Б.Болдсайхан эмч улаан бурхан өвчнөөс сэргийлэх талаар зөвлөгөө өглөө

Нийтлэлч: Mongoljingoo Shop
2016.04.15
|
2,082
Улаан бурхан өвчний тархалт их байгаатай холбоотойгоор ”Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан эмч бүх насны иргэд болоод төр засгийнханд дараах зөвлөгөөг өөрийн твиттер хуудаснаа бичжээ. 

Улаан бурхан өвчний тархалт их байгаатай холбоотойгоор "Сонгдо" эмнэлгийн захирал Б.Болдсайхан эмч бүх насны иргэд болоод төр засгийнханд дараах зөвлөгөөг өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Түүний бичсэн зөвлөгөөг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Б.Болдсайхан:

"Залуу насаа улаан бурхантай хүүхэд эмчлэхэд багагүй үрснийх хэдэн хүүхдэд ч болтугай тус болж мэднэ гээд хэдэн юм бичье.

Улаан бурхан бол хүний түүхэн дэх хамгийн аюулт тахлын нэг мөн. Энэ өвчин агаар дусал, биеийн шингэн, гар, ахуйгаар ч дамжина. 

Нийт хүн амын 70-90 хувийг ч өвчлүүлж чаддаг их төлөв хүүхэд өвдөнө. Гэхдээ зургаан сараас хойш, ялангуяа 9-12 сараас хойш эхийн дархлаагаар дамжуулан хамгаалах антибоди дууссанаас хойш энэ өвчнөөр өвчилдөг.  Тийм учир вакциныг 9-12 сараас хойш мөн 4-6 насанд давтан хийдэг. Хожуу ч гурав дахь давталт хийх нь бас бий. 

ШИНЖ ТЭМДЭГ: 

  • өндөр халуурна - 40 хэм хүрэх нь элбэг, 
  • нүд салст улайж, нус гоожно, 
  • аман дотор цагаан толбо гарна. Эдгээр нь эхлэл шинж бөгөөд 3-4 хоногоос нүүр, чихний ар, хүзүүнээс эхлэн бүх биеэр жижиг улаан тууралт гарна.

Халууралт 6-10 хоног үргэлжлээд эдгэрч эхэлнэ. Халуун бууна, хөнгөн ба хөнгөвтөр хэлбэр нь гайгүй.  Гэрээр сайн унтуулж, юм уулгаж, витамин өгч, халуун буулгах ибупрофен зэрэг эм өгч, хөнгөн шингэн хооллоно.

Хүндрэл гарвал эмнэлэгт хэвтсэн нь дээр. Улаан бурхны вирусийн хатгаа гол хүндрэл нь үхлийн хувь өндөр.  Мөн гүйлгэнэ, чих, нүдний эвэрлэг үрэвсэнэ тархинд үрэвсэл, нүд сохрох зэрэг хүндрэл ч бас гардаг.  Дотор эрхтэн гэдэс үрэвсэж гүйлгэх хүндрэл нэлээн түгээмэл тул шингэн сайн өгөх шаардлагатай. Бага насанд ихэнх тохиолдолд харьцангуй хөнгөвтөр тусдаг ч вирусийн хатгаа болох,  хоёр дахь бактерийн хатгаагаар хүндэрвэл хэцүү. Харин 18 наснаас хойно өвдвөл хүндрэл гарах нь элбэг.  Маш сайн хянаж эмчлэх шаардлагатай. Энэ насныхныг тахлын үед дахин вакцинжуулж болно.

УЛААН БУРХАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД:

  • гэртээ хэрүүл тэмцэлгүй байх,
  • хүүхдийн сэтгэл амгалан, 
  • хэт их биш бага биш зохистой сайн хооллоно,
  • салхинд сайн гаргаж тоглуулж, хөдөлгөөнтэй байлгах,
  • спорт хийлгэх, 
  • хичээл хэт их хийлгэж ядраахгүй байх,
  • тахлын үед гадны хүнтэй ойртуулахгүй олон хүнтэй газар авч явахгүй, 
  • гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ сайн хийх,
  • салхи оруулж байх, 
  • аньс чацаргана, витамин уулгах,
  • аль болох монгол хонь, үхрийн махтай хоол өгөх, 
  • даршилсан, чихэр ихтэй хоол унд өгөхгүй байх.

НЭГЭНТ ӨВДСӨН БОЛ: 

Хөнгөн ба хүндрэл гараагүй бол заавал эмнэлэгт хэвтэхгүй гэрээр эмчилж, эмчийн хяналтанд байх. Хөнгөн өвдсөн, хүндрэлгүй байхад нь халуурахаас нь айгаад эмнэлэгт хэвтвэл олон хүүхдийн халдвар харилцан солилцох, хүндрэх эрсдэл ихсэнэ.  Мөн хүүхэд, ээж нь ч гэсэн гэр, хоол, орноосоо холдож олон өвчтэй хүүхэд дунд бие сэтгэл улам хямарч хүндэрч, удаан өвддөг.

ЗАСГИЙН ГАЗАР, ХОЛБОГДОХ ЯАМ ЭНЭ ҮЕД:

  • Онцгой комиссийг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж зөв зохистой ажил хийх, 
  • ТВ, сайтаар маш сайн тайлбарлах, ойлгуулах,
  • Өвдсөн бүх хүүхдийг Халдварт юм уу Хүүхдийн эмнэлэгт заавал хэвтүүлж, үзүүлж бөөгнөрүүлэхээс зайлсхийж, гэрээр эмчилж хянах боломж бүрдүүлэх,
  • Нэгэнт хүндрээд Халдварт, Хүүхдийн эмнэлэгт хэвтэгсдэд амьсгалын аппарат, хянах багаж, эм тариа, хүүхдийн зүү, дусал, витамин хангах, 
  • Хүүхдийн эмч, сувилагч, сэхээний эмчийг өөр газаруудаас нэмж татаж хангах (хэд дахин нэмэх), 
  • Эмнэлэгт даралт, бөөр гэж ихэвчлэн хэвтүүлдэг. Дүүргийн эмнэлгүүдийг бүхлээр нь улаан бурхан эмнэлэг болгож түр зохион байгуулах,

Энэ вирусийг устгах эм хаана ч байхгүй, мөд бий болох ч үгүй байх. Тэгэхээр хүүхдээ аль болох эрүүл чийрэг сэргэлэн цовоо өсгөх нь зөв.

Улаан бурхан өвчнөөр жаахан ядарсан, ойрмог ханиад хүрсэн, нойр хоол зохистой биш, цус бага, рахит тураал суурь өвчтэй, вакцин хийлгээгүй нь өвдөнө" гэснийг ikon.mn сайт мэдээлсэн байлаа. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар