Шинэ жилийн зурхай

ЗАГАС
Тэдэнд лонх сайн дарс, хайртай найрагчийнх нь шүлгийн түүвэр ч юм уу ямар нэг өвөрмөц сонирхолтой бэлэг бэлэглэж болно. Эсвэл дуртай дууных нь хуурцаг, ямар нэг гүн гүнзгий сэтгэл хөдөлгөсөн үйл явдал бүхий киноны бичлэг зэрэг нь эл ордны хүмүүст лавтай таалагдах юм. Учир нь тэд байгалиасаа тайван амгалан, бясалгах дуртай хүмүүс байдаг. Иймээс элдэв хөл хөөртэй найр цэнгээн, тоо томшгүй бэлэг байгаад ч тэдний сэтгэлд хүрэх нь юу л бол.
ХОНЬ
Xөл хөөртэй сэтгэл хөдөлгөсөн юм болгонд нугасгүй. Энэ ордны хүмүүс нэг газраа удаан сууж чаддаггүй. Угаасаа хөдөлгөөнтэй тул спортын хэрэгсэл бэлгэнд авах дур сонирхолтой. Сав суулга, болор эдлэл, цэцгийн сав, бүр гаж сонин өвөрмөц бэлэг ч тэдний сонирхлыг татахгүй. Нэмж хэлэхэд та хониныхонд бэлэг сонгох гэж байгаа бол амархан эвдэрч хэмхрэх эд зүйл бүү худалдаж аваарай.
ҮХЭР
Тэдэнд бэлэг авахдаа гар татахгүй байхыг танд сануулъя. Учир нь тэд дотроо бодолтой, хашир хүмүүс тул эдийн чанар, үнэ цэнийг андахгүй. Жишээлбэл: Хэрэв та түүнд зориулж хайрцагтай чихэр худалдаж авах гэж байгаа бол энэ нь үнэтэй төдийгүй чанартай байх ёстой. Маш сайхан сэтгэл хөдөлгөм ерөөлийн үгтэй ил захидал уясан агаарын бөмбөлөг байлаа ч тэд үүнийг тань бэлэг гэж тоож үзэхгүй л байх вий.
ИХЭР
Эл ордныхон мэдлэг олж авах юм бүхнийг үнэлдэг. Тиймээс тэдэнд бичлэгтэй хуурцаг, ном, СD бэлэглэж болно. Мөн хайхрамжгүй ихрүүд маш жижиг аксесуар хэрэглэлүүдийг ч сэтгэл ханамжтай хүлээн авдаг. Ихрийн ордныхонд хэзээ ч битгий цаг бэлэглээрэй. Учир нь тэд цаг баримталдаггүй хүмүүс.
МЭЛХИЙ
Нэг үгээр хэлэхэд тэдэнд ер нь бүх төрлийн гал тогооны хэрэгслүүд таалагддаг. Жишээ нь: цайны халбага, шанага, хутганы цуглуулга, төрөл бүрийн тасалгааны ургамал, байгалийн сэдэвтэй зохиомж гэх мэт. Тэд тав тухтай дулаан орчинд байх дуртай тул зөөлөн ноолууран ороолт бээлий бэлэглэвэл тохиромжтой. Товчхон хэлэхэд цангинаж жингэнэн, үсэрч дэвхэрдэг зүйлүүдэд тэд дурамжхан ханддаг.
АРСЛАН
Араатны хаан гэдэг утгаараа тэд тансаг, үнэтэй зүйлд дуртай. Хамгийн зөв сонголт бол гоёл чимэглэлийн зүйл. Гэхдээ үнэт металл болох алт мөнгөн эдлэл байх ёстой. Косметик, үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүний хувьд ч гэсэн алдартай фирмийн хэрэглэгчид байхыг хүсдэг. Мэдээж бэлэгнүүд үнэтэй, чанартай фирмийн байх төдийгүй гоёмсог сав баглаа боодолтой байх ёстой. Арслангуудад гэр ахуйтай холбоотой зүйлс хэзээ ч битгий бэлэглэ. Ийм бэлэг нь тэдэнд ерөөс таалагдахгүй төдийгүй хэт гөжүү зантай, олон ааштай арслангууд түүнийг хэрэглэх нь юу л бол.
