Гайхамшигт бүжиг дэглээч Ц.Сэвжидийн 100 жилийн ой тохиож байна

2016.05.26
|
1,328
Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Ц.Сэвжид-100 жил” төслийг хэрэгжүүлж жилийн хугацаанд тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ойн арга хэмжээг нэгдүгээр сарын 12-нд эхлэн Италийн Женова хотод “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг толилуулсан. Түүнчлэн гуравдугаар сарын 22-нд ҮДБЭЧ-ын тайзнаа “Нарны домог” анхны бүжгэн жүжиг, дөрөвдүгээр сарын 16-нд “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг тус тус зохион байгуулаад буй юм. Энэ удаад Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан “Ардын бүжиг амьдрал минь билээ” бүжигчдийн нэгдсэн тоглолтыг толилуулах нь ээ. Тоглолтод УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, “Түмэн-Эх” чуулга, СУИС, ХБК-ийн бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцох аж.

 

Ойн арга хэмжээ арванхоёрдугаар сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд “Сэвжид 100 жил” хүндэтгэлийн тоглолт, “Монголын бахархал” гурвалсан бүжгэн жүжиг, “Алтан ураг” бүжгэн жүжиг зэрэг тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн АЖ Б.Долгор, Ш.Чимэдцэеэ, МУГЖ Ж.Түвшинтөгс, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, СТА Хар сарнай хамтлагийн дуучин С.С.Амармандах нар "Сэвжидийн бүжиг, Монголын бүжиг" нэртэй нэгэн шинэ дууг клипийн хамт үзэгчдийн хүртээл болгожээ. 

                                        Хэрэв тэр байгаагүй бол хавчлага, хяналтан дороос зоригтойгоор өндийж, монгол бүжгийг                                         дархлах хүн үгүй байх байлаа.

Тэрээр дэлхийн улсуудад монгол бүжгийн гайхамшиг, монгол бүжигчдийн чадварыг таниулж, өдөр бүрийг зөвхөн монгол бүжгийн төлөө зориулж байсан гэдэг. Тэгэхээр монголчууд түүнд мэхийн ёслож, алдар нэрийг нь магтан дуулахаас өөр аргагүй. 

Ц.Сэвжид нь 1959-1984 онд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад бүжиг дэглээчээр ажиллах хугацаандаа “Адуучин”, “Саальчин”, “Ээрүүлт”, “Хөдөө нутгийн залуус”, “Жалам хар”, “Баруун Монгол биелгээ”, “Монгол ардын биелгээ” зэрэг бүжгийг дэглэж Монгол бүжгийн түүхэнд үнэлж баршгүй гавьяаг байгуулсан юм.

Хүндэтгэлийн тоглолт энэ сарын 29-ны 19.00 цагт “Соёлын төв өргөө”-нд болно. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр Гангар Инвест, ивээн тэтгэгчээр МАГБИ групп болон Ард санхүүгийн нэгдэл, Ард даатгал, UB сентрал зэрэг ажиллахаар болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.