Хайрлаж сурна гэдэг үзэн ядахаас ч хэцүү

2016.11.20
|
3,846
Унахад нь түшиж аваад, уурандаа багтраад хэлсэн үгийг нь чихнийхээ хажуугаар зүгээр л өнгөрөөчихөж сурсан цагт бид хайрлаж сурах байх.

Хайрын тухай дуу, шүлэг шиг их зүйл бидний эргэн тойронд алга. Хайртай хүнээ хүртэл “Хайраа” гэж дуудаад л. Хайртай хүмүүстээ “Хайртай шүү” гэж амлаад л. Тэврэлдээд л. Хайрлахгүй л бол болохгүй юм шиг хэрнээ хайрлаад эхлэхээрээ уйдаад, зугатаад, сүүлдээ хайр шиг хэрэггүй зүйлгүй болох нь ч бий.

 

Хайртай гэж ханилчихаад хэдхэн жилийн дараа түүн шиг муу хүн, муухай хүн энэ хорвоо дээр байхгүй юм шиг аашилна. Хайртай гэж боддог хэрнээ олигтой баярлуулж ч амжаагүй байтал эрхэм сайхан хүмүүс маань өнөөдөр нь уулзаад орой нь утастахад хорвоогоос үүрд одчихсон байх нь ч бий.

 

Ийм л болохоор хайр гэдэг чинь юу юм, гарт баригдаж, нүдэнд харагддаггүй энэ зүйлийг хүн төрөлхтөн хэчнээн зуун жилээрээ бахдан дуулж байгаа хэр нь өнөө хэр нь үнэ цэнийг нь бүрэн ойлгож чадаагүй юм шиг.

 

Яагаад гэж үү. Яагаад гэвэл бид хайртай хүмүүсээ чин сэтгэлээсээ хайрлаж хүндлэхээ мартчихдаг. Яг үнэндээ бид хайрлаж байгаа нь энэ гээд хайртай хүмүүсээ өөрийнхөө байдалд нийцүүлэх гэж, өөрийнхөөрөө байлгах гэсэн аминчхан үзэлдээ автаад тэднийгээ хайрлах биш харин өмч юм шигээ харьцдаг.

 

Тэр хүний дутагдалтай зан таалагдахгүй бол, өмссөн хувцас нь сэтгэлд нийцэхгүй бол бид хайртай хүмүүсээ чин сэтгэлээсээ хайрлаж чадахаа больчихдог. Өөрөөр хэлбэл, хайртай хүн маань бидний хүссэн шиг байвал бид хайртай байдаг, харин бидний хүссэнээс өөр болоод ирвэл бид өөрчлөгддөг гэсэн үг. Хүн бүр над шиг биш харин хүн бүр дахин давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг нь бид мартчихдаг.

 

Жишээ нь, нөхөр маань ажлаасаа ирээд надад анхаарал халамж тавихгүй ядарснаа гайхаад буйдан дээр унтаад өгвөл би бухимддаг. Яагаад намайг хайрлахгүй байгаа юм, яагаад надад бэлэг авчирч өгөхгүй байгаа юм бол гээд л. Гэтэл би нөхрөө үнэхээр чин сэтгэлээсээ хайрлаж байгаа бол түүнийгээ буйдан дээр жаахан зүүрмэглэхэд нь чимээгүйхнээр, “Тэр маань ядарч дээ, амраг” гэж өөртөө тайвнаар хэлж чадна шүү дээ. Энэ бол маш олон бүсгүйчүүдэд тохиолддог зүйл гэдэгт итгэлтэй байна.

 

Эндээс юуг хэлэх гээд байна гэхээр хайрлаж сурна гэдэг хайртай хүнээ дутагдалтай нь, давуу талтай нь, хоббитой нь, уур бухимдалтай нь, үзэн ядалттай нь, бүх зүйлтэй нь хамт хайрлахын нэр юм. Нэг үгээр хайртай хүнээ хайрласныхаа төлөө хариу хүлээж байгаа бол энэ хайр биш хариу нэхсэн тус гэж хэлж болохоор. Үнэхээр чин сэтгэлээсээ хайрламаар байгаа бол хайртай хүнээсээ юуг ч нэхэлгүй, түүнийг өөрийнхөөр нь хайрлаж, байгаагаар нь хүлээн авах нь бидний хайрлахын төлөө хийж чадах хамгийн чухал зүйл.

 

Олон гэр бүл нэгнээ байгаагаар нь хүлээн авч чадаагүйгээсээ болоод бие биедээ итгэл алдарч, амьдралаа өөр өнцгөөс харахад хүрдэг байх. Унахад нь түшиж аваад, уурандаа багтраад хэлсэн үгийг нь чихнийхээ хажуугаар зүгээр л өнгөрөөчихөж сурсан цагт бид хайрлаж сурах байх.

 

Бухимдалдаа бачуураад чангаар орилсон ганц үгэнд нь эмзэглээд тэр хүнийг өөрөөр харж эхэлж байгаа бол энэ хайр биш байх. Хайр бол тэр хүнийг бүх зүйлтэй нь хайрлахын нэр гэдгийг дахин дахин бодож амьдармаар.

 

Харин үзэн ядах бол амархан. Гэхдээ хэцүү. Хэцүү ч гэлээ хайрлаж сурахаас амархан. Үзэн ядалт бол зөвхөн нэг л хэв шинжид баригдаж, нэг л тийш харж, бүхний өө сэвийг өөнтөглөж явдаг болохоор хайрлахаас хамаагүй амархан.

 

Хайртай бол бүх зүйлтэй нь хайрла. Бүх зүйлийг нь хайрла. Тэгээд л боллоо. Чин сэтгэлээсээ хайрлаж чадсан ганцхан хормын агшин бидэнд хэмжээлшгүй аз жаргалыг мэдрүүлэх болно. Та ганцхан удаа туршаад үзээрэй.

 

Энэ орчлонгоос ганц зүү ч атгаад буцаж чадахгүйгээс хойш сэтгэлээрээ баян амьдрах шиг сайхан зүйл юу байх билээ...

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#