаа.

 

Мисс эхнэртэй болох мөрөөдөл биелж, сайн үйлсийн эрэлд гарсан залуу нас...

“Миний хүү багадаа мисс эхнэртэй болоод дараа нь Ерөнхий сайд болно гээд л ярьдаг байж билээ. Үүнийгээ миний мөрөөдөл гэдэгсэн. Сайд хүн л олон хүнийг сайхан амьдруулж чадна гэж ярьдаг байж билээ”. Саяхан Бэкигийн ээж нь тэднийд ирэхдээ хүүгийнхээ багын мөрөөдлийн талаар ингэж дурсаж. Ээжийг ярихаар нээрээ багын мөрөөдөл минь санаанд орсон шүү хэмээн Бэки ярилаа.

Магадгүй улс төрд дуу хоолойгоо гаргая гэсэн шийдвэр минь олон хүнийг сайхан амьдруулах мөрөөдөлтэй минь холбоотой ч байж болох. Бидний тэр бүр мэдэхгүй нэгэн зүйлийг эх хүнийхээ хувьд энд онцгойлон дурдах нь зүйтэй биз ээ. Учир нь тэрээр Ротари клубын хамт олныхоо дэмээр өнгөрсөн олон жилийн хугацаанд орон нутаг дахь умайн хүзүүний хавдартай эхчүүдийг эрт оношлох, эмчлэх ажлыг эхлүүлж 1500 гаруй эмэгтэйг энэ аюулт өвчнөөр өвдөх эрсдэлээс сэргийлж, алтан амийг нь аварч үлдэж чадсан гавьяатан юм. Үүгээр зогсохгүй хавдрын хүнд шатанд орсон өвчтөнүүдэд ус агаар шиг хэрэгтэй байдаг хөнгөвчлөх эмчилгээний эмнэлгийг Монголдоо байгуулсан сайн үйлсийн дууч. Хийснээ тэгж их зарлаад байдаггүй энгийн даруу зантай ийм л залуу мисс бүсгүйн амьдралын хань, өмөг түшиг нь юм.

 

Хүү төрснийг билгэдэж хүлэг морь “ирсэн” нь

Жингэнэсэн дуутай хонх цуглуулдаг гэхээр бас жигтэй сонин сонсогдож байгаа биз. Бадамгэрэлийн цуглуулганд жингэнэсэн дуутай хонх багагүй хувь эзэлдэг юм билээ.

Ажил албаар гадагшаа явахдаа авсан хонхнууд нь тавиуран дээр өрөөстэй. Хүний сэрэх,сэргэлэн болох, өөдрөг байх мэдрэмжийг төрүүлдэг учраас тив дэлхийн энд тэндээс хонх цуглуулах хоббитой гэж мисс эзэгтэй маань тайлбарлалаа. Мисс бүсгүйн цуглуулганы дээхэн талд мөнгөөр цутгаж сийлсэн нэгэн морины баримал хүндтэй нь аргагүй байрлажээ. Хүүд нь элэнц өвөөгөөс нь ирсэн хүндтэй бэлэг гэдгийг Бадамгэрэл тайлбарлалаа.

Бэрээ төрөхөд нь “Хүү төрлөө” гэж баярлаж бэлгэшээсэн Бэкигийн өвөө эр хүний хийморь, хурд авхаалжийг бэлгэдэн морины баримал бэлэглэсэн нь энэ. Тэгэхдээ өвөө нь тэднийг нэмж, шинэ хүн ирэх бүрт морио мөн өсгөж үржүүлж байх үүрэг өгчээ. Үүнийг хосууд өнөр өтгөн айл болоорой гэсэн өвөөгийн санаа байсан гэж дурсав. Ер нь Мөнхбаярынх гэдэг айл элэнц өвөө, өвөө эмээ, ээж ааваас нь өвөлсөн даруухан эд хогшил тэргүүтэй даруухан хэдэн тавилгатай. Олны танил, залуу айл гэхэд ийм тийм ганган чамин, гялгар гялтгар зүйл үгүй юм. Өөрсдийнх нь өрөөнд Бэкигийн анчин өвөө ачдаа өгсөн чонын арьсан дах байхад Бадамгэрэлийн гал тогоонд ээжийнх нь хэрэглэж байсан дээхэн үеийн түүх хүүрнэх цайны данх, хоолны тогоо тэргүүтэй эмх цэгцтэй сав суулга байх.

Ийнхүү гэрийн эзэгтэйн амттай хоол, гэрийн эзний содон ярианд сэтгэл дүүрээд бид ярилцлагаа эхэлсэн юм.

 

Гэргий хүн гэдэг ямар ч тохиолдолд гэр бүлээ эн тэргүүнд тавих ёстой

-Юуны өмнө манай сайтын урилгыг хүлээн авсан танд талархал илэрхийлье. Ярилцлагаа таны сүүлийн үеийн мэдээллээс эхэлмээр байна. Та саяхан хилийн чанадад олон улсын загварын шоунд оролцоод ирсэн байх аа?

-Дубайд жилд хоёр удаа болдог “Fashion Forward Dubai” олон улсын загварын томоохон шоуны долоо дахь улирлын үйл ажиллагаанд оролцоод ирлээ. Шоуны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгчдийн тоонд багтаж, тухайн хэсэгтээ ганцхан ази модел нь би байсан байна лээ. Олон улсын чанартай, өндөр зэрэглэлтэй нэгдүгээр шатны загвар өмсөгчдийг өмнөх шоунд оролцсон байдал зэргээр нь үнэлж шалгаруулж авдаг юм байна. Хамгийн гол нь энэхүү шоунд оролцож, эх орноо төлөөлөх боломжийг бүрдүүлэхэд Монголын үндэсний дизайнеруудын холбооны Одонгэрэл хэмээх гайхалтай эмэгтэй ихээхэн сэтгэл гаргаж гар бие оролцсон,  тэр хүнд бас талархлаа илэрхийлье.

-Энэ шоунаас олж харсан хамгийн гол зүйл тань юу байв?

-Маш өндөр зэрэглэлийн зохион байгуулалттай. Бас бие биенээ маш сайн сонсдог хүмүүс байна лээ. “Би чиний дарга, чи миний туслах учраас би чамаас илүү” гэж хандаж, харьцаж, тэгж боддоггүй нь үнэхээр гайхалтай санагдсан. Нэг модель дээр нэг үсчин, нэг нүүр будагч ажиллаж байгаа болохоор яарч сандрах, хоёр гурван хүнийг дараалж будах зэрэг хүндрэл огт гардаггүй юм байна. Бүх зүйл цагийнхаа дагуу, нэг минут ч алдалгүй бүх төлөвлөгдсөн ажил цаг хугацаандаа хийгдэж байсан нь үнэхээр бахархууштай санагдсан.

-Танайхыг зорьж явахдаа гэр нь шил толь болсон, кинонд гардаг шиг л хөл тавихаас эмээмээр тийм л орд харш байх болов уу гэж бодогдож байлаа. Гэтэл харин ч эсрэгээрээ маш энгийн, дотно, халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн орчин угтлаа. Энэ нь магадгүй гэрийн эзэгтэйн хүсэл байх.

-Хань бид хоёр угаасаа тавилттай зүйлд дургүй. Жишээ нь, ширээн дээрх тэр цэцэг гэхэд намайг онгоцны буудалд буухад бэлэглэсэн юм. Үе үе цэцэг бэлгэнд ирдэг, тэгээд ч өөрөө цэцгэнд маш их дуртай. Цэцэгсийн үнэр өрөөнд ханхалж байхад би үнэхээр дуртай.

Ер нь манайх их энгийн айл шүү дээ. Гял цал, чамин тансаг гэдгээсээ илүүтэйгээр олныхоо жишгийг дагаж, энгийн л амьдрахыг хүсдэг дээ. Эдгээрийн дотор нэлээд дээр үеийн зүйлс хүртэл бий. Жишээ нь, ханийн минь аавын хэрэглэж байсан мөнгөн аяга, хадам ээжийн бэлэглэсэн дээр үеийн данх гээд олон зүйл гал тогоонд минь бий. Цай, хоолныхоо дээжийг ханьдаа аавынх нь аяганд хийгээд барихад сэтгэлд өег, цаанаа л сайхан байдаг.

Миний бодлоор хүн гэртээ орлоо, буйдан дээрээ сайхан урт амьсгаа аваад налаад хэвтэхэд ямар ч айдасгүй, санаа зовох зүйлгүй байх ёстой. Хамгийн амар амгалан итгэл хайр тайвшралыг олдог газар гэр шүү дээ.

-Таныг олон нийт мисс, бас нөхөртэйгээ хамт олон сайн үйлсийн аян өрнүүлж байснаар тань мэднэ. Харин гэргий гэдэг өнцгөөс тэгтлээ сайн харж, сонирхож байгаагүй байж мэдэх юм. Тиймээс гэрийн эзэгтэй, гэргий гэж ямар байх ёстой вэ, таны бодлоор?

-Гэргий хүн гэдэг ямар ч тохиолдолд гэр бүлээ эн тэргүүнд тавьж байх ёстой. Эр нөхрийн, бяцхан үрсийн хамгийн их итгэж, найдаж болох хүн нь юм болов уу. Эр нөхөр, үр хүүхдүүдээ уян зөөлөн сэтгэлээрээ дэмжиж, хайрын дээдээр урамшуулж, хэцүү хатуу цаг үед сайн ар тал нь байх ёстой байх.

Би гэргий хүн учраас нөхрөө, хүүхдүүдээ маш сайн урамшуулж, хүсч зорьж байгааг нь дэмжиж, түүнийгээ бүтээхэд нь гар бие оролцож, нэг зүгт харж чаддаг байх ёстой. Түүнээс биш өөрийнхөө хүслийг тулгаж болохгүй. Миний хүүхэд хөлбөмбөг сонирхож байхад нь би “Чи сагс тогло” гэж шаардаж болохгүй.

 

-Гэргий байна хажуугаар нь мисс байна, гэр орны ажил, нөхөр, хүүхдээ халамжилна гээд маш их ачаалалтай байдаг байх л даа. Гэхдээ хүмүүс мисс гэхээр яагаад ч юм гэрийн эзэгтэй гэдэг өнцгөөс харж чаддаггүй шүү дээ?

-Ер нь хүмүүс тэгж хардаг юм шиг байна лээ. Би хүүгээ төрүүлснээс хойш их энгийн, чөлөөтэй хувцаслах дуртай болсон л доо. Өдөр бүр нүүрээ будаж, өндөр өсгийт өмсөхийн оронд биед эвтэйхэн, өөрийнхөөрөө амар байдлыг эрхэмлэдэг. Намайг яг ингээд энгийн, өөрийнхөөрөө явж байхаар зарим хүн “Бадамгэрэл мөн үү, биш үү” гээд л их гайхдаг юмаа. Хүмүүсийн хандлага бол угаасаа мисс хүн гоё байх “Ёстой” гэдэг. Мэдээж зөв-сайхан байх ёстой. Харин гоёж гоодсон байх, зөв-сайхан байх хоёр чинь ондоо шүү дээ.

Хүүхэдтэй болохоосоо өмнө бол омголон байлаа, чамирхдаг ч байж. Гэр бүлтэй болоод хань ижлээ сонсдог болоод ирэхээр эмэгтэй хүнд их сайхан эергээр нөлөөлдөг шиг санагддаг.

Хүнийг хайрлана гэдэг хүсэл зорилго, тэмүүллийг нь ч хайрлахын нэр юм

-Хүүгээ төрүүлснээс хойш гэснээс, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо хүүхдээ төрүүлчихээд гадаа хөхөрч сайртатлаа салхилуулдаг байсан гэж нэг ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Та хүүхдээ хэр их салхинд авч гардаг байсан бэ?

-Хүүхдээ би авч салхилуулахаасаа илүүтэйгээр хань минь л их авч гардаг байсан даа. Миний бөөр өвддөг байснаас тэр бүр гарч чаддаггүй байсан л даа. Манай хүн намайг хайрлаад, өглөө нь ч тэр, өдөр нь ч тэр цайныхаа цагаар ирж хүүгээ салхилуулдаг байсан.

-Зарим хүүхнүүд хүүхэд хөхүүлбэл хөх унжина, бие эвдэрнэ гэх хандлагатай байдаг юм билээ. Ялангуяа, жингээ барьдаг, мисс, бүжигчин бүсгүйчүүдийн хувьд ийм хандлага байх шиг байна. Та үүн дээр санал бодлоо хэлэхгүй юу?

-Эмэгтэй хүний өөртөө тавих арчаа л юм даа. Эмэгтэй хүн өөртөө үнэхээр сайн арчаатай байх хэрэгтэй гэж боддог. Би хүүхэд гаргасан юм чинь ингэж л харагдах ёстой, ийм л байх ёстой гээд өөрийгөө хаяад байвал өөрийнхөө байгаа байдалд өөрөө сэтгэл хангалуун байх  боломжуудаа хаагаад байдаг юм шиг санагддаг. Уг нь эмэгтэй хүн гэдэг өөртөө боломжийг байнга өгч байх нь зүйтэй. Өөрийгөө улам сайхан байж чадна, улам өөртөө  итгэлтэй байх ёстой гэдэг тэр итгэлийг өгөхийн тулд өөртөө их арчаатай байх ёстой шүү дээ. Нүүрэндээ нарны тос түрхэхгүйгээр гарч болохгүй. Нүүрээ сайртуулж, хөхрүүлэхгүйн тулд нарны тос түрхээд байна шүү дээ. Тэгэхээр энэ бол эмэгтэй хүний өөрөөс нь гарч болох арчаа. Өөртөө анхаарал тавина гэдэг надад л лав үнэхээр гоё. Эмэгтэй хүн ер нь өөртөө анхаарал тавьж байхдаа маш их таашаал авдаг шүү дээ.

Хүүхдээ хөхүүлэх тухайд хэлэхэд, би хүүгээ хөхөөрөө л өсгөсөн. Маш их сүүтэй ээж байлаа. Миний хүүг ойндоо хүртэл хоёр ээж маань хоёр талаас нь үнэхээр сайн анхаарч өсгөсөн дөө. Ээжүүд үнэхээр дэм болдог юм билээ, ээж  минь миний дэргэд байгаа нь ямар их аз вэ гэж боддог байлаа.

-Тэгвэл үрийнхээ үрийг үзсэн, таны төлөө бүхнээ зориулсан сайхан ээждээ, аавдаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Намайг ямар ч үед дэмждэг, урам хайрладаг ийм сайхан гэр бүлтэй байгаадаа охин нь их сэтгэл хангалуун байдаг. Ээж, ааваараа маш их бахархаж, баярладаг. Эргээд та нарыгаа санаа зовох зүйлгүйгээр амьдруулна аа, охин чинь. Санааг нь чилээлгүйгээр амьдрах юмсан л гэж боддог доо. Бидний хийсэн алдааны төлөө ээж, ааваа шаналж суухыг харахыг хүсэхгүй байна. Биднийг төрүүлснийх нь төлөө ээж аавыгаа баярлуулж, аз жаргалтай, сэтгэл амар, сайхан амьдруулж чадвал энэ насны зорилго биелэх байх гэж боддог юм.  

-Ээж бүхэн хүүхэдтэй болоод асар их аз жаргалыг мэдэрдэг. Бас тэдэнтэйгээ холбоотой нандин дурсамжуудаар тэжээгдэж, тэднийгээ өсч томрохыг харж хүлээж суудаг. Таны хувьд үргэлж таныг баярлуулдаг хүүтэй чинь холбоотой хамгийн сайхан дурсамж юу вэ?

-Хүүгийн минь үйлдэл бүр миний хувьд маш том бэлэг шиг санагддаг. “Уучлаарай, ээж ээ” гэж хэлэхийг нь сонсоод баярласандаа нулимс цийлэгнээд л ирдэг юм. “Баярлалаа” гэж хэлээд өөдөөс кинонд гардаг шиг л бөхийхөөр нь хань бид хоёр хайлаад урсчихдаг юм ш дээ. Одоо үеийн хүүхдүүд оюуны өндөр чадамжтай гэдэг. Тиймээс бид хүүхдүүдээ хөгжүүлж, оюуныг нь тэлэхэд л анхаарах хэрэгтэй.
 

Та хар л даа, энд өрөөтэй машинуудыг миний хүү бүгдийг нь брэндээр нь нэрлэж сурч байгаа. Нүдлүүлчихээр өөрөө сурчихдаг юм байна. Боломжгүй юм гэж байдаггүй гэдэг чинь ийм жижигхэн юмнаас хүртэл харагдаж байна шүү дээ. Ийм жижигхэн хүн хүртэл машины арав гаруй брэндийг цээжилчихсэн л байна.

Хүүхдээ шинэ үг хэлэх бүрт нь маш их баярладаг даа. Ер нь цаг мөч бүхэн л бэлэг шиг санагддаг. Хүүхдээ дөнгөж төрүүлсний дараа “Би бүхэл бүтэн хүн төрүүлчихлээ шүү дээ” гэж өөрөөрөө их бахархдаг юм билээ. Ээж хүн бүр тэгдэг байх. Дараа нь ээжийгээ үнэхээр их ойлгож, баярлаж, залбирдаг юм байна.

-Та хоёр бол залуус дундаа ихээхэн олон талын хүсэл сонирхол, хийж буй зүйлээрээ онцгойрсон идэвхтэй төлөөлөл шүү дээ. Энэ их ажил дунд хүүдээ хэр их цаг гаргадаг бол гэсэн асуулт төрдөг. Ялангуяа, миссүүд хүүхдээ хүүхэд асрагчаар харуулаад өөрсдөө тайзан дээр алхаж байдаг гэсэн нийгмийн ойлголт байна.

-Ер нь миний “Андра” агентлаг амжилттай ажиллаж, хүү бид хоёр аз жаргалтай амьдарч байгаагийн цаад учир нь ханийн түшиг шүү дээ. Хүн хүнд хайртай байна гэдэг нь хүсэл зорилго, тэмүүллийг нь ч гэсэн адилхан хайрлахын нэр юм. Ингэж л хайрлаж, дэмжиж байвал үнэхээр хайртай байна гэсэн үг.

Хэн нэг эмэгтэйг авч суучихаад тэгэх ёстой, ингэх ёстой гэж баахан шаардлага дунд амьдруулбал аз жаргалтай байж чадах нь маш эргэлзээтэй. Миний хувьд хүссэн ажил мэргэжлийг маань дэмждэг хань заяасан учраас ар гэрт маань ямар ч асуудал гардаггүй.

Бид хоёр бямба, ням гаригт ямар ч ажил төлөвлөхгүйг гэр бүлийн дүрэм болгочихсон. Амралтын өдрүүдэд орж, гардаггүйг манай найзууд, манай нөхрийн найзууд бүгд л мэднэ. Ажлын өдрүүдэд бол ажлын цагт л ажлаа хийнэ, 21.00 цагаас хойш утсаа авдаггүй. Утас дуугарвал “Аан, дуудлага ирсэн юм байна“ гээд л орхичихдог. Яагаад гэвэл утаснаасаа байнга зүүгдээстэй байх нь эргээд хүүхдэд их сөрөг үлгэр дууриалал болдог. Утсаараа оролдоод хүүхдээ анхаарахгүй байвал хүүхэд нь эргээд эцэг эхээ сонсохгүй, хүндлэхгүй, эсвэл өөрийн гэсэн хэтэрхий зожиг орон зайг үүсгэчихдэг юм шиг санагддаг. Хань бид хоёр хүүтэйгээ аль болох л ярилцаад, ойр байхыг хичээдэг дээ. Хүү маань бүгдийг ойлгодог гэдгийг бид мэддэг. Тэр маань миний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг бүхнийг ойлгож байгаа учраас би зөв үг хэлж, зөв үлгэр дууриалал үзүүлж, зөв боломжуудыг нь бүрдүүлж өгөх ёстой. Хүүхдүүд маань биднийг хараад өөдрөг, тэмүүлэлтэй, хүсэл эрмэлзэл дүүрэн хүмүүс болж өсөөсэй гэж бид хүсдэг.

-Эмэгтэй хүн өөртөө арчаатай байж сайхан боломжуудыг өөртөө бүрдүүлж өгөх хэрэгтэй гэлээ. Тэгвэл та төрснийхөө дараа өөрийгөө хэрхэн арчилж эргээд хэвэндээ орж чадсан бэ. Манай ээжүүдэд энэ талаараа зөвлөөч?

-Би төрснийхөө дараа 22 кг жин нэмсэн шүү дээ. Тэр үеийн маань зургийг манай нөхөр хараад “Миний хайр чинь хөөрхөн бондойчихсон байсан юм байна шүү дээ” гэж хэлдэг. Ингэж хэлэхгүй, “Ямар аймар таргалчихсан юм бэ” гэвэл би бас гомдоно шүү дээ. Тэгэхээр нөхрийнх нь эхнэртээ юу гэж хэлэх нь маш чухал санагдаад байгаа юм. Би төрөн төртлөө ажилласан л даа. “Миний хань амрах ёстой, хоол ундаа сайн идэх ёстой” гээд л манай хүн ажил дээр минь хүртэл хоол зөөсөөр байгаад л би төрсөн дөө.

Төрснийхөө дараа хоёр дахь хоногоос нь эхлэн шууд даруулга зүүж эхэлсэн. Даруулгаа сар бүр нарийсгаж байсан. Энэ бол манай ээжийн арга барил л даа. Миний ээж их авхаалжтай, мундаг, гоё эмэгтэй хүн бий.

Хүмүүс харин их гайхдаг байсан. Хүүхдээ хөхүүлэхэд наад даруулга чинь хэцүү биш байна уу гээд л. Мэдээж маш хэцүү байсан. Даруулганд хөх тулаад, сүү нь гоожоод л. Тэглээ ч гэсэн би унтахдаа ч даруулгаа авдаггүй байсан. Тэгэхээр маш хурдан нөлөөлсөн байгаа биз. Би хүүгээ 3 сар хүрэхэд л ерөнхий галбираа олчихсон байсан. Даруулга үнэхээр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ энэ нь өөрөөрөө болон хагалгаагаар төрсөн хүмүүсийн хувьд өөр шүү. Хагалгаагаар төрсөн бол тэгж хамаагүй эрт даруулга зүүж болохгүй. Харин өөрөөрөө төрсөн бол төрөөд хоёр хоногийн дараанаас л зүүчих. Сарын дараа зүүвэл тэр чинээгээрээ л тийм хугацаа зарцуулж удаан нөлөөлнө. Тухайн үеийг эргээд бодоход би маш их ядардаг байсан байх л даа. Гэхдээ би хүүхдээ өлсгөхгүйгээр эргээд хэвэндээ орох арга барилыг хэрэглээд үзье л гэж бодож байсан.

Хоолны хувьд шар будаатай цай, сүүтэй цай, банштай цай л түлхүү иддэг байсан даа. Хажуугаар нь ажилладаг байсан маань нөлөөлсөн ч давхар миний сэтгэл зүй намайг эргээд хэвэндээ ороход минь нөлөөлсөн. Би чинь маш өөдрөг хүн шүү дээ. Хэрийн юманд санаа алддаггүй. Оюутан байхаасаа л миссийн тэмцээнд орж,  хүмүүсийн янз бүрийн үгийг сонсоод тэдгээрээс өөрийгөө яаж стрессгүйгээр ангижруулах вэ гэж хайж байхдаа хүн ер нь өөдрөг л байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Энэ сэтгэлээрээ үргэлж ээжийгээ дотроо төсөөлж, “Ээж минь 4 хүүхэд гаргачихаад ийм гоё байхад би ганц хүүхэд гаргаад ингэж ч навсайхгүй шүү” гэж өөртөө их урам өгдөг байсан. Тиймээс л би “Болохгүй байна”, “Бүтэхгүй байна” гэсэн үг хэлэх үнэхээр дургүй.

-Яг үүнтэй холбоотой юм асуумаар байна. Таны тухай мэдээлэл цахим ертөнцөд тавигдахад доор нь эерэг, сөрөг олон арван сэтгэгдэл бичигдсэн байдаг юм билээ. Таны оронд өөр энгийн хүн бол шууд л сэтгэлээр унамаар...

-Анх 2009 онд Монголын мисс болж байлаа. Түүний дараа надад зөндөө эерэг, сөрөг сэтгэгдлүүд ирсэн. Намайг ер нь холбоогүй хүн байхгүй шүү дээ. Тэр мэдээллүүдэд хамгийн их эмзэглэсэн хүн бол миний ээж. Эхлээд ээж минь маш их эмзэглэдэг байлаа. Тийм үед ээжийгээ тайвшруулж чаддаг байх нь миний үүрэг юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхийн тулд би ээждээ сайхан үг хэлж чаддаг байх ёстой шүү дээ. Үүний тулд миний сэтгэл санаа маш сайхан тогтвортой байх ёстой. Юм гэдэг чинь дандаа эргэдэг юм.

Юу ч яг тэр хэвээрээ үргэлж байдаггүй. Тиймээс зүгээр л сайхан өөдрөг байя, надад гутранги байх шалтгаан байхгүй гэдгээ мэдэрсэн. Хүн зам дээр явж байгаад юманд бүдрэхээрээ бүдэрсэн юмаа л хараадаг. Энэ чинь их сонин сэтгэхүй шүү дээ. Тэр юмыг хараагүй нь уг нь чиний буруу биз дээ. Тэгэхээр бусдаас биш өөрөөсөө бурууг хайж сурах ёстой. Өөрийнхөө бурууг бас хүлээн зөвшөөрч сурах ёстой. Түүнийгээ засдаг, засахын тулд хичээдэг, дэврүүн байх хэрэгтэй.

Би одоо энэ сайтуудын сэтгэгдэлд эмзэглэхээ бүр больчихсон. Манай ээж ер нь хүнд юмыг их хөнгөхнөөр хүлээж авдаг хүн. Би тэр занг нь үлгэрлэж авахыг хичээдэг. Тэгээд ч би айлын том хүүхэд. Намайг эерэг, сөргөөр харж байгаа тэр олон хүнд эергээр л нөлөөлөх хэрэгтэй шүү дээ. Хүн өөрөө өөдрөг байхад юм маш амархан бүтдэг юм шиг санагддаг.

Манай нөхөр надад бас их урам өгдөг. “Миний хань их өөдрөг  шүү. Энэ зангаас чинь би сурнаа” гээд л надад их урам өгдөг юм. Би ч ханийнхаа үгнээс маш их урам авдаг. Нөхөр маань намайг байнга магтаад байдаггүй хэрнээ байж байж байгаад нэг хэлсэн магтаал нь надад үнэхээр сайхан санагддаг.

-Танай гэрээс дулаан сайхан энерги мэдрэгдэх юм. Гэр бүлээ халуун дулаан авч явахад гэргий болоод гэрийн эзэн хоёулаа сэтгэлээ шингээх хэрэгтэй байдаг байх. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-“Эмэгтэй хүн л гэрийнхээ аз жаргалыг бий болгож, тэр гэрийн урам зориг, хийморь сүлд, дэврүүн өөдрөг байх боломжийг бий болгож байдаг” гэж нэгэн сайхан номноос уншсанаа санаж байна. Би нөхрөө гаднаас ороод ирэхэд нь инээмсэглэж угтах дуртай. “Өнөөдөр миний хайр ямар ажил бүтээв”, “Хайр нь чиний тэр бүтээлийг үзсэн. Ёстой мундаг болсон байна лээ” гээд л хэлэхэд хэчнээн ядарч байсан ч ханийн минь нүд сэргээд л ирдэг. Тэгэхээр эмэгтэй хүн тэр хэмжээгээр гэр бүлийнхэндээ нөлөөлж байдаг. Харин эмэгтэй хүн гэртээ орж ирээд зовж байна, шаналж байна, болохгүй байна, бүтэхгүй байна гээд байвал бүх зүйл тийм л болчихдог гэнэ.

Ер нь би харилцааны номнуудыг бараг уншаад дуусгачихсан. Шинэ ном гарах бүрт нь уншдаг. Одоо Дель Карнегийн номонд эргээд оччихсон байгаа. Ер нь Дель Карнегийн номыг сардаа нэг заавал уншчихдаг юм. Тэр бол хүн бүрийн ширээний ном байх ёстой.

-Та “Би хайж байсан хүнээ олсон” гэж ярилцлага өгсөн байсан. Та анх яаж энэ хүн миний хань юм байна гэдгийг мэдэрсэн бэ. Би гэхэд өвдөөд хэвтэхэд минь намайг үргэлж асарч, халамжилж байхад нь хань минь болох хүн юм байна гэж мэдэрсэн?

-Намайг ажлаа хийж байх үед хэзээ ч миний араас нэхэл дагал гэж байгаагүй. Загварын ертөнцийн бүсгүйчүүдийн ажил, хүсэл сонирхлыг өөгшүүлэн дэмждэг нөхрүүд миний л мэдэхийн ховор байдаг. Манай нөхөр намайг маш зөв талаас нь урамшуулж чаддаг. Манай нөхөр шаардлагагүй гэж үзвэл тухайн арга хэмжээнд би оролцдог ч үгүй. Бас би ганцаараа ямар нэгэн хүлээн авалтанд очдоггүй. Энэ чинь угаасаа энгийн л зүйл шүү дээ. Би гэр бүлтэй хүн гэр бүлтэйгээ л очно. Яадаг юм намайг байнга л нөхөртэйгөө явж байдаг гэж ярьвал ярина л биз. Би бас намайг чиглүүлэх толгойтой хүн гэдгээ мэдрүүлмээр байна шүү дээ.

Таны хэлсэн жишээ яг үнэн. Би өвдөөд хэвтэж байхдаа үүнийг маш сайн мэдэрдэг. Би ханиад хүрэхээрээ их хүнд тусдаг, хоолойны махтай. Хоолой улайчихвал хэдэн өдрөөр халуураад ёстой л нусаа хацартаа наана даа. Тийм үед хань минь миний дэргэдээс холддоггүй. Нойтон алчуур толгойд тавьж, хоол хийж, эм, тан уулгаж хонодог. Нэг удаа би ханиад хүрчихсэн байсан юм. Хүү минь жаахан. Хүүдээ ойртож чаддаггүй. Хүүг маань ээж хараад намайг эмчлэх арга хэмжээг хань минь авч байгаа юм. Шөнөжин халуурч хоносон доо. Тийм үед манай хүн ёстой дэргэд зүүрмэглэх ч үгүй  хонодог юм. Үүнээс л ханийнхаа хайрыг их мэдэрдэг. Бас өөр олон зүйлээс мэдэрдэг. Тэгэхээр би үнэхээр л хайж явсан хүнээ олсон минь энэ.

-Та хоёрын хамгийн сайхан дурсамж юу вэ?

-Надад нэг зүйл огт мартагддаггүй юм. Сингапурт би Формула-1-ийн уралдаанд зориулсан промо ажил хийж байсан юм. Бид хоёр анх танилцаж байсан үе, бараг 5-6 жилийн өмнө. Цаад талаасаа миний бүх зардлыг даагаад аваад явчихсан байлаа. Очоод 4-5 хоног л болж байсан байх, гэнэт манай хүн мэсэж бичлээ. “Би Сингапурын онгоцны буудал дээр буучихлаа. Хайр нь чам руу очиж байна” гэсэн. Би бүр итгээгүй. Тэгсэн яасан гэхээр зүгээр л намайг санаад л онгоцоор нисээд ирчихсэн нь тэр байж. Тэгээд л бөөн баяр болж байгаа юм чинь. Эмэгтэй хүн угаасаа тийм хүн хүсдэг юм биш үү, өөрийг нь хаана ч байсан санаад байна гэхээр хүрээд ирдэг. Хийхийг хүссэн зүйлийг нь сонсож, урамшуулж, зөв чиглүүлж чаддаг эр хүнийг эмэгтэй хүн хүсдэг байх.

 

Бие биедээ итгэх итгэл гэр бүлийг минь хамгаалж байдаг

-Та хоёр бол олны танил залуус. Үеийнхэн дундаа хийж бүтээсэн зүйл, хүсэл эрмэлзэл, сайн үйлсийн эрэл хайгуул гээд олон зүйлээрээ өнгөлж яваа хүмүүс. Нэр алдар, эрхэм цол та хоёрыг хаа явсан газар үргэлж л дагадаг байх. Харин энэ их нэр алдар, олон нийтийн хандлагаас гэр бүлээ хэрхэн хамгаалдаг вэ. Бас энэ нь гэр бүлд хэр нөлөөлдөг вэ?

-Маш их нөлөөлдөг. Хүмүүс чинь зарим нь их муухай шүү дээ. Хийгээгүй юмыг хийсэн болгоно, болоогүй юмыг болсон болгоно. Загварын хүн болохоор би ямар нэг болохгүй зүйлийг заавал хийчихсэн байх ёстой юм шиг хандлагатай байдаг. Зүгээр л бид хоёрын бие биедээ итгэх итгэл гэр бүлийг минь энэ олон хар, бараан, зүсэн зүйлийн юмнаас хамгаалж байдаг.

Манай нөхөр найз нөхөдтэйгөө уулзахаар явлаа гэхэд би араас нь  залгадаггүй. Найзууд нь гайхдаг нь гайхдаг л байх. Би ирэхийг нь мэдэж байгаа юм чинь юу ярих юм бэ. Нөхөртөө би “Чи яасан орой ирдэг юм бэ” гэж нэг ч удаа хэлж үзээгүй. Намайг ч манай хүн тэгдэггүй. Бид хоёр угаасаа орж гарах нь их ховор. Гарвал хамтдаа л их явдаг даа. Тэгэхээр итгэл л бүх буруу, зөрүү зүйлээс авардаг юм болов уу гэж боддог. Бие биедээ итгэх нь маш чухал. Итгэж л байвал ямар нэгэн хар, хор төрөхгүй шүү дээ. Ер нь хардалт чинь өвчин шүү дээ. Бид хоёр бие биенээ харамладаг болохоос харддаггүй. Заримдаа найзуудаас нь харамлах үе байна. Найзуудтайгаа уулзаж байхад нь “Би чамайг санаад байна” гэвэл харамлаж байна л гэсэн үг шүү дээ.

Хий хоосон зохиол дотроо биччихээд, тэрэндээ итгээд ханилсан ханиа ч тэрэндээ итгүүлж үг унагах гэж зүтгэдэг хүмүүсийг асуудал үргэлж дайраад байдаг юм шиг. Хүн чинь сандрахаараа илүү дутуу баахан юм ярина, тэрнээс нь өө гаргах гээд л байдаг. Ийм сэдвээр маш олон гэр бүлтэй эмэгтэйчүүдтэй ярилцаж байсан. Facebook-ээрээ маш олон хүнд энэ талаар өөрийн санаа бодол, хариултаа өгдөг гэж өөртөө найддаг. Тэдгээрээс харж байхад гэр бүлүүдэд ийм асуудал маш их байдаг юм билээ. Эхнэрээ гадуур найзуудтай нь уулзуулдаггүй, хүүхдээ хар гэж гэрт нь үлдээдэг гээд л. Гэтэл тухайн нөхөр нь өөрөө гэртээ хоёрхон цаг ч тэсч үлдэж чаддаггүй байх жишээтэй. Хүүхэдтэй болчихоод нөхөр нь хүүхдээ өөртэйгөө хэчнээн адилханыг нь гайхдаг хэр нь хүүхэд харах болохоор эхнэрээс нь өөр хүн байдаггүй нь сонин санагддаг.. Хайртай бүсгүйгээ үнэхээр л хайрлаж байгаа бол хөдөлмөрийг нь үнэлэх ёстой шүү дээ. Хэчнээн их цаг зав, гоо сайхнаа золиослож байгааг нь тэр хүн мэдрэх ёстой. Эмэгтэй хүн уг нь жижигхээн юманд баярладаг шүү дээ. Төрсөн өдрөөрөө айхтар том бэлэг авна гэж эмэгтэй хүн боддоггүй юм. Хайртай хүн нь ганц сарнай бариад “Би чамдаа маш их хайртай шүү” гээд чин сэтгэлээсээ хэлэхэд л эмэгтэй хүн нар шиг гэрэлтдэг биз дээ. Тэгэхээр эр хүмүүс үүн дээр их алдаж өрөөсгөл ханддаг. Биднийг их юм хүсдэг гэж боддог юм шиг байгаа юм.

-Ингэхэд, энэ жилийн сонгуульд танай нөхөр нэр дэвшинэ гэсэн мэдээ байна. Энэ талаар танаас асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Үнэхээр нөхөр маань нэр дэвшихээр болбол би 100 хувь дэмжинэ. Залуу хүмүүс зоригтой алхам хийж байгааг нийгэм маань ойлгоосой гэж хүсдэг. Яагаад гэвэл энэ бол нэг жил бодоод, эсвэл нэг өглөө сэрээд л гаргасан шийдвэр биш. Энэ хүний хар багадаа бодоод, сүүлийн арван жил төлөвлөөд, энэ хугацаанд нийгэмд хандсан олон сайн үйлсийн аянд гар бие оролцож, хүмүүст тусалж ирсэн, нийгмийнхээ хандлагыг ойлгож мэдэрснийх нь илэрхийлэл юм.

Хүмүүс нөхрийг маань дуучин гэдэг талаас нь мэдээд байна. Манай хүн эдийн засагч мэргэжилтэй, хань минь “Оюутолгой” компанийн ОНХХ-т ажиллаж байхад нь танилцаж байлаа. Өмнөх түүхийг нь бодоход олон улсын болоод дотоодын хувийн, төрийн олон байгууллагад ажилласан туршлагатай.

Урлагийн хүмүүс сонгуульд нэр дэвшээд байна гэсэн юм яваад байна л даа. Харин манай хүн бол эдийн засагч мэргэжилтэй, мэргэжилдээ эзэн болж яваа эр хүн. Дуулна гэдэг бол энэ хүний сэтгэлээс ундарч гардаг, дуртай зүйл нь. Яг л би тайзан дээрээс хэчнээн их урам зориг авдагтай л адил. Тиймээс ханиа нэр дэвшихэд нь би бат сайн ар тал нь байх болно.

-Танай нөхрийн талаар судалж байхад ротари клубт ажиллаж, хавдрын хүнд шатанд орсон хүмүүст хөнгөвчлөх эмнэлэг байгуулахад гэр бие, сэтгэлээ шингээн ажилласан юм билээ. Бас хавдраас олон нийтийг урьдчилан сэргийлүүлэх, хамгаалах сайн үйлсийн аяныг зохион байгуулж байсан гэсэн. Гэхдээ энэ талаар олон нийт тийм ч их мэдээлэлгүй байх.

-Хүмүүс асуудаг юм, юу хийсэн хүн юм бэ гэж. Юу хийсэн гэхээр хүмүүст их тусалж байсан хүн. Гэр бүлийнх нь хүний хувьд би үүгээр нь маш их бахархдаг. Үүнийг нь ч мэддэг хүрээллийнх нь хүмүүс маш олон байгаа. Миний хувьд мисс цолтой хүн. Тиймээс сайн үйлсийн аян хийх нь миний үүрэг. Харин манай нөхөрт тийм үүрэг уг нь байхгүй шүү дээ. Багынхаа хүмүүжлээр бусдад туслах ёстой гэсэн хүсэл эрмэлзлээ биелүүлж явна.

Ротари клубт 10 жил ажиллахдаа маш олон хүмүүсийг хавдраас аварч чадсан. Энэ клубын хамт олонд би маш их баярладаг. Миний ханийг ч их сайн хөгжүүлж өгсөн. Тиймээс ч сайн үйлс бол манай гэр бүлд маш том орон зайг эзэлдэг дээ. Үүн дээрээ бид хоёр их сайн нэгддэг. Би өөрийнхөө болоод хүүгийнхээ төрсөн өдрөөр хэрэгтэй хүмүүст нь чадлынхаа хэрээр хандив тусламж өгөх юмсан гэж хичээдэг.

Гэхдээ заавал мөнгөтэй болж байгаад хандив өргөнө дөө гэж огт бодож үзээгүй. Тус хэрэгтэй хүнд нь боломж боломжоороо туслах юмсан гэж хичээдэг.

Ийм бодолтой залуус угаасаа олон байдаг шүү дээ. Гэвч манайхан залуу хүмүүсийнхээ урам зоригийг их няцаадаг даа. Би үүнд их харамсдаг. Тиймээс залуу хүний урам зориг, хүсэл тэмүүлэл, хийсэн ажлыг нь олон нийт хараад хүндлэх байх гэж найдаж байна даа.

-Бас Ротари клубын санаачлагаар орон нутаг дахь 1500 гаруй эмэгтэйн умайн хүзүүний хавдрыг эрт үед нь илрүүлж тэр олон ээжийн, олон гэр бүлийн амь амьдралыг аварсан юм билээ. Үүнийг мэдээд эх хүнийхээ хувьд үнэхээр талархалтай санагдсан шүү.

-Ротари клубынхан яг хамтдаа, багаараа энэ ажлын ард гарсан. Маш олон хүнд амь амьдрал, эх хүний хувьд хүүхэдтэй болох боломж гээд алтаар үнэлэшгүй үнэ цэнэ, сайн сайхныг бүтээж байгаа юм шүү дээ. Үүнийг мэдээд би маш их бахархаж байсан. Одоо ч гэсэн ханийнхаа ирээдүйд хийхийг хүсдэг тэр олон зүйлийг сонсоод сэтгэл минь үнэхээр их хөдөлдөг.

-Сайн сайхан бүхний талаар их ярилаа. Гэвч сүүдэрт зарим зүйл үлддэг шүү дээ. Энэ талаар асуумаар байна. Өнөөгийн нийгэмд та юунд эмзэглэж явдаг вэ?

-Ээж болсноосоо хойш хүүхэдтэй холбоотой асуудалд маш их эмзэглэдэг болсон байна лээ. Өмнө нь эмзэглээд, тусалж байсан үе зөндөө байгаа ч хүүхэдтэй хүн чинь “Миний хүүхэд тэр хүүхдийн оронд байсан бол яана аа” гээд маш их шимширч, нулимс цийлэгнээд, дотор зураад үнэхээр хэцүү байдаг юм байна. Саяхан орцонд нэг нялх амьтныг орхиод явсан хэрэг гарлаа. Хүн эх хүн болчихоод, бүхэл бүтэн амьд хүнийг орхих сэтгэл хаанаас нь гардаг байна аа. Эмэгтэйчүүдийн боловсролын асуудал өнөөдөр их хүнд байна л даа. Тийм учраас л хүүхдээ орхидог эмэгтэй хүн байгаа байлгүй. Хүн гэдэг ямар том капитал, ямар том үнэт зүйл вэ гэдгийг мэддэг байсан бол хүүхдээ тэгж хаях зүрх хэзээ ч гарахгүй шүү дээ. Би үүнийг таслан зогсооно гэж боддог. Би үүнийг өөрийнхөө амьдралаар үлгэрлэх ёстой. Үзэл бодлоо хүмүүст хэлж тайлбарлаж, хүмүүсийг урамшуулж, амьдралдаа итгэх итгэлийг нь бий болгох ёстой. Дахиад тийм явдал хэзээ ч битгий гараасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Ер нь хүүхдүүд хүчирхийлэлд маш их өртөж байна шүү дээ. Магадгүй бидэн шиг залуу хүмүүс арай өөр байр сууринд байсан бол хүүхдүүдийн төлөө гэсэн шийдвэртэй алхмуудыг хийж чадах байх. Гэтэл одоо энэ УИХ-д байгаа хүмүүс автобусны мөнгө хэд байгааг мэдэх болов уу. Такси хэдээс эхэлж байгааг мэдэх болов уу. Үүнд би маш их эргэлзэж байна. Тэгэхээр ийм байгаа хүмүүс хүүхдийн, бүхэл бүтэн хүний асуудал дээр хойрго байх нь аргагүй байлгүй дээ. Тиймээс л бид залуу үеэ дэмжих ёстой. Нийгэмтэйгээ ойр байгаа энэ хүмүүс чинь нийгэмтэйгээ сэтгэл зүрхээрээ хамт байдаг юм шүү дээ. Үүнийг л залуус маань таслан зогсоогоосой. Дахиад нэг ч хүүхэд бүү орцонд, гадаа гудамжинд хаягдаасай. Дахиад нэг ч хүүхэд хойд эцэг, эхийнхээ гар дээр бүү амиа алдаасай.

-Тэгвэл ээж бүр, аав бүр хүүхдээ хайрлаж, сайхан амьдруулахын тулд юу хийх ёстой юм бол оо. Тухайлбал, тэр орцонд хүүхдээ орхисон ээж мөнгөгүй, ажилгүйгээсээ болсон гэх мэдээлэл байна. Энд бидний мөнгө төгрөгтэй байгаа эсэх нь хэр их нөлөөлөөд байна вэ?

-Хамгийн түрүүнд эх хүн гэдгээ маш сайн бодож ямар ч хүнд хэцүү цаг үед үр хүүхдийнхээ төлөө тэмцэх сэтгэлийн хат тэвчээр, зориг ямар ч эцэг, эхэд байх ёстой. Энэ бол үүрэг шүү дээ. Нөгөөтэйгүүр эх хүн гэдэг өөрийн хүнлэг энэрэнгүй тэр гайхалтай чанараа үргэлж хадгалж байх учиртай. Өнөөдөр амьдрал хэцүү байлаа гээд зөвхөн өөрийн амин хувиа хичээсэн өөдгүй араншингаар хүүхдэд хэзээ ч хатуурхаж болохгүй. Өнөөдөр хэцүү ч маргааш сайхан болж л таараа. Ганцхан тэр сайхныг тэсвэр тэвцээр, хайр энэрлийн хүчинд л бий болгоно.

-Уншигч бүсгүйчүүд маань таны ярилцлагыг уншаад их урам зориг, хүч тэнхээ авч байгаа байх гэж итгэж байна. Иймд нийт уншигч монголжингоо бүсгүйчүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Хүн бүр дахин давтагдашгүй учраас хэн нэгэнтэй өөрийгөө зүйрлүүлэх, дуурайх шаардлага огт байхгүй. Зөвхөн өөрийнхөө хэн байгаа, юу хүсч байгаа, түүнийхээ төлөө маш тууштай байх ёстой. Зүгээр л зориглоод үз. Эмэгтэй хүмүүс маш хатуужилтай, тэвчээртэй байдаг шүү дээ. Зоригтой байхад эмэгтэй хүн дэлхийг эргүүлж чадна.

Тэгээд зогсохгүй дахиад өөр олон хүнд амьдрал бэлэглэдэг. Үүндээ бид өөрсдөө маш сайхан урамшиж, хүчтэй амьдрах хэрэгтэй. Өөрийгөө дахин давтагдашгүй гэдэгт бүрэн дүүрэн итгэ. Зорилгынхоо төлөө тууштай тэмц, өөдрөг бай. “Боломжгүй, болохгүй, бүтэхгүй” гэдэг үгсийг үгсийн сангаасаа бүрмөсөн хасаарай. Ийм үзэл бодол угаасаа л эерэг сайхныг дууддаг. Би үүнд итгэж амьдардаг. Цаашид ч би үүндээ үнэнчээр итгэж амьдарна аа.

-Тэгвэл та нөхрүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Монгол эрчүүд их уужим сайхан сэтгэлтэй шүү дээ. Хайртай эмэгтэйнхээ хүсэл мөрөөдлийг дэмжээрэй. Энэ нь эргээд тухайн эмэгтэй таныг бүх боломжоороо дэмжих нөхцлийг бүрдүүлдэг юм шүү. Энэ бол миний өөрийн амьдралаараа олж харсан туршлага учраас үүндээ би бүрэн  итгэлтэй байна. 

-Хэрэв шидтэн гарч ирээд таны 3 хүслийг биелүүлье гэвэл та юу хүсэх вэ?

-Өнгөрсөн цаг хугацаанаас нэг алдаагаа засна. Ирээдүйгээс нэлээд олон зүйлийг бүтээх тусламж гуйна. Хар, хортой, буруу, хүүхдээ хаяж явдаг эх шиг хүмүүсийн ёс суртахууныг өөрчилж, бүх хүнийг өөдрөг гэгээлэг болгож өгөөч гэж хүснэ дээ.

 

Цаг заваа гарган ийм сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Танд, танай гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.