Гоо сайхнаа алж байдаг бидний 10 алдаа

Нийтлэлч: Алунгуа
2016.12.07
|
11,205
Гоо сайхан бол эмэгтэй хүн бүрийн амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Бид царай зүс, хувцас эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүндээ нилээд анхаарч,  их ч мөнгө зарцуулдаг.

Гэхдээ тэр зарцуулсан цаг хугацаа чармайлт заримдаа мухардалд хүргэсээр...  Учир нь бидний мэдлэг дутуу байдгаас аймшигтай алдааг өдөр бүр давтаж байдаг юм. Тиймд бидний хамгийн түгээмэл гаргадаг 10 алдааг энд сонордуулъя, анхаарлаа хандуулна уу?  

1. Будалт хийдэг багсаа угаахгүй байх

Охид бүсгүйчүүд маань будалт тус бүрт багс хэрэглэдэг болсон. Харин тэдгээр багсаа ил задгай толин дээрээ орхидог, хааяа нэг угаана, эсвэл зарим нь бүр худалдаж авснаасаа хойш угааж үзээгүй гэдэг. Тэрхүү бохир багс нь бактериас үүдэлтэй батга, үрэвсэлт тууралтыг үүсгэх аюултай. Тэгэхээр та багс болон угаах боломжтой бусад хэрэгслүүдээ 7 хоногт нэгээс хоёр удаа угааж хэвших хэрэгтэй. Мөн нүүрний бигнүүр , алчуураа усанд буцалгаж ариутгаж байгаарай. Заавал тусгай угаагч гель худалдаж авах шаардлагагүй , шампунь савангаар угаагаад халуун бүлээн усаар сайтар зайлж цэвэрхэн газар тавьж хатаахад л болно.

2. Арьсандаа тохирохгүй тос хэрэглэх

Энэ асуудал надад ч бас тохиолдож байсан юм. Бүсгүйчүүд бидний арьс олон төрлийн тос түрхэх ч юм уу нэг тосоо дэндүү удаан хэрэглэсээр арьсны маань хэв шинж өөрчлөгддөг. Үүнээс үүдээд батгаших, будаг шингэхгүй барзайх, өнгө, чийгшлээ алдах гэх мэт илт муу үр дагаврууд ажиглагдаж эхэлдэг. Тослог арьстай байснаа хуурай болох хуурай байснаа холимог арьстай болсноор хэв шинж нь өөрчлөгдсөн байна гэсэн үг юм. Энэ асуудлаа мэргэжлийн гоо сайханчаар шалгуулж арьсныхаа онцлогт яг цав тохирсон тос, бүтээгдэхүүнээ олж хэрэглэх нь хамгийн чухал юм шүү. 

3. Нүүрээ цэвэрлэхгүй унтах

 

Таныг энэ алдааг гаргадаггүй гэдэгт итгэж байна. Нүүрний арьсны бохирдлоо цэвэрлэхгүй унтах тохиолдолд арьс тань бохироор амьсгалж өглөө сэрэхэд зүгээр харагдах ч гүн хэсэгтээ бохирдол нь шингэж хар батга нүхжилт, үрэвсэлт батга гэх мэт арьсыг тань алж байдаг бүхэн үүсэхэд бэлэн болсон байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг л бол хэрхэвч цэвэрлэхгүй унтаж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Цэвэрлэгчгүй нөхцөлд нойтон сальфетикаар, халуун усанд дэвтээсэн хөвөнгөөр ч болтугай бохирдлыг нь цэвэрлэж болно шүү дээ. 

4. Бохир гараа нүүрэндээ хүргэх, нүүрээ илэх

Та өөрөө ч анзаарахгүй ийм үйлдэл хийдгээ мэдэх үү? Сайтар гараа угаасны дараа л биш бол хэзээ ч нүүрэндээ гараа бүү хүргэж бай. Нийтийн тээвэрт, гудамжинд, ажил дээрээ ч гэсэн та энэ анхааруулгыг байнга өөртөө сануулж байгаарай. Муу үр дагавар нь мэдээж үрэвсэлт батга!

