Б.Сувд: Дуртай номоо 50% хөнгөлөлттэй,хайртай зохиолчынхоо гарын үсэгтэй аваарай.

7,104
Улаанбаатар олон улсын номын баяр 2016 оны 5-р сарын 20, 21-ний өдрүүдэд Чингисийн талбайд болно. Ингээд номын баярыг зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдтай уулзаж ярилцлаа.
  • Номын баярыг хүн бүр хүсэн хүлээдэг сайхан үйл ажиллагаа болжээ. Тиймээс ийм өргөн хүрээний ажил зохион байгуулж байгаа танай хамт олонд талархал илэрхийлье. 

            Баярлалаа.

  • Номын баярыг анх зохион байгуулах санаа яаж төрсөн юм бэ? Эндээс ярилцлагаа эхэлмээр байна.

        "Номын баяр" үйл ажиллагаа "Номын ертөнц" нэвтрүүлгийн нэг жилийн ойгоор хийгдэж байсан. Тухайн үед номын         салбар зогсонги байдалд байсан. Номын дэлгүүрт ном зарагдахгүй байхад энэ олон зохиолч хэвлэн нийтлэгчдийг         цуглуулаад уншигчид хангалттай хэмжээгээр ном авч чадах уу гэдэг асуултууд хэвлэн нийтлэгчдээс ирж байсан.         Гэвч номын баяр амжилттай болсноос гадна цаашид энэ арга хэмжээг улам  олон удаа,  улам хүртээмжтэйгээр         зохион байгуулах хэрэгтэй гэсэн эрэлт хэрэгцээг олж харсан. Түүнээс хойш номын баярыг жил болгоны хавар         намрын улиралд зохион байгуулдаг болсон. Яагаад хавар намрын улиралд зохион байгуулж байна вэ? гэхээр         дийлэнх олон улсын баярууд хавар,намрын улиралд зохион байгуулагддаг. Тэгээд ч хавар намар уншигчид илүү         идэвхитэй болдог нь анзаарагдсан. Зохиолч уран бүтээлчид ч гэсэн шинэ зохиол бүтээлүүдээ их гаргадаг. 

  • Номын ертөнцийн олон алдартан энэ өдрийг тэсэн яадан хүлээж хамгийн шилмэл бүтээлүүдээ уншигчдад хүргэдэг юм билээ. Энэ жил хичнээн зохиолч баярт оролцож бүтээлээсээ хуваалцах бол?

        Номын баяраар 300 гаруй зохиолч, орчуулагч, уран бүтээлчид оролцоно. 

        Мөн Монголын зохиолчдын эвлэлээс санал болгосноор 60  ахмад зохиолч номын баярын хүндэт зочид болж         уригдана. Энэ баярт ахмад зохиолчид маань яагаад хүндэт зочид болж байна вэ? гэхээр ахмад зохиолчид уран         бүтээлээ туурвихаа битгий зогсоогоосой, мөн уншигчидтайгаа тэр болгон уулзаж чаддаггүй учир уншигчидтайгаа         уулзаж ярилцаасай гэж хүссэн. 

  • 19 дэх удаагийн номын баяр болох гэж байна. Зохион байгуулагчийн хувьд сэтгэлд хамгийн дурсамжтай номын баяр хэзээ тохиож байв.

        Номын баяр болгон сэтгэлд дурсамжийг үлдээдэг. Зарим нь туршлага нэмж, зарим нь бидний хүч бололцоог         шавхаж ч байлаа. Хөгжилтэй хэсгээс ярих уу. 2011 онд байсан байхаа. Зохиолчдод урилга тарааж байсан юм.         Манай менежер Б.Чингис зохиолч С.Зэвсэг гуайд урилга өгөх гээд утсаар ярьж байхдаа нэрийг нь андуураад         Гранат гуай юу гэсэн чинь өөдөөс нь Пулмёт байна гэж хэлээд утсаа тасалсан. Үүнээс хойш сайн ахтайгаа нэг         уулзах юмсан гээд хошигнодог болсон. Хамгийн их догдлон бэлтгэж байсан баяр 2012 онд МУ-ын ерөнхийлөгч         бидний үйл ажиллагааг дэмжин 158-р зарлигаа гарган “Номын баяр”-ын өдрийг тэмдэглэж байхыг улс даяар         уриалсан явдал байлаа.  

 

  • Номын баярт оролцож хайртай зохиолчийнхоо бүтээлийг өөрийн болгохыг хүсч буй олон хүн байгаа байх. Тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?

​        Энэ жилийн хаврын "Номын баяр"-ын онцлог нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн нэр дор илүү өргөн цар         хүрээтэйгээр зохиогдож, аялал жуулчлалыг хөгжүүлэх соёлын бодлогын хүрээнд нийслэл хотод болох         сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг болсон. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс аялал жуулчлалын улирлын         урьтал болох 5 дугаар сарын уур амьсгалыг бүрдүүлж өгөх үүднээс жуулчдад сонирхолтой хөтөлбөрүүдийг         бэлтгэсэн. Тухайлбал, Олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”,         Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын         дүрийн тоглолтууд, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын нийтийн номын санд карт үнэгүй нээлгэх, номын сангийн         өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болохоос гадна ном хэвлэлийн байгууллагууд номоо         20-50%-ийн хямдралтай, зохиолчид гарын үсэгтэй худалдаа хийнэ. Мөн нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж         шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-д хандив цуглуулна. Мөн уншигчид маань         өнгөрсөн номын баяраар авч чадаагүй номоо энэ номын баяраар авах байх.

  • Манай уншигч охид бүсгүйчүүд номын баярыг бас хүлээж байгаа байх. Эмэгтэйчүүдтэй холбоотой ямар ном зохиолууд байгаа бол?

        Сүүлийн үед номын ертөнцөд эмэгтэй зохиолчид түлхүү уран бүтээлээ хийх болсон. Ялангуяа бестселлер болж         байгаа зохиол бүтээлийн ихэнх нь эмэгтэй зохиолчид байгаа. Тэгэхээр тэр олон идэхитэй эмэгтэй зохиолчдынхоо         бүтээлийг яг өөрсдийнх нь гараар гарын үсэгтэйгээр нь авах боломжтой. Хайртай зохиолчтойгоо зургаа         авхуулах, зохиолуудынх нь тухай ярилцах, мөн номын яриа хийх боломж ч гэсэн энэ өдөр бүрдэж байгаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#