Таны хүүхэд 2-4 настай бол хэрхэн аз жаргал бэлэглэх вэ?

2016.11.22
|
1,328
Тиймээс 2-4 насны хүүхдүүдийг хэрхэн аз жаргалтай, баяр хөөртэй байлгаж, чин сэтгэлээсээ ойлгож сурах талаар бяцхан судалгаа хийсэн юм. Үүнийгээ надтай адилхан ээжүүддээ ч бас хуваалцъя.

Би 3 хүүхэдтэй ээж. Хоёр том маань 2, 4 настай. Гэр дотор хүүхдийн дуу, шуугиан, хөгжилтэй аялгуу тасарна гэж үгүй. Энэ нь үнэхээр сайхан байдаг ч заримдаа тэсвэр алдаж тэднийхээ юу хүсч байгааг ойлгохгүй загнах, ширүүн харц шидэх тохиолдол надад бишгүй байдаг. Энэ л үедээ тэдэнтэйгээ яаж ойлголцож, илүү аз жаргалтай баяр хөөртэй болгох вэ гэж би дотроо шаналдаг.

Тэд ч бас бухимдаж, шаналж, уурладаг. Тиймээс 2-4 насны хүүхдүүдийг хэрхэн аз жаргалтай, баяр хөөртэй байлгаж, чин сэтгэлээсээ ойлгож сурах талаар бяцхан судалгаа хийсэн юм. Үүнийгээ надтай адилхан ээжүүддээ ч бас хуваалцъя.

 

Хүүхдүүдтэйгээ хөгжилд

Тэдэнд та өдөртөө хэдхэн минутыг яг л тэдний насанд очсон юм шиг сэтгээд хамт тоглоод үзээрэй. Тэд үнэхээр их баярлана даа. Тэдний насан дээр та ямар байснаа эргэн сана. Тэгвэл та хүүхдүүдээ чин сэтгэлээсээ ойлгож чадна. Энэ хандлага нь таныг бяцхан хүүхдүүддээ чин сэтгэлээсээ аз жаргал бэлэглэхэд тусална.

 

Шинэ чадвар эзэмшихэд нь тусла

Аз жаргалтай хүмүүс хийх дуртай ажлаасаа баяр хөөрийг мэдэрдэг шүү дээ. Тиймээс таны хүүхэд чадахгүй байгаа зүйлээ чаддаг болчихвол хэчнээн их баярлах бол. Бөмбөг шидээд барьж авч чадахгүй байгаа бол чадах аргыг нь эелдгээр заагаад өг. Тэр бөмбөгийг алдалгүй барьсандаа үнэхээр их баярлах болно.

 

Эрүүл амьдралын зуршлаас зааж өг

Сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хоол хүнс идэх нь түүнийг өсч том болох, аз жаргалтай эрүүл сайхан амьдрахад хэчнээн хэрэгтэй талаар өдөр бүр ярилцаарай. Хүүхэдтэйгээ дэлгүүр орохдоо хүнсний талаар тайлбарлаж өгч яагаад болохгүй гэж.

 

Тэр үргэлж сайн байх албагүй, тэр алдаж болно шүү дээ

Зарим эцэг эхчүүд хүүхдээ үргэлж сайн байх ёстой, үргэлж үгэнд орж байх ёстой гэж боддог. Гэвч яаж ч бодсон та тэдний насан дээр өдөр бүр ээж аавынхаа үгэнд орж, өдөр бүр сайн байсан гэж үү. Та үнэндээ өөрийнхөөрөө буснуйлж, сахилгагүйтэж, дураараа загнаж л байсан биз дээ. Тэднийг өөрийнхөөрөө байхад нь тусла. Тоглож байгаа тоглоомыг нь хурааж, гэрээ цэвэрхэн байлгалаа гээд тэд аз жаргалтай байхгүй. Харин тоглож, наадан, чөлөөтэй байж л энэ нь аз жаргал болно шүү дээ.

 

Тэд уурлаж, бухимдаж яагаад болохгүй гэж, хүн шүү дээ

Төрсөн өдрийн баяр дээр хүү чинь нэг л уйтгартай харагдаад ирэхэд та өөрийн эрхгүй л “Чи юундаа уурлаад байгаа юм, бүх зүйлийг чинь бэлдчихээд байхад” гэж бухимдаж эхэлдэг. Гэвч ингэж түүнийг хүчилснээрээ та аз жаргал бэлэглэхгүй. Үнэн хэрэгтээ уурлах, бухимдах, гуниглах нь бидний амьдралд өдөр бүр тохиолддог зүйл гэдгийг хүүхэд ойлгох ёстой. Тэд ч бас сэтгэлтэй, зүрхтэй. Тийм болохоор түүнийг ууртай, бухимдсанн үед нь үүнийг хүлээн зөвшөөрч, түүнд эелдгээр хандаж, болохгүй байгаа зүйлийг хамтдаа шийдэхийг хичээгээрэй.

 

Тэднийг сонсож сур

Энэ насны хүүхдүүдийг аз жаргалтай болгодог хамгийн чухал зүйл бол тэднийг сонсох явдал юм. Учир нь томчуул тэдэнтэй тэр бүр харьцдаггүй болохоор тэд ч бас ганцаарддаг юм шүү.

Тэдэнтэйгээ ярилцсанаар та аз жаргалтай, гунигтай байгаа эсэхийг нь төвөггүй мэдэж чадна. Бас ээждээ, аавдаа хэчнээн чухал хүн болохоо тэд эндээс мэдэрч аз жаргалыг мэдэрдэг юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.