Хөхүүл ээжүүдэд уйлмаар үе олон байдаг

Нийтлэлч: Нархан
2016.12.08
|
905
Энэ бүхнийг эх хүн л хайраараа даван туулдаг гайхалтай шидтэй. Хайр хүчтэй ч хөхүүл ээжүүдэд уйлмаар, аргаа барж, хүч мөхөсдмөөр үе бишгүй олон

        Хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг амаргүй. Тэр ч бүү хэл уйлахаас өөр өөрийгөө илэрхийлэх чадваргүй нялх нярайг асарч тойглох бүр ч хэцүү. Энэ бүхнийг эх хүн л хайраараа даван туулдаг гайхалтай шидтэй. Хайр хүчтэй ч хөхүүл ээжүүдэд уйлмаар, аргаа барж, хүч мөхөсдмөөр үе бишгүй дээ л нэг. Жаахан үрээ өглөө сэрмэгц хөхүүлж хуурайлан, агаар салхинд гаргах, аль болох уйлагнуулахгүй ая таваар нь байлгах, өдөрт хэд хэдэн удаа хоол унд хийж өгөхөөс эхлээд унтан унттал нь бөөцийлнө. Мэдээж бараг л ээж бүр бүтэн нойртой хонодоггүйг та бид бүгд мэднэ.

        -Хүүхдийг нь хараад өгөх хүн тэр бүр олддоггүйгээс гараа чилж, нуруугаа хөштөл үрээ тэвэрч, холхиж өнжинө. Гараа амраахыг хүсэхийн хажуугаар тавимагц л уйлаад байгаа үртэйгээ зэрэгцээд уйлчмаар санагдана.

 Тэд ихэнхдээ ганцаараа өнждөг. Ярьж хөөрөх хүнгүй дээр гэрийнхээ бүх л ажлыг ганцаараа амжуулахыг хичээдэг. Гэрийнхнээ ирэхээс өмнө халуун хоол цай, цэвэр цэмцгэр гэртээ угтахыг хүснэ. Гэсэн ч хүссэнээрээ хийж амжуулах боломжгүй үе олон. Бараг л амждаггүй шахуу. Хүссэнээрээ байж чадахгүй үед бас л бухимдан уйлмаар болно. Зарим нь ч уйлдаг байх. Нялх жаахан үр нь өвдвөл тэдэнд маань үгээр илэрхийлэхийн аргагүй шаналантай. Хэдэн шөнө нойргүй яваагаа ч мартаж л орхино.

        Хөхүүл ээжүүдэд гадуур гарах, шинэ зүйл худалдаж авах, дэлгүүр хэсмээр, адаглаад л гадуур сайхан хооллох хүсэл сонирхол бараг л өдөр бүр шахуу төрнө. Гэвч бидний хувьд энгийн л нэг үйлдэл хөхүүл ээжүүдийн хувьд биелэх боломжгүй хүсэл болж хувирдаг. Дур зоргоороо гараад явчихаж чаддаггүй. Амармаар байсан ч амрах боломжгүй тэднийгээ өдөр бүр цаг тутамд хайрлаж байгаарай. Хааяа ч болов чин сэтгэлээсээ ярилцаж, хүүхдээ авч гарыг нь бас нурууг нь амрааж байгаарай. Нуруунд нь сайхан иллэг хийж өгвөл хичнээн их баярлах бол.

        Бас хэдхэн цаг ч болов хүүхдээ хараад хайртай ханьдаа, бүсгүйдээ дэлгүүр хэсэх ч болов эрх чөлөөг өгч байгаарай.

        Нэмж хэлэхэд ихэнх ээжүүд төрсний дараах сэтгэл гутралд орох нь нийтлэг учраас гомдох уурлах, өөрийгөө голох, тэр ч бүү хэл гутрах үзэгдэл элбэг тохиолдоно. Тиймээс үргэлж сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#