ОХИН
Тэдний сэтгэлд хүрэх их хялбархан. Охиныхонд юу ч бэлэглэж болно. Гэхдээ зөвхөн амьдрал ахуйд хэрэг болох зүйлс л бэлэглэх хэрэгтэй гэсэн ганц зарчмыг баримтлах хэрэгтэй. Мөн ямар ч тохиолдолд элдэв бэлэг дурсгалын зүйлс, чамин гоё эдлэлд мөнгө үрэх хэрэггүй. Энэ нь тооцоотой арвич хямгач охиныхонд хэрэггүй зүйлд мөнгө дэмий үрсэн байна гэж бодоход хүргэнэ.
ЖИНЛҮҮР
Энэ бол хамгийн ойлгомжгүй, урьдчилан таахын аргагүй орд. Жинлүүрүүдэд гол нь үзэмж, уран нарийн хийц, гоёмсог байдал чухал. Тэгэхээр бэлэг тань анхны харцаар л нүдэнд тусах, сонирхол татахуйц байхаар сонголт хийхийг хичээгээрэй. Жинлүүрүүд үнэндээ жинхэнэ фирмийн эдийг л үнэлж үздэг. Сарнай, зөөлөн чихэр, шоколад зэрэг жижиг сажиг зүйл тэдний сэтгэлийг төдийлөн хөдөлгөхгүй.
ХИЛЭНЦ
Энэ ордны хүмүүс санамсаргүй, гэнэтийн зүйлст дуртай тул ямар нэг нууцлаг, бусын бэлэг бэлдэх хэрэгтэй. Жишээ нь: зурагтны хайрцагт эрдэнийн чулуу хийж өгөх гэх мэт. Хилэнцүүдэд хэзээ ч битгий нусны алчуур, гарын алчуур, оймс зэргийг бэлэглээрэй. Эс тэгвээс тэд өөрсдийгөө доромжлогдсонд тооцох болно.
НУМ
Тэд хонинуудын нэгэн адил спортын хорхойтнууд. Нумуудад хөлбөмбөг, ном, видео хуурцаг зэрэг хөнгөн чанарын бэлэг бэлэглэвэл таалагдана. Насан туршийн дурсгал болгох үнэтэй үзэг, асаагуур г.м зүйлс хайж цагаа үрэх хэрэггүй. Үнэ цэнээс үл шалтгаалан цаг нь ирэхээр юу ч байсан мартагдаж хаягдана. Хаягдахгүй байсан ч гэсэн байнгын хэрэглээнд байх нь юу л бол доо.
МАТАР
Матруудад бэлэг сонгохдоо тэдний олонх нь 1-рт хашир, буурь суурьтай, 2-рт ажилсаг хөдөлмөрч, 3-рт сониуч зантай, шохоорхуу хүмүүс гэдгийг санах нь зүйтэй. Тиймээс тэдэнд тэмдэглэлийн дэвтэр, зүү утас, нэхмэлийн зүүний хайрцаг бэлэглэсэн ч болно. Гэхдээ жижиг сажиг бэлэг дурсгалын зүйлс, хайрцаг зэрэг сонирхол татахуйц бэлэг биш гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.
БУМБА
Амжилтад хамгийн дуртай хүмүүс. Энэ ордны хүмүүс ганц юм хүнээс авах дургүй .Тиймээс хайрцагтэй! чихрийн цуглуулган дотроо ямар нэгэн сонирхолтой одон орны тухай юм уу зөгнөлт ном хийж, бэлэглээд үзээрэй. Бумбуудад бэлэг боож байхдаа тэд өөрсдийн аз жаргал, баяр хөөрөө хэн нэгэнтэй хуваалцахыг илүүд үздэг гэдгийг санах хэрэгтэй. Иймээс та тэдэнд найз нөхөдтэйгээ хуваалцаж хүрэлцэхийн хэмжээний ахиухан бэлэг бэлдэх хэрэгтэй болох нь.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.