5. Үсээ нойтноор нь самнах

Энэ нь үсний эрүүл мэндийг алдагдуулах нийтлэг алдаа юм. Та үсээ нойтноор нь самначихаад үс унаад байна, яаж зогсоох вэ гэж боддог юм биш биз? Тэгвэл та нэгдүгээрт, нойтноор нь үсээ бүү самна. Хоёрдугаарт үсээ угаачихаад алчуураар зөөлөн дарж арчих хэрэгтэй. Үс уналтанд ийм техникийн алдаа бас нөлөөлдөг байх нь.

6. Гар, хүзүүгээ мартах

Ихэнх бүсгүйчүүд хүзүү, гарын арьсаа төдийлөн тоодоггүй, хааяа нэг тос түрхэж арчилдаг ч эмэгтэй хүний гоо сайхан, насны илрэлийг илтгэдэг хамгийн чухал 2 зүйл нь биднээс илүү их анхаарал арчилгааг шаардаж байдаг. Гараа арчлахын тулд мэдээж эхлээд хамгаалах хэрэгтэй ба хэт халуун хэт хүйтэн усанд юм угаахдаа заавал резинэн бээлий өмсөж занших, 7хоногт 2-3 удаа маск тавьж байх. Харин хүзүүний арьсаа нүүрээ цэвэрлэх бүртээ цэвэрлэж, нүүрэндээ түрхсэн тос  тэжээл бүрээ мөн хүзүүндээ хэрэглэж байх хэрэгтэй. Та хүзүүний арьсаа нэг анзаараад үзээрэй. Үрчлээ нугалаас нь гүнзгийрч арьс нь унжсан байхвий. Мөн хүзүүний дасгалыг санах бүртээ хийж байгаарай. 

7. Тоник хэрэглэхгүй байх

Зарим эмэгтэйчүүд тоникийг хэрэггүй зүйл хэмээн үздэг. Харин тоник бол бидэнд хамгийн их хэрэгтэй. Учир нь нүүрээ угаачихаад шууд өдөр шөнийн тосоо түрхчихдэг хүмүүс байдаг. Нүүр угаасны дараа арьс нь өөрийн pH-aa алдан хуурайшдаг ба энэ үед ямарч сайн тос түрхсэн ид шидээ үзүүлэхгүй. Харин тоникыг түрхсэний дараа  арьсны pH тогтворжин илүү чийглэг болох болно. Үүний дараа зовхины тос болон бусад бүтээгдэхүүнүүдийг дарааллын дагуу хэрэглээрэй.

8. Шөнийн тосны буруу ойлголт

"Шөнийн тос түрхэж яах юм. Арьсаа амраая" - гэж та боддог уу? Гол учир нь арьсандаа мөн шөнийн гэсэн тодотголтой тосондоо байдаг юм. Уг тосны гол үйлчилгээ нь унтаж буй арьсанд гардаг гэсэн үг юм. Шөнийн тос нь чийгшүүлэх болон арьсыг тэтгэж, нөхөн сэргээх үйл явцыг түргэсгэдэг.

9. Үсэндээ  үнэртэй ус түрхэх

Таны үс хуурайших хандлагатай байдаг бол та үсэндээ үнэртэй уснаасаа битгий түрхэж байгаарай. Учир нь үнэртэй ус нь спиртний хольц агуулдаг учраас ихээр хуурайшуулдаг юм байна.

10. Цагаан хэрэглэл

Таны гоо сайхныг гундаадаг сүүлийн муу зуршил бол цагаан хэрэглэлийн ариун цэвэр. Долоо хоногт 1 удаа цагаан хэрэглэл, дэрний уутаа угааж занших нь чухал. Цагаан хэрэглэл нь бактерийн жинхэнэ уурхай болж байдаг учир сайтар ариутган угааж индүүдэж хэрэглэх хэрэгтэй. Оросуудыг цагаан хэрэглэлээ буцалгаж ариутгадаг гэж сонссон юм байна. Үнэний ортой л байх.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар